БИДНИЙ ЦАГ ХУГАЦАА ( Зохиолч С.Дашдооровын бүтээлүүдэд шинээр хандахуй-I)


Х.Чойдогжамц /СУИС/

“...Бэлгэдэлт амьдралаар амьдрах гэдэг чинь л өөрөө ер бусын иргэншүүлэх үйлчлэлтэй байдаг зүйл...”
/К.Г.Юнг “Бэлгэдэлт амьдрал”[1]/

 “Хэрэв та эл туужийг анхааралтай уншваас өөрийнхөө хэдэн танилыг олж үзэж мэднэ. Өгүүлэх нь...” гэсэн тун “ноцтой” үгээр С.Дашдооров гуайн “Холын цэнхэр уулс” тууж эхэлдэг. Зураач Тавхай төрсөн нутагтаа ажлын шугамаар ирээд нэгэн үдэшлэгт холбоо тасарсан багийн найз Чимгээг олж хараад “бүхий л мах зогцсоороо “Чимгээ” гэж дуу алдаж, зүрхээ дэнслүүлдэг”. Улмаар арваад жилийн өмнөх анхны дурлалын эзнээ санан дурсана. Анхын захиа, анхны учрал гээд сэтгэлийн угдах нандин орон зайдаа эргэн ЗОРЧИНО. Мөн Чимгээг нь холбож өгнө гээд булаачихсан Дорж найзыгаа бодно. Нээрэн ч бага нас, бодох санах юмгүй явсан үед тохиолдсон явдал, хэлсэн үг сэлт хэзээ хойно ч санаанаас гарахгүй санагдан байх мөртөөн өчигдөр оройн уншсан ном, үзсэн киноны нэр, явдлыг мартчихдаг шүү дээ. Дээрх өгүүлбэрт буй “ХЭДЭН ТАНИЛАА ОЛЖ ҮЗЭЖ МЭДНЭ” гэсэн үг онцолж унших нэгэн уншигчид бус нийт уншигчид, нийт хүмүүст хандаж зохиолч өөрийн эрхгүй зохиолынхоо эхэнд шигтгэсэн хандал юм. Тиймээс ч зохиолч туужаа дотор нь “Чимгээ”, “Дорж”, “Уулзалт”, “Уулзалтын дараа”, “Хонгорзул” хэмээн сонирхолтойгоор ангилан тодотгон бичжээ. Бидний амьдралд давтагдан улбирдаг сэдэв, учрал, жам ёсны гэмээр урсгалыг ХЭВ ШИНЖИТ дүрүүдээрээ ДАМНУУЛАН залуу нас, хайр сэтгэлийн тухай үнэн түүхээ өгүүлэхдээ амьдралын үнэнийг нухацтай эргэцүүлсэн бодролоор сүлсэн байдаг. (Дүрүүдийнхээ нэрээр нэрлэж зохиолынхоо хэв шинжийг бүрэлдүүлснийг л харахад “ноцтой”). Бага нас, эх нутаг, өв уламжлал, шашин шүтлэг, анхны дурлал, өсвөр нас гээд ямар ч хүнд ухамсартай болон ухамсаргүй зөн мэдрэмж(инстинкт), гүн дурсамж үлдээдэг архетиплаг өгөгдөлтэй өгүүлэмжүүд(К.Г.Юнг энэ бүгдийг БЭЛГЭДЭЛТ АМЬДРАЛ гэж тодорхойлсон) байх ба аль ч үндэстний уран зохиолд түгээмэл мөн чанартай илэрдэг байна. Зохиолын дээрх өгүүлбэрийг залгаад “Би багаасаа холын цэнхэр ууланд гарахсан гэж боддог болжээ. Чингээд хол ойр аян замд гарах, ямар нэг бүтээлээ эхлэхдээ холын цэнхэр уул руу гарлаа гэж бодож заншсан байв...” гэж өгүүлдэг. 1968 онд буюу уран бүтээлийнх нь эхэн үед “БИЧИГДСЭН” энэ тууж С.Дашдооров гуайн хүүрнэл зохиолд үнэхээр том орон зайг эрт эзэлсэн гэж хэлмээр байна. Судлаачид энэ зохиолыг “Амьдрал гэгч хөл тавьж үзээгүй алсын цэнхэр уул шиг үл мэдэгдэм нууцыг хадгалсан ээдрээт орчлон гэдгийг эргэцүүлэн дүйлгэж, УЧИР ЗҮЙН НАРИЙН ХОЛБООНД үзүүлжээ” гэж тодорхойсон нь мөн сонирхолтой юм. Ингээд зохиолын задлан шинжилгээнд буюу хэдэн танилаа олж үзэцгээх үү дээ!
