О.СОДНОМПИЛ: “АГУУ ЗОХИОЛЧ БОЛ АГУУ “МЭХЛЭГЧ”, АГУУ ИЛБЭЧИН...”

Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч О.Содномпилтэй хөөрөлдлөө. Радио, телезийн дээд сургуулийн багш энэ эрхtмийг өнөө цагийн уншигчид “OPEN DOOR” сонинд гардаг нийтлэлээр нь эчнээ танина. Арай түрүү үеийнхэн бол “Өдтэй бичиг”, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” зэрэг төвийн хэвлэлээр дамжуулан бас л эчнээ таньж хүндэтгэдэг юм билээ. Энэ бол сэтгүүлчийн хөдөлмөрөөрөө бусдад танигдсан тухай яриа.
Яруу найрагч, зохиолчийнх нь хувьд МЗЭ-ийн бүх гишүүн, дээр нь гишүүн болохоор уран бүтээлээ туурвиж буй залуус бүгд л О.Содномпил найрагчийг сайн мэддэг, сайн  таньдаг байх юм. Би энэ эрхэмийг бас сайн танина. Анх танилцах гэж зорьсны учир  шалтгаан нь нэртэй яруу найрагч, сайн сэтгүүлч гэхээсээ илүүтэйгээр манайд “улаан ном”-д ороод байгаа соён гэгээрүүлэгч талаасаа маш сонирхолтой бодгаль байсанд оршино.                         

-Яриагаа юунаас эхлэх вэ гэж их л бодлоо. Та юу гэж бодож байна?
-Тийм шүү, зөвхөн ярилцлагын асуулт ч биш, аливаа бичвэрийн эхний өгүүлбэр яаж эхэлснээс цаашдын өрнөл шалтгаална. Гэхдээ бичигч хүн хүн өөр байх. Би хувьдаа гарчигаа ихэд боддог юм. Ингэхэд ярилцлага маань эвтэйхэн эхэлж байгаа юм биш үү.
-Таны эрхлэн гаргасан “Утга зохиолын судлал, шинжлэл” цуврал номоос үүдээд та бид уулзлаа л даа. Н.Набоковын “Гадаадын утга зохиолын лекцүүд”-ийн Жойсын “Улисс”, Кафкагийн “Хувирал” зохиолын задлан шинжлэлийн ном зэрэг гарав аа даа. Миний хувьд Набоковыг “Лолито”-гоор нь л багцаална, цаашаа ч байхгүй шүү дээ.
-Набоков Дэлхийн II дайны хөлөөс дайжин Америкт цагаачилсан юм билээ. Тэр үед сайн сэтгэлтний ачаар “Гадаадын утга зохиолын лекцүүд”-ээ их, дээд сургуульд уншжээ. Хамгийн түрүүнд аж амьдралаа залгуулахад чадах зүйл нь энэ байлаа. Сүүлд таалал болсны дараа гэргий, хүүхэд нь ном болгон эмхлэн гаргасан байна. Энэ нь “Гадаадын утга зохиолын лекцүүд”, “Оросын утга зохиолын лекцүүд” юм. Зүгээр ч нэг лекц биш, задлан шинжлэлийн үлгэр жишээ лекцүүд л дээ. Хэвшмэл загварыг эвдсэн бүтээл. Набоков өөрөө том зохиолч төдийгүй дээд зиндааны уншигч, дээд төвшний боловсролтон. Энэ нь түүний аль ч туурвилаас тод харагдана.
-Та “Утга зохиолын судлал, шинжлэл” цувралаараа уран бүтээлч нэлээд нөхдийг уруу татах шиг боллоо.
-Тэгж хэлж болох байх. Эдгээр номтой зэрэгцэн докторын зэргээ авсан утга зохиол судлаач Д.Ганболд, орчуулагч Ц.Цэнгэл, утга зохиол судлаач (шүүмжлэгч) Х.Чойдогжамц нарыг “уруу татсан” юм. Энд онцлоход, зөвхөн Набоковын задлан шинжлэлээр Жойс, Кафка, Флобер, Прүст, Диккенс, Остен, Стивенсон, Сервантесийн ном гарна. Оросын Бахтин, Францын Барт гээд том онолч, судлаач эрдэмтдийн бүтээлээр үргэлжилнэ. Энэ хоёр гэхэд утга зохиолын судлаач гэхээсээ илүү философичид юм.
Монголынхоо утга зохиолын судлал, шинжлэлийн төвшинг хэр байна гэж үнэлдэг тань сонин байна.
