Уран зохиол шинжээч Г.БАТСУУРЬ
|
Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хорвоо улам бүр хүмүүнлэг бус болсоор ажгуу. Нийгмийн эмгэгийн зүрхэвч нь хүмүүний харьжилт болж байгаа нь өдөр тутамд анзаарагдах. Улам бүр харьжсаар буй нийгмийн гишүүдийн эмгэгийг саармагжуулахад урлаг түүний дотор уран зохиолын үүрэг оролцоо өндөр. Аман зохиолоос инагших уламжлалд гол байртай энгүүн хүүрнэх, үлгэр туульс хайлах явдал эдүгээ ул дол болж, ерөөлч, магтаалчид нь шизофреникуудын түрэмгийлэлд автан замхарч буйд урлагийн тайлан тайлбарлахуй нь улам бүр чинагух болсоор буюу. Хүмүүний уг гарвал, гэр бүлийн доторх хүйсийн мэдрэмжийн орооцолдоо түүнийг тайлан тайлбарлаж ирсэн үзэл онолуудын нэгэн хандлага нь психоанализ агаад мөн онолоор охины сэтгэл зүйн уг сурвалжийг эцэгтээ татагдаж, эхээ түлхэх мэдрэмжид тулгах ажаам. Үүнийг мөнөөхөн эртний Грекийн Электрагийн мифээс сэдэвлэн тайлбарлах бөлгөө. Аргосын хаан Агамемноны охин Электра, Эгисф гэх хахь эртэй ханилан, эцгийг нь хөнөөн чадсан эх Клитемнестраг өшлөн ядаж, эцгийн өсийг авсугай хэмээхүй нэгэн тохиолд өөрийн эхийг хөнөөн одож, эцгийн шарилд цусан тайлга өргөх болой. Эдип чинад ухамсартаа эхдээ тачааж, эцэгтээ өшилсөн мэт бол Электра эсрэгээрээ аж. Энэ нь охин бүрт байх мэдрэмж буюу.
Эцгийн гэрт охин
бүрэн бүтэн, онгон дүүрэн орших ба эцгийн гэрээс явагдаад зүйл бүрээр дутах
ажаам. Энэ мэт санааг: Даль
хоёр жигүүрээ
Дамжлаад
буцлаа тогоруу шувуу
Хаана
очиж буух нь бол?
Харийн
нутгаас гуйх нь бол,...
Элин
халин, ганц ганцаар
Эрихний
хэлхээ цувих шиг тасарна
Эх
оронгүй амьтас хөөрхий
Ийм
л байдаг юм сан уу? /Ц.Хулан.
Бүсгүй найрагчдад/ (Ц.Хулан.
“Алтан зэгсний ангир” УБ. х62)
гэсэн ину Ц.Хулан.
Эцгийн гэрээс
элээд одоход гуцууг нөхөх эрийг нөхөр хэмээмүй. Энэ лүгээ санааг судлаач
Ш.Одонтөрийн “Монгол секс үгийн тайлбар” тольд: «Нөхөр. Дутуугаа гүйцээж дундуураа
дүүргэж гэж ярьдагчлан “нөхөр” гэдэг нь хэн нэгний дутууг тухайн цагт “нөхөж
буй хүн” гэсэн шиг утгатай бололтой. Тиймээс ч энэ миний нөхөр гэж (дутууг
минь нөхөж байгаа хүн), “манай
нөхөр” гэхчлэн бахдалтайгаар танилцуулж хэлдэг байна. Нөхөх-Нөхөр. Ойрдод эр
нөхрийг “одаахь” гэдэг нь “яг одоо надтай нэг гэрт ханилан суугаа эр” гэсэн шиг
утгаар бас ч сонин үг болно» (Одонтөр.Ш.
“Монгол секс үгийн тайлбар” УБ.1996. хуудас 67) гэсэн буй. Тэрчлэн “Эцгээ алах, Эхээ охох” гэдэгчлэн
Ойрадад бүр адаг болсон эмийг “Эцэгтээ долоо хүрмэр” гэж хараамуй. Энэ нь
эцэгтэйгээ долоон удаа охоон хийж, цусан тэрс нүгэл үйлдмэр гэсэн ёр бэлгэтэй
хараал амуй. Энэ мэт хараал байна гэдэг нь цээр байсныг илтгэх ба цээр байна
гэдэг нь түүнийг нэгэн цагт хоёр хөлт, хохим толгойт хүмүүн бээр зөрчин хориг,
цээр болгож асныг илтгэнэ. Харин хорио цээр нь далд хүслийг заах мэт билээ. Мөн
хараалд долоон удаа гэдэг нь ч тохиолын хэрэг бус.
