Уран зохиол судлаач, шинжлэгч Г.Батсуурь |
Массовый
буюу олон нийтийн урлаг, хар массын уран зохиолыг дотор нь эмэгтэйчүүдийн, (женский
роман)
садар самууны, (порно
граф)
цэргийн сексийн, адал явдалт, уран зөгнөлт, аймшгийн.., гэх мэтээр ангилдаг.
Үүн дотроос эмэгтэйчүүдийн гэдэг ангилал нь зөвхөн эмэгтэй хүн зохиосон гэсэн
үг ерөөсөө биш, бас эмэгтэй хүнд л ганцхан зориулагдсан гэсэн санаа ч биш. Ойр
зуурын явдал, тулга тойрсон хүүрнэл, ховын шинжтэй өгүүлэмжтэй зохиолыг уран
зохиол судлалд ийн нэрлэж байна, ийм төрлийн зохиолуудыг эрэгтэй хүн ч бичнэ,
бас уншина. Солонгос сериал шиг. Энд хүйсээр ялгаварласан зүйл огт үгүй, зүгээр
л тийм ангилал бөгөөд эмэгтэй хүнд зориулаад дэлэвч, даашинз оёсон хүнийг
хүйсээр ялгаварлан гадуурхлаа гэдэггүй биз дээ, ийм л зүйл шүү дээ. Уран
зохиолын ертөнцөд уран дүрээр дамжуулан үнэт зүйлийг бий болгосон уу? үгүй юу?
гэдгээрээ л тухайн уран бүтээлч үнэлэгдэх болохоос эр үү? эм үү? гэдгээрээ
үнэлэгддэггүй. Өөрөөр хэлбэл уран зохиолын харгис бөгөөд шударга ертөнцөд сайн
зохиолч, муу зохиолч, хар массын зохиолч, элит зохиолч гэж л байхаас эмэгтэй
зохиолч, эрэгтэй зохиолч гэж байдаггүй. Эмэгтэй гэдгээрээ түрий барьж сайн
нэрийг олно гэвэл эмгэнэлтэй, “Би эмэгтэй хүн. Тиймээс та нар миний зохиолыг
магтах ёстой” гэвэл инээдэмтэй хэрэг бөгөөд эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн
хэмжээнд шүүмжлэх нь ч ижил хандаж байгаа гэдгээрээ жендерийн тэгш үзэлд
хамаарна.
Хүн
төрөлхтөний танин мэдэхүйн аливаа үзэл сургаалууд нь өөрийн дотоод мөн чанараа
нээн таниулахдаа янз бүрийн арга хэлбэрийг ашигладаг. Тухайлбал шинжлэх ухаан
өөрийн категориудыг таниулахдаа баталгаа, нотолгоо ашигладаг. “Хэзээ ч
огтлолцохгүй 2 шулууныг паралель шулуун гэнэ” гэсэн аксиомаар дамжуулан
геометрын шинжлэх ухаан өөрийн нэгэн агуулгыг таниулна. Харин урлагт дүр
бүтээдэг. Зураач Г.Одон 1952 онд “Ажлын дараа” гэдэг зургаа зуржээ. Зурагт
дүрслэгдсэн майхан, хөдөлмөрийн багаж зэвсэг, өвгөн, бүсгүй, залуус бол уг
бүтээлийн дүрүүд, чухам эдгээр дүрүүдээр дамжуулан хадлан гэдэг ажлын амт шимт,
хүмүүсийн харилцаа, хандлага, дотоод сэтгэлийг дүрсэлж байгаа юм. Үүнээс үзэгч
ямар нэгэн урд өмнө үл анзаарч асан зүйлээ ойлгон ухаарч, гэгээрэлд дэвшдэг.
Энэхүү дүр
гэдэг зүйлийг бүтээдгийнхээ хувьд уран зохиол нь урлаг болдог. Уран сайхны
дүрийг «Уран зохиолын дүр нь ерөнхий нийтлэг утга чанар ба түүнийг багтаасан
нэгж үзэгдэл, хувь чанар, гойд хэлбэрийн нэгдэл мөн» (Ш.Гаадамба.
“Утга зохиолын онолын үндэс” УБ.1898. 41)
гэх, мөн «Образ-это конкретная и в то же время обобщенная картина человеческой
жизни, созданная при помощи вымысла и имеющая эстетическое значение» (Л.И.Тимофеев.
