...Хэсэглэн оруулав...
Х.Чойдогжамц (СУИС)
1.Модон тэрэгний тухай эхлээд ярилцацгаая
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс
сэдэвлэсэн дээрх бүтээлүүдээс хамгийн “урлаглаг” болсон нь буюу Д.Нацагдоржийн
тухай уран бүтээл болж чадсан нь “Монгол ардын суут” байсан. Ц.Хулангийн
"Хүүхэлдэйн театр" нэгэн орой Б.Баатарын "найруулагчийн
театр" болон хувилсан юм л даа. Арт чиглэлийн киноны хэлийг санагдуулах
өгүүлэмж, найруулгатай эл жүжигт сэтгэл зүйн триллер, абсурд төрлийн элементүүд
ч элбэг. Чухамдаа Д.Нацагдорж, Д.Нацагдоржийн тухай бүтээл хоёр "өөр"
байх учиртайг үлгэрлэн харууллаа. Гэрлийн найруулга(Х.Камесхан), хөгжмийн
найруулга(Т.Сэр-Од, Э.Базарханд), тайзны зургийн найруулга(В.Энх-Амгалан, Б.Бямбацэрэн, С.Энх-Од) гээд цөм уялдан нэгджээ. “” Ердөө
долоохон дүр, дөрвөн бэсрэг үзэгдлээс бүрдэх энэ жүжгийн тайз ч ганцхан модон
тэрэгнээс бүрдэж аж. Модон тэрэг гэмээнэ дөрвөн өөр дугуйтай бөгөөд нэг нь л
дотно мэдрэмж төрүүлэх модон дугуй байх. Нийтдээ жүжгийн турш модон дугуй болон
Д.Нацагдоржийн хоршил дүрслэл таван удаа гардаг(Модон дугуй тэврэн хэвтэх Д.Нацагдорж, Модон дугуй эргэхэд гарч ирэх
Д.Нацагдорж, Согтон унахад толгой тушаах модон тэрэг, Модон дугуйны дэргэд
зохиолоо бичих Д.Нацагдорж, Модон тэрэгний дугуй тэврэн үхэх Д.Нацагдорж).
Жүжиг эхлэхэд модон тэргийг гэдрэг харуулан байршуулж, 1930-д оны нацист
террор, улаан террорын хөгжим нүргэлэхэд төмөр, хаймран дугуйнууд эцэсгүй мэт
галзууран эргэх нь цаанаа л нэг цөвүүн цагийн тухай үзэгчидтэй ярьж буй нь
мэдрэгдэнэ. Улмаар модон дугуй ганцаар аажим эргэхэд жүжигчин Ц.Цэрэндоржийн
амилуулсан бидний танил Д.Нацагдоржийн дүр тайзнаа дөлгөөхөн алхсаар үзэгчид
рүү харан хөрөг зураг мэт зогсоно. Тайзны шийдэлд ахуй орчныг дүрслэхээс гадна
гүн агуулга шингээхийн чухлыг, тайзны дүрслэлүүд дүрд туслахгүйгээр тайз өөрөө
нэгэн дүр болж үзэгдэх ёстойг Д.Нацагдоржоос ч онцгой модон тэрэгний дүрээс мэдрэх
үүргийг үзэгч хүлээсэн юм. Тэгэхээр "Монгол ардын суут" жүжгийг
үзэхдээ эхлээд Д.Нацагдоржийн тухай биш, модон тэрэгний(дугуй) тухай өөр зуураа
бодох, басхүү мэдрэх шаардлага тулгарлаа.
