"УНАГАН СЭТГЭМЖИТ" ҮНДЭСНИЙ МЭДРЭХҮЙ (Домог, шүлэг, өгүүллэгийн жишээн дээр)


Х.Чойдогжамц(СУИС)


Эрээнцавын эвдрээгүй найрагч хэмээгддэг Д.Нямсүрэн найрагчийн 70, 80-аад оны хавьцаа бичсэн “Ардын дуу” гэж олны мэдэх шүлэг байдаг. Мөн төрийн шагналт зохиолч Д.Норовын 1975 онд бичсэн “Үүрээр жиргэсэн болжмор” хэмээх өгүүллэг бий. Хэрвээ та энэ хоёр бүтээлийг уншиж асан бол гайхширмаар харьцуулалтай учирч байсан биз ээ. Энд хуулбар мэтсийн тухай огтхон ч ярих гээгүйг минь болгоогоорой. Тэгэх ч үндэсгүй юм. Нэг нь үйл явдал өрнөсөн хүүрнэл зохиол, нөгөө нь яруу шүлэг атал хам утга, язгуур унаган сэтгэмж, үндэсний мэдрэхүйн шижмээрээ биенээ нөхөн тодруулдаг. Өгүүлэгдэн байгаа мөн чанар, үнэт зүйлсээр нь хөөхөөр нэг зүйлийг хоёр өөр төрөлд шилжүүлэн бичсэн ч шиг санагдахад хүргэнэ. Д.Нямсүрэнгийн шүлгийг уншингуут Д.Норовын өгүүллэгийн баатрын дүр, дүрслэл яг товойгоод, өгүүллэгээ уншихаар найргийн шадууд яг сэрэгдээд ирэхийн учгийг мөшгөтөл цаана нь домгийн том эх сурвалж буйг судалж тогтоох нь тэр. Ингэхээр судлагдахууны маань хүрээч тэлээд явчихав аа, хөөрхий. 
 1989 онд хэвлэгдсэн “Монголын орчин үеийн уран зохиолын түүх-II” номд айхтар нэгэн дүгнэлт байдаг. Мөн 70, 80-аад онд бичигдсэн Д.Норов “Үүрээр жиргэсэн болжмор” өгүүллэг, М.Цэдэндорж “Морин хуур”, Ш.Сүрэнжав “Би тэнгэрийн хүү”, Д.Нямсүрэн “Ардын дуу” шүлгүүд байдаг. Юутай ч эхлээд түүхийн дүгнэлтээ уншья. “...Энэ хугацаанд манай жүжгийн зохиолчид үлгэр түүхийн баатруудаас өнөө үеийн амьдралд шилжин хөдөлмөрийн хүмүүс болон шинэ хүний дүрийг жүжгийн зохиол тайзны урлагт бий болгосноороо намаас өгсөн үүрэг даалгаваруудыг нэр төртэй биелүүлэв” гэж. “Даалгаваруудыг” гэхээр нэг л эвгүй оргиод байгаа юм шүү... Жүжгийн зохиолын тухайд хэлсэн боловч бүхий л төрөлд “хүрч чадсан” гашуун түүхтэй билээ. Гэвч нар дахин мандана гэдэг шиг хөдөлмөрчин, шинэ, ажилчин хүнээс илүүтэй өөрсдийнхөө үнэн амьдралаа, чин сэтгэлээ, элдэв дэгжирхэл чимэггүй бичих, үлгэр түүхийн баатрууд руугаа эргэн хургаж, түүхэн ой санамж, үндэсний мэдрэхүйнхээ гоо сайхан, үнэт чанар, язгуур сэтгэмжээ уран бүтээлдээ нэвчээн онгодоо хөглөх хүсэл давалгаалсан цаг үе ирэх ёстойгоороо хэдийнэ ирсэн байжээ. Тэр он цаг болбоос 1960-аад оноос түүчээтэй. Энэ давалгааны түрлэгт олон ном, зохиолыг эзлэх бууриар нь нэрлэж болох ч дээр дурьдсан бүтээлүүдийн цомхон нэгэн жишээн дээр ярихыг хүслээ. Ярихдаа домог зүйн болон бүтцийн задлан шинжилгээг хослуулан хэрэглэхийг урьдал болголоо. Домог нь уран сайхны төгс төгөлдөр хэв шинжийг агуулдаг учраас хэзээд үнэ цэнээ алддаггүй. Тэгэхээр эхлээд дээрх дөрвөн бүтээлийг шинжлэх домгийн түлхүүрээ задлах нь зүй. Энэ бол морин хуур хөгжмийн үүслийн сэдэвтэй алдарт “Хөхөө Намжилын домог” юм. 