Швейцарын сэтгэл зүйч, гүн сэтгэгч К.Г.Юнг нэгэн үеийн эрдэмтэн З.Фройдын сэтгэц задлагийн(психоанализ) буюу “хувийн ухамсаргүй”-н тухай онолыг “хамтын ухамсаргүй” хэмээх ойлголтоор баяжуулснаараа цааш алхсан байдаг. Хамгийн чухал нь “архетип” гэх ойлголтыг дэвшүүлсэн юм. “Юнгийн томьёолсноор, хамтын ухамсаргүй нь архетипуудаас тогтоно. Хүний төрөлх зөн совин буюу инстинкүүд нь архетипуудтай тун ойрхон, өөрөөр хэлбэл тэдгээр инстинкүүдийн ухамсаргүй дүр нь архетип юм. Инстинктээр хийгдэж байгаа бүхнийхээ хөтөлбөр загварыг хүмүүс дураараа сонгож авдаггүй, энэ нь бидэнд анхнаасаа өгөгдсөн байдаг. Домог зүй, бөө мөргөл, төрөх үхэх тухай ойлголт, эцэг эх болох тэмүүлэл, бэлгийн дур хүсэл энэ бүхэнд архетипууд л илрэн гардаг байна”[2].
Олон жилийн хойно дахин УУЛЗААД Чимгээг Дорж хэдэн хүүхэдтэй нь хаяад явсан, Дангаа гэх хижээл эртэй суусныг мэддэг. УУЛЗАЛТЫН ДАРАА Чимгээд өөрийг нь зурсан хөрөг зургаа дурсгаж(үнэндээ зураг бүртээ Чимгээг дүрсэлдэг), буудлын үйлчлэгчдээс нөхөр нь “хэцүү” гэж дуулаад тэднийхийг заалган очиход цоожтойн хажуугаар дурсгасан зургаа хогийн саванд хэвтэж байхыг хардаг. Хэдий сэтгэл нь хөндүүрлэсэн ч энэ учрал өөрийн эхнэр Хонгорзулыг илүүтэй хайрлан халамжлах хүслийг төрүүлж байдгаараа ихээхэн сонин шугам илэрч байна. Энэ содон санаа Нобелийн шагналт Японы зохиолч Я.Кавабатагийн “Канар бялзуухай” өгүүллэгт(Орч. Б.Баясгалан) мөн хөндөгдсөн байдаг. Эхнэрээ өөд болоход нууц амрагтаа гол баатар дурсгасан бялзуухайнуудыг тань эхнэртэйгээ хамт оршуулчих уу? гэсэн захиа бичиж, эхнэр минь байсан учраас би таньтай уулзаж, таныг санадаг байж хэмээн амьдралаа эрсхэн ухаардаг юм. Маргааш нь буцахдаа төрөлх нутгийнхаа аж байдлыг хараад Хонгорзулыгаа энд авчрах юмсан, илүү ихээр хайрлах юм сан гэж чин сэтгэлээсээ уярдаг. Зохиолын төгсгөлд “Урагшаа харвал их тэнгэрийн хаяанаа холын цэнхэр уулс сүүмэлзэнэ. Тэр ууланд түргэн хүрч орой дээр нь гарахсан гэж сэтгэл сэвэлзэв. Надад тэр холын цэнхэр уулс Хонгорзулын сэтгэл хоёр хамт байгаа юм шиг санагдана” гэж уншихуй дор “холын цэнхэр уулс, Хонгор амьдрал(зул) хоёр хамт байгаа юм шиг”(Япон ардын зүйр үгэнд “Амьдрал бол салхин дундах зул” гэсэн үг байдаг аж. Зохиолчид маань мөн “Салхин дундах зул” нэртэй жүжиг бийг санахад гэмгүй) гэсэн бодомж төрдөг. Учир нь Тавхайд энэ уулзалтаас өмнө Хонгорзул нь эхнэр биш, “нууц амраг” шиг санагдаж, “сална даа” гэсэн бодолтой явдаг асан. Харин уулзалтын дараа холын цэнхэр ууланд гарах хүсэл нь бага насны нандин дурсамжаар, гунигт төгсгөлөөр сэдэрч, сэтгэлдээ мөнхөлж явсан “үнэн” балран амьдрал гэгчийг мөнөөр нь эргэцүүлсэн нүүдэл Хонгорзул дээрээ бууж байна. Чухамдаа Тавхай санаж явсан холын цэнхэр уулаасаа гунигтай “бууж” буй нь үнэн боловч Хонгорзул үүнийг өргөж өгч байна. Ингэхээр “Тавхайн сэтгэл, Хонгорзул хоёр хамт байгаа юм шиг” санагдахыг, бүр чинаддаа “Тавхайн сэтгэл, хонгор амьдрал хоёр хамтдаа” болж буй ухаарлыг илгээхийг зохиолч зорьсон болов уу? гэж таамналаа. Үүнийг зохиолд байгаа Хонгорзултай холбоотой бас нэгэн ноцтой өгүүлбэр болох “Говь өөртэйгөө тэнцэх хүнийг үгүйлүүлж чаддаг ажээ” гэснээс тэмтэрч болох ба “Говь” хэмээх үгнийхээ цаана Тавхай маань өөрөө оршиж байгаа билээ.

