Ертөнцийн амраг Гомпилдоогийн Мөнхцэцэг

Уран зохиол шинжлэгч Г.Батсуурь

Яруу найрагч Г.Мөнхцэцэг 1973 онд төрсөн. Яруу найргийн “Цээжний анир” /2000/, “Зөнгийн шувуу улаан” /2009/ зэрэг номууд хэвлүүлжээ.
            ХХ зууны 90 оны хувьсгал хийгдсэнээр яруу найраг шинэчлэгдэн өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлт бол маш хэрэгтэй зүйл байсан бөгөөд харин энэхүү өөрчлөлтийг даган гарч ирсэн нэгэн туйлширмал гэж хэлж болохоор үзэл бол  реалист арга одоо хэнд ч хэрэггүй боллоо, реализм бол хуучин нийгмийн арга, тэр арга бол социализмтайгаа хамт үгүй болох ёстой мэтээр ойлгох болсон явдал байв. Гэхдээ нөгөө талдаа 90-ээд оныхонд тийн үгүйсгэх шалтгаан байсан. Юу гэвэл өмнөх үеийнхэн нь мөнөөхөн аргыг танигдахгүй болтол нь социалжуулчихсан учир эдэн шиг болохгүй юмсан гэсэндээ л 90-ээд оныхон уг аргыг буруушаан үзэж өөрсдөө тийм л аргаар биш бол хамаагүй мэтээр шинэчлэхийн тулд шинэчлэх явдал ч ажиглагдаж байсан юм. Харин өдгөө буюу 90 оны хувьсгалаас даруй 22 жил өнгөрсөн хойно харахад тийнхүү туйлшран үзэх нь багасжээ. Социализмтай хамт социалист реализм л алга болох ёстой байсан болохоос хүн төрөлхтөний бичлэг туурвилын үндсэн арга болж ирсэн ðåàëèñò аргыг тал нутгийн хэдэн монгол үгүйсгээд нэмэргүй л дээ.
            Монголын яруу найрагт 90-ээд оныхон гэж нэрлэгдэх үеийн нэгэн томоохон төлөөлөгч бол өгүүлэх гэж буй яруу найрагч Г.Мөнхцэцэг юм. Тэрээр өөрийн үеийнхэнтэй хамтдаа байж, үзэл бодлоо солилцож, заримтай нь хамт суралцаж, шүлэг зохиолоо уншилцаж явсан боловч өөрийнхөөрөө л үлдсэн нь харагдана. Тодруулбал хувьсгалчдыг дагаж дэлхийд ганцхан монгол л аугаа, дэлхийн бүх хүмүүсээс монгол хүн л ер бишийн, энэ бол миний монгол гэх мэтээр дуулаагүй, бас цоо шинэ шүлэг бичиж байна гэж хэн ч бүр өөрөө ч учрыг нь олохгүй янз бүрийн үгсийн каламбур хийж шоудаагүй. Нэр төр олохын өвчинд нэрвэгдэн элдэв шоу тоглолт, тайлан тоглолт энэ тэр гэж улайраагүй, зүгээр л өөрийнхөө мэдрэмжид найдаж үлдсэн. 2000 онд байх аа яруу найргийн улсдаа хамгийн нэр хүндтэйд тооцогдох шүлгийн тэмцээнд түрүүлэхдээ хүртэл:           
...Халираад чиг одно уу бусгаад чиг орхино уу яавал чиг яаг дээ
                                    Хазаарыг нь тааруулаад унахдаа л унана аа хүлгийг
Харамлаад чиг нууна уу халираад чиг гуйна уу яавал чиг яаг дээ
                                    Хүнийх байсан ч дагуулахдаа л дагуулна би амрагийг гэж төгсөх шүлэг уншиж түрүүлсэн буй. Энэ бол уг тэмцээний сүүлийн даваанд хайр сэтгэлийн сэдэвтэй шүлэг уншин түрүүлсэн бараг ганцхан тохиолдол (өөр ийм тохиолдлыг санахгүй байна, байж магадгүй л дээ Г.Б) байх. Ер нь уг тэмцээнд ялангуяа сүүлийн даваанд бол ямар нэгэн хэмжээгээр үндэсний үзэл шингэсэн, тайзны бадрангуй шүлэг уншдаг жаягтай юм. Гэвч Г.Мөнхцэцэг найрагч энд ч гэсэн өөрийнхөөрөө байж чаджээ. Түүний уран бүтээлийнхээ харьцангуй эхэн үедээ бичсэн “Арван зургаан насны намар” шүлэгт:
Шар торгон дээлэндээ
                                                Шүүдэр бөнжигнүүлсэн дурдан бүстэй намар
                                                Арын толгодод хяруу өлгөж ноолоход
                                                Арван зургаан нас минь хормойд нь зүүгдэж хоцорно... гэсэн мөрүүд бий. Энэхүү намрын дүрслэл нь Б.Ринчен гуайн “Сар” шүлгийн:
Цоохор шар саран чавганц
Цоорхой үүлэн дээлээ хэдрээд
Туяан цагаан таягаа тулж
Тугал олон одон сүргээ туув гэдэг дүрслэлтэй төстэй буюу амьшуулан
хүншүүлсэн онцлогтой юм. Намрын улирлын тухай бүх л найрагчид бичсэн байдаг боловч ийнхүү бүхэл бүтэн улирлыг нэг хүнд гүтгэн амьшуулсан нь ховор. Ер нь түүний шүлгүүдийн дотор иймэрхүү амьшуулал, хүншүүлэл хэрэглэсэн “Битүүхэндээ шивнэлдэх голын урсгал...” гэж эхлэх нэргүй шүлэг, “Ертөнцийн хайр”, “Орчлонгоос одсон найрагчид”, “Төөрөг”, “Нагацын дурсгалд”, “Дундговь”, “Хуучин амраг”, “Амьдын зүүд буюу миний ард түмэн” зэрэг нэлээд шүлгүүд байгаа бөгөөд энэхүү амьшуулах арга нь найрагчийн дүрслэлийн нэгэн онцлог юм. Яруу найрагч Г.Мөнхцэцэгийн шүлгүүд өөрийн гэсэн уянгатай. Тодруулж үзвэл:
            Холоос ирэх шувууд гуниг далласаар одох юм
            Хоёр нүдний мэлмийд нулимс амтагдах юм
            Хэний нутгийн нууранд очоо бол доо та нар
            Хэд нь харин эргэж ирэх бол доо хөөрхийс.../Шувууд/ гэх буюу,
                        ...Тэгэхэд:
                        Салхи имхэрдээд ч багтаагүй тэр нүхээр намайг харах гэж гүйхдээ
                        Сүүдэрнээсээ өөр хөл солбиж явааг мэдээгүй байж таараа
                        Дэрвэлзэх сормуусаараа тоос алгадаж зогссон ч                                                             Дэндүү халуун хайрандаа цангасан байж таараа /Харц/, мөн
            ...Алсад сүүмийх өнчин хайлаас
            Аяны хүн шиг бүртэс хийхэд
            Алдаж хагалсан аяга хүртэл аавд ховлож
            Алганых нь хээ надаас цэрвэхэд гайхаж сурсан
            Чи минь ирсэн хавар аа... /Чи минь ирсэн хавар/ гэх зэргээр шүлэглэжээ. Шүлгүүдийн төгсгөл нь хандал, дуудал маягаар төгссөн байна. Иймэрхүү төгсгөлүүд нэлээд байгааг нь “Арван зургаан насны минь намар” шүлгийн “...зөөлхөн л байсан даа”, “Ижийдээ” шүлгийн “...яваа шүү ижий минь”, “Өвлийн өвгөн” шүлгийн “...мартах гэж яардаггүй ээ”, “Гэгээн зүүд шиг мянган учралтай...” гэж эхлэх нэргүй шүлгийн “...ямар боддог биш дээ”, “Дагуулахдаа л дагуулна” шүлгийн “... дагуулахдаа л дагуулна би амрагийг”, “Тавилан” шүлгийн “...буцахын өмнөх өө”, “Айл гэр болж тоглохыг үзлээ” шүлгийн “...амьтай эсэхийг бүү мэд ээ”, “Торгон цамцны энгэр...” гэж эхлэх нэргүй шүлгийн “...марттал зовно доо”, “Арай л өөр” шүлгийн “...арай л өөр дөө”, “Дурлал” шүлгийн “...охин болох биш дээ”, “Хуучин амраг шүлгийн “... хуучин амраг аа”, “алсхан байх нь багшийн минь нутаг...” гэж эхлэх нэргүй шүлгийн “...миний л араншин аа”, “Санаж л яваа даа” шүлгийн “...яваа даа” гэх мэтийн олон бүтээлүүдийнх нь төгсгөлөөс үзэж болохоор байна. Ялангуяа бусдад хандах утга илэрхийлэх “даа, дээ, аа, ээ” гэсэн үгийн болон өгүүлбэрийн нөхцөлөөр нэлээд төгсгөжээ. Эдгээр нь ийнхүү олон тохиолдох хэрнээ тухайн шүлэгтээ тохирсон байгаа ба түүний уянгыг хандал, дуудалын өнгө төрхтэй, дуулал маягтай болгож байна. Энэхүү хандал, дуудалын өнгө төрхөө зоримог шулуухан, эрдүү хэнэггүйхэн өгүүлэмжээр баяжуулдаг учраас шүлэгтээ тийн зохирдог аж. Тодруулбал “Гэгээн зүүд шиг мянган учралтай” гэж эхлэх нэргүй шүлгийн:
...Санаанаас гардаггүй гэж худал хэлээд ч яах юм бэ