-Ямар би мэргэжлийн судлаач, шинжээч биш, зүгээр уншигчийн хувиар л ярина. Цаг хатууд эр зориг гаргасан Ц.Дамдинсүрэн гуайн “Зуун билэг”-ийг эс тооцвол үнэндээ Эртний болон Дундад эртний өвөө цуглуулж эмхэлж амжаагүй л байна. Тэр битгий хэл ХХ зууны эхэн үеийн юм нэг хавтсанд бөөгнөрөөгүй л байгаа. Тэгэхээр утга зохиолын түүх, онол, судлал шинжлэл задгайдуу л байна гэсэн үг. Монголын утга зохиолын түүх бичнэ гэхэд харилцан нөлөөллийг судлах болно. Лав л Монгол-Энэтхэгийн утга зохиолын харилцаа, холбоо, Монгол-Төвдийн утга зохиолын харилцаа холбоо, Монгол-Хятадын утга зохиолын харилцаа холбоо, Монгол-Өрнөдийн харилцаа холбоо, тэр дундаа Монгол-Оросын харил­цаа холбоо гээд дөрөв, таван орон зай, цаг хугацааны ай сав байна. Энэ дундаас Монгол-Төвдийн утга зохиолын харилцаа холбоо бусдаасаа илүү судлагдсан. Энэ нь Ц.Дамдинсүрэн, Ч.Алтангэрэл, Л.Хүрэлбаатар, Д.Ёндон болон тэдний шавь Д.Сумъяа гээд дунд үеийн эрдэмтдийн зүтгэл, сэтгэл эрдэм номын ач тус гэж хэлж болно. Одоо ингээд эргээд харахад манай алтан үеийн эрдэмтэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарын үед шавь сургалт байж. Чамгүй эрдмээ ч өвлүүлж. Л.Хүрэлбаатар, Д.Ёндон гэхэд Ц.Дамдинсүрэн гуайн шавь, Б.Ринчен гуайн шавь гэхэд Х.Гаадан, Б.Сумъяабаатар, Ц.Шагдарсүрэн гээд эрдэмтэд байна. Судалгааны арга барил төвшин гэхэд арай дээгүүр шүү. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн абугайг харж байхад цагийг эзэлнэ гэсэн их том ойлголт байна. Бүхэл бүтэн нэг үед хаос үүссэн ч юм шиг санагддаг юм. Ер нь явж явж авьяас билиг, эрдэм ном, хөдөлмөрч чанарыг элдэв зэрэг, цол тодорхойлдоггүй бололтой. Бүтээл, туурвил нь тодорхойлно. Судалгааны арга барилыг олон улсын төвшинд хүргэхээс эхлээд гадаад хэлний боловсрол ч ихэд хамаатай юм даа. Эрдэмтнийг төдийгүй жир хүнийг тодорхойлсон дөрвөн ангилал байдаг даа.
1. Мэдэхгүйгээ мэддэг хүн
2. Мэддэгээ мэддэггүй хүн
3. Мэддэгээ мэддэг хүн
4. Мэдэхгүйгээ мэддэггүй хүн
Энэ шалгуураар бол хамгийн төвөгтэй хүн нь дөрөв дэх нь юм байна. Чи ингэхэд аль нь вэ?








-Мэдэхгүйгээ мэддэг хүн л болов уу даа, харин та...
-Амыг чинь дагуулж байгаа юм шиг мэддэггүй хүн, гэхдээ түүнээ мэдээд байдаг юм. Муугаа мэдэж байхад учир нь олдоно. Үүнд ичих зүйл байхгүй. Хүнийг үнэлэх үнэлэмж газар бүхэнд өөр байх юм. Нэг сонин юм хэлэх үү, япончууд албан тушаал ахиуг нь чухалчилдаг гэнэ. Эрдмийн ажилд ч урилгын багшид ч...Чи бид хоёрын яриа сэдвээсээ халиад явчихлаа.
-Таны эрхлэн гаргаж байгаа цувралын эхнийх нь Жойсын “Улисс” байсан.
