1 курсдээ хийж байсан өгүүллэг задлалын минь бие даалт. Бүтээлчээр суралцвал хэрэгmэй хүндээ өчүүхэн ч гэсэн тус болох болов уу гэж бодлоо. Гэхдээ энэ л зарчмаар задлана гэсэн үг биш бөгөөд өөр өөрсдийнхөөрөө шинэ задлал, сонирхолтой тайлбарыг нээцгээсү. Энэ өгүүллэгийг уншаад Ж.Лхагва гуайн зохиолын нэрийг зээлдэн блогоо нэрлэснийг минь ойлгох биз ээ.
“Бүдэгхэн одны гэгээ”
/Өгүүллэг/
Цаад өрөөнд сонин уншиж суутал ээж дуудлаа. Би уншиж байсан зүйлдээ баахан хоргодож:
-Юу вэ? гэсээр шагайвал ээж зурагт руу чимээгүйхэн заалаа. Хэсэг ажилчдад одон гардуулах ёслолын нэвтрүүлэг ажээ. Би учрыг нь үл ойлгон ижий рүү харвал:
-Таньж байна уу? гэж дүд мадгүй юм асуув. Надад таних хүн алга. Үнэнээ хэлбэл ээж:
-Та нар ч анхнаасаа таниагүй улсаа[h1] . . . гэснээ яагаав Долог! гэхэд нь сэтгэлийн мухарт гээгдэж,аль хэдүйнээ мартагдсан нэгэн бүсгүйн дүр хаврын ногоо цухуйх адил [h2] нүднээ хэнзлэн ургаж ирлээ.
* * *
Зайсангийн гүүр барьж байсан цаг. Би оюутан байлаа. Аав гүүрний манаач хийх. Гүүрний ч гэж дээ,барилгын материал[h3] хардаг байсан юм санж уу даа.
Би гадаадад сурдаг,зуныхаа амралтаар ирчихээд
бас энэ барилга дээр юухан хээхэн хийдэг байлаа л даа.
бас энэ барилга дээр юухан хээхэн хийдэг байлаа л даа.
Долог гэж бөндийсөн улаан хацартай жоохон охин байх. Хацар нь л бөндгөр болохоос биш турьгүй амьтаан. Дамнуурган тэвш дамжилж явааг нь анх харахад хаахна очоод нуруу нь хуга үсрэх бол гэж бодмоор. Бор гарынх нь хэдэн богино хуруу хүрзний иш атгаж хүрмээргүй.[h4] [h5] Тэгсэн мөртлөө ямар гэж санана. Нэг ажил дээр хамт тавигдчихвал ганц суниах зав өгөлгүй ёстой нэг сунгаж өгнө дөө.[h6]
Материалаар суучихсан ч юм уу, бороо шороотой гээд ажил багатай байвал “Одоо юу хийхэв” гээд бригад[h7] ын даргыг ч зүгээр суулгахгүй. Цаадах нь заримдаа уцаарлаад “Үгүй, чи ямар тийрэн шиг амьтан бэ ” [h8] гэж суудагсан. Тиймийг нь далимдуулаад хүн болгон зарах дуртай. Тэр болгонд Долог огт уцаарлахгүй хийж өгнө. Бүр зарах юм олдохгүй бол тамхиа хүртэл ороолгуулна гээч! Юу ч хэлж байсан уурланаа нэг байхгүй. Зарим нэг марзандуу нь:
-Долог чи ер нь ажил сайтай хөөрхөн хүүхэн юмаа. Би чамтай сууна байгаа даа гэж цаашлуулахад толгой дохиод л инээмсэглэж явна.
-Хүүеэ, зөвшөөрч байна. Бас горьдовоо. Хэн чамтай суудаг юм бэ гэж арзалзахад нь бас л тэнэг юм шиг [h9] инээж явдагсан.
“Энэ жаахан солиотой байхаа” гэж охид шоолно.”Эм хүн биш ажлын луус” гэж харцуул дооглоно.[h10] Тэр ч байтугай бүр давраад гар хөлийн үзүүрт зарах гэхдээ:
-Долоог, Долог гэж албаар “Гөлөөг, гөлөг” гэсэн аялгаар дуудахад нь[h11] огт юм санахгүй “Аан” гэсээр гүйж ирнэ.
Барилгачид өдөр тогоо тогоогоор цай[h12] чанаж, цаасанд боосон хуушуур[h13] , тарган мах гаргаж тас тас хөхрөн цайлахад Долог хэдэн боорцог гаргаж сэнжтэй ногоон аягаараа нэг цай хийж аваад хүн хүнийг нөгөө л тав зургаахан боорцгоороо дайлна. [h14] Түүнээс нь хэн идэх вэ дээ, “Баярлалаа, баярлалаа өглөгийн эзэн минь, лусын дагина минь”[h15] гэж бас л дооглоно. Хүн түүнийг юм идэж уу гэвэл “за” гэж уриалгахан нь аргагүй очоод ганц хэрчмийг ч юмуу, амсах төдий аваад завсарлага дуусах яагаа ч үгүй байхад ажилдаа гарна.
Ажилчдыг цайлж дууусах хооронд зуурмагийн тэвшийг хайргаар дүүргэж, өрлөгчний нийвийг угааж, хүний өөрийн хүрз зээтүү хямгадаж, шуудайтай цемент[h16] ойртуулан, тоосго шохой дөхүүлнэ.[h17] Долог гэж ийм нэг охин байв даа. Ээж л түүнийг магтаж дуудаж даллаж, өмнөөс нь хүн амьтантай ам муруйж хүртэл явдагсан.
Нэг удаа Долог шуудайнд модны зомгол хийж үүрээд явах гэхэд “Дамжилж хүргэж өг” гэж ээж загнаад би албан шаалтаар явж билээ. Хамт сурдаг хүүхдүүд харчих вий гэхээс би их л ичиж явсан. Тэгсэн хэрнээ ам хуурайгүй шулганан явах Дологийн яриа надад сонин байлаа. Ярьсан болгоныг үл санана. Киноны гэрэл цохьсон хальс мэт [h18] дуртгалын туузыг эргүүлж нэгэн үзвэл тэр ярианаас ийм л юм үлджээ.
