Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110
жилийн ойд
Уран зохиол шинжээч Г.БАТСУУРЬ
Ардын
уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Төрийн
гурван удаагийн шагналт Ц.Дамдинсүрэн бээр нэгэн хэсэг “Үнэн” сонины эрхлэгчээр
ажилласан байдаг. Тэр тухайгаа намтартаа «1942 оны 5-р сарын 7-оос намын “Үнэн”
сонины эрхлэгчээр шилжиж Дэлхийн 2-р дайны турш ажиллав. 1942 онд Зөвлөлтийн
фронтод маршал Чойбалсангийн хамт бэлэг хүргэж очив. “Үнэн” сониноор дамжуулан
хуучин бичгийн хэлний найруулгыг засаж орчин үеийн ярианы хэлэнд ойртуулав.
Сонины ажлыг сайн хийв гэж одон медалиар ч шагнагдаж байлаа. Эрдэм шинжилгээний
ажил хийх хүсэлтээ илэрхийлж 1945 оны 11-р сарын 20-нд “Үнэн” сонины эрхлэгчийн
ажлаас халагдаж Шинжлэх ухааны хүрээлэнд очиж ажиллав» гэсэн байдаг. Түүний
“Үнэн” сониноор дамжуулан хуучин бичгийн хэлний найруулгыг засаж орчин үеийн
ярианы хэлэнд ойртуулав” гэж дурдсан ажил нь ихээхэн чухал зүйл байжээ. Тийн
бүхий үедээ сониндоо бодит явдлаас сэдэвлэсэн нэлээд бүтээл, нийтлэл тэмдэглэл
бичдэг байсны зарим нь уран зохиолын эгнээ үрүү шилжсэн бий. Тийн шилжих нь
уран чадварын хувьд харьцангуй сайн боловсорсон болохыг харуулдаг билээ.
Тухайлбал бодит явдлаас сэдэвлэсэн буюу ардын домог, хууч
ярианы уламжлалтай өгүүллэгүүдэд нь “Ламын рашаан” (1945), “Хоёр цагаан юм” (1945),
“Жороо морь” (1946), “Хув зусаг” (1949), “Өлзийтийн хээр” (1949), “Чөтгөр” (1964),
“Шарав Норов хоёр” (1964) зэрэг бүтээлүүдийг оруулан үзэж болно.
“Ламын рашаан” (1945) зохиолд лам Содномдорж, ард Жанцан
буюу Банзрагч, түүний эхнэр Лхамсүрэн, охин Должин болон мажгар Самбуу, хонин
Шарав нарын зэрэг дүрүүд дүрслэгдэнэ. “Ламын рашаан” зохиол «Архангай аймагт
нэг бүсгүй хүүхдэд үхээрийн буг оршиж гэнэ» гэж эхэлдэг, мөн зохиолын төгсгөлд
«Архангай аймгийн хуулийн байгууллага Цагдан сэргийлэхээс магадлан ирүүлж,
Содномдорж, Банзрагч, Лхамсүрэн нарыг 1945 оны 9-р сард хууль ёсоор хатуугаар
шийтгэжээ» гэсэн байдаг нь уг хэрэг явдлыг Архангай аймагт болсныг харуулдаг. Зохиолд
Жанцан нэрээр бусдыг хууран мэхэлсэн оргодол Банзрагч ард Лхамсүрэнтэй гэрлэн
түүний дагавар охин Должинг лам Содномдорж гэгчтэй хуйвалдан амийг нь
бүрэлгэсэн бодит хэргийн тухай өгүүлнэ. Уг хэргийн талаар сурвалжилж үзэхэд тэр
тухай мэдэх өндөр настан Гомбожавын Даваа эдүгээ Архангай аймгийн Цэцэрлэг
хотод амьдарч байна. Өндөр настан Мэнгэт Даваа буюу Гомбожавын Даваа гуай: “Тэр зохиолын гол дүр Жанцан нь бодит хүн,
Архангай аймгийн Хотонт хуучин Лүн сумын хүн, өөрөө лам юм уу бөө лүйжин