Төрсөн эх
юүгээн барин идэлж буй өгүүлэмжтэй монгол үлгэр олон буюу. Тийн өгүүлэлдэх
үлгэрийн жишээ гэвээс “Хар хулын домог”, “Гурван лам бөөсийг шинжилсэн нь”, “Үр
могойн домог”, “Долоон бор чоно”.., гээд буй бөлгөө. Эл үлгэр домогст улаанаас
нь урвалдаж, умайнаас нь тасралдмагцаа эх юүгээн тасар татан идэх буюу бүхлээр
залгин чадах аж. Гурван жилийн турш халуун хэвэлд нь эвхрэн, хатан биед нь
оршин асан эхээн хар эрээн үр нь хаман авч залгих бол долоон чонон үр нь долоон
талаас нь эхээн тасар татан аван, идэн одох ажгуу. “Эхийн санаа үрд, Үрийн санаа
ууланд” агч ийн буюу.
Хариас
гэрлэх ёсон үүтэхээс өмнө овог отгын эмс охид цөм тухайн эрсийнх асан нь
эргэлзээн үгүй. Тэр цагт өөрийн охин, хүний охин цөм ялгал үгүй агаад хэн эртэй
чадалтай нь тэднийг мэдэн захирч, эдлэнгий нь хангаж ирсэн буй. Хариас гэрлэх
ёсон үүссэний дараа ч охин үрийг эцэг мэдэн эрд өгч асныг “Монголын нууц
товчоо”-нд «...Амраг дээрээ давхар амраг болъё хэмээн Чингис хаан бодож, Жөчид
Сэнгүмийн дүү Чагур бэхийг гуйхдаа, Сэнгүмийн хөвүүн Тусахад манай Хожин бэхийг
арилжин (солин)
өгье хэмээн...» (Монголын
нууц товчоо. Академич Ш.Бира нар. Сонгомол эх УБ. 2004. хуудас 212)
гэжүхүй.
Энээхэн эм хүйсийн “ид”-д агч далд мэдрэмж, эхээ хөнөөж,
эцгээ аван чадах хуялт хүсэл, чивэл тэргүүтэн нь эмс охидын бүтээлд илрэн
чадах. Тийн үзвээс орчин үеийн монголын уран зохиол эшлэн үүтгэгдсэн үеэс
эдүгээ хүртэл Ш.Дулмаа, Ж.Батцэцэг, Ц.Хулан, Л.Өлзийтөгс, Б.Батрэгзэдмаа, Б.Ичинхорлоо,
Г.Мөнхцэцэг, Эмүжин (Р.Энхтуяа), Б.Энхтуяа
нарын нэн цөөн уран өгүүлэгчид төрсөн буйзаа. Яруу найраг лугаа хурьцагч
Шагдарын Дулмаа буюу. Тэрбээр “Хүүгийн эцэгт бичсэн захидал” шүлэгтээ бичрүүн:
Хөгжилтэй
сайхан хотын төвийн нэгэн дүүрэгт
Хөөрхөн бор гэр дандаа л галтай байдагсан
Аавын хийсэн хоолыг чи бид хоёр
Амтархан идэж суудаг сан, санаж байна уу, чи?
Гурван есийн жаварт хөвөнтэй цамцтай гүйж
Гудиггүй бас чи, намайг гарахыг хүлээж
Давтлага тарав уу үгүй юу хоёулаа хөтлөлцөн явж
Дандаа л чи надтай тоглон эрхэлдэг байсаан! гэсэн аж.
Хөөрхөн бор гэр дандаа л галтай байдагсан
Аавын хийсэн хоолыг чи бид хоёр
Амтархан идэж суудаг сан, санаж байна уу, чи?
Гурван есийн жаварт хөвөнтэй цамцтай гүйж
Гудиггүй бас чи, намайг гарахыг хүлээж
Давтлага тарав уу үгүй юу хоёулаа хөтлөлцөн явж
Дандаа л чи надтай тоглон эрхэлдэг байсаан! гэсэн аж.