“Аавын бие муудаад “түргэн” дуудаж эмнэлэг рүү явахад би явалцсан юм. Манай хотын зах руу ямар замтай билээ дээ, чи юу андахав, сэгсчүүлж гарлаа даа хөөрхий. Би ч тэр үед ааваа өрөвдөөд л донслох болгонд нь яс хугарч байгаа юм шиг[h19] сэтгэл хөндүүрлэж явсан даа. Аав минь ч эмнэлэгт очоод л өнгөрчихсөн. Тэгэхэд хэрэв би манайхаас эмнэлэг хүртэл засмалтай басан бол аав минь амьд байх юм шиг [h20] санасан. Одоо ч гэсэн яагаад ч юм бэ бүү мэд тэр бодлоо орхидоггүй ээ. Энэ л намайг хөтөлсөөр зам барихад оруулсан байх гэж би боддог. Зам засах буянтай ажил гэж ээж минь ч намайг дэмжсэн. Хүний байтугай малын хөлд гишгэгдэх нэг чулууг зайлуулах нь эрх маань уншихаас дээр гэж эмээ минь ч ярьдаг байсан. Энэ бүхэн л намайг энд авчирсан байх л даа. Би энэ хотын засмалыг ганц алхам ч болсон нэмэгдээсэй,одоо хийж байгаагаасаа ганц төө ч болов илүү хийхсэн гэж л адгадаг,хүн тэр бүрий ойлгохгүй юмаа. Намайг ингэж л адгаж байхад тавьж байгаа замын нойтон бетон[h21] ыг ганц алхмын цаагуур тойроод гарчихаа залхуурч палийсан хар мөрөө үлдээгээд явдаг хүмүүст би үнэнээсээ уурладагаа.
Зам бол хотын нүүр царай. Зам сэвтэнэ гэдэг чинь энгэсэг тавьсан хацар дээр сорви хийсэнтэй л адилхан [h22] шүү дээ. Би бетон зуурч байгаагаа нийслэл хотынхоо царайг гоодож байгаагаар боддог шүү”.
[h23] Ингэж ярихыг нь сонсоод би Дологийг цоо шинээр гайхан харж,харин ч өөрийгөө чамлан,тийм их юм мэддэг,тийм их юм боддог хүнтэй юу ч дамжлаад хаа ч явсан ичмээргүй,тэр ч байтугай бахархмаар санагдаж билээ.
* * *
Зурагтын дэлгэцнээ алтан гадас одон гардан авч байгаа энэ эмэгтэйг Долог гэж би танилаа. Ээж ч бүр өөрөө шагнуулсан юм шиг [h24] л баярлаж:
-Ийм хүн одон авалгүй яахав,баатар ч болно доо. Би ч Дологийгоо хол явах хүн гэдгийг эртний мэдэж байсан юм л даа гээд над руу харахад түрүүнээс хойш чимээгүй суусан эхнэр минь хажуугаас оролцож:
-Өчнөөн жил гавьяа байгуулталаа зүтгэсэн юм бол хуруундаа ганц гархи аваад зүүчихээ яагаав даа хэмээн намжирдав.
Би дуугарсангүй. Хэрэв дуугарсан бол “Алтан гарыг алтаар чимээд яахав[h25] ,бүдэгхэн одны гэгээг олж харахад билгийн хараа хэрэгтэй ажээ” гэж хэлэх байсан даа.[h26]
“Задлал”
o Үүдэл санаа:
Тодорхой нэг зохиол бүтээлийн үндэс үүсгэл бөгөөд уран бүтээлчийн сэтгэл санаанд урган бий болох анхны бодол санаа, зохиолын тухай санаашрал гэж хэлж болно.
Тодорхой цаг үе, нийгмийн орчин нөхцөл нь тод тусгагдсан зохиолын үүдэл санааг бага ч гэсэн тодорхойлж болох ч зохиогчтой нь уулзаж туурвисан түүхий нь мэдэхээс нааш боломжгүй зүйл. Ямар ч зүйлийг харж, бодож байгаад хэдий хугацаанд юун тухай бичих санаа төрсөн нь зохиолчийн хувийн архивт л хадгалаастай. Энэ өгүүлэг ч ялгаагүй, бүр зохиолын үйл явдалтай холбоогүй тэс хөндлөгийн зүйлээс санаа үүдэж, түүнээсээ ургуулан сэдсэн байж ч болох шүү дээ.
o Сэдэв:
Зохиолчоос ямар нэгэн зохиол бичихээр сонгож авсан бөгөөд тухайн бичигдэх зохиолын бүхий л утга санаа, өгүүлэгдэхүүн, дүр, агуулга, хэрэг явдлын үндсэн чиглэлийг төлөвлөн тодорхойлогч хүчин зүйл.
“Бүдэгхэн одны гэгээ” өгүүллэгийн нэр сэдвээ тодорхой хэмжээгээр хадгалжээ. Чухамдаа бид хамгийн өнгөлөг, тод гялалзаж буй одыг л “миний од”, “гоё од”, “хамгийн тод” гэж “мэдэмхийрэн” ярьцгаадаг. Ер нь “бүдэг одны” тухай дурсдаг хүн байдаг юм уу? Яг үнэндээ асар хол зайд оршиж байгаа ч гэсэн, бүдэгхээн гэгээ гаргаж байгаа ч гэсэн “мөнөөх гялалзагч” оддын дэргэд татаж ирээд харвал ямар ихээр ялгарах болоо. . .