“Основы теории литературы” М. 1976. 60)
буюу «Ургуулан бодох бодлын хүчээр бүтээсэн, гоо зүйн учир холбогдол бүхий,
тодорхойн зэрэгцээгээр нийтлэг төлөөлөл болж чадахуйц хүний амьдралын дүр
зургийг дүр гэнэ», «Дүрийн үйлчлэх чанар хүний сэрэл мэдрэхүйн “ул мөр” буюу “хуулбар” байх
чадвараас нь урган гардаг» (Р.Уэллек.
О.Уоррен. “Уран зохиолын онол” УБ. 1998. 253) гэх мэтээр олон янзаар тодорхойлж тайлбарласан буй.
Уран зохиол
нь урлагийн нэг төрөл болохын хувьд уран дүрийг бүтээх ба тэрхүү уран дүрийг
хэрхэн бүтээж утга агуулгаа хэрхэн уран яруу товч тодорхой илэрхийлснээрээ
тухайн зохиол нь өөрийн гэсэн үнэт чанарыг бий болгодог. Эмэгтэй хүний сайхны
зүйн мэдрэмжээр уран дүрийг урлан чаддаг Дашийн Оюунчимэгийн “Оройн ганц мод”,
“Тэнгэрийн цаг болоогүй”.., гээд роман туужууд, “Очирт уулын бичиглэл” яруу
найргийн түүвэр, мөн судалгааны суурьтай, төрөлх авьяас, зөн мэдрэмжээр түрэн бичдэг
жүжгийн зохиолч, яруу найрагч, романч Баяртогтохын Батрэгзэдмаагийн “Очир
эрхшээгч” роман, “Цаглашгүй гэрэл” жүжгийн зохиол, “Гэрэлтэх дэлхий АСОАДАРЭ”
яруу найргийн түүвэр, яруу найрагч Р.Эмүжингийн “Эмүжин” яруу найргийн
түүврүүд, зохиолч Батын Лхагвасүрэнгийн “Сэлүүн орчлонгийн сиймхийд” роман..,
гээд манай уран зохиолд хүндлэл төрүүлэх бүтээлүүд олон.
Эмэгтэй
зохиолч Батын Лхагвасүрэнгийн “Сэлүүн орчлонгийн сиймхийд” 2 дэвтэр роман бий.
Уг бүтээлд 3 насандаа чононд хулуулан одож хөвчид торнин бие гүйцсэн Гүнжидмаа
бүсгүйн түүхийг дүрсэлсэн. Гүнжидмаа Такамура (дайнаас амьд үлдэн зүдэж явсаар ууланд бүгсэн япон цэрэг
Г.Б)-тай ханилан төрүүлсэн охин нь болох Цасцэцэгийн нөхөртөө зодуулан зовж
байгааг: «...Харин энэ удаад Догсомыг сүхээр шидэхэд нь, анх удаа Хүрлээ дээрээ
гүйгээд оччих юм санан гарч гүйснээ “Би аль амьтныг зовоох юм больё. Ингэж амьд
явахаар чонын хоол болох минь... ...Тэгээд ч угийн буян муутай хүн яаж ч ухаан
зараад жаргадаггүй юм байна. Тэгэхээр ингэж амьд яваад яах вэ? Ер нь ч хоёрын
хоёр эр хүний хувь заяагаар тоглосон над шиг амьтан амьд хэрэг алга хэмээн
гүйсээр... Тэр хэдий хэртэй гүйж хаа хүрснээ ч мэдсэнгүй. Унаж босож гүйсээр
уулын царамд гарч хонхорт бүдэрч унаад босож чадахгүй ухаан алдсан байв. Нэг
мэдэхэд эзгүй хээр хэвтэж байлаа. Хамаг бие нь сулраад хар хумсаа ч даахааргүй
болчихсон байлаа... ...Дэргэд хүн байх шиг. Ээж минь ирчихсэн юм болов уу? Бие
ширвээтэн жигтэй дагжин чичрээд байлаа. Нүдээ нээлээ хомоолын цог шиг хоёр
ёлтгор гэрэл түүний дээрээс гялтайж харагдана...» (Бат.Лхагвасүрэн.
“Сэлүүн орчлонгийн сиймхийд” УБ. х16-17)
гэжээ. Энэ бол дүрслэл. Дүрийг өөрийг нь зовоон, жаргаан, амьдруулан тэмцүүлж
дүрсэлсэн, эмэгтэй хүн бичсэн зохиол. Батын Лхагвасүрэн бол Бавуугийн
Лхагвасүрэн биш гэдгийг баталсан эмэгтэйн бүтээл.
