САГЛАГАР МОД УУЛЫН ЧИМЭГ, САЙХАН ХҮҮХЭН...

             
           
                      Уран зохиол шинжлэгч Г.Батсуурь (Ph.D)                                               


 Эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэнгийн 110 жилийн ойд

2018 онд Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, Академич Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэн багаас уран зохиолд татагдсан бөгөөд 1929 онд “Гологдсон хүүхэн” туужаа бичсэн нь манай орчин үеийн уран зохиолын түүхэнд анхдагч байв. Энэхүү бүтээл нь манай уран зохиолд эгэл жирийн хүний дүрийг анхлан оруулж ирснээрээ шинэ юм. Тодруулбал өмнөх үеийн зохиолуудад буюу аман зохиол, эртний уран зохиолд арван таван толгойтой атгаалжин хар мангас, түүнийг дарагч өнчин хүү буюу энгүй хүчит баатар эр, хаадa ихэс, Чингис хаан, есөн өрлөг, өнчин хүү, Чингисийн билэг сургаал гэх мэтээр туульслаг дүрүүдийг дүрсэлдэг байсныг “Гологдсон хүүхэн” тууждаа Ц.Дамдинсүрэн шинэчилж энгийн хүмүүсийн дүрүүдийг оруулж ирсэн нь манай уран зохиолд орчин үеийг бий болгосон гавьяатай.    
“Гологдсон хүүхэн” туужийн гол дүрүүд болох Цэрэн, Долингор, Мядаг, баян Болд, Дэжид, Ловон лам, хоньчин хүү Дамдин, Дамдингийн ээж, хүү Данзан, Лувсан гэлэн, түшмэл На, Хуяг тайж, Цэрэнгийн нөхөр “Хөсрий илүүр” хочит Буян зэрэг нь цөм эгэл жирийн хүмүүсийн дүр юм. Цэрэн хүүхний намтар болох уг тууж нь өгүүлэмж талдаа ардын үлгэрийн уламжлалтай. Үлгэрийн гол баатар эхэн үедээ ихээхэн зовлон бэрхийг туулж аз жаргалд хүрдгийн адил Цэрэн хүүхэн ч төрмөгцөө гологдон, ад үзэгдэж, нас биед хүрмэгцээ Хөсрий илүүр хочит Буянд богтлогдон хэдэн жил зарагдан дарлагдаж, эцэст нь оргон зайлж бичиг үсэгт боловсрон сайн цагийн буянаар аавтайгаа уулзан аз жаргалд хүрч буй нь үлгэрийн уламжлал. Хэдий өгүүлэмж нь ардын үлгэрийн уламжлалтай боловч дүрслэл нь бодит шинж чанартай агаад эгэл жирийн хүмүүс дүрслэгдсэн болохын хувьд манай шинэ үеийн реалист уран зохиолын үндэс суурийг тавьсан бүтээл билээ.
Мөн эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн эсээ хэлбэрийн зохиол бичиж байсан нь ихээхэн сонирхолтой. Түүний эсээ хэлбэрийн бүтээлүүд дотор томоохон байр эзлэхүйц нэгэн өвөрмөц бүтээл нь “Сайхан хүүхэн” (1982) байдаг. “Сайхан хүүхэн” эсээнд сайхан хүүхний ойр орчимд байхад сайхан, бас ашигтай гэсэн санааг баримт эргэцүүллээр гаргасан. Баримт түшин эргэцүүлж ямар нэгэн санааг дэвшүүлдэг нь эсээний гол шинж ба энэ тухай уран зохиолын нэвтэрхий тольд: “...Өгүүлснээ нэгтгэн үзвэл эссе бичигчийн өмнө хүний ертөнцийг танин мэдэж ухаарах гэсэн нэгдмэл ба зээлдмэл тэмүүллүүд үүсэх бөгөөд тэдгээр элдэв янзын үзэгдэл, юмс, түүний тухай эцэс төгсгөлгүй мэт ухаарлуудыг зохиолчийн авьяас чадвар давхар шүүн тунгааж боловсруулахын зэрэгцээ эцсийн дүндээ өгүүлэгдэн буй үйл явдлын сургамж санааг шүүн тунгааж, уншигчийн өөрийн үзэл ойлголт-дүгнэлт болгох нарийн үйл явц эссе хэмээх төрөл зүйлийн бусад жанраас ялгарах шинж нь гэж болно...(Галбаатар Д., “Уран зохиолын онолын ойлголт нэр томьёоны нэвтэрхий толь” Уб, 2012, 540) хэмээсэн байдгийг “Сайхан хүүхэн” бүтээлд буулгаж үзвэл зохиолчийн сайхан бүсгүйн тухай эргэцүүлэмжтэй давхцах юм.