                                                Саатан байж чамайг ямар боддог биш дээ гэх буюу мөнөөхөн “Дагуулахдаа л дагуулна” шүлгийн:
... Харамлаад чиг нууна уу халираад чиг гуйна уу яавал чиг яаг дээ
                        Хүнийх байсан ч дагуулахдаа л дагуулна би амрагийг гэсэн болон “Дурлал” шүлгийн:            ...Бусдад дурлахгүй гэж худал хэлэхгүй ээ чамдаа
                        Буцаад би ямар охин болох биш дээ зэрэг шулуухан өнгө аясуудаас уг хандал маягын уянга нь шүлгийг чимсэн дүрслэл болж чадаж байгааг үзэж болохоор юм. Гэхдээ түүний шүлгүүдийн дандаа ийм зоримогдуухан хандах уянгатай гэж шууд дүгнэж боломгүй бөгөөд энэ өнгө аяс нь түүний уран бүтээлийнх нь нэг л онцлог юм. Мөн зөвхөн бүсгүй хүний гэгээн зөн мэдрэмжээр уяран бичиглэсэн бүтээлүүд ч бий. Аливаа гоо сайхныг мэдрэх мэдрэмж бүсгүй хүнд арай илүү байдаг гэдэг. Монголын уламжлал сэтгэлгээ, домог туульст хатад, дагинасыг зөнч, зүүдэч байдалтайгаар үзүүлдэг бөгөөд арга билгийн талаас үзвэл эмэгтэй хүн бол билэг. Ер нь аливаа яруу найрагчийн шүлгүүд хэдийчинээ олон өнгө төрхтэй байна төдийчинээ сонирхолтой. Түүний уярал санаашрал бүхий шүлгүүд дотроос нь “Сул үст амраг минь” гэж эхлэх нэгэн нэргүй шүлэг байна. Уг шүлэгт:
                                    Сул үст амраг минь
                                    Сурагийн холд
                                    Сурагийг нь дуулахын хүслэнд
                                    Сэтгэл минь сул алдардаг
                                               
                                                Эрт таньсан амраг минь
                                                Эрлийн холд суудаг
                                                Ээрсэн том сарны дор
                                                Элээгдсэн дурсамжаараа амьдардаг гэсэн буй. Ардын дууны аясыг сануулах энэхүү шүлэгт амрагаа санах сэтгэлийг нэг л гунигтай гаргасан бөгөөд тийн санан суухад ялангуяа ганцаар санаашран суухад сар яасан том. Энэ л мэдрэмж. Үүнийг найрагч бээр “том сар” гэсэн ганцхан холбоо үгээр л хэлжээ.
            Мөн “Тэмтрэхүй” шүлэг нь:           
                                                ...Цардмал зам дээр моддын сүүдэр
                                                Царай муутайхан байдгийг олж үзээд
                                                Талын өвсөнд шөнө цэнхэр болдгийг танихуй
                                                Тасарсан хүйт газар сэрлээр уяатайгаа мэдэв гэсэн мөрүүдтэй. Энд буй “Талын өвсөнд шөнө цэнхэр болдгийг...” гэдэã áîë ò¿¿íèé ÿðóó íàéðãèéí ìýäðýìæèéã èëòãýíý. Энэ бол Б.Явуухулангийн:    
...Шөнийн чимээгүй гадаа налайн
                                                            Унийн углуургаар саран гэрэлтэнэ... /Мөнгөн хазаарын чимээ/ гэж хэлсэн, Д.Нямсүрэнгийн:
...Шөнийн навчис хөгжимдөх мөчрийн хооронд
Тэнгэрийн одод багтдагийг харсан
Шүүдэр цугласан цэцгийн хонхорцогт
Чиний нулимсны зай байхыг үзсэн... /Цэнхэр дуу/ гэж хэлсэн монгол
нутгийн шөнө. Цэнхэр шөнө. Доороос өвсний  өнгө, униар, дээрээс тэнгэрийн язгуур цэнхэр өнгө нийлэн хоршиж завсартаа байх шөнийн харанхуйг сүлэн цэнхэртүүлэх агшныг найрагч ийн хэлжээ. Эдгээр цөөхөн баримтуудаас түүний шүлгүүдийн нарийн мэдрэмж уянгыг үзэж болохоор юм.