тавьдаг, ном уншдаг хүн байсан. Жанцан гэдэг нь хуурамч нэр бөгөөд жинхэнэ нэр
нь Банзрагч, хоч нь Эрэг. Эрэг Банзай, Эргээ Банзай нэрээр алдаршсан эрэг
духтай хөнхөрдүү нүдтэй цоохор хар хүн байсан, Эрэг Банзай шоронгоос оргоод
Лхамсүрэн гэж хүнтэй ханилж суужээ. Лхамсүрэнгийн дагавар хүүхэд нь Эрэг
Банзрагч хулгай хийж байна хэмээн ясан тоглоомоор тоглож байхыг нь Эргээ Банзай
сонсоод энэ хүүхдийг үгүй хийхгүй бол болохгүй нь гэж бодоод уг хэргийг үйлдсэн”
гэж байна. Мөн Г.Даваа гуай: “Эрэг
Банзрагч Лүн сумын захиргаанд нэг хэсэг ажилласан бөгөөд Лүн сумын тамгыг
хуурамчаар үйлдэн Өвөрхангай аймагт банз мод нийлүүлэх гэрээ хийж нэлээд
мөнгийг залилан авсан хэрэгтээ ял шийтгүүлсэн байна. Дарга нартай хамтдаа ярьж
сууж байгаад нүдийг нь хариулан тамгыг нь бяслаган дээр дарж улмаар тамгыг
дуурайлган сийлсэн байжээ. Энэ хэрэгтээ ял авсан ч шоронгоос оргож “Ламын
рашаан” зохиолд дүрслэгдэж буй хэргийг үйлдсэн ажээ. Хүүхдийн амь бүрэлгэсэн
учир 1945 оны 9-р сард шийтгүүлсэн. Шоронд 10 гаруй жилийн ял эдэлсэн бөгөөд
шоронд ялаа сайн хийж барилгын мастер хийж явсан. Шоронгоос гараад Өвөрхангай
аймгийн Хужиртын рашаан сувиллын байшинг бариулах ажилд оролцсон бөгөөд сүүлд
Хөнхөр гэдэг хүнтэй ханилан суусан, нэлээд засарсан, хэвийн амьдарч байгаад нас
барсан” гэж ярьж байна. Уг хэргийн талаар өндөр настан “Мэнгэт Даваа” буюу
Гомбожавын Г.Даваа гуайгаас 2014 оны 12-р сарын 20-ны Бямба гаригт гэрт нь очиж
яриулан бичлэг хийж авав. Г.Даваа гуай одоо 88 настай, 1930 онд төрсөн, морь жилтэй
хүн бөгөөд шүүхийн байгууллагад 1952 оноос эхлэн ажилласан, нэртэй хуульч,
шүүгч, өмгөөлөгч хүн юм.
Г.Даваа гуайн яриаг зохиолтой харьцуулж үзвэл олон
зүйлээр тохирч байна. Тухайлбал Банзрагчийн нэр хоч. Зохиолч Ц.Дамдинсүрэнгийн
“Ламын рашаан” өгүүллэгт «...Нөхөр Жадамбыг үхсэний намар урьд үл таних, эрэг
духтай цоохор Жанцан гэдэг хар хүнтэй танилцаж эр эм болж суув...» гэсэн байдаг
нь Г.Даваа гуайн ярьсан « Жанцан гэдэг нь
хуурамч нэр бөгөөд жинхэнэ нэр нь Банзрагч, хоч нь Эрэг. Эрэг Банзай, Эргээ Банзай
нэрээр алдаршсан эрэг духтай, хөнхөрдүү нүдтэй, цоохор, хар хүн байсан, Эрэг
Банзай шоронгоос оргоод Лхамсүрэн гэж хүнтэй ханилж суужээ» гэсэнтэй ижил
юм.
Гомбожавын Даваа. 2014 оны 12-р сар |
Эрэг Банзрагчийн хавтаст хэргийг Архангай аймгийн архиваас
сурвалжилахад улс төрийн хэргээс бусад хэргийн материалыг 60 жил хадгалаад
устгалд оруулдаг тул 1945 оны хавтаст хэрэг устгалд орсон гэсэн хариу өгч байв.