Гэтэл
«зохиолч» Шүүдэрцэцэг иймэрхүү санааг зөвхөн нэгдүгээр биеэс үргэлжлүүлэн
хүүрнэдэг. Зохиолын зохиомж гэдэг онолын ойлголтонд хүүрнэл гэдэг нэгж бий л
дээ. Гэхдээ зохиомжийн ганцхан нэгжээр зохиол бичвэл сонирхолгүй болдог. Жишээ
нь: «10
дугаар сарын 3. Бид хоёрын танилцсаны 8 жилийн ойн өдөр. Гэвч юун танилцсаны
ойгоо дурсах... Сэтгэл хоосрон, толгой задрах мэт ангалзан, цээжин дотор гомдол
ч юм уу, гутрал ч юм уу нэг л их хатуу юм зангирч байна. Одоо би чамд гомдохоо
ч больчихож дээ. Зүгээр л залхаж байна. Энэ амьдралын цаг минут бүрээс би
залхаж байна. Хоёр өдрийн турш сураггүй алга болчихоод танилцсаны ойн урд орой
нь гэртээ ирж шөнөжин агсам тавьж цамнасан нөхрийнхөө тухай гэрэл гэгээтэй юу
бодож чадах билээ?...» (Шүүдэрцэцэг.
“Сэтгэлийн анир. УБ. 2011. х51) гэх
буюу дунд хавьд нь «...Энэ хүмүүс намайг шөнөжин санаанд багтамгүй доромжлол амссан, согтуу
нөхрийнхөө гарын шүүсийг амсч өнгөрөөснийг гадарладаг болов уу? Яасан үйлтэй
амьдрал вэ? Ажил сургуульдаа яарсан хүмүүс, унаа тэрэг хөлхөлдөн шинэ өдөр
эхэлж байдаг. Надад бол гаслант хар шөнийн үргэлжлэл гашуун зовлонт шинэ өдөр
гэсэн үг...» (Шүүдэрцэцэг.
“Сэтгэлийн анир. УБ. 2011. х53) гэж
мөнөөхөн үглэл яриагаа үргэлжлүүлээд эцэст нь «...Нөхрөө би архинаас аварч
чадсангүй. Дахиад хоёр сарын дараа архины гүн хордлогын шокоор айлд нас барсныг
чинь сонсоод би тэр өдрийнх шиг цочирдон гашуудаагүй юм даа. Би чамайгаа, амраг
ханиа аль хэдийн алдчихсан байснаа мэдэрсэн...» (Шүүдэрцэцэг.
“Сэтгэлийн анир. УБ. 2011. х57) гэж
А5 форматын 7 нүүрийн турш цөхрөлтгүй нэгдүгээр биеэс яншиж байгаа бол мөн
«зохиолч» гэх Б.Эрхэмбаяр: «...Харин арилжаа наймаа хийж хойш урагш
явдаг хүүгийн эцгийн зан гэнэт өөрчлөгдөж эхэлсэн. Хиргүй цагаан сэтгэлээ
сэвтээсэн хиртэй мөнгө тоолон санаашран суух болсон. Архи авгай хүүхнүүд ч ар
өврөөр нь эргэлдэж ааш авир нь ч ханхүүгийнх биш мангасынх болж хувирсан. Эх
хүн ийм үед яалтай ч билээ, бүсгүй хүүгээ тэврэн сэрүүн салхийг сэрүүн гэхгүй
хүйтэн далайн усыг хүйтэн гэлгүй сөрөн сэлсээр л байсан. Нүдэндээ гунигтай ч эцэг
эхээс заяасан саруул ухаан уужим сэтгэлийнхээ ачаар бүсгүй амьдралд хөл
алдаагүй ээ. Мангас болж хувирсан ханхүүгээ баяртай гэж хэлэхдээ огтхон ч
харамсаагүй ээ...» (Б.Эрхэмбаяр.
“Тасдаж үл болох сарнай” УБ. 2017. х36) гэж
яг л Шүүдэрцэцэг шигээ нэгдүгээр биеэс сунжруулан үглэнэ. Ийм жишээ олон.