-Набоковын сонголт мундаг. Тэгээд ч “Улисс” чинь модернизмын бодит биелэл нь. Мөн оргил энэ тэр гэж гоёор хэлж болно. Гэхдээ тун адармаатай зохиол. Хүн бүр шууд уншаад ойлгох нь юу л бол. Яагаад гэхээр уламжлалт арга барилаар бичээгүй. Ямар сайндаа найз нөхдөдөө “Улисс”-ынхаа зохиомж, нэвтрэх шугам, бэлгэдэл бичлэгийн арга, техник зэргээ ойлгуулах гэж хориод онд (1920) хоёр схем, бүдүүвч зураглал өөрөө хийж өгсөн юм билээ. Гэхдээ нийтэд зориулж энэ хоёроо хэвлүүлэхийг зөвшөөрдөггүй байсан гэнэ лээ. Шинэ зүйл ямагт яриа хөөрөө дагуулдаг хойно, “Улисс”-ийн тухай эерэг, сөрөг зөндөө бичвэр бий. Хэлбэр нь яахав ойлгож болох зүйл гэхэд агуулга нь юу вэ гэдэг ч юм уу, иймэрхүү маргаан үүсч л байсан. Цагтаа бүр Жойсын нарийн бичгээр ажиллаж байсан, хожмоо Нобелийн шагналтан болсон Беккетийн “Агуулга нь бол хэлбэр нь, хэлбэр нь бол агуулга нь” гэсэн товч мөртлөө тодорхойлсон үг бий.
-Та ингэхэд утга зохиолын энэ олон “изм”-ийн тухай юу боддог вэ?
-Нэг газар хүрэх олон зам. А гэсэн цэгт баруун, хойд, зүүн, баруунаас нь очиж болно. Уудам дэлгэр манайд бол дөрвөн зүгээс битгий хэл найман зовхисоос ч очиж болно. Гол нь А цэгт очсон байх нь л чухал, ердөө зорилго нь тэр. Алив замаар очих нь “жолооч”-ийн эрх. Болхидуухан жишээлэхэд ийм л юм. Хэвшмэл ягшмал сэтгэлгээнээс гарах гэсэн л тэмүүлэл. Амьдрал баялаг, хүний сэтгэлгээ бүр баялаг. Түмэн янзаар сэтгэж, фантаазлаж болно. Домог зүй эртний хүний оюун санааны эрх чөлөөний эрэлт, ирэлт гэж хэлж болно.
-Одоо чинь залуу үе маань ном уншихаа болилоо гэх яриа бий. Энэ нь компьютертэй холбоотой ч юм шиг...
-Би ердөө ч тэгж боддоггүй. Харин цөөхөн ч гэсэн уншигчдын төвшин дээшилсэн. Сонголт нь төвшнөө дагаад өөр болсон. Тэгэхээр зохиолч маань уншигчийн төвшнөөс дээгүүр байж л “тоогдох” байлгүй дээ.
-Ер нь сайн уншигч гэж хэн бэ?
-Хуучин “зохиолч-бичвэр-уншигч” гэсэн схем байсан. Одоо өөр болсон шүү дээ. Уншигч нь “уншигч-зохиолч” болсон. Энэ юу хэлээд байна вэ гэвэл, уншигч өөрийнхөөрөө мэдэрч, сэтгэж, зохиогчийн дутууг гүйцээх нь ч бий. Хамтран туурвиж байна гэж хэлнэ. Сайн уншигч ургуулан бодох чадвартай, ой болон үгийн баялагтай, уран сайхны бага сага мэдрэмжтэй байхад хангалттай. Сайн уншигч бол хамтрагч, бүтээлч, шалгарсан уншигч, бас дахин дахин уншигч гэж Набоков зөвлөдөг шүү дээ.
-Тэгвэл сайн зохиолч гэж хэн бэ?
-Набоковынхоор зохиолчийг өгүүлэгч, багш, илбэчин гэсэн гурван өнцгөөс үнэлж болно. Томоохон зохиолч нарт энэ гурвуулаа давхцаж байдаг. Харин илбэчин нь голлож байвал тэр том зохиолч. Дээрх гурван шинж чанар чинь өгүүлэмж, сургамж, ид шид гэсэн үг л дээ. Набоков өөрөө агуу илбэч байсан. Хүний толгой эргүүлэх юмандаа гаргууд. Шатрын хөлөг дээрх нүүдэл шиг зохиомжтой бүтээл ч бий. Үйл явдлын шугам нь морины нүүдэл шиг ч юм уу. Хүний оюун ухаанаар “тоглох” дуртай хүн байж. Шатрын бодлого зохиодог. Бас юу гээч, “үгийн сүлжээ” зохиодог байж. Бүр эмхэтгэл ном ч гаргасан байдаг. Набоков утга зохиол гэдгийг юу гэж хэлсэн гээч. “Утга зохиол нь Неандерталийн хөндийгөөс (Их эртний үе гэсэн санаа гэж нэмж тодотгов) жаалхүү “Чоно, чоно” гэж орилсоор хар хурдаараа чавхдан, араас нь чоно мөр даран гарч ирсэн өдөр биш, харин хөвүүн “Чоно, чоно” гэж орилж ирсэн ч араас нь чоно гарч ирээгүй тэр өдөр төрсөн юм. Утга зохиол гэдэг зохиомол зүйл. Зохиомол гэдэг зохиомол юм” гэсэн. Бид “писатель” гэдгийг бичигч гээгүй зохиолч, зохиогч гэсэн нь энэ тохиолдолд оносон гэж бодно. Набоков хэлэхдээ, агуу зохиолч бол агуу “мэхлэгч”, агуу илбэчин гэсэн. Харин мэхлэгч гэдгийг хаалтад бичээрэй, шууд утгаар нь ойлгочих вий. Яриа маань юу болоод байгаа билээ, асуултад чинь онож хариулах маань юу болоод явчихав аа.