2. Театрт “үзэгч” гэж байх ёсгүй
Нэрт найруулагч, онолч Ёжи Гротовскийн “Жүжгийн эвлүүлэг тайзан дээр биш, үзэгчдийн
анхаарал даган буй болдог. Үзэгчдийн хүлээн авч байгаа байдал эвлүүлгийн
“судал”[1] гэж хэлсэн санааг
эл жүжгийн тавилтыг тайлбарлахдаа дэм болгон эшлэмээр байна. Театрын бүтээл
үзэгчдийн өмнө үзүүлэн тавьж “үзүүлсэн” бус нууцын эрэлд мордуулсан хөтлөгч
урлаг байх ёстойг зохиолын бичлэгийг гайхалтай задлан уншсан Б.Баатар
найруулагч өвөрмөц дэглэсэн битүү утгат найруулгын шийдлүүдээрээ тодорхой гэгч
хэлэв. Үй олон “үзэгч”-ийг биш оролцогчдыг бэлтгэх буюу
үзэгчдийнхээ уран сайхны сэтгэлгээг тэлээх бүтээл хамгаас чухал гэдгийг л
сануулаад байна. Тэгэхээр өнөө модон тэрэг(дугуй) маань юу болов? Модон тэрэг, түүнтэй холбогдох
зүйлс утга соёл, хэрэглээний талаасаа юуг чухам бэлгэдэн илэрхийлдэг юм бол оо?
Дорныхон, ялангуяа нүүдэлчдийн гүн
ухаан, утга соёлд модон тэрэг, үхэр тэрэг, модон тэрэгний дугуй сэлт зэрэг
хэрэгслийг оршихуйн мөн чанар, орчлонгийн мөнх бус, үнэмлэхүй(туйлын) болон
харьцангуй цаг хугацааны ойлголтыг
бэлгэдэн дүрсэлдэг нийтлэг эх дүр(архетип), өгүүлэмжийн төсөө байна. Бурхан багшийн сургаальд “Амьдрал мөнх бус, энэ ертөнцөд төрсөн хэн
боловч үхнэ. Би бээр үхэхэд миний бие модон
тэрэг лүгээ адил өмхөрч алга болно. Ингэж хүний оршин тогтнох мөнх бус
гэдгийг батална” гэсэн бий. Үе үеийн уран бүтээлчдийн жишээнээс түүвэрлэн
үзэхүл энэ ойлголт санаа улам тодорхой болох ажээ. Жишээ нь монгол түмний оюун сэтгэлгээ, уран сайхны билгүүн шасдир
болсон “Монголын нууц товчоо”, Лувсанданзаны “Алтан товч” зэрэг зохиолуудад ийм
баримт нэн элбэг тохиолддог. Лувсанданзаны “Алтан товч”-д
эзэн богдыгоо өөд болоход Гилгүдэй баатрын харуусан дуудсан шүлэг байна:
“Халих
харцагайн жигүүр болон одов чи, Эзэн минь
Хангинах тэрэгний тээш болон одов
чи,
Эзэн минь
Тоглох
харцагын жигүүр болон одов чи, Эзэн минь
Тойрох тэрэгний тээш болон одов чи, Эзэн минь
Жиргэх
шувууны жигүүр болон одов чи, Эзэн минь
Жиргэрэх тэрэгний тээш болон одов
чи,
Эзэн минь”. Энэхүү шүлгийн
хосмолжин мөрүүд эхний шаддаа эзэн богдыг энгүй их суу алдраараа мөнхрөн үлдлээ
гэсэн утгыг илэрхийлээд дараагийн шадад хорвоогийн жам ёс, зуурдын цаг
хугацааны жимээр эгэл хүмүүний нэгэн адил одлоо гэдгийг модон тэрэг, тээш гэсэн
үгсэд шингээн бичжээ. Мөн Чингис хааны Жамухад элч илгээхдээ хэлүүлсэн үг,
Хорчийн Тэмүүжинийг хаан болох тухайд зөгнөсөн зүүдний дүрслэл, хаан эзний