Зохиолч Ц.Дамдинсүрэн “Сайхан хүүхэн” эсээндээ: “...Сайхан хүүхэн бол үйл явдлаараа, үг яриагаараа гэр бүлийн хүмүүс ба уулзсан танилцсан хүмүүсийг баярлуулахаас гадна, ер нь амьдарч байгаагаараа орчин тойрныг үзэсгэлэнтэй болгож байдаг... (“Ц.Дамдинсүрэн Бүрэн зохиол” I боть, Өмнөтгөл бичиж эрхлэн хэвлүүлсэн Д.Цэдэв, Уб, 1998, 494) гэж сайхан бүсгүйн тухай эргэцүүллээ эхлээд улмаар сайхан бүсгүйн дэргэд байснаар хэрхэн нааштай үйл болсон талаараа: “...Тэгсэн чинь миний ухаанд солонго мэт нэг зурвас гэрэл гялс гээд орлоо. “Сайхан хүүхний ард зогсоод азаа үзье. Энэ залуу дарга  сайхан хүүхнийг харвал эрхбиш уярах байх. Уяраад хатуурч амжаагүй байхад би амжиж ярьдаг хэрэг” гэж бодов. Тэгээд ардаа зогсож байгаа хүмүүсийн дотор алаг сайхан нүдтэй, алт сувдан чимэгтэй, аргагүй сайхан хүүхэн нэг байхаар нь ард нь очоод би зогслоо. Тэр хүүхний баримтуудыг битүүхэн ажиглавал амь хүний машиндсан гэрчилгээ нэлээд хэд байх шиг харагдав. Энэ хүүхний баримтыг хүчингүйд үзвэл би өөрийнхөө баримтыг үзүүлэлгүй буцна. Хэрэв энэ хүүхний машиндсан гэрчилгээг баримтад тооцдог бол минийхийг ч бас хүчинтэйд тооцож магадгүй. Хүүхэнд уярсан даргын сэтгэлийг би ашиглана. Хэрэв хүүхний машиндсан баримтыг хүлээж аваад минийхийг хүлээж авахгүй бол барьцаалж заргалдаж ч болох юм гэж хэдэн янзын арга чарга сүвэгчлэв. Тэгээд гоё хүүхний оочер болж хүүхэн бүх баримтаа даргад өгөв. Би хүүхний ард нь яг дэргэд нь тулж очоод зогсож байлаа. Тэгсэн чинь залуу дарга өнөө хүүхний баримтыг үзээд “Машиндуулсан баримт нэлээд байна. Энэ ч уг нь болохгүй л ёстой юм даа” гэв. Гоё хүүхэн за яршиг даа. Танай архивт хадгалагдах юм. Энэ чинь машиндсан чиг тамгатай л юм даа. Та хар л даа. Манай авга ах тэтгэвэртээ гарах гэж байгаа юм. Та танина шүү дээ гэв. Дарга жаахан бодож байснаа “За яахав” гээд авчихлаа. Тэгээд л тэр. Араас нь би өнөө хүүхэнтэй ярьсныг сонссон юм. Миний хэдэн баримтыг дарга аваад жаахан дээш доош өргөж байгаад нэг гүн амьсгал аваад, нэг удаа намайг хараад “Та хэдэн нас хүрч байна?” гэж асуугаад жаахан бодож байгаад миний бүх баримтыг шалгаж үзээд цөм зөв зүйтэй байсан учир хүчинтэйд үзэж миний хөдөлмөрийн дэвтэр дээр сайн хуулж бичээд тамга дарав. Миний баримтууд үнэхээр ч хүчинтэй сайн