Үзвээс “Аавын хийсэн хоолыг чи бид хоёр, Амтархан
идэж суудаг сан” гэсэн ину хүүтэй нь хөсөр орхин одсон эрд тунин
бухимдахуйяа өөрийн эцгийг харшилдуулан дурсах. Энэ бүхүй нь К.Г.Юнгийн онол
эшээр эмэгтэй хүний дотор агч Анимус бөлгөө. Эм хүн бүрий дотроо нэгэн, нэгэн
“төгс эр”-ийн дүр бүтээн бэдэрч буй бүхий. Түүнийг нь Анимус гэмүй. Эм хүн
өөрийн Анимусыг ааваасаа, ахаасаа, анх тачаалыг татсан хөвүүнээсээ, бас бус
эрсээс бүрэлдүүлэн чадаад цээжнээ хадалдан явалдруун. Тийн байваас тэр эм нь
зохиолч хийгээд яруу найрагч аваас төгс сайхан эрийг дүрслэн бүхий үедээ өөрийн
дотоод Анимусыг гарган өгүүлэх ажгуу. Ийн үзвээс Ардын уран зохиолч Ш.Дулмаа
гэх авьяас зөн нөхчсөн нэгэн эмэгтэйн дотор бүхий Анимус энд цухалзан
дүрслэгджүхүй. Үүнийг чинагшлуулан ухваас Ш.Дулмаа гэлдэх энэхүү бүсгүйн заяанд
оноогдсон найрагчийн зөн мэдрэмж, дотор сэдэл хилийн цаад гүн харанхуй булан
мухарт сүүмэлзэн агч Анимус, бүр адагт эхээ үгүй болгон эцгээ аван чадах чивэлт
хүслийн илрэл, сүүмэлзэл ажгуу. Удаах ирагу дууч Жадамбын Батцэцэг:
Довцгийн
цаанаас ирэх
Туурайн чимээ
сонсогдоод байна
Хар саарлын минь чимээ
Одоо ч мөнөө
дуулдах шиг
Хар саарлаа унаад
Хаашаагаа дандаа давхиа вэ
Хэний охины сэтгэл дундуур
Хамтдаа давхиж өнгөрөө
вэ... (Ж.Батцэцэг.
Солонгын найман өнгө. УБ. 10) гэн
бичихүй дор эцгийн дүр морь лугаа гүтгэгдэн буух буйзаа. Аав морь хоёрын
андалдаж явсныг өгүүлэн бүхийеэ аавдаан харам санаж ирээсэй гэхүй сэтгэл нь
энээхэн шүлэгт төгс зохирон газардсан нь тэнгэрийн харьяат. Үүнийгээ лавтган
“БАЯН-АГТ миний тоонот” эсээндээ «...Хар саарал морины тухай аавынхаа яриагаар
бичсэн нэг эсээ надад бий. Энэ моринд зориулж дуу хүртэл зохиосон. Агт нутаг
бол миний аав, миний ээжийг олж харж ханилсан нутаг...» (Ж.Батцэцэг.
Солонгын найман өнгө. УБ. 42)
хэмээсэн нь эцгийг эхээс дээрд үзсэнд буй билээ.
Мөнөөхөн эрт цагийн Грекийн миф домогт Медея гэх нэгэн
аймшиг үгүй зоригт бүсгүй байх аж. Колхидын хааны нутагт алтан ноост нэхийг нь
хулуулахаар Арго хөлгийнхөн ирэх ба тэдний дунд Ясон баатар явму. Тийн атал
Колхидийн хааны охин Медея Ясонд дурах ажаам. Медеягийн тусыг аван Арго хөлгийнхөн
нэхийг далдлан одох агаад Медея өөрийн нутаг хийгээд эцэг, эхийг тэвчин
хөсөрдүүлж, Ясонд очсугай хэмээн Грект ирэх. Гэсэн атал Ясон Коринфын хааны
охиныг авахын учирт Медеяг хоёр хүүхдийн хамт үнс лүгээ орхисон шалз болгомуй.
Үүнд занасан Медея өөртэй нь өрсөлдөн агчийг даруй алан тэвчээд, өшт Ясоныг
хардан тэчьяадаж тэврэх үр, тэлэх үндэсгүй болгохын учирт өөрийн төрүүлсэн хоёр
хонгор үрийг даруй хороон хөсөр орхимуй. Өрнөөс нь унаж, өрцнөөс нь өмөрсөн
өөрийн үрийг нядлан чадагч эм хүйстэн гэгч юутай шидрүүн авирт бөлгөө. Энэ нь
цаад философидоо “би бүтээсэн учир би
үгүй хийсүгэй” гэсэнд гэнэм. Уран зохиолд өөрийн өрөвлөгт улаан үрийг Медея мэт
хороон чадах эр хүнийг дүрсэлж ирсэнгүй биш үү. Ийн үзвэл эм хүйстэн бүхий л
ертөнцийд голлох үүрэгтэй агаад эрчүүдийг төрүүлэгч, түүнтэйгээ нөхцөгч бас
үгүй хийгч ажгуу.
