НҮҮДЭЛЧИД ЮУГ Ч ТАЙЛБАРЛАДАГГҮЙ ЮҮ? (Зохиолч С.Дашдооровын бүтээлүүдэд шинээр хандахуй-II)


Х.Чойдогжамц (СУИС)

“...Ирж буцахын хорвоод хүмүүн бид бие биендээ бэлэг бус уу”
/Б.Золбаяр/

Зохиолч Л.Дашням гуайн “Цөллөг” туужид говьд харангадсан залууг нэгэн бүсгүй гэртээ авчирахад ээж нь юу ч болоогүй мэт, бараг болох л ёстой байсан шиг хүлээн авч асардаг. Тэрээр гэрийнхэн өөртэй нь байтугай бие биетэйгээ ч үг солихгүйгээр ойлголцоод, “ярилцаад” байгаад гайхаж цөхнө. Бодлоо уншилцаад буй мэт энэ далдхан харилцаанаас мань эр “Говийнхон ер нь юуг ч тайлбарладаггүй юм болов уу?” гэсэн дүгнэлт хийн сууна. Ганцхан говийнхон ч биш нүүдэлчид ерөөс юуг ч тайлбарладаггүй гэж би хэлмээр байна. 
“...Хүн өөрсдөө мэдэхгүйгээс биш, бие биедээ хичнээн их өртэй байх юм бэ дээ. Өвгөний замд хонь мал байлгая гэж бодсон маань онох нь онож...Хэн намайг тийн хичээснийг мэдэв л гэж. Мэдээд ч яах юм билээ. Бас мэдүүлээд  ч яах юм билээ...”Монголын утга зохиолын дүнжигэр ноён оргилуудын нэг С.Дашдооров гуайн “Бууж мордох хорвоо” хэмээх гайхамшигт өгүүллэгийн дээрх төгсгөлийг мэдэхгүй уншигч ховорхон биз. Хэн, хэзээ, хаанаас ирээд ямар тус дэм болсны өчүүхэн ч ул мөргүй ОРШИН АМЬДРАХ хүсэл сэтгэлийнцаананүүдэлчдийн сэтгэлийн нүүдэл шингэсэн байдгийг
“...Миний Монгол-
Бичихэд хэдий богинохон ч
Мориор давхиад гүйцэшгүй
Уудам дэлгэр орноо!
..”
хэмээн шүлэглэсэн шигээхичнээн тавиун дэлгэр үзүүлсэн бэ? Зохиолч Төгөө өвгөн өөд одсон Ангаагийнхаа нэгэн тусыг санахдаа“Хэзээ нэгэн цагт энэ хүнийг нэг баярлуулна гэж бат санажээ” гэж бичсэн байдаг. “Ангаа ч өөрөө хүний тусыг эрж хүүе хаая гэж хошуу цорвойдоггүй эр” явжээ. Энд мөнөөх л тайлбарладаггүй харилцаа явж байгаа биз. “Голоодоо нүхтэй”, “Голоодоо нүхтэй юм бол” гэсэн өвөрмөц хэллэг манай ард түмэнд байдаг. Эсрэгээр “голоодоо нүхгүй”, “гол нь харласан”, “дотор нь харласан” гэж ярилцацгаана. Чухамдаа “гол”, “дотор” гэсэн үгсийн цаана ухамсар сэтгэхүйтэй холбогдсон бодож тунгаах гэсэн ОЮУН УХААНЫ талыг төлөөлүүлсэн бус дотоод СЭТГЭЛ ЗҮРХНИЙ чинад утгыг илэрхийлэхийг зорьсон санагддаг юм. Яагаад гэж үү?
“...Цаад америкууд чинь галзуу амьтад гэж надад пуэло омгийн индианууд хэлдэг юм байна. Би ч мэдээж хэрэг гайхасхийн “Яагаад?” гэж асуулаа. “Яагаад гэвэл цаадуул чинь толгойгоороо боддог юм. Эрүүл бид чинь толгойгоороо бус зүрхээрээ боддог юм шүү дээ гэсэн билээ”/К.Г.Юнг “Бэлгэдэлт амьдрал” УБ., 2011, 5-тал/  
Бүдүүлэг ард түмний баларлаг яриа хэдий ч нэгийг өгүүлээд байна шүү! Ухамсар тархинд байдаг. Задлаад үзвэл ухамсар нь хаана? Сэтгэл гэдэг эрхтэн байдаг гэх. Чухам хаана буй? /Цээжинд юм уу? хэхэ/ Ямартай ч би Төгөө өвгөний дээрх бодлыг голоодоо нүхтэй монгол хүний уужим сэтгэлийн гүн тунаа гэж итгэл төгс хэлнэ.