баримтууд байсан юм даа. Ганц нэг дутагдал нь гэвэл зарим баримт машинаар цохисон байсан юм. Тэр баримтууд хүчинтэйд тооцогдсон нь миний өмнө зогсож байсан сайхан хүүхний ач гэдгийг мэдсэн боловч ямар ч сэжиггүй “Баярлалаа” гээд гарч одсон юм. Тэрхүү торомгор хар нүдтэй, улаан хацартай нарийхан биетэй, усны долгио шиг сайхан үстэй, гоё сайхан хүүхэн намайг танихгүй би ч түүнийг танихгүй. Гэвч залууг ч би буруу хэрэг хийлээ гэж зэмлэхгүй. Хувийн баримт бол гар бичмэл байх хэрэгтэй гэсэн шийдвэр байдаг л байж. Түүнийг тэр залуу баримтлах нь зүйтэй. Гэвч хааяа нэг өчүүхэн гажиг байсан нь муу ч хэрэг биш. Тэр залуу чинь идэр залуу сайхан эр. Түүний сэтгэлийн долгионыг би залуу явж үзсэн учраас ойлгож байна. Ингээд би нэг удаа сайхан хүүхний дуулианаар залуу эрийн сэтгэлийн хөдөлгөөний далимаар хэргээ амархан бүтээсэн юм... (“Ц.Дамдинсүрэн Бүрэн зохиол” I боть, Өмнөтгөл бичиж эрхлэн хэвлүүлсэн Д.Цэдэв, Уб, 1998, 497-498) хэмээн тэтгэвэртээ гарах үеийн өөрийн хэргийг бүтээсэн нэгэн тохиолдлыг өгүүлжээ.
Энэ мэтээр сайхан хүүхний ойр орчинд байх нь ашигтай, ямагт сайхан үйл явдал болох буюу хүмүүсийн ааш зан зөөлөн сайхан байдаг хэмээн эргэцүүлж түүнийгээ баримтаар баталгаажуулан сонирхолтойгоор нээсэн нь уг бүтээлийг эсээ гэж тодорхойлох боломжийг олгоно. Учир нь эсээ хэлбэрийн зохиолд хувийн туршлага маш чухал байртай байдаг. Өөрөөр хэлбэл эсээ бичигчийн хувийн туршлага, болсон тохиолдсон явдал, түүнийг тойрсон эргэцүүлэл нь эсээний үндсэн бүтэц суурь бүрдүүлбэр нь болдог онцлогтой. Үүнийг зохиолчийн уг бүтээл бүрэн хангаж байгаа болно. Зохиолч баримтат өгүүллэг хэмээн нэрлэсэн хэдий ч уг бүтээл нь өгүүллэг гэхэд ямар нэгэн үйл явдал, тодорхой дүрүүд үгүй, бодит баримт түшсэн эргэцүүлэл бодрол давамгайлсан, зохиолч өөрөө санаатайгаар туршиж үзсэн үйл явдал түүнийг тойрсон эргэцүүлэл байгаа бөгөөд эцэстээ нэгэн дүгнэлтэд хүрч түүнийгээ дэвшүүлсэн зохиомж, хэл найруулгаараа эсээний шинжийг илүүтэй илэрхийлж байна.
            ХХI зууны уран зохиол бичлэгийн онцгой өвөрмөц хэлбэр, бичгийн урлагийн хамгийн дэвшилтэт төрөл гэгдэж буй эсээ бичлэгийн түүх нь ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн уран бүтээлтэй ийнхүү холбогдож байгааг онцлон тэмдэглэх ёстой.