Найрагчийн “Чамаас олсоон Эх орон минь” /2000/ гэх нэгэн шүлэгт:
                        ...Сайхан ижий минь намайгаа үүрч алхахад
                        Салхи чинь хүртэл хүндэднэ гэж хийсэж одсон
                        Ижийнхээ нурууг амрааж хөлд орохын цагт
                        Ивж ургасан өвс нь налж сөгдсөн эх орон минь ээ гэж өгүүлнэ. Улмаар уг шүлэгт эх орон минь охин нь болсон намайгаа хүн болгон төлөвшүүлж бүхнийг өгсөн гэсэн санааг дүрслэх бөгөөд шүлгийн сүүлийн бадагт:
...Буцна буцна гэвч чамайг би айлгахгүй
Бууриа хөдөлгөвч надаар чи дутахгүй
Бусдаас гуйхгүй үхлийг хүртэл чамаас олохын цагт
Бурхад чинь хүртэл намайг булаалдана эх орон минь гэж шүлэглэн төгсжээ. 


Энэ шүлэгтэй холбоотой мэт харагдах дараагийн бүтээл бол түүний “Хуучин амраг” гэдэг шүлэг юм. Уг хоёр бүтээл нь сайтар анзаарвал фрактал бүтэцтэй. Судлаач шүүмжлэгч, доктор С.Энхбаярын “Утга зохиолын онол” номондоо дурдсан байдлаар авч үзвэл уг бүтээлүүдийн фрактал бүтэц тодрох юм. Фрактал бүтэц гэдэг нь шугаман бус сэтгэлгээний ул мөр ба бага нь ихдээ агуулагддаг бүтэц билээ. Жишээлбэл улиас гэдэг мод байлаа гэхэд уг модны навч нь мөчрийнхөө бүтцийг агуулна, мөчир нь эх модныхоо бүтцийг агуулна гэсэн үг бөгөөд ажиглавал үнэхээр тийм байдаг. Мөн хамгийн бага нэгж болох навчинд ч ямар нэгэн хэмжээгээр эх модны бүтэц агуулагдаж буй. Үүнийг л фрактал бүтэц гэж òîìü¸îëäîã. Түүнчлэн фрактал бүтэц нь арзгар барзгар. Ертөнцийн бүх юмс, хүний нүүр царайнаас эхлээд, байгаль ертөнцийн үзэгдлүүд уул нуруу, ус, ургамал цөм арзгар барзгар бүтэцтэй нь харагддаг. Эдгээр нь шугаман бус процессын үр дүн. Өгүүлэн буй найрагчийн “Чамаас олсоон Эх орон минь” шүлгийн жишээлсэн:          
...Сайхан ижий минь намайгаа үүрч алхахад
Салхи чинь хүртэл хүндэднэ гэж хийсэж одсон
Ижийнхээ нурууг амрааж хөлд орохын цагт
Ивж ургасан өвс нь налж сөгдсөн эх орон минь ээ гэсэн бадагтай фрактал бүхий бадаг мөн “Хуучин амраг” шүлэгт байна. Тухайлбал:
...Газар шороо минь чи миний хуучин амраг
Галаан түлж би чам дээр цайгаа чанаж
Ганхах өвс мөрийг минь даган налж
Гижгийн минь анх л гаргасан... гэжээ. Эндээс харахад эх орны охин болох түүний хөлийн дор налж сөгдөх өвсний дүрслэл бол фрактал бүтцийг харуулж байгаа ба энэ нь эхлээд өөрийгөө эх орноосоо олсон, дараа нь газар шороо байгаль дэлхийнхээ амраг хайрт нь болсон гэсэн нэг нэгэндээ агуулагдах фрактал санаа юм. Энэ агуулга нь уг хоёр шүлгийн сүүлийн бадгуудаар улам баталгаажих бололцоотой. Тодруулбал “Чамаас олсоон Эх орон минь” шүлгийн дээр дурдсан сүүлийн бадагт:
 ...Буцна буцна гэвч чамайг би айлгахгүй
Бууриа хөдөлгөвч надаар чи дутахгүй
Бусдаас гуйхгүй үхлийг хүртэл чамаас олохын цагт
Бурхад чинь хүртэл намайг булаалдана эх орон минь гэсэн байгаа бол мөнөөхөн “Хуучин амраг” шүлгийн сүүлийн бадагт:
Яван явтлаа би та нартаа ухаангүй дурлаж
Янаглан байсан өдрүүдээ үлдээнэ
Ямбат өврөө дэлгэж цээжиндээ хумихдаа
Ягаахан цэцэгтэй хавраараа үдээрэй
Тоссон гариг, дассан дэлхий минь, чи миний хуучин амраг аа хэмээжээ. Эхний буюу “Чамаас олсоон Эх орон минь” шүлэгт  байгаа “Буцна буцна гэвч чамайг би...” гэх болон“...үхлийг хүртэл чамаас олохын цагт...” гэсэн дүрслэл өгүүлэмж нь дараагийн  буюу “Хуучин амраг” шүлгийн “Яван явтлаа би та нартаа...” гэсэн мөн “...өврөө дэлгэж цээжиндээ хумихдаа.., ...хавраараа үдээрэй...” гэсэн дүрслэл өгүүлэмжүүд нь уг хоёр бүтээлийн фрактал бүтцийг илтгэж байна. Эдгээр нэг нэгэндээ агуулагдсан дүрслэлүүд нь Г.Мөнхцэцэг гэдэг найрагч өөрийгөө давтсандаа биш, мөн энд тайлбарлаж байгаа шиг байдлаар бодож тунгааж бичээгүй байх бүрэн магадлалтай. Зүгээр л өөрийн онгод, мэдрэмжээр бүтээлээ туурвисан нь ийм үр дүнд хүргэж байгаа бөгөөд шугаман бус, фрактал байдалтай сэтгэх үйл явц бол хүн төрөлхтөнд тэр дундаа нүүдэлчин монголчуудын хувьд хамгийн түгээмэл мөн чанартай сэтгэлгээний хэв маяг учраас түүний нэгэн эд эс болсон найрагч ийнхүү шүлэглэсэн хэрэг.   