Ийнхүү бодит хэргээс сэдэвлэн зохиолч Ц.Дамдинсүрэн
“Үнэн” сонинд нийтлэл бичсэн нь хожим түүвэрт нь “Ламын рашаан” өгүүллэг нэрээр
хэвлэгдсэн байна. Гэхдээ зохиолч Ц.Дамдинсүрэн уг нийтлэлээ уран сайханжуулж,
мажгар Самбуу, Хонин Шарав зэрэг олон хүмүүсийн дүрүүдийг дүрсэлж, үйл явдаллаг
байдлаар зохиомжилжээ. Тухайн үеийн хөдөөх ардын амьдрал ахуйг урнаар
дүрслэхийн зэрэгцээгээр тэр үеийн хүмүүсийн бодол санаа, сүсэг бишрэл
тэргүүтнийг үнэмшилтэйгээр зураглан үзүүлсэн нь уг сонины бүтээлийг хожмоо уран
зохиолын төрөл зүйлд хамааруулжээ.
Ер нь Академич Ц.Дамдинсүрэн амьдралыг нарийн ажигладаг,
эргэцүүлдэг түүнийгээ энгүүнээр хүүрнэн бичиж аль болох хэвлүүлэхийг хичээдэг
байсан нь олон бүтээлүүдээс нь харагддаг. Бас нэгэн баримт гэвэл уран сайхны
зохиол гэхээсээ илүү мөн сонины нийтлэл ч юм уу, эсээ хэлбэрийн бүтээл гэж үзэж
болохуйц “Хув зусаг” гэдэг зохиол.
1949 онд бичсэн “Хув зусаг” өгүүллэгт малчин ардын мал
маллагааны арга ухаан, мал бүрийн онцлог, мөн чанарын талаар дүрслэн үзүүлсэн
нь сонирхолтой. Өөрийн биеэр мал маллаж байж л мэдэх дүрслэлүүд нэлээд
байгаагаас нь уг зохиолыг бодит явдлаас буюу зохиолч өөрөө мал маллаж байсан
туршлагаасаа санаа сэдлэг авч бичсэн болохыг нь төвөггүй мэдэж болно.
Тухайлбал: «...Хонийг эв найрамдалтай амьтан гэж хүн хэлдэг. Гэтэл хонины дотор
эв найрамдал байдаггүйг би мэдлээ. Зарим хонь бусад хонины идэх гэж байгаа
амттай ногоог булаан иднэ. Тэгээд морьдын хооронд байдагтай адил нөхөрсөг ёс
хонины хооронд байдаггүй юм. Морь бол ухаантай амьтан тул хүнд дасаж
нөхөрлөдгөөс гадна хоорондоо бас дасаж нөхөрлөдөг. Морьдын дотор найз нөхөд, энгийн
танил ба дайсан гэж байдаг. Хонины дотор тийм харилцаа байхгүй. Хонь хоорондоо
танилцах, нөхөрлөх гэж байдаггүй. Гэвч хааяа нэлээд ухвартай хонь дайралддаг
юм...» гэсэн нь зөвхөн мал маллаж үзсэн хүний л хийх дүрслэл юм.
Мөн «...Миний авга ахаас цагаан сарын бэлэгт өгсөн нэг
хув зусаг нэлээд ухаантай хонь байсан. Би хонь хариулж явахдаа түүнтэй
нөхөрлөдөг байлаа. Би, хув зусагаа дуудахад, тэр хонины сүргийн хаана ч байсан
над хүрч ирдэг, дуудаагүй байхад ч хүрч ирээд намайг дагаж явдаг байлаа..» гэсэн
зэрэг нь бодит дүрслэлүүд бөгөөд тухайн үед түймэр гарч хэрхэн мал сүйдсэн
тухай өгүүлж хээр гадаа явахдаа галаа хичээж байхыг ард нийтэд сануулсан
байдаг. Энэ мэтээр зохиолч Ц.Дамдинсүрэн болсон тохиолдсон хэрэг явдлыг уран
сайхны аргаар үйл явдаллаг байдлаар зохиомжлон ард олноо соён гэгээрүүлж байжээ.
2018.1.31
Comments