Зохиолч энэ асуудлыг л хөндөх гэсэн бөгөөд Долог гэх бүсгүйг гол баатраа болгон авч, нэгэн барилгын газар олон ажилчин залуусын дунд үйл явдлыг өрнүүлж, зохиолын эхлэл төгсгөл нь одоо болж байгаа үйл явдлаар хашсан холбоостой /ээж, хүү, бэр гурав/ , гол хэсэг нь эргэн дурсаж байгаагаар өрнөнө гэх мэт тойм төлөвлөгөө маягийн хараахан уран сайхны бүтээл болж биежээгүй уран бүтээлчийн оюун санаанд товлогдоод байгаа зүйл юм.
o Утга:
Зохиол бүтэж бүрэлдсэний илэрхийлэл бөгөөд сэдвийг тодорхой өгүүлэгдэхүүн болгож, тэрхүү уран дүрслэлээрээ уншигчдад ойлголт болгож хүргэх төвлөрсөн санааг хэлнэ.
Зохиолын утгыг уран сайхан чанараар бүрэн гаргаж чадсан тохиолдолд тэр зохиолын үнэ цэнэ нэмэгдэж уншигч, судлаачдын анхаарлыг татдаг. Өгүүллэгийн сэдэв маань бүдэгхэн одны гэгээний тухай буюу “нэргүй баатар” ч гэж хэлж болох хүмүүсийн тухай, тэдний санаа бодол, хэрэг зоригийг тодруулан гаргах байсан билээ. Харин сэдэв маань агуулгажин боловсорсоор Долог хэмээх гол баатрыг тойрсон үйл явдлуудын нарийн уялдаа холбоогоор өрнөсөөр нэгдсэн гол утгыг бүрдүүлжээ. Ерөөс бид орчин тойрондоо болж байгаа хамгийн энгийн зүйлийг ч анзаардаггүй юм биш үү. Хүн өөрийгөө ч гүйцэд таниагүй байдаг гэдэг билээ. Хамт ажиллаж, нэг тогооноос хоол идэж явсан ч гадна талаас нь л харж, гадна талаас нь харьцаж, өнгөн дүгнэлт хийсээр тэрийгээ өөрсдөө ч мэдэлгүй он цагийг өнгөрүүлдэг. Чухамдаа зохиолд эхнэр нь “өчнөөн жил гавьяа байгуулталаа зүтгэсэн юм бол хуруундаа ганц гархи аваад зүүчихээ яагаав” гэхэд нөхөр нь “Алтан гарыг алтаар чимээд яахав” гэж хэлдэг. Алтаар чимэшгүй алтан гартай хүн гэдгийг нь хожим хойно хөдөлмөрөө үнэнүүлэн шагнал гардан авч байгаа үед нь л ухаарч байна. Уг нь хүнийг дотоод сэтгэлийн талаас нь, бүдэгхэн ч гэсэн гэрэл гэгээг нь олж харахад хэцүү зүйл биш. Гагцхүү олж харахад билгийн хараа хэрэгтэй гэдгийг ч зохиолч утгадаа нэгтгэн хэлжээ.
o Агуулга ба хэлбэр:
Зохиолд тодорхой агуулгыг илэрхийлэхийн тулд ямар нэг хэлбэрийг бүтээн бий болгодог. Уншигчдад гоо сайхны таашаал, амьдралын юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдүүлж, ойлгуулахад агуулга илрэн гарах бөгөөд гол нь тодорхой дүр зураг, хэрэг явдлуудыг бодитой үнэн мэтээр хүртээхэд хэлбэр чухал үүрэгтэй.
Ямар ч зохиолыг аваад үзсэн бүхэлдээ нэг гол утга агуулгад холбогдон хэлхэгдсэн байдаг. Тиймээс дан агуулга, дан хэлбэрийн талаар сэтгэшгүй бөгөөд үл салах харьцаанд нь тайлбарлах нь зөв. Уншигчид энэ өгүүллэгийг уншаад нээрээл бид чинь юмыг хэтэрхий өнгөн талаас нь ажиглаж дүгнэдэг, түүнийгээ өөрсдөө ч тоохгүй улам дордуулж, амин мөн чанарыг нь орхигдуулдагаа ухаардаггүй юм байна шүү гэсэн ойлголт /агуулга/ төрнө. Энэ ойлголтоо харин барилгын газар ажиллаж байгаа Долог хэмээх бүсгүй, түүнтэй хамт ажиллагч залуусын хандлага, үйл хөдлөл, зан ааш, мөн манаачын хүү гэх залуутай /өгүүлэгч баатартай-би ингэж нэрлэв/ чин сэтгэлийн яриа өрнүүлэн алхаж байгаа, зохиолын эхэнд ээж нь хүүгээ зориуд дуудаж шагнал авч байгаа Дологийг харуулж байгаа, бэрийнх нь хэлж байгаа үг, төгсгөлд нь залуугийн эхнэртээ хэлэх үгээ ”өөртөө” хэлж байгаа зэрэг дүр зургуудаар /хэлбэрээр/ дамжуулан улам илүү мэдэрдэг. Жишээ нь:
“ . . .Хүн түүнийг юм идэж уу гэвэл “за” гэж уриалгахан нь аргагүй очоод ганц хэрчмийг ч юмуу, амсах төдий аваад завсарлага дуусах яагаа ч үгүй байхад ажилдаа гарна. Ажилчдыг цайлж дууусах хооронд зуурмагийн тэвшийг хайргаар дүүргэж, өрлөгчний нийвийг угааж, хүний өөрийн хүрз зээтүү хямгадаж, шуудайтай цемент ойртуулан, тоосго шохой дөхүүлнэ. . .” гэсэн хэсгийн дүр зураг нүднээ шууд харагдаж байна. Улмаар түүний ажилч хичээнгүй, хар буруу санаагүй, хурдан шаламгай хөдөлгөөнтэй магадгүй жаахан “хэнхэг” ч гэх юмуу олон янзын ойлголтыг уншигч авна.