Эдгээр нь зохиолч Батын Лхагвасүрэнтэй адилхан
мах цус, хүйсэнд төрсөн «зохиолч» Шүүдэрцэцэг, Б.Эрхэмбаяр нарын бичсэн дүрслэл
биш тайлбарууд. Дүрслэлийн явцад оньсого бүтээж уншигчдыг сэтгүүлэн догдлуулж,
уяруулж, түгшээж, зарим тохиолдолд эцсийн хариултгүй үлдээж.., ухааруулж
гэгээрэлд дэвшүүлдэг нь уран зохиолын үнэт чанар. Муухан орчуулагч тухайн
зохиолын дүрслэлийг хэлмэрчилж чадахгүй бол тайлбарлаад явчихдаг шиг зохиолч
өөрийн сэтгэхүйд орж ирсэн санаа, агуулгыг илэрхийлэхдээ дүрсэлж чадахгүйгээс
зүгээр л тайлбарлачихдаг боллоо. Энэ эмгэнэл шүү!
Эмэгтэй яруу найрагч Ц.Хуланд:
«Сайрхах
юм даанч биш дээ!
Санчгандаа
бууралтай эр хүнд би хайртай
Жаргахын өмнө
зул бадамлан асдаг шиг
Дөч хүрсэн эр
хүн үнэнч л баймаар даа!
Намар оройн
жимс гашуун болоод амттай
Надад дурласан
Та минь хаан бугуйвчаар дөнгөлөөстэй
Янаг
зөөлөн харцны тань аясаар
Ятга хуур шиг
би хөглөгдөх дуртай!...» (Ц.Хулан.
“Алтан зэгсний ангир” УБ. х 92)
гэх нэгэн шүлэг бий. Энэ бол уран дүрслэл бөгөөд намар оройн жимс гэдгээр
оройтсон хайр дурлал гэсэн санааг, хаан бугуйвч гэдгээр эхнэртэйг илтгэж байгаа
нь урнаар өгүүлэх наад захын баримт. Ер нь урлагт “салхи сарны явдал”-ыг хэрхэн
дүрсэлсэн байдлаараа үнэлэгдэх нь түгээмэл. Энэ цаг үеийн онгодтой найрагч
Эмүжингийн нэгэн шүлэгт:
Түүнтэй
загас наадуулахсан
Түүний араншинг мэдрэхсэн
Түүний тэнгэр мэт мөрийг дэрлээд
Түүний энгэрт амь тавихсан...
...Үнсэх нь дур тавих мэт
Үнсэх нь сэрэл мэдрэмж мэт
Арьсанд минь зунгааран наалдаж
Амьсгалд нэвчин шингэж
Бүх эд эсийг минь
Бүлээн бороо шиг
Асгаж
орхидог... (Р.Эмүжин.
“Эмүжин” яруу найргийн түүвэр. УБ.
2009.
х117 ) гэж
янаглал энхрийллийн дуусаш үгүй шунал, дундарш үгүй чивэл тэргүүтнийг эм амьтны
зөнлөг мэдрэмж, бүсгүй хүний эдлэн, зовол жаргалын их хүсэлд уян буулгаж, эр
эмийн ёсны нандин сайхны үнэн хатууг, уян зөөлнөөр үзүүлсэн нь уран дүрслэл
агаад хатуу зөөлнийг нэг цэгт авчран хамтад хүүрнэх нь яруу найргийн гайхамшиг,
эх хэлний уран тансаг буюу. Энэ бол зөвхөн эмэгтэй хүний л бичин чадах уран
дүрслэл биз ээ.