Мөн яруу найрагч Г.Мөнхцэцэгийн 1993 онд бичсэн “Ертөнцийн хайр” хэмээх нэгэн шүлэг бий. Уг шүлэгт нь:
            Навч хөлөргөж нарны хүү хайраа хэлдэг
            Навч унаж газрын охинд хайраа өгдөг
            Эр өвс эхэлж ургадаг
            Энүүхэн хавийн цэцгээ тоолос хийгээд өсдөг өө

                        Хярсан салхи нүдээрээ инээж
                        Хялгасанд хүртэл хайраа хэлдэг
                        Хясал шиг аашиндаа хөлбөрч орхиод
                        Хамтдаа л явах гэж хийсгэж оддог оо... хэмээн бичжээ. Нарны хүү, газрын охины дүрслэл бол монголын хуучин уламжлалд нэлээд тохиолдоно. Тэдгээрийг дараагийн үед  ихэвчлэн хүмүүнжүүлэн дүрсэлсэн байдаг. Харин Г.Мөнхцэцэг найрагчийн уг шүлгэнд бол гүтгэн хүншүүлсэн дүрслэл байхгүй зүгээр л амьдчилан ертөнцийн бүх юмс бие биедээ хайртай гэсэн учир зохирлын санааг илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл Ц.Бавуудорж найрагчийн “Тэнгэрийн бүсгүй” шүлэгт дүрсэлсэн шиг
Гишгэсэн газартаа цэцэг ургуулсан
Гэзэгтэй зандан тэнгэрийн бүсгүй еэ...” гэж хүнийг тэнгэрийн хэмээн
дүрслэн чимээгүй ба зүгээр л нарны хүү өөрөө хайраа нээдэг гэсэн амьдчилал байна. Эдгээр дүрслэлүүд нь:
                        ...Тэнгэр газар хоёр бие биенээ цоо ширтэж
                        Тэсгэл алдахдаа манан унагаж уулздаг... гэх мэтээр үргэлжилсээр төгсгөлийн бадагт хүрнэ. Төгсгөлийн бадагт:
                                    ...Дээшээ яргадаг биш дотогшоо ургадаг бүхэн биенээ барааддаг
                                    Дэндүү их хайрыг дааж ядахдаа ч дэлхий эргэдэг
                                    Цэврүү исгэгдэх шиг нулимс ивлээд явчихлаа
                                    Цээжинд минь эссэн чамд л хайртай болчихож дээ би хэмээнэ. Энэ төгсгөл нь дүгнэлт шинжтэй, эхний мөрөнд буй “дотогшоо ургадаг” гэдэг нь үндсэндээ тэрхүү дотогшоо байдаг зүйл нь хайр гэсэн санааг түлхэж байгаа агаад сүүлийн хоёр мөрөөр  найрагчийн өөрийн сэтгэл нээгдэж байгаагаас харвал хэн нэгэнд хайртай болчихсон догдолж яваа хүнд ертөнцийн бүх юмс бие биедээ хайртай байдаг юм шиг санагдах тэр л мэдрэмж юм. Дүрслэлийн хувьд амьгүйг амьтайд гүтгэн хүншүүлсэн бөгөөд энэ дүрслэл нь мөр бадгаар хязгаарлагдахгүй бүхий л шүлгийн турш үйлчилж байгаа нь сонирхолтой юм. Дүрслэлийн хувьд ийм онцлогтой уг шүлэг нь мөнөөхөн дээр өгүүлсэн “Чамаас олсоон Эх орон минь” болон “Хуучин амраг” шүлгүүдтэй мөн л ямар нэгэн хэмжээгээр холбоотой мэт сэтгэгдлийг эрхгүй төрүүлнэ. Өөрөөр хэлбэл уг гурван шүлэг нь фрактал бүтцийг агуулж байх мэт. Тодруулж үзвэл “Чамаас олсоон Эх орон минь” шүлэгт:
                                                Эрх танхил үрээ би чамаас олсон
Эрхлүүлэх гэж дахин дахин хэлд орсон
Ийм муухай амьтныг минь хөлд оруулах гэж
Их үдийн наран ханын толгой дамжсан
                                                Хамгийн нандин дууг үрийнхээ бүүвэйд аялахад
                                                Хүй дарсан газрын чулууд ч сонссон
                                                Ирсэн болгоныг хувьтайд дуулгах шиг