Зохиолын хэл:
Нийгэмжсэн хувь бодгалийн аж амьдралын гүн гүнзгий утга учир,жам зүйг уран сайхны цогц дүрээр илэрхийлж,түүнийгээ уншигчдын оюун сэтгэхүйд хүргэхэд үндэсний хэлний бүх баялаг,хамаг боломж сэлтийг уран яруу дүрслэлд хэрэглэсэн үг яриаг уран зохиолын хэл гэдэг. Энэ ойлголтонд үгийн утга,хэмжээ,зохиомж байгууламжийн нийтлэг чанарыг хамааруулж ойлгох ёстой.
ü Утга шилжүүлэх ёс:
Үг, өгүүлбэр, хэллэгийг шууд биш шилжсэн утгаар нь хэрэглэхийг хэлэх бөгөөд мэдэгдэхгүй байгаа юмс, үзэгдлийг төстэй шинжээр нь жишин танихад тусална.
“. . . Нэг ажил дээр хамт тавигдчихвал ганц суниах зав өгөлгүй, ёстой нэг сунгаж өгнө дөө . . .” энэ өгүүлбэрт сунгах гэдэг үндсэн утгаар нь биш ажил ажил гэж адгасаар хамаг тамир тэнхээг минь шавхаж, ядрааж туйлдуулна гэсэн утгаар хэрэглэжээ.
“. . . Алтан гарыг алтаар чимээд яахав . . .” гэхэд “алтан гар” гэснийг мөн үндсэн утгаар нь биш ажилч хичээнгүй, хөдөлмөрч шургуу зантай, алив юманд чин сэтгэлээсээ өөриймсөг ханддаг бүтээлч хүнийг алтны үнэ цэнэтэй адилтгаж улмаар ”алтан гар” гэж утга шилжүүлжээ.
v Зүйрлэл:
Утга шилшүүлэх ёсны нэг хэлбэр бөгөөд нийтлэг төсөөтэй шинж бүхий хоёр юм үзэгдэл, ойлголтыг хооронд нь жишин нэгний нь уран сайхны онцлогийг ялгаруулан тодруулдаг арга.
“. . . Түүний ярьсан болгоныг үл санана. Киноны гэрэл цохьсон хальс мэт дуртгалын туузыг эргүүлж нэг үзвэл. . .”
“. . . цаадах нь заримдаа уцаарлаад “Үгүй, чи ямар тийрэн шиг амьтан бэ” гэж суудагсан . . . ”
“. . . Би ч тэр үед аавыгаа өрөвдөөд л донслох болгонд нь яс хугарч байгаа юм шиг сэтгэл хөндүүрлэж явсан даа . . .”
“. . . Хэрэв манайхаас эмнэлэг хүртэл засмалтай байсан бол аав минь амьд байх юм шиг санасан. . .”
“. . . Хэн чамтай суудаг юм бэ гэж арзалзахад нь бас л тэнэг юм шиг инээж явдагсан. . .”
“. . . Ээж бүр өөрөө шагнуулсан юм шиг л баярлаж . . .”
v Адилтгал:
Төрлийн нэг зүйлийг зүйлд юмуу, зүйлийг төрөлд эсвэл өөр зүйлийг төрөлд гэхчилэн адил төсөө талаар нь ижилсүүлэн дүрслэх арга.
“. . . Яагаав Долог гэхэд нь сэтгэлийн мухарт гээгдэж, аль хэдүйнээ мартагдсан нэгэн бүсгүйн дүр хаврын ногоо цухуйх адил нүднээ хэнзлэн ургаж ирлээ. . .”
“. . . Зам бол хотын нүүр царай. Зам сэвтэнэ гэдэг чинь энгэсэг тавьсан хацар дээр сорви хийсэнтэй л адилхан. . . ”
“. . . Би бетон зуурч байгаагаа нийслэл хотынхоо царайг гоодож байгаагаар боддог шүү”
v Егөөдөл:
Юм үзэгдлийн аль нэг шинжийг шууд утгаар бус харин бүр эсрэгээр сөргүүлэн гаргаж, тэдгээрийн хооронд агуулагдаж байгаа зөрчлийн эрчмийг ихэсгэх уран сайхны шоглолын арга.
“. . . Гар хөлийн үзүүрт зарах гэхдээ “Долоог, Долог” гэж албаар “Гөлөөг, гөлөг” гэсэн аялгаар дуудна. . .”
“. . . Түүнээс нь хэн идэх вэ? “Баярлалаа, баярлалаа өглөгийн эзэн минь, лусын дагина минь” гэж бас л дооглоно. . .”
v Багасгал:
Үйл явдлын шинж байдлыг ихэсгэн хэтрүүлэх биш багасган хэтрүүлсэн уран сайхны дүрслэлийн арга.
“. . .Дамнуурган тэвш дамжилж явааг нь харахад хаахна очоод нуруу нь хуга үсэрдэг бол гэж бодмоор. . .”
“. . .Бор гарынх нь хэдэн богино хуруу хүрзний иш атгаж хүрмээргүй. . .” энд Дологийн турь муутай, бие багатай, гаднаас нь харахад тун ч хэврэгхэн байхаар шинжийг нь товойлгон багасган хэтрүүлжээ.
v Тойруулал:
Утга шилжүүлэн дүрслэх арга бөгөөд бодит байдлын юм үзэгдлийг шууд ба далд/битүү/ утгаар, өөр үгээр орлуулан дам илэрхийлэх арга.
“. . . -Та нар ч анхнаасаа таниагүй улсаа. . .” гэж байгаа нь огт таниагүй биш гадна талаас нь өнгөц дүгнэж, жинхэнэ сайн талыг/хол явах хүн гэдгийг/ нь олж хараагүй шүү гэж тойруулан хэлжээ.
· Өгүүлбэр зүйн ур маяг:
Зохиол бүтээл туурвихдаа үг хэллэгийг хэл зүйн хууль дүрмийн дагуу ерийн байдлаар хэрэглэхээс гадна зохиолыг уран яруу болгохын үүднээс зориуд өөрчлөн ашигладаг үг хэлний дүрслэх бололцоог хэлэх бөгөөд өгүүлбэрийн тусламжтай тодорно.