алтан шарилыг хасаг тэргэнд өргөн тээж явахуйд тэрэг булдаа хүртэл шигдэж,
хөдөлгөн ядахад Гилгүдэй баатар мөн өчил шүлэг хэлэн мөргөхөд хасаг тэрэг
хангирсан хөдөлсөн тухай гээд цөм модон тэрэгтэй холбосон буюу цаг хугацаа,
орон зай, хүний хувь тавилангийн сайн хийгээд муу явдал үйлийн өгүүлэмжийг
давхар тээсэн байна. Хэнтийн яруу найрагч Б.Батхүүгийн “Үхэр тэрэг” хэмээх
шүлгэнд:
“Үхэр
тэргээ хөтлөөд өвөө минь
Тэнгэр
уулыг давж харагдсан
Тэр
минь эргэж эрэхгүй
Үхэр
тэрэг маань харин ирчихсэн байсан
Би
үхэр тэргээ хөтлөөд
Тэр
л уулын зүг алхаж явна
Миний
хойноос хэн хараад юу бодож зогссоныг
Мэдэж
байгаа болохоор би эргэж харахгүй
Үхэр
тэргээ алдчих вий л гэж эмээж явна” гэсний
үхэр тэрэг бол цэвэр мөнхийн болоод зуурдын цаг хугацааны ойлголтыг илтгэж буй
юм. Үүнтэй ижил өгүүлэмжтэй бас нэг шүлгийг Ч.Мягмарсүрэн найрагч бичсэн
юм.
“Бальгай
гэж
Пальгар
бор өвгөн
Пайтан
хэлтэй
Ээтэн
гуталтай...
Өвөлжин
мөс тээсэн
Өвгөн
буурал
Намайг
сургуульд ороход
Өвгөн
байсан
Найм
төгсөөд явахад
Өвгөн
байсан
Хожим
уулзахад
Өвгөн
байсан
Хорвоод
тэр угаасаа
Өвгөн
төрсөн хүн
Тэр
хүн
Цаашилж
одсон
Он
жилүүдийн тэртээгээс
Цагийн
хана
Нэвт
харагднам
Хагсан
хатсан
Хар
модон тэрэг
Хойшоо
чангаана
Томоо
гуталтай
Тожир
өвгөн
Тонгойж
зүтгэнэ...”. Цаашилж одсон он
жилүүдийн цаанаас цагийн хана нэвт гэрэлтэх өвгөнийг үхэр тэрэгтэй нь л хамт
дүрсжүүлж буй нь нэгтгэн хэлэх гээд буй “архетип” дүрийн уран сайхны ойлголтыг
баталж байх шиг. Хамгийн сүүлд бичигдсэн залуу яруу найрагчийн шүлгээс энэ дүр,
дүрслэлийг харвал:
“Уйтгартай
даа, манай нутаг уйтгартай
Уртын
урт үдэштэй
Үхэр
тэрэг гадаа бөгтийн зогсож
Үүлс
эцсээ хүртэл нүүсээр байдаг
Үлгэрч
эмгэд эрт урьдын цагийг
Үзэж
туулсан юм шиг ярьсаар байдаг...
Гадаа
бөртийн зогсох үхэр тэрэгнүүд
Газар
дээгүүр өнхөрсөөр жижигхэн болсон байдаг
Сар
жаргахад тэд цэнхэртэж үзэгдээд
Сайхан
өвгөдөө зөөсөөр хуучирсан байдаг...” гэж
бүр ч сонирхолтой дүрслэлээр амьдшуулан
нэгтгэж буулгасан байна.
Ингэхээр “Монгол ардын суут” жүжигт
үзэгдэл болгон дээр хэвтэж, босч, хажуулдаж, эргэж буй модон тэрэгний цаана
Д.Нацагдорж амьдралдаа ч, уран бүтээлдээ ч өөрийнхөөрөө, өөрийн үзэл бодол,
хүсэл эрмэлзэл, хүлээсэн цаг хугацааныхаа үүрэгт ямархан үнэнч явсаар дууссан
трэхэн орон зайг гэрчлэх, харьцуулан үзүүлэх гэсэн Ц.Хулан, Б.Баатар хэмээх
хоёр эрхэмийн зорилго оршсоныг ийнхүү тайлахыг хичээлээ.