                                                Ивэлсэн юм шиг асгарсан бороотой эх орон минь ээ
                                                Эрх танхил үрээн би чамаас олсоон... гэсэн дүрслэл байгаа ба энэ нь эх орон таниасаа би бүхнийг «өөрийгөөн, ижийгээн, гуниггүйхэн залуу насаа, эрх танхил үрээн, сайхан амрагаан олсон бас үхлийг ч олно» хэмээсэн өгүүлэмж юм. Тэгэхээр энэ шүлгээс эх орон минь намайг хүн болгосон гэсэн санаа нэвт гэрэлтэж байгаа бөгөөд дараагийн шүлэг болох “Хуучин амраг” шүлгээс бол ийнхүү өсөж хүн болсон би «газар шороо, усан бороо, хуй салхи, тольддог наран, тогоруун хөлт саран, дуугүйхэн нурах элсэн манхан болон тоссон гариг, дассан дэлхий минь» чиний амраг гэсэн санаа харагдана. Тухайлбал:
                                                ...Усан бороо уйтгарлан нүүх үүл чи миний хуучин амраг
                                                Уймран шаналж хөөрөн дэврэхдээ
                                                Уйлахыг анх би чамаас сурж
                                                Угаагдсан нүдээр солонгыг таньдаг болсоон... гэсэн дүрслэлд мөнөөхөн би чамаас өөрийгөө олсон гэдэг санаа явж л байгаа нь тодорч байна. Гурав дахь шүлэг нь болох “Ертөнцийн хайр” шүлэгт хорвоо ертөнцийн бүх юмс бие биедээ хайртай гэдэг санаа агуулагдана. Дээрх хоёр шүлэгт буй “Ивэлсэн юм шиг асгарсан бороотой эх орон минь ээ” гэх буюу “Усан бороо уйтгарлан нүүх үүл чи миний хуучин амраг” гэсэн борооны тухай дүрслэл нь “Ертөнцийн хайр” шүлэгт:
                        ...Уулга алдуулж бороо асгаран
                        Ухаангүй саналаа гэж хурмаст шивнэдэг
                        Уйдна даа чи надаас уйдна гэж
                        Улаан зээрд гол голоон тасартан хөөсөрдөг... гэх мэтээр туссан байна. Энэхүү гурван шүлгийн логикийн хувьд эхнийх нь болох “Чамаас олсоон Эх орон минь” шүлгээс эх орон минь намайг хүн болгосон гэдэг санаа, хоёр дахь нь болох “Хуучин амраг” шүлгээс би хүн болоод ертөнц дэлхийн амраг болсон гэдэг санаа, гурав дахь нь болох “Ертөнцийн хайр” шүлгээс ертөнцийн дахины бүх юмс миний л ижил бие биедээ хайртай байдаг гэдэг санаа тус тус харагдаж байгаа юм. Энэ утгаараа уг гурван бүтээл бол бие биенээ агуулсан фрактал бүтэцтэй. Бичигдсэн он цагийн хувьд болохоор “Ертөнцийн хайр” шүлэг нь 1993 онд буюу хамгийн эхэнд байгаа бол “Чамаас олсоон Эх орон минь” шүлгийн эцэст 2000.11.25 гэсэн огноо байна. Харин “Хуучин амраг” шүлгийн эцэст ямар нэгэн хугацааны тэмдэглэгээ алга. Эндээс фрактал бүтэц гэдэг бол угаасаа шугаман бус сэтгэлгээний үр дүн гэдэг нь харагдаж байгаа ба өөрөөр хэлбэл хамгийн эхэнд бичигдсэн шүлэг нь агуулгын хувьд хамгийн сүүлийн дүгнэлт шинжтэй болж байгаагаас тодорч байна. Гэхдээ яруу найрагч бол энд тайлбарлаж буй шиг бодож, төлөвлөж бичээгүй нь ойлгомжтой агаад өөрийн онгод мэдрэмж, архетипийн хүрээнд бичсэн нь ийнхүү ярих боломжийг олгож байгаа юм. Мөн эндээс хүн төрөлхтөний сэтгэлгээний мөн чанар болох уламжлал шинэчлэлийн харилцан хамаарал болон шугаман бус, хаос шинж төрх нэгэн хүний сэтгэлгээнд ч байж болох нь харагдаж байна.