· Өгүүлбэр зүйн сөргүүлэл:
Хоёр үзэгдлийг өгүүлбэрийн төстэй байгуулалтаар нь, гэхдээ адил төстэй талаар нь биш ялгаатай талаар нь зэрэгцүүлэн жиших арга.
“. . . Барилгачид өдөр тогоо тогоогоор цай чанаж, цаасанд боосон хуушуур, тарган мах гаргаж тас тас хөхрөн цайлахад Долог хэдэн боорцог гаргаж сэнжтэй ногоон аягаараа нэг цай хийж аваад хүн хүнийг нөгөө л тав зургаахан боорцгоороо дайлна. . .”
· Өгүүлбэр зүйн зэрэгцүүлэл:
Утга чанар, шинж байдлаараа төстэй хоёр үзэгдлийг битүүгээр жишин, өгүүлбэрийн төстэй байгуулалтаар илэрхийлэх.
“. . .”Энэ жаахан солиотой байхаа” гэж охид шоолно. “Эм хүн биш ажлын луус гэж” гэж харцуул дооглоно. . .”
v Зохиолын үгийн сан:
Үг хэлээр бүтэж бүрддэг уран зохиол нь хэлний нийт үгийн сангийн бүрэлдэхүүнд тулгуурладаг. Зохиолын дотор үнэн бодит байдлын элдэв юм, үзэгдэл, хүний аж төрлийг уран яруугаар дүрслэх гол нөхцөл нь үгийг зөв сонгож аваад хамгийн оновчтой байранд нь олж тавих явдал юм.
v Ойролцоо утгат үг:
Дуудлагаараа ялгаатай боловч нэгэн ойлголтыг тэмдэглэж, утгын талаар ижил буюу төстэй байхын хамт өөр хоорондоо маш нарийн утгын ялгаатай үгс.
“. . . Ажилчдыг цайлж дуусах хооронд зуурмагийн тэвшийг хайргаар дүүргэж, өрлөгчний нийвийг угааж, хүний өөрийн хүрз зээтүү хямгадаж, шуудайтай цемент ойртуулан, тоосго шохой дөхүүлнэ. . .” энэ өгүүлбэрт Дологийн ажилд хичээнгүй, түргэн шаламгай, хөдөлмөрч шинжийг олон зүйлээр зэрэгцүүлэн тоочихдоо “дүүргэж”, “угааж”, “хямгадаж”, “ойртуулан”, “дөхүүлнэ” гэсэн ойролцоо утгатай үгсийг чадамгай хэрэглэжээ. Түүний хийдэг үйлүүдийг нэг үгээр давтан нуршихаас зайлсхийсэн бөгөөд уг үгс тус бүрдээ оносон байр эзэлсэн тул ойролцоо утгатай гээд солин найруулж болохгүй нь үг бүрийн утгын нарийн ялгааг харуулж байна.
v Гадаад үг хэллэг:
Хэлний хөгжлийн тодорхой шатанд гадаад хэлнээс зээлдэн авсан буюу ер нь тухайн хэлэнд огт байдаггүй боловч уран зохиолд тодорхой үүрэг зорилгоор хэрэглэсэн үг хэллэг.
“. . . Материалаар суучихсан ч юмуу бороо шороотой гээд ажил багатай байвал “Одоо юу хийхэв” гээд бригадын даргыг ч зүгээр суулгахгүй . . . ”
“. . .Би бетон зуурч байгаагаа нийслэл хотынхоо царайг гоодож байгаагаар боддог шүү. . .”
Дээрх өгүүлбэрүүдэд “материал”/хэрэглэгдэхүүн, эд/, “бетон”/элс,цемент,хайргын холимог буюу зуурмаг/, “бригад”/баг,бүлгэм/ гэсэн орос үгсийг хэрэглэсэн байна. Хэлний мэргэжлийн биш зарим хүн эдгээрийг/ялангуяа “материал”/ монгол үг ч гэж бодож магадгүй. Манай хэлэнд нэвтрээд хүмүүс хэрэглээд хэвшчихсэн, идээшчихсэн үгийг тэр байдлаар нь хэрэглэх нь уншигчдад илүү ойр тусах, утгыг гүйцэт ялгаруулахад түлхэц болдог тал бий. Барилгын эд, хэрэглэгдэхүүний дэлгүүр гэхээс барилгын материалын дэлгүүр гэсэн нь санаанд ч, нүдэнд ч дасал болчихож.
Ø Зохиолын зохиомж:
Бодит байдлаар нөхцөлдсөн, зохиолчийн ертөнцийг үзэх үзэл, уран бүтээлийн арга, үзэл санаа, гоо зүйн зорилготой уялдаж байдаг уран зохиолын төрөл болгонд их өвөрмөц байдлаар илэрдэг тийм зүйл бөгөөд зохиолд гарч байгаа зан төрх, хэв шинж, ер нь уран сайхны дүрийн бүтэц байгууллыг нээн гаргах арга хэрэгслийн амьд тогтолцоо.
Ø Хүүрнэл:
Зохиолч өөрөө юмуу, өгүүлэгчийн хэл яриагаар зохиолын үйл хөдөлгөөний дэс дарааг гаргахыг хэлнэ. Хүүрнэлийг дотор нь 3-р биеэс өгүүлэх, 1-р биеэс өгүүлэх, ярианы хэлбэрээр өгүүлэх, “би” баатрын өмнөөс өгүүлэх гэх мэтээр хуваан үздэг.
Ж.Лхагва “Бүдэгхэн одны гэгээ” өгүүллэгийн хүүрнэлийн хэлбэр бол үйл явдалд оролцсон, үзсэн хүний үг хэлээр буюу “би” баатрын/уянгын баатар/ өмнөөс өгүүлэх юм. Зохиолыг хөтлөн өгүүлж байгаа энэ залуу бол зохиолч өөрөө ч байж болох. Нэр нь үл мэдэгдэх залуу өөрийн яриагаар өөрт урьд тохиолдож байсан амьдралынхаа нэгэн үеийн тухай эргэн дурсаж, өргөн шугамаар өгүүлсээр дуусдаг. Чухамдаа “би” уянгын баатар, зохиолч хоёрыг нэгдэн нийлсэн байдаг гэж ойлгох нь зүйтэй юм шиг.