3. Авьяас, заль хоёр нэгэн дор багтдаггүй
Ц.Хулан зохиолчийн бичсэн жүжгийн зохиол
Д.Нацагдоржийн амьдралын сүүлчийн шөнийг
сонгон авч хураангуйлан бичсэнээрээ шинэлэг хэлбэртэй байсан ч судлаач,
шүүмжлэгч хэмээх хүмүүсийг нүдэн балай, чихэн дүлий суудаг мэтээр ойлгосон
бололтой. Учир нь төрийн шагналт зохиолч, яруу найрагч Р.Чойномын хэвлэгдэж
түгсэн болоод анх хэвлэгдэж буй шинэхэн бүтээлүүд эмхэтгэгдэн ботилогдож тун
удахгүй хүрэх ерөөл учрал бүрдээд буй билээ. Ялангуяа хүүрнэл зохиолын VII
ботид “Тал дахь тулалдаан”, “Гөлөг”, “Хар цэцэг” туужаас гадна бидэнтэй шинээр
“уулзах” арваад өгүүллэг орсныг давын өмнө цохон онцлууштай. 1977 онд бичсэн
“Последный день” буюу “Сүүлчийн өдөр” өгүүллэг нь их зохиолч Д.Нацагдоржийн амьдралын сүүлчийн өдрийн
үйл явдлыг өгүүлдэг юм л даа. Гар бичмэлээр хүмүүсийн гар дамжин тодорхой
хүрээнд уншигдаж явсаар одоо анх хэвлэгдэх гэж буй нь энэ. Ерөнхий агуулгын
хувьд манай намтар, уран бүтээлийг нь судласан эрдэмтдийн бүтээлд дурьдагддаг
мэдээ баримтуудаас онцын зөрүүтэй бичигдсэн зүйл үгүй ч уран сайхны сонирхолтой
зохиомж, далд өгүүлэмж, эх дүрийг амилуулсан дүрийн сэтгэл зүйн шинэтгэл
бичлэгээрээ өвөрмөц туурвил. Хэвлэгдсэний дараагаар олон судлаачийн тайлал
тайлбарыг өөртөө дуудах нь дамжиггүй. Гэтэл Ц.Хулан зохиолчийн бичсэн “Монгол
ардын суут” жүжиг ерөнхий бүтэц, зохиомж, өгүүлэмжийн хувьд дээрх өгүүллэгтэй
тун төстэй хэв шинжийг хадгалжээ. Бүтээлчээр ашигласан юм болов уу ч гэж
таамаглахаар... Зүүдний далд утгат дүрслэл, морин тэрэгчин өвгөн, өөрт нь сайн
бүсгүй, үхлийг зөгнөсөн ёр бэлгэдлүүд зэрэг нь давхацсан төдийгүй Д.Нацагдорж
амьдралаа эргэн цэгнэхдээ өөртөө л бурууг өгч эх орон, нам хоёр чинь өөр зүйл
гэсэн бодол гаргалгааг хүртэл өөриймшүүлэн авчээ. Мэдээж нэмж баяжуулсан зүйл
төдий чинээ байгаа ч авьяас, заль хоёр нэгэн дор багтдаггүйг хэлмээр байна.
Эцэслэн дүгнэхэд энэ жүжгийг найруулагчийн хараа л нэвт гэрэлтүүлж
Д.Нацагдоржийн цаг хугацаа хэмээх зүйлийг, уран бүтээлч хүн өөрийн хүлээсэн цаг
хугацааныхаа үүргийн төлөө хэрхэн тууштай зүтгэдгийг бидэнд ухааруулж чадлаа.
Баярлалаа.
Comments