Яруу найрагч Г.Мөнхцэцэгийн шүлгүүдийн ялангуяа эх орон, эх болсон дэлхий, ертөнцийн тухай шүлгүүдийнх нь орон зайн дүрслэлүүд нь сонирхолтой. Аливаа уран бүтээлд орон зай ямар нэгэн хэмжээгээр дүрслэгддэг бөгөөд хэдийчинээ том орон зайг дүрслэнэ төдийчинээ том агуулгыг гаргадаг. Тухайлбал Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн орон зайг үзвэл монгол нутгийг дээрээс нь харж бүтнээр нь багтаасан ба мөн оюун сэтгэлгээний орон зайн хувьд гэвэл монголчуудын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг дүрсэлсэн онцлогтой. Энэ бол том орон зай, өөрөөр хэлбэл монгол орон, монголчуудын түүхийг бүтнээр нь өөрийн бүтээлийн орон зайд оруулж чадсан гэсэн үг. Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” ч бас л ялгаагүй монгол хүнийг оршихуйн орон зайтай нь буулгасан уянгын буулгалт.  
Өгүүлэн буй найрагчийн фрактал бүтэц бүхий мөнөөхөн гурван шүлэгт дүрслэгдсэн орон зайн дүрслэлийг үзвэл “Чамаас олсоон Эх орон минь” шүлэгт эргэн тойрны “уулс, салхи ба саран, өвс ногоо”-ны орон зайг үзүүлсэн бол дараагийнх нь болох “Хуучин амраг” шүлэгт мөнөөхөн орон зайг томсгон “газар шороо, усан бороо, хуй салхи, наран, саран, элсэн манхан хийгээд тоссон гариг, дассан дэлхий”-г өөрийн шүлгийн орон зайд оруулан дүрсэлсэн байна. Сүүлийнх нь болох “Ертөнцийн хайр” шүлэгт мөнөөхөн том орон зай болох дэлхий ертөнцийн хайрыг үзүүлсэн онцлогтой. Энэ орон зайнхаа төвд нь  “бурхад чинь хүртэл намайг булаалдана аа эх орон минь” гэж, “тоссон гариг дассан дэлхий минь чи миний хуучин амраг аа” гэж, мөн “цээжинд минь эссэн чамд л хайртай болчихож дээ би” гэж тус тус өгүүлэн субъект өөрийгөө дүрсэлжээ. Ер нь хүн төрөлхтөний уран зохиол, яруу найргийн түүхэнд сансар огторгуйн тогтолцоо буюу нар төвтэй гариг эрхэсийн хэлбэр мэт нэгэн субъектийг тойруулан дүрсэлдэг уламжлал “Одиссей”, “Жангар”, “Фауст”, “Гулливерийн аялал” зэрэг болон олон зохиол бүтээлүүдэд бий бөгөөд энэ хэлбэр нь М.Прустыг хүртэл үргэлжилсэн гэдэг. Ялангуяа реалист чиг хандлагад энэ орон зай, субъектийн энэ харьцаа зонхилох байдалтай дүрслэгдэж ирсэн байдгаас Г.Мөнхцэцэг найрагчийн дүрслэлийн хэв маяг гажаагүй байна. Энэхүү дүрслэлийн хэв маяг нь бөмбөрцөг хэлбэрийг аяндаа бий болгодог мэт бөгөөд бөмбөрцөг хэлбэр гэдэг бол төгс төгөлдөр байгууламжийг бүтээдэг. Энэ тухай Грекийн философич Платон “Тимей” хэмээх бүтээлдээ “Бөмбөрцөг бол хамгийн төгс дүрс. Түүний гадаргуу дээрх бүх цэгүүд төвөөсөө ижил хэмжээнд алслагдсан байдаг” гэж бичжээ. Платоны бөмбөрцөгийн тодорхойлолтоор үзвэл Г.Мөнхцэцэг найрагчийн “Хуучин амраг” шүлэг л гэхэд “газар шороо миний амраг, усан бороо миний амраг, хуй салхи миний амраг, тольддог наран миний амраг, тогоруун хөлт саран миний амраг, элсэн манхан миний амраг гээд эцэст нь дэлхий миний амраг” гэсэн нь Г.Мөнхцэцэг төвт нэгэн бөмбөрцөгийг үүсгэж байгаа юм. Энэ бөмбөрцгийн үүсэл нь түүний “Чамаас олсоон Эх орон минь” шүлгээс эхтэй бөгөөд “Ертөнцийн хайр” шүлгээр буюу “дэндүү их хайрыг дааж ядахдаа дэлхий эргэдэг” гэсэн эргэлдэх бөмбөрцөгийн дүрслэлээр дуусаж байна. Энэ бол Г.Мөнхцэцэг найрагчийн өөрөө ч анзааралгүй бүтээсэн нэгэн төгс төгөлдөр бус гэхэд зохис төгөлдөр байгууламж юм.                 
