УЙДАШГҮЙ УЙТГАРТ БОВАРИ ХАТАГТАЙ БУЮУ ХҮҮРНЭЛ СИМФОНИ



“Хагацъя даа, гуниг минь
Сайн уу, гуниг минь...”

(П.Элуар “Зуурдын амьдрал”)

“...Эмма насан эцэслэв...”. Ингэх л ёстой байсан шиг, энэ хэсгийг л хүлээж шунан уншсан юм шиг дорой мэдрэмж эзэмдэнэ. Хэцүү. Санагдана. Гутна. Үүнээс хойших арван хуудсыг яагаад ч унших хүсэл төрдөггүй. Санаа алдахаас ч урт мэдрэмжийг өгөх анир алсын дуурьсалтай хөгжимлөг гуниг, нандин нууцлаг өгүүлэмж, бас тэгээд гүнээс гүн дэх Эммагийн орь дуу...
“Бовари хатагтай” романыг та уншсан уу? Энгийн асуулт байх л даа. Тэгвэл “Бовари хатагтай”-г та уншсан гэж боддог уу? Франц, англи, орос хэлээр харьцуулан уншиж, хавтай гэгч нь задлан шинжилж, ёстой л текстэн дундуур “зугаалсан” В.Набоковын лекцийг уншсаныхаа дараа би лав аль алинд нь үгүй гэж хариулмаар санагдсан шүү. Дахин цоо шинээр унших шиг л нүд нээсэн.
Арваад жилийн өмнө дунд сургуулийн уран зохиолын багштайгаа Н.В.Го́голь “Амьгүй албатууд” хэмээх үргэлжилсэн үгийн зохиолоо яагаад поэма гэж тодорхойлсон, түүнийг манайд мөн яагаад найраглал гээд орчуулчихсан тухай ярилцан хоёул эргэлзэн зогссон тэр мөч “Бовари хатагтай”-н лекцийг уншихад нэхэн дурсагдлаа. Учир нь:
Н.В.Го́голь “Амьгүй албатууд”-аа найраглал гэж нэрлэсэн; Флоберын роман ч үргэлжилсэн үгээр бичсэн найраглал, гэхдээ илүү сайн бүтээсэн, илүү нягт бөгөөд нарийн торгон өвөрмөц барилтай” гэж бичжээ. Г.Флобер ч өөрийн нэгэн захидалдаа:
“Үргэлжилсэн үгийн зохиолын жинхэнэ өгүүлбэр чухам сайн шүлэг шиг байх ёстой; мөнөөх л үл өөрчлөгдөх чанар, мөнөөх л хэм хэмнэл болоод эгшиглэн”
“Их хэцүү юм. Хүнд бүлэг. Харилцан яриа юм уу, үйл явдалд би номын бүх баатруудыг оруулсан, тэгээд... тэр бүгдийг орчны байдлын өргөн зураглалаар хүрээлсэн. Хэрвээ болох юм бол нэг тийм найрал хөгжимөрхүү юм гарна... Номонд симфонийг гаргаж үзүүлж болдог бол энд энэ нь маргаангүй байх болно. Бүх юм нийтийн дуу шуугиантай холилдох ёстой. Бухны мөөрөөн, дурлалын санаа алдалт, дарга нарын үгийг нэгэн зэрэг сонсох хэрэгтэй; бүх юмнаас нарны гэрэл цацарч, том том малгайн хүрээнүүд үе үе хөдлөх салхинд дэрвэнэ”
Үүнийг харин В.Набоков “Энд зөвхөн харилцан ярианы сүлжилдээн болон сөрөгцүүллүүдээр л драматизмыг гаргаж байна... Флобергүйгээр Францад М.Прүст, Ирландад Ж.Жойс ч байхгүй байх сан. Чехов Орост яг ч Чехов биш байх байлаа” гэж өгүүлэмжийн зэрэгцсэн олон дуу хоолойн бичлэгийн аргыг нь онцлон дэлхийн уран зохиолд оруулсан нөлөөг тодруулсан байх жишээтэй.  Энэ мэтээр “Бовари хатагтай” дахь дүрслэлийн “давхар бялуу”-ны арга, өгүүлэмжийн зэрэгцсэн дуу хоолойнууд, бүтцийн шилжилт, морьдын сэдэв, фройдын онолтой холбогдох хэсгүүд, цэгтэй таслал бүхий өгүүлбэрийн найруулгууд гээд хорхой хүрэм өгүүлсэн амтат зүйлсийг уншигч танаа нууцлан үлдээх нь зүй болов уу.     
 “Хөгжим” хэмээх үгийн “хөг гэдэг нь дуурьсахуй/дуурьсал, жим гэдэг нь зам/харгуй гэсэн утгатай” гэж тайлбарласан байдаг. Тэгэхээр хөг-жим гэх нийлмэл үгийг дуурьсахуйн харгуй гэж ухаарч болох нь ээ. Г.Флоберын үгсийн харгуйгаар хүүрнэл симфони дуурьсаж байна. Хайр нэхэж, харуусал нэрэх уйдашгүй уйтгарт Эмма, духаараа харах ухаалаг уншигч-зохиолч В.Набоков ч мөн тэнд байнам.
Х.Чойдогжамц

Comments