Жишээ нь зохиолч Д.Цэнджавын “Тэнгэрт хальсан тоос” туужид нэг уяанд морио уяж, олон жил уралдсан хоёр андын зөрчлийг дүрсэлсэн нь сонин. Дамдин нь Галшаргын зартай хурдан азаргыг үнэ хөөрөгдөн авч улмаар өөрийн дэвэргэн зангаас болж багын анд Базарын хүү Чулуунд “Уяа уяандаа наадья” гэж битүү үг хаядаг. Хэдий хоёул хоёр талд эв эвдрэлцсэн байдалтай, эхнэр хүүхдүүд нь энэ харилцааг элдэв зуурын үгээр улам зузаатгах боловч цээжин цаанаа нэг нэгнээ “эрсэн”, “ээрсэн” бодолд хатацгаана. Туужийн эхэнд ганцхан удаа хальтхан уулзаад салсан найз эрчүүдийг зохиолч зохиолынхоо туршид дахин учруулахгүйгээр бодлоор нь сэтгэлийнх нь чинадад буурь сэлгүүлэхийн зэрэгцээгээр эвлэрүүлнэ. Мөн дээрх Дамдины “Уяа, уяандаа наадья” гэх үгийн хариуд Базар нэг уулзаад явахдаа “Холоос харахад нутгийн хэдэн толгод мөн ч намхан байна даа” хэмээн чангахан хэлчихдэг энэ хоёр өгүүлбэрээр жишээлэхэд л энэ туужийн амин судсыг тэмтэрч болмоор. Ингэж тун сонин хэрнээ ургаажин монгол ухааныг ширээсийг урлаж чаддаг нь язгуурын монгол нүүдэлчин ахуйг, тал нутгийн амьсгалыг нэвт мэдэрдэг зохиолчдын ертөнцөөс л гарах мэт ээ. Талтайгаа, морьтойгоо, хүнтэйгээ амьсаж нүүдэг нүүдэлчдийн сэтгэлийн нүүдлийг энэ мэт нандин үзүүлсэн П.Лувсанцэрэн “Ус шиг цэнхэр”, Д.Намдаг “Үрэгдсэнийг хүлээгч”, Б.Явуухулан “Тэхийн зогсоол”, С.Эрдэнэ “Өвгөн шувуу”, С.Дашдооров “Уртын хөндийд”, “Хатан туулын ус”, “Оосор бүчгүй орчлон”, Д.Батбаяр “Цахилж яваа гөрөөс”, С.Пүрэв “Уулын намар”, Ж.Дашзэвгэ “Илүү гэр”, П.Баярсайхан “Хөгшид”, Ц.Түмэнбаяр “Буруу энгэртэй дээл” зэрэг олон сайхан туурвил алийг хэлж барах билээ.
С.Дашдооров гуайн зохиолын нэрнээс авахуулаад үг, өгүүлбэр бүхэнд монгол амьдрал ухаарал шигтгээ мэт гялалздаг. “Хөх өвсний сөл”, “Морин жим”, “Тэнгэрийн дуун”, “Энх улирал ханхлахад” зэрэг гарчгийг нь тайлж ухахаас эхлүүлэн язгуурын танивар дохио агуулсан цараатай бүтээлүүд бий. Жишээ нь: “Хөх мичин жилийн зун” өгүүллэгийн төгсгөл байна. “...Тэд тийн хөх мичин жил наадамлаад, аавынхаа шаардсанаар, тун ч удалгүй өмнө зүг нүүж, Их Галын арван зургаадах буудал дээрээ хүрч, өвлийн хатууг үзэлгүй, өнтэй сайхан өвөлжиж, өнчин ишигний гарзгүй, тахиа жилийн зуны эхээр нутагтаа эгэн ирсэн гэх бөгөөд хожим нь хэдэн суманд алдартай хурдан хээр морьтой болсон гэдэг билээ. Харин, яахаараа зээр өндөр газар салхи татан зогсдог, хийгээд ямархан шинж хээр үрээний төвөргөөнөөс дуулдсаныг лавлаж асууна, асууна гэж санасан авч мартсаар өвгөн эцгээ өөд болгосондоо ах дүү хоёр их л гэмшин харуусч явдаг байсан, ярьж хөөрч гасалдаг байсан гэлцдэг авай”.Нэгэн дэлгэр зун болсон явдлыг хахир өвөл өнгөрсний дараа зун нэхэн санаж толгойгоо шаан суугаа ах дүү хоёр бол нэгэн зуны наранд бодлоо ээн эргэлдэж, эргэх цагийг эврээн эргэцүүлэх хараагүй хойч үедээ зэм өгсөн монгол ухаарал юм. Өвгөн аав “нар усны харшлаас” болж хараагүй болсон ч хонины номхон морины гэрийн хаяагаар давхих туурайн чимээг сонсоод, бүтэлгүй хоёр хүүгийнхээ зээр хэрхэн агнасныг дуулаад л“юмхнаар юм хийж” суудаг. Хөх мичин жилийн зун гэхээр ирэх цагийг зөгнөөд байгаа юм шиг, энэ цагийг хэлээд ч байгаа юм шиг.