Үүн лүгээ үзвээс эрхэмлэн дээдлэгч эм хүмүүн та:
...Өрөвддөг бол үзэл бүхэнд автаж
Энэрдэг бол шашин бүхэнд дагаар орж
Үсээ урт ургуулж, эсвэл халзан болж ч чадна би!
Энэ дэлхийн тэргүүн гүнж, ертөнцийн ээж нь билээ би,
Эмсийн хүрээлэнгийн завхай амьтан нь билээ би,
Гэлэнмаа ч гэсэн хувцсаа тайлдаг орчлонд
Гэнэхэн Мерилин Монрогийн охин дүү нь билээ би!...(Ц.Хулан.
“Алтан зэгсний ангир. УБ. хуудас 35)
хэмээн дуулах нь үнэн бөгөөд бахтай буй. Өөрийн эцэг лүгээ энтэй хүчин төгссөн,
нэгэн заналт эрийн хүсэл хуялын дор үнгүүлэн байхуйяа сая амран тайтгарах
хүүхэн бие хэмээгчийн далд хүслийн ид хавыг өргөсөн ч, өширсөн ч үлдэн буй
найрагч Ц.Хулан шүлэгтээ:
...Би яг л тэр намар шиг, намрын гандсан цэцэг шиг,
Билгийн цэнхэр тэнгэрээсээ буцаж яваа шувуу шиг,
Бидэртсээр, өмнийг зорих мөрөн шиг
Би-чиний л гарт элэгдэх сонгодог нэгэн бүтээл шиг!... (Ц.Хулан.
“Алтан зэгсний ангир. УБ. хуудас 10) гэж
эм заяаныхаа нойтон жаргалаар дуун алдан буулгасан нь нэн хэтэрхий.
Өгүүлэн буй онол сургаалаар эм хүн
бүхэн өөрийн дотроо Анимус гэх нэгэн төгс эрийн дүрийг бүтээн санаж, ямагт
бэдрэн явах агаад тэр бүсгүй нь яруу найрагч мөний учирт нэгэн төгс эрийг
зураглан бичилдсү гэвээс өөрийн дотор агч Анимуст шүтэлдюү. Харин яруу найрагч
бүсгүй нь хэв ёсонд сөхөрсөн, хэт журамд баригдсан, дүмбэд дөлгөөн нэгнийг бус,
аван чадах, алан ирэх, ихэд хүчин төгс ид хавыг үзүүлэгч, эм хүний эдлэнг ину
ханган дарагч нэгнийг хүсэн бэдэрч явдгаа үл нууюу. Түүн лүгээ үзэлдвээс ирагу
дууч Ц.Хулан « Би-чиний л гарт элэгдэх сонгодог нэгэн бүтээл шиг!» гэсэн бол
дуун баригч Л.Өлзийтөгс:
«...Зовох л гэж зольсон бие минь
Зовоох л гэж учирсан та
минь
Зоргоор одохдоо хүнийх
байдаг ч
Зориод ирэхдээ минийх л
байдаг...» гэсэн буй. Яруу найрагч Р.Энхтуяа буюу
Эмүжин: ...Өнгө будаггүй шөнөөр
Өвөрт чинь гийнаж
Өлөн гичий мэт эвхэрсэн
Өөрийгөө яалтай
Тэвэрт чинь өвдөж
жаргахдаа
Тэнэглэж дурласан намайг
Нар мэт шатаасан
Тэнгэр мэт чамайг
яалтай...
Өө, өвчүүн дор чинь
Үхсэн ч яахав (“Эмүжин”
яруу найргийн түүвэр. УБ. 2009. Х110)
хэмээлдэн «сайхан зовлон»-той нөхцөлдхийн жаргалд хүрмү. Хоёр амандаа хорлонт
эмс охид маань ийн бичилдэнэ. Нулимст хуял алдрахын нүцгэн үнэнийг ийн яруу
буулгасан эрэгчин үгүй агаад тэдэнд тийм мэдрэмж үгүй, байхын ч учир үгүй.
...Сэрэхүйн
таван эрдмээс хальж, зүүдэндээ ч нинж бясалгаад
Сэрүүн ахуйдаа миний айдаг бүхэн
өрөвдмөөр гэдгийг дуу алдан ухаарч
Сэтгэлийнхээ аглаг сүмд өөрөөрөө
тэдэнд тахил өргөн
Сэм сэмхэн, хором хормоор ирээдүй үрүүгээ
дөтөлж...
(Ц.Хулан.