-Зүгээр л ярьж байна.
-Тийм болог. Эндээс бодоход зохиолч нараа сэтгүүлч шиг бичүүлэх гээд байсан ч юм шиг. Хэлбэрээс агуулгыг дээдлээд зонхилоод ирэхээр зохиолчийн илбэчин чанар нь орхигддог бололтой. Байгааг байгаагаар нь бичигч бол сэтгүүлч.
-Одоо жаахан хувийн гэмээр асуулт руу оръё. Ойрд таны шүлгийн ном гарсангүй. Шүлгээ бичиж байгаа биз дээ?
-Үнэнийг хэлэхэд шинэ ном гаргах тухай яриад цөөнгүй жил боллоо. Шинэ шүлгийн ном гаргах уу, урьд хойд шүлгээ шигшээд нэг хавтсанд бөөгнүүлэх үү гээд олон санаат оргож чаддаггүй гэдэг шиг…Тэгээд ажил алба, ахуйн аахар шаахар зүйлд эргэлдсэн болоод хойш тавиад “мартчих” юм. Бас элдэв жигнүүр, жинлүүр өөртөө тавиад л...Ер нь би ном гаргах гэж заан тугаллууддаг хүн. Бичих нь бичиж л байна. Өөртөө үнэнч байх гэж нэг том юм байна аа. Гэхдээ шинэ ном гаргана аа.
-Ингэхэд Монголынхоо утга зохиолын талаар ямар бодолтой явдаг бол?
-Товчоор хэлэхэд эерэг. Аман зохиолын баялаг өвтэй юм даа. Уран сэтгэмж нөгөө илбэчийн өнцгөөс харвал бас гоё фантаазтай шүү дээ. Бүгдийн мэддэг “Нууц товчоо”-ны шар гэрлээс авахуулаад хүн бүрэлдэх хүртэл...Илбийн санаа биш гэж үү. Үзэл суртал гэдэг юм олон жил хашжээ. Түүнээс биш урьд, урьдын авьяаст билэгтнүүд юу эсийг хийх байв аа.  Ер нь тэгээд аливаа хөгжил нэг дайралтаар, субботник маягаар явахгүй. Өөрийн цаг хугацаа орон зайтай. Утга зохиолын хувьд гэхэд өөрийн уншигч хэрэгтэй. Тэр уншигчийг бэлтгэнэ гэдэг зохиолч төрөх шиг л том ажил бололтой. Цаг хугацаа он жил ч хэрэгтэй аж. Ингэхэд ихэд гомдож явдаг нэг зүйл бий шүү. Юу гээч!
-Юу?