Эцэсдээ хамгийн чухал санаа нь “Бага нас минь, багын дэврүүн сэтгэл минь баяртай” хэмээх өгүүлбэртээ хураагджээ. Дэлгэн задалвал бага нас, шилжилтийн үе, “шинэ” амьдрал гэсэн цаг хугацааны дэвсгэртэй “гурвал” сэдвийг үзүүлсэн хэв шинжит нийтлэг дүрүүдийг “холын цэнхэр уул”, “зураг” зэрэг бэлгэдэлд шингээн тусгасан гэмээр. Гэхдээ энд хэв шинжит дүр хэмээх ойлголтыг архетип(уугаль дүр) дүрээс арагш буюу архетип дүрийн загварууд хэв дардас болон улбирсан “нийтлэг” дүрүүд гэж ойлгож байна. Ойлгомжтой тайлбарлахын тулд бусад төсөөтэй өгүүлэмжтэй зохиолуудтай харьцуулан үзье. С.Эрдэнэ “Наран тогоруу”, Х.Кортасер “Тоглоом дууслаа”(орч Д.Оюунчимэг), Д.Энхболд “Буйлс дахин цэцэглэнэ”, Э.Мүнро “Эрвээхэй өдөр”(Б.Баясгалан) зохиолуудын үйл явдал,  утга санаа ерөнхийдөө хоорондоо таацдаг ХЭДЭН ТАНИЛУУД байх нь хачин тохиол шүү. Уншигчид сайн мэдэх тул хоёр зохиолын агуулгыг товчхон яриад бусдыг хүснэгтээр үзүүлье. “Наран тогоруу” өгүүллэгийн охин “Амьдрал үлгэр байдаг нас өнгөрчээ” гэж найз хөвгүүнээ төв рүү сургуульд явахад нь харуусан, магад буцаж ирэхгүйг нь зөнгөөрөө мэдрэн байдаг. Нутгийнх нь илч гэрлийг тээн яваа тогоруудтай хамт тэр хоёрын “наран нас” нисэн одох аж. Үнэн хэлдэг хүнд цэвэр өнгөрсөн цаг дээр бичигдсэн зохиол. Яагаад гэвэл тэр хоёрын уулзалтыг одоо цагт бичсэн ч дотроо өнгөрснийг, өөрчлөгдсөнийг, өөрчлөгдсөөр байгаа цаг хугацааны тухай л бодол хөврөнө. С.Дашдооров гуайн “Холын цэнхэр уулс” туужаас хамгийн анхаарал татдаг нь “Уулзалтын дараа” хэмээх хэсэг. “...Миний гол гонсойн харласныг хэлээд баршгүй. Тэгээд л өнөө л багынхаа зангаар ойрхи хэц хяр руу гарч, чимээгүй дүнсийх хад цохио руу чулуу шидэн зугаацаж сэтгэлээ тайтгаруулмаар санагдав. Гэвч надад тэгж явах зав даан ч алга байлаа...” гэсэн гуниглал “үлгэр үнэхээр дууслаа” хэмээн шивнэх шиг, бага нас, бэлгэдэлт амьдрал руугаа хандсан, зорчсон, бусад зохиолтой “танил” санааны зурвас ажиглагдана. Харин Х.Кортасерийн “Тоглоом дууслаа” өгүүллэгт галт тэрэгний замын хажуугийн дов дээр галт тэрэг өнгөрөх үесд хөшөө, баримал болж тоглон харуулдаг гурван охин гардаг. Удаах тоглоомын үеэр нэг охинд нь галт тэрэгний цонхоор нэгэн залуугаас захиа ирснээр тэдний тоглоом “жирийн” үргэлжлэхээ больдог. Захианы эзэн охин саа өвчтэй тул тэр залуутай уулзаж чадахгүй, харин хариу захиа найз нараараа өгүүлж, түүнийг нь дамжуулсан найзууд буцах замдаа “маргаашнаас тоглоом дууслаа” хэмээн ярилцан тоглохдоо хэрэглэдэг эд зүйлсээ далдлан хурааж буйгаар төгсөнө. Жишээ нь хүүрнэгч охинд нэгэн шөнө аймшигт төмөр зам зүүдлэгддэг. Төмөр замууд хэрсэн талд тал талаас нь ойртон ирэх галт тэрэг, гэрлүүд. Аль зүгээс аль нь ирэх бол гэж тааж ядахын зэрэгцээгээр яаж ч ирсэн өөрийг нь дайрчих бүрэн боломжтой байна. Энэ бол яахын аргагүй нас, сэтгэхүйн онцлог, тэмүүлэл “шүглэсэн” цаг хугацааны тухай совинт зүүд биш гэж үү. 