Домог зүйн шүүмжлэлд үлгэр домгийг “орчин үеийн бүхий л уран зохиолд мифилогема, архетип гэсэн хоёр хэлбэрээр шингэсэн байна” гэж үздэг. Улмаар “Архетип гэдгийг “үлдэц” утгаар нь бус харин гүн гүнзгий, цэцэн ухааны, дээд зэргийн уран сайхны шинжүүдийг агуулдаг анхны хэлбэр, загвар гэдгээр нь ойлгох хэрэгтэй. Мифилогема бол яг эртний домгийн үлдэц, ул мөр бөгөөд тийм бүтцийг хэрэглэж болох чухал зарчим” хэмээн ялгаатайгаар тайлбарладаг байна. Үүнчлэн “Хөхөө Намжилын домог”-оос мэтгэн Д.Норов “Үүрээр жиргэсэн болжмор” өгүүллэг, М.Цэдэндорж “Морин хуур”, Д.Нямсүрэн “Ардын дуу” шүлгүүдийг мифилогемагийн, Ш.Сүрэнжав “Би тэнгэрийн хүү” шүлгийг архетипийн жишээ болгон задлан шинжилж үзэх боломжтой юм.
“Хөхөө Намжилын домог”-т нутаг усандаа сайхан дуулдгаараа алдаршиж Хөхөө нэр авсан адуучин Намжил цэргийн албанд байхдаа нэгэн гүнжид хайр сэтгэлтэй болсонд амраг гүнж нь хурмастад дүүлэн нисдэг жигүүрт Жонон хар морь бэлэглэнэ. “...Тэр Жонон хар гэдэг морь нь болбол
Тэгшхэн гучин хоёр төрлийн гишгэдэлтэй
Тэнгэрийн аянганаас зайлах чадалтай
Хээрийн зэрлэг амьтдыг гүйцдэг
Хэтийн холын газарт хүрдэг
Модны үндсийг бутартал
Дэнжийн чулууг дэжгэнэтэл
Дээлийн хаваасыг ханзартал
Хадан цохионд хальтардаггүй харайдаг
Хайрст модыг доргитол нь гишгэлдэг
Жигүүртэн шувуунаас дуташгүй
Жирийн морьтой зүйрлэшгүй
Адууны дотор ганцаараа содон
Амгалан цагт алхаа гишгээгээрээ явдаг
Аюултай цагт нисэн дүүлж явдаг
Суудлаа сэлгээд суухад 
Солиод унах шиг болдог
Ивээлтэй эзнээ унахад
Эзнийхээ төлөө зүтгэдэг...” хүлэг ажээ. Үүр шөнөөр холын газрыг товчлон нисэж амраг гүнждээ очдог байжээ. Гэтэл ховч, жөтөөч хүүхний гайгаар хурмаст хүлэг нь хоёр жигүүрээ хайчлуулан үхдэг. Хөхөө Намжил олон сар жилээр шаналсаны эцэст мориныхоо толгойтой адил толгой сийлээд модон гишүүний дээр хадаж, доор нь цар хийгээд түүнийгээ жонон харынхаа ширнээс авч ширлээд, сүүлнээс нь авч хялганадаад, түүндээ модны давирхай түрхэн дуугаргаж гэнэ. Энэ хөгжмөндөө Намжил жонон хар мориныхоо янцгааг, алхаа гишгээ, арилжаа хатираа бүгдийг оруулсан юмсанж. Ингээд тэр хөгжмөнд нь орохгүй ая, дуугарахгүй авиа байхгүй болсон бөгөөд морин хуур хэмээх монгол хөгжим ингэж үүссэн домогтой гэж өгүүлдэг. Харин Д.Норов “Үүрээр жиргэсэн болжмор” өгүүллэгт нутаг орондоо сайхан дуулдгаараа алдаршиж Жиргээ хоч авсан Бат хэмээх адуучин залууг маш сайхан дүрсэлж бичсэн байдаг. Өгүүллэгийг уншихад шууд Хөхөө Намжил Жиргээ Бат болчихож гэж харагдахгүй нь мэдээж боловч зохиолын цаад өгүүлэмжийн гоо сайхныг бүрэн дүүрэн мэдрэхийг зорьвол уг домогтой холбогдохоос аргагүй. “...Тэр хүн дуулж л явах бололтой. Унасан морь нь салхи сэвэлзтэл хөнгөн алхахдаа аяс нийлүүлэн толгой хаялаж байх шиг...Үүр шөнийн дууч эр, дахин нэг дуу эхлэв бололтой. Яруухан цээл эгшиг үүрийн шаргал туяан доогуур тунгалаг сэрүүн агаарт халгин түгэв...Төдөлгүй морин төвөргөөн шигшрэгний жингэнээн сонсогдов. Тэр хүн ямар нэгэн дууг амандаа гүнгэнүүлэн аялсаар хажуугийн хөтлөөр сүүмийн гарч ирэв...Бат жигүүрт хүлгээрээ дүүлэн одсон шиг санагдана...”. Үүр шөнийн дууч эр, жигүүрт хүлгээрээ дүүлэн одох шиг гэсэн үгсийн цуурайг сайн анзаарч байгаарай, одоо Д.Нямсүрэнгийн шүлгийг үзье. “...Эрт эртийн үдэш
Ээж минь дуулсан Өвгөн шувуу
Инжээ Норов манайхаар буухдаа
Эгчид минь дуулсан Жаахан шарга
Ай, ах эгч нарын минь
Зүрхэндээ тээсэн гуниг
Зүүдэндээ зохиосон дуу...