“Хамгийн муу урлаг бол тайлбарладаг урлаг” гэж хэлсэн
манай өмнөх үеийн нэрт зохиолч, найруулагч Д.Намдаг ийм явдлыг “Шөнийн бороо”
дууны шүлэгтээ:
Шөнийн
орсон шиврээ бороо
Сэрчигнэн
шивнэв цэцгийн чихнээ
Сэрүүн
тунгалаг дусаалы нь шимсэн
Цэцгүүд
баясан цомирлогоо дэлгэв
Цэцгэнд
шивнэсэн шиврээ бороо
Сэмхэн
шиврэв зүрхний гүнээ
Сэтгэлдээ
шингэтэл магтав чамайг
Сэлэн
цохилов миний судас
Гүн
харанхуйд хулжсан нойр
Хол ойрыг хэсүүчлэн давхив
Хайр дурлалын халуун илч минь
Чиний амьсгалд
хүрэв үү үгүй юу хэмээн дуулдаг. Энэ шүлэг бол шууд хэлэхэд эр хүний дур тавих
агшны дуулал. Шөнийн бороо гэдэг бол тэнгэрээс ордог бороо огт бус бөгөөд эр
биеийн цагаан дусал, цэцгийн чих гэдэг нь эм бэлгийн хэлүү, тэрхүү дусаалыг
шимэн цомирлогоо дэлгэж байгаа цэцгүүд нь уран тансаг бүсгүйн эм бэлэг, сэргэр
хоёр хөх бөлгөө. Түүгээр ч зогсохгүй найрагч харилцан буй янаг бүсгүйнхээ
дур ханасан эсэхийг нь “Хайр дурлалын халуун илч минь, Чиний
амьсгалд хүрэв үү үгүй юу” хэмээн асууж байна. Тэрээр сэрүүн тунгалаг
дусал гээгүй, дусаал гэсэн. Эндээс дусал гэдэг бол ердийн дусал, харин дусаал
гэдэг нь тогтоох гээд байхад үл дийлдэн гоожих зүйлийн нэр гэдэг нь тодрон
ойлгогдож байгаа бөгөөд уг санааг Д.Намдаг гуай ийн дүрсэлжээ. Энэ бол тухайн
нандин хэрнээ нууцлаг үйл, үйлдлэгээг яг л тэр нууцлаг шинжид нь шүтүүлэн
бишрэм урласан дүрслэл юм.
Тэгвэл өөрийгөө зохиолч хэмээж буй Л.Сарантуяа гуайн мөн
өөрийнх нь бичсэн байгаагаар хайртай бүтээл нь болох “Тавилан-1” романд дээрх
мэтийг “...Гарьд аахилан босч усны өрөө уруу охиныг дагуулан орж чармай шалдлан
шүршүүр дор зогсоход охин ичиж улалзан байв. “Алив нөхөөр намайг угаагаач.”
Оюунаа алс хөдөө нутгаас амьдрал хөөж их хот бараадан ирсэн ядмаг айлын охин
тул Гарьдын үгнээс зөрж чадалгүй тарган цагаан биеийг нь угааж эхлэв. Залуу
бүсгүйн эвлэг зөөлөн гарын аясаар Гарьдын бэлэг эрхтэн гантайн хөвчрөн
өндөлзөнө. Охин ичсэнээс царай нь чавга адил улайсан байлаа. “За хө наад нөхрөө
чангахан атгаад сайн угаагаад орхи.” Гарьд ууртай ч юм шиг хэлснийг охин
биелүүлэв. “За одоо болно. Надад зүгээр л халат нөмрүүлчих. Ингэхэд чи хүнтэй
унтаж үзсэн үү?” гэхэд охин түүний нүцгэн биеэн дээр халат нөмрүүлэнгээ хурдхан
толгой сэгсрэв...” (Сарантуяа.Л.
Тавилан-1 УБ. 2012. х63)
гэсэн бол «аугаа их түүхэн романч» Б.Сарантуяа нь «...Гэвч судас нь хүчтэй лугшиж
дороос нь халуу төөнөхийг мэдрэхэд Гүюг тэссэнгүй бололтой өндийж, бүсгүйн
бэлхүүснээс татан орон дээр дээш харуулан хэвтүүлээд, биеэрээ түүнийг нөмрөн
авлаа. Уухилан амьсгаадах, тасалдан ёолох дуун тасалгаагаар дүүрч сарны гэрэлд
дээш харан хэвтсэн бүсгүйн хоёр хөх савлан үзэгдэнэ» (Сарантуяа.Б.
Сорхугтани. УБ. 2013. Хуудас 310)
гэжээ. Аахилуулж, уухилуулаад, атгуулдаг, савлуулдаг адилхан нэртэй хоёрын
бичлэгийг уран дүрслэл гэх ямар ч боломжгүй бөгөөд эдгээр нь зүгээр л болхи
хүүрнэл, бүдүүлэг тайлбарлал. Иймэрхүү жишээнүүд нь уг зохиолуудыг жинхэнэ уран
зохиол биш, хар массынх гэж хэлэх хангалттай үндэслэл болно. Гэтэл “Атгуулдаг”
Л.Сарантуяа нь “Тавилан” роман гэгчийгээ 3,4 дэвтэр болтол нь, “Савлуулдаг”
Б.Сарантуяа нь “Сорхугтани хатан”, Бат хаан”, “Самар хатан” гээд
үргэлжлүүлэхийг яалтай. Мөн зохиолч гэх Б.Эрхэмбаяр: «...Төмөр үнэхээр эмэгтэй хүнийг
жаргаах урлагт төгс боловсорсон мэт. Анх харахад бядгүй туранхай доожоогүй мэт
гэж голонгуй байсан нь эндүүрэл байсан аж. Тэр ухаан санаа мансууртал үнсдэг
шигээ бүсгүй хүнийг ухаан санаа мансууртал нь жаргааж таашаал өгч чадаж байлаа.