Ø Тодорхойлол:
Зохиолын баатрын зан төрхийн онцлог шинж байдлыг тэр баатрын өөрийнх нь үг хэлээр илэрхийлж гаргасан байхыг хэлнэ.
“. . . . Одоо ч гэсэн яагаад ч юм бэ бүү мэд тэр бодлоо орхидоггүй ээ. Энэ л намайг хөтөлсөөр зам барихад оруулсан байх гэж би боддог. Зам засах буянтай ажил гэж ээж минь ч намайг дэмжсэн. Хүний байтугай малын хөлд гишгэгдэх нэг чулууг зайлуулах нь эрх маань уншихаас дээр гэж эмээ минь ч ярьдаг байсан. Энэ бүхэн л намайг энд авчирсан байх л даа. Би энэ хотын засмалыг ганц алхам ч болсон нэмэгдээсэй,одоо хийж байгаагаасаа ганц төө ч болов илүү хийхсэн гэж л адгадаг,хүн тэр бүрий ойлгохгүй юмаа. Намайг ингэж л адгаж байхад тавьж байгаа замын нойтон бетоныг ганц алхмын цаагуур тойроод гарчихаа залхуурч палийсан хар мөрөө үлдээгээд явдаг хүмүүст би үнэнээсээ уурладагаа. Зам бол хотын нүүр царай. Зам сэвтэнэ гэдэг чинь энгэсэг тавьсан хацар дээр сорви хийсэнтэй л адилхан шүү дээ. Би бетон зуурч байгаагаа нийслэл хотынхоо царайг гоодож байгаагаар боддог шүү. . .” энэ ярианаас Долог хэмээх бүсгүйн дотоод сэтгэлийн жинхэнэ мөн чанар, үзэл бодол, зан аашийн төлөв хандлага илрэн гарч байгаа бөгөөд яагаад ажлын төлөө ингэж хэнхэглэн зүтгэдэг, ямар учраас, юунд хөтлөгөөд ингэж яваа зэрэг олон асуултын хариу өөрийнх нь ярианаас тайлагдан гарч байна.
Ø Хөрөг дүр:
Баатрын зүс царай, хэлбэр галбир, намба төрх, үйлдэл хөдөлгөөн, өвөрмөц зан ааш, сэтгэл санааны байдал гэх мэт амьд хүний шинж тэмдгүүдийг бүрдүүлэгч хүчин зүйл, зураглан гаргах арга.
“. . . Долог гэж бөндийсөн улаан хацартай жоохон охин байх. Хацар нь л бөндгөр болохоос биш турьгүй амьтаан. Дамнуурган тэвш дамжилж явааг нь анх харахад хаахна очоод нуруу нь хуга үсрэх бол гэж бодмоор. Бор гарынх нь хэдэн богино хуруу хүрзний иш атгаж хүрмээргүй. Тэгсэн мөртлөө ямар гэж санана. Нэг ажил дээр хамт тавигдчихвал ганц суниах зав өгөлгүй ёстой нэг сунгаж өгнө дөө. . .” эндээс уншигчдад Долог гэж охины ерөнхий дүр төрх, бие нь бага турь муутай боловч ажил хийхдээ хэнийг ч дагуулахгүй хөдөлмөрч охин гэсэн ойлголтыг авч байна. Гэвч энэ бол зохиолын эхэнд л гарч байгаа зураглал. Угаас зохиомжийн зүйлс нэг дор төвлөрөн юмуу, дараалан угсран ордоггүй. Зайлшгүй тодруулах шаардлагатай хэсгүүдэд тархан байрласан байдаг. Жишээ нь Дологийн зан аашийг улам тодруулахын тулд:
“. . . Материалаар суучихсан ч юм уу, бороо шороотой гээд ажил багатай байвал “Одоо юу хийхэв” гээд бригадын даргыг ч зүгээр суулгахгүй. Цаадах нь заримдаа уцаарлаад “Үгүй, чи ямар тийрэн шиг амьтан бэ ” гэж суудагсан. Тиймийг нь далимдуулаад хүн болгон зарах дуртай. Тэр болгонд Долог огт уцаарлахгүй хийж өгнө. Бүр зарах юм олдохгүй бол тамхиа хүртэл ороолгуулна гээч! Юу ч хэлж байсан уурланаа нэг байхгүй. . .” энэ өгүүлбэрээ улам лавшруулж:
“. . . Тэр ч байтугай бүр давраад гар хөлийн үзүүрт зарах гэхдээ:
-Долоог, Долог гэж албаар “Гөлөөг, гөлөг” гэсэн аялгаар дуудахад нь огт юм санахгүй “Аан” гэсээр гүйж ирнэ. . . ” гэж оруулж өгснөөр Долог гэж нээрээ л элдэв муу зангүй, хар буруу санаагүй, ажил хөдөлмөрийн амт шимтийг үнэн голоосоо мэдэрсэн, улам их зүйлийг хийж бүтээхийн оргилуун хүсэлтэй хүн болохыг илхэнээ харуулж өгчээ. Үүнийг дараах өгүүлбэр улам ч бататгана.
“. . . Хүн түүнийг юм идэж уу гэвэл “за” гэж уриалгахан нь аргагүй очоод ганц хэрчмийг ч юмуу, амсах төдий аваад завсарлага дуусах яагаа ч үгүй байхад ажилдаа гарна. Ажилчдыг цайлж дууусах хооронд зуурмагийн тэвшийг хайргаар дүүргэж, өрлөгчний нийвийг угааж, хүний өөрийн хүрз зээтүү хямгадаж, шуудайтай цемент ойртуулан, тоосго шохой дөхүүлнэ. . .”