Дуу шиг төрсөн сайхан эр
Дуулж явна аа
Дуулсан дуугаа хүлэг мориндоо
Хуурдаж явна аа
Нарийн жороо морины явуу шанз
Нанж гөлөмт эмээлийн
Найман ганзага ёочин
Ухаа даван ирэх морьтой хүнийг ажвал
Уртын дуу хуур унаад бууж ирэх шиг...
Нугалаа бүрд нь
Нутгийн улаан өвгөд халамцуухан суух шиг
Нугын цагаан айлууд руу
Жаахан ганхасхийгээд давхих шиг...
Сонсохуй-таван эгшиг
Мэдрэхүй-зургаан өнгө
Хүртэхүй-Долоон рашаан
Үнэрлэхүй-Найман цэцэг
Амтлахуй-Есөн махбод
Ардын дуу минь таван мэдрэхүй
Амь хүйн гучин таван язгуур...”. Энд Жиргээ Батын дуугаа дуулан бууж ирсэн дүр өгүүллэгийн үргэжлэл, нэг хэсэг мэт сэтгэгдэл төрүүлж мэдэхээр байгаагаас гадна домгийн үлдэцийн ул мөр бүр өргөшиж Хөхөө Намжилын морин хуураа бүтээсэн өгүүлэмж “Дуу шиг төрсөн сайхан эр дуулж явна аа, Дуулсан дуугаа хүлэг мориндоо хуурдаж явна аа” гэсэн мөрүүдэд адилтгал болон хураагдсан байна. Мөн хуур хөгжмөнд нь орохгүй ая, дуугарахгүй авиа байхгүй болсон гэх "унаган сэтгэмж", үндэсний мэдрэхүй ч дараа дараагийн мөрүүдэд агуулагдаж. Бүтцийн задлан шинжлэлд бүтээлийн амин сүнсийг бүтэцдээ л байна гэж үздэг. Ингэхээр энэ хоёр бүтээлийг хүчирхэг болгож буй үнэт чанар нь үлгэр домгийн "унаган сэтгэмжит" бүтэцдээ үл анзаарагдан оршиж байна гэсэн үг юм. Энэ давтагдашгүй үндэсний мэдрэхүйг бүр лавшруулан харьцуулбал М.Цэдэндорж найрагчийн энэ домгийг сэрэн сэрэн бичсэн “Морин хуур”(1964) шүлэг бий. 
“Унаган хүлгээ дурсан
Уран хуураа татаж
Уянгын яруу дуундаа
Уярч хатуужиж суухдаа...
Жороо хараа амилуулсан
Жороо хоёр чавхдас нь
Бөмбөлзүүлэн тэшээд гарахаараа
Дөрвөн цагийн гишгэдэлтэй...
Дөрвөн туурайн төвөргөөн
Дөхсөөр дөхсөөр тодорно
Хоёрхон чавхдасан дээгүүр
Хойнох тоос нь зурайна
Хоёрхон чавхдасан дээгүүр
Урдах зам нь ч дурайна...”. Харин Ш.Сүрэнжав найрагчийн “Би тэнгэрийн хүү” шүлэгт өгүүлэгдэх “...Тэнгэр эцгийгээ зүүрмэглэхийн зуур
Тэрхэн зуурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн юм
Сэрэхтэй нь зэрэг би явна
Тэр болтол нь та нартайгаа уулс түшиж, туульс хайлж
Морин толгойтой хууранд тань
Монгол аялгууг хоршин дуулж сууна
Хүмүүс минь ээ
Газрынхан минь ээ
Та нар намайг явахын цагт
Энэ морин толгойтой хуураа л өгөөрэй
Үүгээр чинь би хурмаст эцгээ уяруулан хайлуулан дуулуулна
Үүлэн тансаг хур болон ивэлж
Үргэлжид та нарыг ивээнэ...” 
хэмээх хэсэгт Хөхөө Намжилын домогтой холбоотой өмнөх жишээнүүдэд дурьдагдсан барим тавим уг шижим мэдрэгдэхгүй ч архетип буюу эх домгийн, дуу хуур, хурмаст, хүлэгтэй холбоотой уран сайхны анхны төгс төгөлдөр хэв шинж, төсөөлөл, танин мэдэхүй, зан үйл, шүтлэг бишрэлийн нэн эртний улбаа байгааг нь мэдрэгдэх жишээтэй юм аа.
2017.01.23

Comments