Энхэр өдий насалтлаа ингэтлээ их тачаал нь хөдөлж, жаргаж үзээгүй байсан мэт.
Төмөрийн халуун янаглалийн дэргэд царайлаг сайхан хэрнээ эмэгтэй хүнд таашаал
өгөх биш зөвхөн өөртөө л сайхан байх гэж ор хөнжлийн ажилд ялимгүй амиа бодсон
байдлаар хандах Бадрал бүр ч хөгийн юу ч биш санагдаж байлаа» (Б.Эрхэмбаяр.
“Тасдаж үл болох сарнай” УБ. 2017. Х139) гэж
хар яриагаар тайлбарлаад л болоо. Үүнийг одоо уран зохиол гэх үү? Уймраа
хүүхний гомдол гэх үү?
Эдгээр нь ахмад зохиолч Д.Намдагийн
“Шөнийн бороо”, Эмүжин найрагчийн адын уран дүрслэлийн дэргэд юу ч биш, бүр
авах юмгүй бүдүүн бааз тайлбарууд.
Сүргийнхэн болон марзагнагчид бичиж, үзүүлж байгаа
зүйлийнхээ цаад агуулгыг ойлгож, ухаардаггүйгээс бүхий л газраас зогсоо
чөлөөгүй нөхөр хайн бэдэрч явдаг гурван хүүхний тухай “Single Ladies”
гэх монгол эмэгтэйчүүдийг гурван ч цувралаар доромжилсон кино шиг зохиолууд,
үзүүлбэрүүд хавтгайрснаар өөрийн үндэстний түүх уламжлал, үнэт зүйлсийг уландаа
гишгэн, соёл заншлын эв гав, намба төгөлдөрт халдан, охид бүсгүйчүүдийн маань
эрхэмсэг хийгээд нууцлаг оршихуйг эвдэж, өөрсдийгөө салхи сөрөн эр юм хайж
явдаг ороо нь орсон гичийс лугаа сул сударган, завхай зайдан мэтээр үзүүлэх
доромжлол хэрээс хэтэрлээ.
Урлаг, уран зохиолын хүрсэн түвшин гэж бий бөгөөд
өнөөгийн хар массынхан тэрхүү түвшинг гудманд гаргаж, хог шороотой хутгачихаад
жендер ярих. Эмэгтэй хүнийг хүндлэх нь соёлт нийгмийн жишиг боловч уран
зохиолын ертөнцөд хүйсийн хөнгөлөлт байдаггүй нь гаслантай. Үл бүтэх улс
төрчийн сүүлчийн хоргодох газар нь эх оронч үзэл гэлээ гэгчээр уран зохиолын
авьяас, чадваргүй үл засрах эрээчигчдийн сүүлчийн хоргодох газар нь жендерийн
үзэл болов.
Урлагийн асуудал нь хар масс нийгэмд зонхилж, хамгийн их
“comment” үлдээж
байгаад бус, хар массын хэрэгцээнд ч бус харин нийгэмд элитүүд давхаргын
хэмжээнд хүрснээс тэдний хэрэгцээнд суурилсан урлаг ялгарч, үл ухаарах олонхи
буюу үлдэгдэлдлийн (либидо) стрессийг (сублимац) султгах
хялбаршуулсан урлаг байх ёстой гэдэг үзэлд хүрдэг. Гэтэл тэрхүү хар массын бор
бааз, хялбар урлаг нь элитээ багалзуурдаж эхэллээ. “Бүх урлаг хөгжим шиг
болохыг мөрөөддөг” гэдэгсэн. Гэвч одоо яах ч аргагүй цаг үе ирсэн бололтой.
Ингээд женский романчид минь фейсийн массаа
жендерээр «хошгируулж», биеийн сайхнаар хавтсаа чимээд, бэлгийн багцад номоо
боогоод, хөнгөн хуурмаг тайлбаруудаа хөврүүлээд байж дээ. Таалалд орших
болтугай.
Comments