-Чих чинь их соргог байна аа. Хэн нэгийг муулах нь гээд...Дунд сургуулийн хэл бичиг, уран зохиолын хичээл. Юундаа байдаг юм. Хүмүүсийн нас, төрснөөр нь харьцуулж ажиглахад далаад оныхноос (1970) хойш муудчихаж. Нөгөө цэвэр бичиг, зөв бичих дүрэм, ном унших, шүлэг цээжлэх байхгүй ээ, байхгүй. Бичиг үсгийн чадвар гэдэг чинь сэтгэлгээний чадвар, сэтгэлийн чадвар юм. Заах цаг нь хомсдов уу, заах багш нь тааруу байна уу. Нэг л биш ээ. Хуулан бичиг, цээж бичиг гэж байсансан. Энэ чинь хуучин, хоцрогдсон арга биш шүү. Дадал дадлагын ажил. Үсгийн дүрмийн тухайд хүүхдийг битгий хэл бидний ч толгойг эргүүлж гүйцлээ. Хэрэг болгож кирилл үсгийн анхны дүрэм, анхны сурах бичгээс авахуулаад 1950-1960-аад оны сурах бичгийг харьцуулж үзлээ. Ямар ойлгомжтой, энгийн байсан юм бэ? Сурах бичиг зохиогчдоос хүсэх минь урьд жилүүдийн номыг эргэж нэг хараач гэж хүсмээр санагдана. Бас заах аргын уламжлалаа сэргээмээр бодогдоно. Судалгааны харьцуулалтын арга гэж байдаг биз дээ. Юм чинь хөгжих тусам хялбар болдогсон. Улам л хүндрүүлээд ерөнхий хэл шинжлэлээс гадна харь орны хэлний элдэв нэр томьёог орчуулаад нэрлэчих юм. Монгол хэл юм чинь өөрийн онцлогтой уламжлалт нэр томьёотой, дүрэмтэй байж болохгүй юу. Зарим хэл бичгийн ном дээд тооны томьёо шиг юм харагдах юм. Судалгаа, сургалт гэдэг хоёр тусдаа зүйл баймаар. Нэгэнт тогтоогүй санал бодол төдий зүйлийг олон нийтэд сурталчилснаас зохиомол эргэлзээг төрүүлээд байна. Саяхан хэл бичгийн эрдэмтэн Ч.Чимэгбаатарын энэ талаархи анзаармаар өгүүлэл хэвлэлээр гарсан харагдана лээ. Зөв бичих дүрэм, цэргийн дүрэм шиг яс баримтлах хууль мэт зүйл. Одоо чинь мэргэжлийн, мэргэжлийн бус нь тодорхойгүй дуртай хүн нь элдэв толь бичиг зохиох юм. Одоогоор баримтлах “Монгол үсгийн дүрмийн толь” бол Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын хамгийн сүүлд 1983 онд гаргасан толь юм. Буруу ч, зөв ч үүнийг баримталж эргэлзээгээ тайлах ёстой. Мэдээж хэл хөдлөн хөгждөг зүйл юм чинь дараачийн толь гартал үүнийг мөрдөх нь зүйтэй баймаар. Энэ толийг баримтлах учир нь гэвэл кирилл үсгийн дүрмийг зохиогч их эрдэмтэн маань амьд сэрүүндээ хэвлүүлсэн толь юм шүү дээ. Мэдээж өөрчлөх, сайжруулах зүйл байгаа л биз. Хэлний мэргэжилтэн, эрдэмтдийн дунд өрнөх мэтгэлцээн мэргэжлийн хүрээндээ өрнөж нэг цэгт төвлөрөх учиртай. Өөрчлөлт гардаг юм бол эцсийн шийдвэрийг Хэл зохиолын хүрээлэн судлан шинжилж үзээд гаргах ёстой гэж бодно. Төрийн хэлний зөвлөл баталгаажуулах биз.
-Мартсанаас сошиалаар нэлээд эртнээс таны нэг шүлэг яваад л байх юм.
-Үнэнийг хэлэхэд сошиал ертөнцөөр аялдаггүй юм, би. Залуу андууд маань бас хэлж байсан. Одоо ч  сошиалаар явж л байна уу, найздаа зориулсан шүлэг л дээ. Яг түүнд гэсэн эзэнгүй. Уншсан найз минь “надад зориулсан байна” гэж хэлж билээ. “Яг ч чамд зориулаагүй юм. Гэхдээ тэгж мэдэрч байвал тийм байж мэдэх юм” гэсэн. Сонирхуулахад, амьтны хүрээлэнд очоод бичсэн богинохон шүлэг байдаг юм. Дараа нь номноос уншчихаад “Энэ үнэг би юу? Энэ чоно би юу? Энэ туулай би юу?” гээд нэг бус анд найзууд минь надаас асууж билээ. Би юу ч хэлээгүй. Эзэд нь тэд байсан. Харин сүүлд нь түсхийтэл ганцаараа инээж билээ. Өөрийг нь амьтан болгочиход таньдаг л юм билээ. Энэ чинь чухал мэдрэмж шүү. Хожим нь би нөхдөө жигтэйхэн өрөвдсөн. Өөрөө ч би ялгаагүй нэг л “амьтан” даа. Харин аль нь вэ гэдэг л...“кино”-гоо ингээд дуусгая.
-Ярилцахад таатай байлаа. Баярлалаа.
Ярилцсан Б.ЕРЭНТЭЙ
 Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” СОНИН

Comments