Сайхь өгүүллэгтэй шүүмжлэлт санаагаараа төстэй гэмээр “Бууж мордох хорвоо” өгүүллэгийнхээ санааг барин орчин үеийн амьдралд дүрслэн өгүүлсэн холбож судалж ч болмоор “Мартагдсан өр” гэж өгүүллэг бий. Өнгөц уншихад өчүүхэн зүйлийн тухай мэт боловч “Дэлгэрхангай уулан дээрээс дэлхийн юмсыг цөм харж” алсрах зүг бодлоо бэлчээн сэтгэлдээ нүүж явдаг хүмүүс амьдран байгаа хаалга, цоожтой дөрвөлжин өрөө шигээ харь хавчигдмал бодолтой болсныг хаалганы хонх тайлж өгөхөөс эхлээд муу, сайн санаалан хөгшин эцгээ ач зээ нартай нь өөр өрөөнд оруулах, мартагдсан өрөө өгөх гэж нэхэл болоод олон жилийн дараа ирсэн хүнийг элдвээр сэжиглэх зэрэг харьцаагаар үзүүлсэн нь тун ч шүүмжлэлтэй бас шинжлэлтэй. С.Дашдооров гуайн үргэлжилсэн үгийн зохиолууд цаана л нэг тавиухан амьсгалтай, жороон жороо гэдэг шиг бодролын бодрол болсон хүүрнэл шинжтэй бөгөөд төгсгөлдөө санаагаа их зангиддаг. Дээрх өгүүллэгийн төгсгөлд “...Санасмсаргүй хэрнээ сонихон агаар салхи дагуулан ирсэн гэнэтийн зочны ард гэрийн эзэд алмайрал, олзуурхлын дунд бие биесээ харан үлдсэнээ тус тусын улавчны улаар өсгийгөө алгадан эргэв. Тэднийг тосон гурван тавьтын ногоон дэвсгэртийн булан дэрвийлгэн барьж яах учраа олж ядсан өвгөн, нүд нь бүлтэгнэсэн хэдэн хүүхэд зогсож байлаа.”хэмээн уншиж дуусгаад “тус тусын улавчныхаа улаар өсгийгөө алгадан эргэв” гэж дахин уншихуй сэтгэлийн өр хэмээх үнэт зүйлийг нэхээд тархин дундуур нэгэн зүйлээр(арай ч улавчаар биш л байх) татаад авах шиг зогтусдаг шүү.
“Бууж мордох хорвоо” өгүүллэгийн “...Бодон бодоход, тэр Ангаа өвгөнд төлөх ёстой өрөө төлөөгүй хүний мөсгүй зан гаргасан мэт заавал түүнийг цайруулахгүй бол сэтгэл ер амрахгүй мэт санагдах ажээ. Тэр, аль цагийн санаж бодож явснаа хүн олонд хэлж ярьсан ч биш гэж нэг бодсон авч, энэ бодол сэтгэлийг нь зогсоон аварч чадахгүйг бас ухаарчээ...” гэж уншихуй буугаад л мордох ховоод бид хичнээн зүйлийг биендээ тайлбарлах өртэй явцгаадгийг ухааруулна. Мөн “...Ер нь хөөрөг зөрүүлэн ёсорхон тав арван малаа бөөцийлж өсгөн, хол ойрын хүнд нутаг ус, айл саахалтынхаа нэр төрийг өргөн явах, хүний арчаа овсгоог хэнээс сурч мэдсэн юм бэ, хэн хэлж өгч байсан юм бэ гэж бодоход уйдаж цөхөөгүй нутгийн настан буурал, түшиж тулж явсан мэт санаанд нь цалхийн буухуй зүрх сэтгэл уяран байв...Төрийн нуруу төвшин хүн явж дээ...”хэмээх ухаарлыг би Д.Төрбатын зохиол, Ж.Бунтаргуайн найруулсан “Ирж яваа цаг” кинотой хамтатган тайлбарламаар байна. Багаа өвгөн нутгийн цайлган цагаан сэтгэлтэй Шаагиад хийсгэлэн загначих гээд байгааг нь “Одоо нутгийн нурууг та нар л түших цаг ирлээ шүү дээ” гэсэн цомхон үгээр хэлдэг. Хэдэн хонио хэнд нь өгч хариулуулахдаа зовнисон биш ганц охиныхоо хувь заяаг хэнд очихыг зовнисондоо давхар давхар бодолд хатдаг. (Үнэндээ Багаадаа зэмлүүлсэн ч киноны хамгийн гол зангилааг Шаагиа тайлж өгдөг. Өвгөнтэй дээрх асуудлаар юу ч ярилцаагүй мөртлөө шүү). Киноны төгсгөлийн хэсэг үнэхээр сэтгэл хөдлөм. Охин нь аавыгаа асрах минь гэж хонио өгөхөөр туухад “Охин хүн чинь өөрөө очдоггүй юм шүү дээ”гэж эцсийн тамираа шавхан гэрийнхээ дэлгээтэй үүдийг түшин тэсгэлгүй дуу алдан ганц удаа бодол сэтгэлээ дэлгэн хэлэх мөч монгол хүний, нүүдэлчин хүний сэтгэлийн нүүдэл, хэтийн бодол ухаарлыг үүдийг илүү дутуу зүйлгүйгээр бас тайлбаргүйгээр дэлгэн харуулсан сайхан бүтээл болсон. Д.Батбаяр гуайн “Цахилж яваа гөрөөс” туужид мөн Дамба, Дэжид, Тогоохүүнарын гурван дүрийн гурван өөр бодол санааг гурвуулаа нэгэн зэрэг үнэн, нэгэн зэрэг зөв,  нэгэн зэрэг “сайн талынх” байж болохыг анхлан нээж урласан гэж боддог. Хэнийг ч буруутгахгүй аргагүйгээр, буруутгаж тайлбарлалгүйгээр зөвтгөлтэй үзүүлсэн шүү.