Ø Харилцан яриа:
Зохиолд хоёр ба түүнээс дээш баатрын хоорондын яриагаар тэдгээрийн зан төрх, амьдралын нөхцөл байдлыг илрүүлэн гаргасынг хэлнэ.
Уг зохиолд харилцан яриаг өвөрмөц байдлаар хэрэглэсэн.
“. . .Зарим нэг марзандуу нь:
-Долог чи ер нь ажил сайтай хөөрхөн хүүхэн юмаа. Би чамтай сууна байгаа даа гэж цаашлуулахад толгой дохиод л инээмсэглэж явна.
-Хүүеэ, зөвшөөрч байна. Бас горьдовоо. Хэн чамтай суудаг юм бэ гэж арзалзахад нь бас л тэнэг юм шиг инээж явдагсан.
“Энэ жаахан солиотой байхаа” гэж охид шоолно.”Эм хүн биш ажлын луус” гэж харцуул дооглоно. . .” гэсэн хамт ажилладаг залуусын харилцан яриа нь гол баатар Дологийн чухам ямар хүн гэдгийг тодорхой хэмжээгээр илэрхийлэхийн зэрэгцээ хамт ажиллагч залуусын өнгөн хийсвэр бодол, буруу ойлголтыг давхар дэлгэн үзүүлж чаджээ.
Мөн зохиолын төгсгөлд Дологийн гавьяа шагнал авч байгааг ээж нь хүүдээ бахархан ярьж, урьдын явдлыг сөхөн хол явах охин гэдгий нь эртнээс мэдэж байсан юм гээд хүү рүүгээ харахад бэр нь гэнэт ярианд оролцож:
“. . .-Өчнөөн жил гавьяа байгуулталаа зүтгэсэн юм бол хуруундаа ганц гархи аваад зүүчихгүй яагаав дээ. . .” гэж намжирддаг. Зөвхөн энэ ганц өгүүлбэрээс энэ эхнэрийн зан ааш, санаа бодол, аливаа зүйлд хэрхэн ханддаг зэргийг тодорхой мэдэж болохоор байна.
Ø Уран дүр:
Уран сайхны дүр нь зөвхөн хүний сэтгэл оюунд урлагийн бүтээлээр дамжин амьдардаг үлэмж хийсвэр ойлголт бөгөөд гагцүү сэтгэл санаанд бодитой хүртэгддэг, мэдрэгдэг дүр. Шинэ ертөнц , үзэгдлийг бүтээж бүрдүүлэхийн хамт бодит байдлыг тусгадаг учраас үгийн ид шидээр бүтсэн сэтгэлийн дүр гэж үзэж болно.
Би сонгож авсан өгүүллэгээ зарим нэг хүнд уншуулж үзэхэд Дологийн дүрийг их сонин болсон гэх бөгөөд бас эхэндээ сайн ойлгохгүй байсан ч уншиж дуусаад их өрөвдөж, нээрээ л аавынхаа төлөө ажлын хойноос зүтгэхгүй яахав дээ гэх мэтийн зүйлийг ярьж байсан юм. Уран дүр бүтсэнээр уншигчдад танихгүй мөртлөө танил мэт тийм нэг шинэ ертөнц, хүмүүсийн дунд орж амьдрал хийгээдөөрийгөө төгөлдөр таних боломж олддог билээ. энэ өгүүллэгийг уншаад би ч гэсэн нээрээл бүдэг одны тухай ярьдаг хүн байдаггүй юм байна, бүдэг одны гэгээг олж харахад, Дологийн дотроо бодож явсан тэр их гэрэл гэгээтэй бодлыг ойлгоход билгийн хараа хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгосон. Гэхдээ шууд л ойлгохчихоогүй. Анхандаа Дологийг яах гэж ажлын төлөө амь хайргүй “тэнэг” юм шиг зүтгэдэг амьтан бэ гэсэн бодол төрсөн. Түүний тухай увайгүй залуусын ярьж байгаа яриа хүртэл надад энэ лав гол баатар биш гэсэн бодлыг төрүүлж байлаа. Магадгүй энэ гол баатраа өөгүй юм шиг магтдаг зохиолуудаас өвөрмөц болсонтой холбоотой байх. Улмаар Дологийн өөрийн чин сэтгэлэсээ уудлан өгүүлсэн яриаг сонсоод өмнөх бодол тэс өөрөөр эргэж, Дологийг дахин өөр нүдээр харах болсон. Хожим нь шагнал аваад өөрийнхөө хөдөлмөрийг үнэнүүлэн зогсоо Дологийг хараад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Төгс төгөлдөр гэж хэлэхгүй ч энд уран дүрийг тодорхой хэмжээгээр урлаж чадсан гэж бодож байна.
Ø Уран санаа:
Би бодохдоо зохиолд шогч залуусын егөөдөн байгаа “Долоог, Долог” гэж “Гөлөөг, Гөлөг” гэсэн аялгаар дуудаж байгаа нь зохиолчийн бодож олсон уран санаа юм. Магадгүй баатрынхаа нэрийг өөрөөр өгчихсөн байж байгаад “Гөлөөг, Гөлөг” гэсэн юм болгоны түрүүнд юу ч бодолгүй гүйгээд гөлгийг дуудах нь баатрынх нь зүгээр сууж чаддаггүй ажлын хойноос махран зүтгэдэг зангаар нь залуус байнга дуудан зарж байдагтай адил санагдаж Долог гэсэн нэрийг бодож олсон байх. Энэ ч зохиолд дүрийг тодруулахад чухал үүрэг нөлөө үзүүлж байна.