“Алтан зэгсний ангир. УБ. хуудас 264-265) гэсэн
мөрүүдийг шаналант найрагч Ц.Хулангаас хүртсэн үгсийн алсад зүдэгч Г.Мөнхцэцэг,
түүн лүгээ ижилдэгч Ж.Батцэцэг, Л.Өлзийтөгс, Эмүжин мөн ийм буюу. Яруу найрагч
Ц.Хулан бээр “Аавдаа”:
Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаана даа тэгвэл гэхэд
Санаснаар даанч болохгүй л явна аав аа! (Ц.Хулан.
“Алтан зэгсний ангир” УБ. х43)
ийн бичсэн бол Их Нацагдорж охиндоо:
Ганц охиноо бодохуй дор
Хайрлах сэтгэл ундарна
Гаслант орчлон ийм тул
Хаанаас түүнийг тусална
Хайртай амраг хурц аа!
Хагацах өдөр бас буй
Хоёр сэтгэл гаравч
Гурван зүрх хайчлагдах
үгүй
Миний нэгэн сэтгэл
Чиний хатан санаа
Охины төрөлх мэдрэл
Хэн нь хэзээ тэргүүлнэм? (Д.Нацагдорж. “Түүвэр зохиол” УБ. 2006 х186) гэсэн бол
ЗХУ, БНМАУ-д эс хүлээн зөвшөөрөгдөгч, Монголын “Галзуугийн газар”-ын өвчтөн
Д.Нацагдоржийн охин, Оросын “Сэтгэцийн эмнэлэг”-ийн шизотон, модерн зураач,
яруу найрагч, Орос, Монгол иргэншилт тэрс (диссидент) үзэлт
Ананда Шри нь “Отцу” буюу “Аавдаа” шүлэгтээ:
Бас нэг намрын өдөр сүүмэн сүүдэр мэт урсан одлоо
Байхгүйн буурал нөмрийг зовнилт өргөлөөр хүндлэн холдлоо
Барьцааг дэнчин эерэн
амарлин замхран өнгөрлөө...
...Гэрэл хийгээд бүрэнхийг умартан, амьдрал үхлийн үнэнд эргэлзнэм
Гэтэл үүслийн үүдэл-адбиш хайр, таны зөөлөн сайхан мэндийн үг
Чихэнд хайрын дуудлага
болон дуурьсаж байнам...
...”Цаг хугацаа миний хувьд хөлгүй болсоон” гэх хариу сонсогдлоо.
Цаанаа ямархан нууц энэ шөнө хадгалж буйг яахин мэдлээ,
Чамайг эхээ гэх үү, эвий
охин минь хэвээрээ байгаа юу?...
...Тэнгэрлэг ариун тэр хязгаартаа аваачаач дээ намайг аав минь!
Тийш одвоос газрын үхлээс айх юун. Биеийг орхин яаран одном уу би.
Тэвчин хүлцэж хүслийг минь
авраач дээ Та!...
...Хүлээж чадахгүй нээ аав минь хурдхан Таныхаа сүүдэр болъё
Хүйтэн жавар, гал халуунд ч тэвчин тэсэн таныгаа хайрлан энэрэе /Дуун
хөрвүүлэгч Л.Дашням/ (Л.Дашням.
“Тулаан” УБ.2014. х458-459)
гэж шүлэглэн дуулаад өөрийн амийг тэвчин эцгийн хойноос оджухуй. Хэрхэх
энэлэнт амьдрал, Юутай гунилант дуун агч ину? Тийн буюу.
Эргэх нь цаг, эрсдэх нь хүмүүн, үлдэх нь урлаг, урагшлах
нь хөгжил буй, гэсэн атал сэмрэх сэтгэлийн чинадад сэглэн зэмлэн хоцрох
ганилант хүсэл, гачлант тэчъяадал буйг хэн хэрхэн үүрэх? Эцэг дүреэн гэх охины
сэтгэлийн Анимуст арцалдан ирэх дэнчин, хар цагааны зааг, харанхуй гүний үлдэл,
халуун зүрхний чимээг дуулсаараан дуусах нь охид, бүсгүйчүүдийн минь яруу
найрагт ажгуу.
Эрин зууны зузаан хананы цаанаас Электрагийн гийнан
гинших дуун нэвчин ирж манай билэг авьяаст төгс нөхчсөн бүсгүйчүүдийн зүрх ину
чинад, зүүдэн гилбэлгээн, багтарсан тэчьяадал, барьсан бийрийнх нь үзүүрээс
сүнслэн сонстох амуй. Тийн үзэлдье.
2017.12.06
Comments