“ЭРЭЭЧИХ ДОН” ШҮҮМЖИД ДАЙХ ЗУРВАС




Уран зохиол шинжээч Г.БАТСУУРЬ

Сая санаандгүйгээр нэг жижигхэн ажиглалт явуулчихав байна. Тодруулбал: Муу нэртэй луу данстай болоод буй “Бас нэг Шүүдэрцэцэг буюу эрээчих дон” бэсрэг уран сайхны шүүмжийг цахим сүлжээнд (facebook) оруултал олон уншигч цааш түгээж (share) үзсэн ба мөн төдий хэмжээний хүн санал сэтгэгдэл (comment)-ээ илэрхийлсэн байна. Уншсан нь хэд ч юм? Гэтэл уг шүүмжээс хэд хоногийн дараа эмэгтэй яруу найрагч Л.Өлзийтөгсийн уран бүтээлийн тухай нааштай өнгө аяс бүхий уран сайхны шүүмж, профессор С.Энхбаярын алдарт “Баасан авгай” шүүмж, уран зохиол шинжээч Х.Чойдогжамцын “Авьяас,  заль хоёр...” шүүмж, мөн эмэгтэй яруу найрагч Г.Мөнхцэцэгийн уран бүтээлийн тухай (УИХ-ын гишүүн болохоос нь 4 жилийн өмнө бичсэн Г.Б) уран сайхны шүүмжүүдийг цахим сүлжээнд мөн группт нь тус тус тавьж үзлээ л дээ. Харьцангуй мэргэжлийн түвшинд бичигдсэн шүүмжүүдэд хандах олон түмний хандалт бүгдээрээ нийлээд ч өдрийн тэмдэглэл төдий доод түвшинд бичигдсэн өнөө чивэлт “хэрүүлийн алим”-ын хаана нь ч хүрсэнгүй. Эндээс ард түмний уран зохиолын мэдлэгийн үнэлэмж ихээхэн доогуур байгаа нь харагдаж байна. Гэвч энэ бол байдаг л зүйл. Гагцхүү хандалт хийж, янз бүрээр санаа бодлоо илэрхийлж байгаа нь нэн сайшаалтай бөгөөд ном унших, уран зохиолд хандах хүмүүсийн хандлага ихээхэн өөр болж байгааг давхар харуулсан ажиглалт болов. “Бас нэг Шүүдэрцэцэг буюу эрээчих дон” гэдэг энэ овоог босгохдоо ийм олон шаазгай шавж, сэтгэгдлээ илэрхийлнэ гэж огт санаагүй бөгөөд нөгөө л сонирхлын хүрээндээ эргэлдэнэ гэж бодож байлаа, гэтэл их өөр болжээ. Энэ их сайхан юм. Одоо манай зохиолчдын авьяас мэдрэмж л мэдэх болж.
Мөн ажиглалтаас харагдсан хэдэн зүйл байна. Эхнийх нь уран сайхны шүүмжийн онцлогийг мэдэх. Уран зохиолын шүүмжлэлийн салбар ухаан нь тойм шүүмж, нэг сэдэвт зохиол, шүүмжийн өгүүлэл, номын өмнөтгөл.., уран сайхны шүүмж гээд нэлээд хэдэн төрөл хэлбэртэй. Уран сайхны гэдэг тодотголтойнхоо хувьд уран сайхны шүүмж нь бичигчид худлаа ч гэсэн дуртай хүнийг “дурны хонгио” гэсэн хэтрүүллээр, ард түмэн гэдэг үгийг хар масс гэсэн ёгтлолоор, цайны чавганц шиг юм бичээд байгааг нас, хүйс харгалзалгүй “эмээ нар, хов базагч” гэсэн жаргон, егөөдлөөр илэрхийлэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл уран сайхны шүүмж нь урнаар илэрхийлэх арга маяг, уран дүрслэлийн бүх хэрэглүүрийг ашиглан бичих боломжтой төрөл хэлбэр. Эдгээрийг хэрэглэхгүй бол шүүмжийн өгүүлэл болчих ба хэн ч уншдаггүй. Тэгээд ч зарим хүний хэлээд байгаа шиг ахмадуудын бичихээрээ нэг болсон ямар ч ирмэггүй соц үеийн мөлгөр шүүмжүүд одоо нэгэнт үе нь өнгөрсөн.  
Дараах нь хар массын тухай ойлголт. Ард түмэн буюу хар масс. (Mass-бөөн, цул гэсэн утга илтгэх Грек гаралтай үг.) Олон түмнийг янз бүрээр л, ард түмэн гэдэг бол дээр юу ч бичиж болох цагаан цаас.., Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн.., гээд манай нэртэй хүмүүс согтуугаараа нэг шоун дээр Улсын циркт билүү дээ, ард түмэн бол юу ч биш (1990-ээд оны дундуур 25-р сувгаар гараад хараалгаж байсан юм Г.Б) гээд.., хэлж л байдаг. Колумбын их сургуулийн профессор Д.Бёлль олон түмнийг “Сүргийн шинжийг илэрхийлэгчид” гээд хүн төрөлхтөнийг 5 ангилсан. Үүнд:
1.      Ялгараагүй олонлог
2.      Харанхуй бүдүүлэг хэсэг
3.      Техникийн хавсарга болсон хүмүүс
4.      Хүнд сурталжсан бөөн хүн
5.      Эргэцүүлэн бодох чадваргүй, хүсэл шуналынхаа эрхшээлд байдаг зэрлэг бүдүүлэг хэсэг гэжээ.
Үүнийг уншигч монгол хүнд орох ангилал байхгүй мэт санагдах буй. Учир нь 100-аад жил болсон социалист нийгэм буюу хүйтэн дайны үе монгол хүнд аливаа ангиллаас өөрийн талыг буюу сайн ангиллыг хайдаг өвчин тусгасан. Кино үзэхээрээ аль нь манай тал юм? гэдэг, дарлагч анги уу? дарлагдагч анги уу?, энэ нь цаашлаад Орос ах уу? Америк имперлист уу? гэдэгт тулна. Гэвч үүнийг бичигч би ч, уншигч та ч хар массаас хаашаа ч зайлахгүй билээ.
Монгол хар массыг:
1.      Нялхас (Амны салиа нь арилаагүй бацаанууд бөгөөд өсвөр насны хүмүүсийн тоогоороо манай улс дэлхийд дээгүүрт ордог)
2.      Оюутны овоолго (Төрийн болон хувийн сургуулиудын төсвийг бүрдүүлэгчид бөгөөд ЕБС төгссөн бүх хүн нь их дээд сургуульд ордог гаж тогтолцоо монголоос өөр хаана ч байхгүй, 10000 хүнд оногдох эмэгтэй оюутны тоогоороо монгол дэлхийд 1-рт, 10000 хүнд оногдох нийт оюутны тоогоороо АНУ-ын дараа 2-рт ордог статистик ч байсан)
3.      Холимог сэхээтнүүд (Социализм ардчиллын холимогууд агаад үр хүүхдээ ч холимог үзлээр хүмүүжүүлсээр байна)
4.      Мал дагаж мал бологсод буюу малчин ардууд (Мянган мал дагаад явахаар мал шигээ л сэтгэх агаад өвс ус тэгш газарт байх нь хүнд бус малд л хэрэгтэй байдаг юм даа)
5.      Халамжийнхан ба хар захынхан (Нэн ядуугийн халамж, хүүхэд байгаагийн халамж, хүнтэй суусны халамж, нөхөргүй, эхнэргүй болсны халамж, хөгшин болсны халамж, нутгийн зөвлөлийн халамж.., гээд явж өгнө, нөгөө хэсэг нь лангуунаас амьдрал залгуулж буй хар масс бөгөөд эдний нуруун дээр л улс яваа биз) гэж ангилж болно.
Шүүмжтэй холбоотой сэтгэгдлүүдэд буй дараах зүйл нь доромжлох тухай. Магтсан буюу зарим талаар шүүмжилсэн өнгө төрх бүхий уран сайхны шүүмжүүд тавихад психоанализ ёсоор хүн мөн чанартаа садист учир мууг нь л сонгоно. Уран сайхны шүүмж учир мэдээж ихэсгэл багасгал, ёгтлол егөөдөл, адилтгал зүйрлэл, хэтрүүлэл, чимэг үг.., гээд дүрслэх хэрэглүүрүүд, давтах, асуух, харшуулах, зэрэгцүүлэх, сөргүүлэх.., гээд урнаар илэрхийлэх маягуудаар түрнэ, тухайн зохиолоор дамжаад зохиолч уруу хандана, тэр нь зарим талаар доромж өнгө аяс уруу орно.., гэвч өнөөгийн хүмүүст ялангуяа ном уншуулах гэж үйлээ үздэг залууст (оюутнуудад) маань интертаймент маягын үзүүлбэр, ядаж л нет-д орсон, face-т тавьсан, зүйлс таалагдана, зүгээр хичээл дээр яриад үзүүлэн харуулаад сонирхол татахаа нэгэнт больсон цаг. Хувь хүний нь хувьд доромж өнгө аяс мэдрэгдсэн бол шүүмж бичигчийн хувьд, энэ бүхэн ажил мэргэжил цаашлаад уран зохиолын төлөө учир мянгантаа уучлал хүсэхэд бэлэн, бас хариу доромжлуулахад, сайн зохиол биччихвэл өргөмжлөхөд ч бэлэн. Ер нь тэгээд урлаг бол төгсийг хайсан мэдрэмж, харин шүүмж бол төгсийн төгст хүргэх гэсэн тэмүүлэл юм даа. 
                
2017.11.10

Comments

Anonymous said…
Энэ заваан урт цэцэрхлийг чинь уншиж дуусгах тэвчээртэй хүн олдох болов уу даа? Нөгөө хүн доромжилдог шигээ сонирхолтой хэлбэрээр арай эерэг үгээр юм бичих гээд оролдоод үзээч хөө.