Эсээний үүсэл нь Францын сэргэн мандлын хожуу үеийн төлөөлөгч Мишель Эйкэм дө Монтень (1533-1592)-ий уран бүтээлтэй холбогддог билээ. М.Монтений ойр дотныхондоо дотоод сэтгэлээ нээн харуулах зорилгоор туурвисан, эртний зохиолчдын бүтээл, түүх домгоос ихээхэн эш татсан өвөрмөц эргэцүүллүүдээ “Les Essais” хэмээн нэрлэсэн нь “туршилтууд, туршицууд” гэсэн утга илтгэж байсан ажээ. Манай уран зохиолын хувьд эсээ гэдэг төрөл зүйл нь харьцангуй залуу хэмээн үздэг агаад зохиолч Л.Түдэв, С.Лочин нарын зэрэг уран бүтээлчид эсээ хэлбэрийн зохиол, эсээ бичиж байсан баримтууд бий. Сүүлхэн үеийн баримт гэвэл зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Есөн эсээ” (2000.10.30-2001.5.22) юм. Зохиолч Г.Аюурзана “Бурханы тухай яриа”, “Үхлийн тухай яриа”, “Дурлалын тухай яриа”, “Зүүдний тухай яриа”.., гэх мэтийн есөн эсээ бичсэн нь нэн шинэ үеийн манай уран зохиолын эсээ бичлэгийн сонгодог жишээ болох юм. Тухайлбал Г.Аюурзанын “Дурлалын тухай яриа” эсээнд: “...Нэг танил маань өөрөөсөө бүтэн тохой өндөр хүүхэнд дурлачихаад, цаадхи нь «Чи жаахан том болж байгаад энэ тухай яриарай» гэчихснээс болж архинд орсон юм даа. Миний мэдэх ихэнх яруу найрагчид дурлал нь бүтэлгүйтсэнээс болж л шүлэг бичиж эхэлсэн байдаг. Нэг нь архинд орж, нөгөө нь шүлэг бичих болсон төдийхөн хэрэг биш. Нэг нь угаасаа архичин, нөгөө нь яруу найрагч хүн байсныг дурлал нээж өгсөн нь тэр. Дурлалын яг энэ хууль маш олон зүйл дээр таарна. Манайхан «Их сайн хүн байсан юм. Мөнгө л түүнийг эвдчихлээ» гэцгээдэг. Тийм биш, угаасаа л олиггүй амьтан байж. Мөнгө тэр олиггүй чанарыг нь нээн харуулж буй хэрэг... (Аюурзана Г., “Дурлалгүй ертөнцийн блюз”, Уб, 2006, 114-115) гэх мэтээр дурлалын талаар эргэцүүлсэн байдаг бол зохиолч Ц.Дамдинсүрэн “Сайхан хүүхэн” эсээндээ: “Сайхан хүүхэн гэрийн чимэг, саглагар мод уулын чимэг гэдэг. Сайхан хүүхэн бол үйл явдлаараа, үг яриагаараа гэр бүлийн хүмүүс ба уулзсан танилцсан хүмүүсийг баярлуулахаас гадна, ер нь амьдарч байгаа орчин тойрныг үзэсгэлэнтэй болгож байдаг. Жишээ нь, нүцгэн ханан дээр нэг сайхан зураг хадчихвал хана гоё болно. Цөл талд цэцэг ургавал тэр тал гоё болно. Тэрчлэн сайхан хүүхэн гудамжаар явж байвал тэр гудамж гоё болно. Ингэж орчин тойрныг чимж байгаагийн хувьд сайхан хүүхэн бол таних, танихгүй олон түмнээ баясгаж их ач тусыг хүргэж байдаг. Тэгээд бас ямар ч эрэгтэй хүн сайхан хүүхнийг харахлаар арай л зөөлөн уян эелдэг болох шиг санагддаг... (“Ц.Дамдинсүрэн Бүрэн зохиол” I боть, Өмнөтгөл бичиж эрхлэн хэвлүүлсэн Д.Цэдэв, Уб, 1998, 494) гэх мэтээр эргэцүүлсэн байгаа нь уг хоёр бүтээлийн ижил төстэй шинжийг илтгээд зогсохгүй зохиолч Ц.Дамдинсүрэн эсээ бичиж байсныг нотлох юм. Харин нэгэн ялгаа байгаа нь уламжлалын хувьд Ц.Дамдинсүрэнгийн эсээ хууч ярианы шинжтэй нь анхаарал татна. “Сайхан хүүхэн” эсээг уншихад Ц.Дамдинсүрэн зохиолчийн өөрийнх нь олж тэмдэглэсэн хууч яриануудыг сануулам агаад ерөөсөө л хууч ярианы зохиомжоор бичигдсэн нь харагддаг билээ. 

Comments