С.Дашдооров гуайн бүтээлд нэг л тавиухан, тавилхан мэдрэмж давтагдаад байдгийг өмнө дурьдсан бөгөөд энэ санаагаа УРТЫН, УРД ХӨНДИЙ гэсэн үгээр давтамжлан зохиолынхоо хамгийн эгзэгтэй хэсэгт баатрынхаа сэтгэлийн орчил ертөнц болгон улмаар өөрийн гэсэн урлал болгон төлөвшүүлэн ашигласан байдгийг ажиглаж болно. Өөрийх нь төрсөн нутагт ч Ар, Өвөр, Урт нэртэй уужим сайхан газар байдаг билээ. Жишээ нь“...Анчид, Уртын хөндийд ирээд нэлээд удлаа...” гэж өрнөдөг “Уртын хөндийд” өгүүллэг “...Нацаг хөсгийн цуваа хөтлөн явна. Өнөө эмнэгшин явсан гунж нь үзтэл унааширсан янзтай, тавхай ч үгүй, өвсөн толгой бут дэрс шүүрэн нарийн шилбээ чөрөлзүүлэн алхах аж...” хэмээн төгсөх нь нэг л тэнүүн, өсгөлүүн, сайхан. “...Зуны турш хөндий, хөндийд цэнхэртэн байсан майхны эзэн дөрөө мултлан бүсгүйн дэргэд байв...”/”Улайран байгаа тэнгэрийн хаяа”/, “...Шагдар тэндээс мордон урд хөндий чиглэн бөг бөг шогшиж явахдаа малд нүдтэй, холч бодолтой энэхүү эгэл хүнийг сэтгэлдээ бишрэн, өөрийгөө их л голж явлаа” /”Далч Самбуу”/, “...Цэргийн гурван жил гэж бодоход зөндөө олон хоног өдөр, давшгүй даваа, туулашгүй хөндий мэт бодогдон, Халиунд хоргодох сэтгэл төрнө...” гэх мэт.
С.Дашдооров гуайн  “өндөр сэтгэлтэй” зохиолууд буугаад л мордох ховоод бид хичнээн зүйлийг биендээ тайлбарлах өртэй явцгаадгийг ихээ өндөр дээрээс нүүдэлчдиийн сэтгэлийн чинад нүүдэл шингэсэн, нүнжиг оршсон их ухаарлаар “зэмлээд” байх шиг гунигтайхан мэдрэмжийг өгөх юм. Тиймээс ч Висс Бильдушников “Түүний өгүүллэг, тууж нь эмгэнэлт явдлыг өгүүлсэн ч өгүүлэмжийн туйлын энгийн шинжтэй, үйл явдлыг дүрсэлж үзүүлсэн байдаг”[1] гэсэн биз ээ.


2015.11.25



[1]XX зууны монгол зохиолчид цуврал-30 С.Дашдооров”, УБ., 2004, 86 т.х

Comments