АМЬД ДУУ ХООЛОЙ



“Утга зохиолын судлал шинжлэл” цувралаар Наум Яковлевич Берковскийн XIX зууны эхний хагасын өрнөдийн уран зохиолын лекц танд хүрч байна. Наум Берковскийн утга зохиол судлал шинжлэлийн ажлаа 1920-иод оны сүүлчээс эхэлжээ. Мэдээж эхэн үедээ цаг үеийнхээ хувьсгалт уранзохиолын тухай судлал шинжлэлийн бүтээлээ бичсэн төдийгүй тэр үеийнхээ онолч нь байсан аж. 1930 онд “Цаг үеийн утга зохиол” гэсэн өгүүлэлийн түүврээ хэвлүүлсэн. Ер нь гучаад оноос Зөвлөлтийн утга зохиолын сэдвээс холдож эхэлжээ. Энэ нь түүний туурвисан бүтээлээс аяндаа харагддаг. “Өрнөдийн реализмын эхэн үеийн хэлбэрүүд буюу хувьсал” гэсэн том бүтээлээ 1936 онд хэвлүүлсэн. Мөн Шекспир болон Сервантесийн уран бүтээлийн тухай цуврал зураглал, өгүүллүүдээ бичжээ.
Жараад оноос судалгаа шинжилгээний сэдэв нь Чехов байв. “Чехов үргэлжилсэн үгээс жүжигт” гэх мэт бүтээлүүд туурвисан. Чеховын уран бүтээлийг судалж эхэлсэн нь яваандаа театрын сэдэв рүү хөтөлжээ. Тэрээр “Тайров болон камерын театр” (1962), “Станиславский ба Театрын гоозүй”, эртний театрын тухай “Драмын театр ба хөгжмийн сүнс сүлд” зэрэг нэгэн сэдэвт бүтээл бичсэн.
Берковскийн амьдралынхаа сүүлийн жилүүдэд бичсэн нэг сэдэвт бүтээл бол “Германы романтизм” юм. Энэ бол Оросын эрдэм судлалын Германы романтизмийн сэдэвт анхны суурь судалгаа юм. Харин бидний орчуулан хэвлүүлж буй энэ ном маань түүний Багшийн дээд сургуульд уншсан амьд яриа юм. Академич Ц.Дамдинсүрэн гуай МУИС-д багшаар ажиллаж байхдаа уншсан лекцээс “Монголын уран зохиолын тойм” бүрдсэн шиг Берковскийн энэ ном түүний шавь В.Гитин, В.Зайцева нарын бичсэн тэмдэглэлээр бүрджээ. Түүний энэ лекц өнөөдөр л бидэнд ярьж байгаа амьд дуу хоолой шиг санагдана.
Урьдчилан хэлэхэд манай “Утга зохиолын судлал шинжлэл” цувралаар түүний “Английн романтизм”, “Францын романтизм” номууд хэвлэгдэх болно.


О.Содномпил


Comments