Бага насыгүзүүлсэн цаг хугацааны хэв шинжит дүрийн илрэл, бэлгэдэл
Шилжилтийн үеийг үзүүлсэн цаг хугацааны хэв шинжит дүрийн илрэл, бэлгэдэл
“Шинэ” амьдралыг үзүүлсэн хэв шинжит дүрийн цаг хугацааны бэлгэдэл, илрэл
С.Эрдэнэ “Наран тогорууу”
Үлгэр
Төв рүү сургуульд явах
Алс нисэх наран тогоруу, дурлал
Х.Кортасер “Тоглоом дууслаа”
Тоглоом
Эрэгтэй хүнээс захиа ирэх
Дайраад өнгөрөх галт тэрэг, дурлал, зүүд
С.Дашдооров “Холын цэнхэр уулс”
Зураг
Дахин учрах, сэтгэлээсээ “арчих”
Холын цэнхэр уулс, дурлал, хожмын уулзалт
Д.Энхболд “Буйлс дахин цэцэглэнэ”
Тоглоом
Төв рүү сургуульд явах
Хөх нүдэт зараа, уяаны тасархай, дахиж ах дүү “хэвээрээ байхгүй” гэсэн зөнт айдас,  Буйлс дахин цэцэглэнэ, нөхөрлөл
Э.Мүнро “Эрвээхэй өдөр”
Бэлэг, зүүлт
Эмнэлэгт хэвтэхээр явах
Төрсөн өдөр, отгон цас, томдсон халаад, нөхөрлөл


 “Холын цэнхэр уулс”-ын Тавхай, Чимгээ, Дорж, Хонгорзул, “Нарантогоруу”-гийн хүү, охин, “Тоглоом дууслаа”-гийн Летисия, Олондо, Э.Мүнро “Эрвээхэй өдөр”-ийн Майра, Хелэн, “Буйлс дахин цэцэглэнэ”-ийн ах, дүү нар бол “хамтын ухамсаргүйн” биежилтээр бий болсон архетип дүрүүдийн хувиарал мөн юм. Тавхайгийн дүр, дотоод ертөнцийн өсөлт, амьдлаг чанар нь сайхан хүүхэн, гүнж, лусын дагина, үлгэрийн хатан гэх мэтээр архетиплагдаж ирсэн хүн төрөлхтөний хэв шинжит дүртэй давхцаж байна. Хүслэн болсон мэдрэмжээ “хүртээгүй” мэт санагдан мөрөөдөлт дүрээ байнга зурсаар эцэстээ учиртал найдвар нь нурсан. Тэгээд өөрийн бүтээсэн дундуур атлаа дүүрэн ертөнцийг эргэцүүлж түүнд дотор том хэрнээ бага хэмээн санаж явсан Хонгорзулыгаа гэнэт олж харах, амьдарснаа хайрлах мэдрэмж ч тодорхой нэгэн үет цаг хугацааны архетиплаг шинжтэй мэт. Бид бүхний амьдралд, чухамдаа сэтгэцийн гүн дэх бэлгэдэлт амьдралд маань залуу насанд учирсан Чимгээ, Дорж, Тавхай, Хонгорзул нарын уг дүрүүд “бидний цаг хугацаа” болон нууцхан цохилсоор байдаг. Бүр байсаар, оршихон орчсоор, уулзалдаж, уулзалтын дараа харин...
 ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

2015.11.25





[1]Орч. А.Энхбаатар
[2]Г.Аюурзана “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, УБ., 2010, 142 т.х
[3]XX зууны монгол зохиолчид цуврал-30 С.Дашдооров”, УБ., 2004, 86 т.х

Comments