            “Хуучин амраг” шүлгийн «газар шороо, усан бороо, хуй салхи, наран, саран, элсэн манхан» гэдэг дүрслэлүүд нь болон “Чамаас олсоон эх орон минь” шүлгийн дүрслэлийн хэв маяг нь уг бүтээлүүдийг өмнөх үеийн буюу Д.Нацагдоржийн “Миний нутаг”,  Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ”, Б.Лхагвасүрэнгийн “Боржигоны бор тал”, Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгүүдийн уламжлалтай ямар нэгэн хэмжээгээр холбоотойг илтгэнэ. Өөрөөр хэлбэл яруу найрагч Г.Мөнхцэцэгийн “Хуучин амраг” бүтээлд буй «газар шороо, усан бороо, хуй салхи, наран, саран, элсэн манхан» минь би та нарын хуучин амраг гэсэн дүрслэл нь манай яруу найрагт байдаг ерөөл магтаалаас угшилтай урнаар тоочин дүрслэх арга хэлбэрийн уламжлалыг харуулна. Энэ уламжлалыг Д.Нацагдорж «нуруунууд, уулнууд, уснууд далайнууд» гэж, Б.Явуухулан «онгон цэнхэр тал, цаст цагаан уул, мөрөн голын ус» гэх мэтээр хөгжүүлсэн бол Г.Мөнхцэцэг найрагчийн үед уг уламжлал нь ийнхүү би та нарын амраг гэсэн тоочилт дүрслэлээр хэлбэржсэн аж. “Чамаас олсоон эх орон минь” шүлгийн намайг эх орон минь чи хүн болгосон гэдэг дүрслэлийн маяг нь Б.Лхагвасүрэнгийн “Боржигоны бор тал” шүлгийн «туулсан зуунуудыг гашуун сургамж, хөрөөний ир шиг уулсын орой, хөх галын дөл, болон нутаг усны хаяа өлзийтэй түмэн намайг хүн болгосон» гэсэн дүрслэл өгүүлэмжтэй уламжлалын холбоотой байна. Баримтаар харвал Б.Лхагвасүрэнгийн “Боржигоны бор тал” шүлэгт:
...Тэнгэр тийчиж, чулуу ханарааж төрөхөд
                                                            Тал минь торго шиг зөөлөн байсаан... гэх буюу
                                                            ...Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
                                                            Нуур тойрмын ширхэг чулуу
                                                            Намайг хүн болгосон... гэдэг бол яруу найрагч Г.Мөнхцэцэгийн “Чамаас олсоон эх орон минь” шүлэгт:       
Өөрийгөөн би чамаас олсон
                                                            Өлгий болоод живх
                                                            Өндөр өндөр уулс чинь байсаан
                                                            Өндөр босгыг чинь алхах гэж
                                                            Өт болоод хорхой аль алийг нь би дамжсан
                                                            Унах газраа олохгүй тэнэсэн намайг
                                                            Уйлахаар минь таних гэж тоссон эх орон минь ээ... хэмээн дүрсэлсэн байгаа нь уг хоёр бүтээлийн уламжлал шинэчлэлийн холбоог илтгэж байна.             
            Ийнхүү эмэгтэй яруу найрагчдаар цөөхөн байсан монголын яруу найраг ХХ зууны 90-ээд онд өөрийн өнгө төрх бүхий нэгэн бүсгүй найрагчтай учирсан нь Г.Мөнхцэцэг байсан бөгөөд тэрээр хэдийгээр шинэ хувьсгалын гал дүрэлзсэн 90-ээд оны харьяат боловч хувьсгалчирхсан уриалга, монголчирхсон үндэсний үзлийн ухуулга бичээгүй, бас шинэчлэхийн тулд шинэчлээгүй зүгээр л өөрийн яруу найргийн мөн чанар, мэдрэмж, онгоддоо үнэнчээр үлдэж áàéãàëèéí ôèëîñîôèî öîãöëîîí, эх орон, эх нутаг улмаар ертөнц дахинтай амраглаж явсан юм. Яруу найрагч түүнтэй амраглах ертөнцөд «том саран гэрэлтэж, дассан дэлхийн талын шөнө нь цэнхэртэж, яргуй нь үнэгчлэх хавар ирж бас тэнгэр газар хоёр бие биенээ цоо ширтэж, тэрүүхэнд нь дэндүү халуун хайрандаа цангасан нэгэн дэрвэлзэх сормуусаараа тоос алгадан зогсох нь» тодорно. Ингэж ертөнцтөй амраглах хувь тохиол зөвхөн яруу найрагчид л олдох агаад ийм ч учраас монголын яруу найргийн ертөнц найрагч охиноо үгүйлнээ. Тэр бол ертөнцийн амраг Гомпилдоогийн Мөнхцэцэг.

2012 он

Comments