Ø Уран сайхны үнэн:
Зарим нэг хүмүүст уран зохиол зохиомол мэт санагддаг. Амьдралын бодит үнэнтэй нийлэхгүй байна, үүгээрээ юу үзүүлэх гээд байгаа юм бэ гэсэн нүсэр асуултууд тавьдаг. Яг үнэндээ амьдралын бодит үнэн гээд байгаа зүйл нь жинхэнэ мөн чанарыг нээж яагаад ч чаддаггүй. Зохион бодохуйн хүчээр л хүн бүр олж харж, мэдэрч, хүртэж чадаагүй байсан зүйлээ нээн илрүүлдэг. Аль аль нь гарцааүгй үнэн. Нэг нь бодитой байгаа, нөгөө нь болсон, болж байгаа, болж болох үнэн юм.
“Хуурсан нь хуураагүйгээс үнэн, хуурагдсан нь хуурагдаагүйгээсээ цэцэн” гэсэн мэргэн үгийн адил уран сайхны үнэнд итгэж, уран сайхны аргаар нээсэн амьдралын нөхцөл баримтад итгэсэн, ойлгож мэдэрсэн хүн ямагт “илүү” байдаг байна. “Бүдэгхэн одны гэгээ” өгүүлэгт өгүүлэгдэж байгаа зүйлийг ч гэсэн худлаа гэх үндэсгүй юм. Харин ч бидний мэддэг мөртлөө, биеэр үзэж туулсан мөртлөө тунгаан бодож, эргэцүүлэн дүгнэж чадаагүй, магадгүй чадсан мөртлөө “нууж”, ил гаргаж хэлээгүй/амьдрал угаас сонин зүйлээр дүүрэн/ тийм үнэнийг бүр үнэний үнэн болгоод, илчлээд дэлгэн харуулсан байдаг.
Зохиолын явдал:
Өгүүлэгдэхүүний үндэс бөгөөд зохиолын ерөнхий хар зураг төдий тусгаар тусгаар хэрэг явдлуудын холбоо юм. Эдгээр явдлууд өөр хоорондоо хэлхэлдэн нийлж утга учиртай, зөрчил тэмцэлтэй хөдөлгөөний урсгал болохоороо өгүүлэгдэхүүн болно. Өгүүлэгдэхүүнээс тойм, бүдүүвч шинжээрээ ялгарна.
“Бүдэгхэн одны гэгээ” өгүүллэгийн явдлыг тодохойлохын өмнө нэгэн зүйдийг дурьдмаар санагдлаа. Ж.Лхагва зохиолчийн сор гэж болох “Сарны шороо”, “Уулзалт”, “Арван долоотой байхад”, “Эмээгүй зуны эхэн” “Хайрын зурвас” зэрэг өгүүлэгүүд нь бүгд өмнө болсон зүйлээ эргэн дурссан, зохиолд өгүүлэгдэж буй зүйлтэй чухал холбоотой үйл явдлыг нэхэн санагалзсан хэсэг зохиолынх нь гол хэсэг болж байна. Зарим үед өгүүлэгүүд нь Ж.Лхагва зохиолчийн яг өөрт нь тохиолдсон явдал, өөрийнх нь бага насны амьдрал л гараад байх шиг бодогдсон. Эндээс би Ж.Лхагва зохиолчийг жинхэнэ зохиолч хүнд байх ёстой юмыг асар гярхай ажиглаж, нарийн мэдэрч тусгаж аваад, түүнийгээ илэрхийлж гаргах тал дээр авьяаслаг нэгэн байсан гэж дүгнэхээр шийдсэн ч . . .
Энэ зөвхөн авьяасны ачаар бий болоогүйг ойлгосон. Ж.Лхагва зохиолчийн өгүүллэг “хөөрхөн” болдог учир нь санаагаа олчихоод түүнийгээ боловсруулах, зохиолд хамгийн ойр тусах, уншигчдад сэтгэлд нь илүүтэй унах баримт, үйл явдлыг сонгон авч нэгтгэж чаддаг байсанд л оршиж байх шиг. Өөрөөр хэлбэл зохиолынхоо “явдлыг” сайн тавьж өгснөөр өгүүлэгдэхүүн сайхан болж, зохиомж уран болоход хүргэдэг байна. “Бүдэгхэн одны гэгээ” өгүүллэгээ ч нэгэн залуугийн өнгөрсөн амьдралдаа уулзаж хамт ажиллаж байсан бүсгүйг нэхэн санагалзах хэлбэр сонгон авсан нь ч тохиолдлын биш юмаа.
Найруулга:
Зохиолч бүрт өвөрмөц байдлаар төлөвшин бүрэлдсэн дахин давтагдашгүй онцлог шинж бөгөөд бүтээл туурвилын явцад уран бүтээлч өөрөө олж авдаг өвөрмөц арга барил, хувийн туршлага өвөрмөц нээлт шинэчлэлийн давтагдашгүй онцлог.
Ж.Лхагва зохиолчийн өгүүллэгийг “хөөрхөн” бас “амттай” гэж дурьдсан билээ. түүний бичсэн өгүүлэгүүдийн зарим уянгалаг тод дүрслэлтэй хэсгийг уншихад л дорхноо цээжлэгдчихдэг увидастай. Жишээ нь бидний сайн мэдэх “Хайрын зурвас” өггүллэгийн эхэнг санацгаая,
“Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй. Босон суувч нэхэн дагасаар билээ. . .” яруу найргийн мөр шиг л сонсогдож байна. Богинохон мөртлөө хурц тод дүрслэл, ая дангий нь тааруулсан энгийн юм шиг хэрнээ эгэлгүй сонин үйл явдлуудтай, уншсан хүнд ухаарал гэгээрэл хайрлахаар гүн бодрол, санаашрал, омогшил гээд хүний сэтгэлийн бүх л нандин сэжүүрийг хоромхон зуурт дэнслүүлэн хөдөлгөж чаддаг зохиолч. Ж.Лхагва гуайн ихэнх өгүүллэгийг би эссэ-өгүүллэг гэж хэлмээр байгаа юм. Учир нь зүгээр нэг сэтгэл хөдөлгөөд, баяр бахдал, гуниг харуусал төрүүлээд өнгөрөх биш цаанаа нэг ухаарал авмаар. . . Би хоосон магтаад байгаа юм биш. Үнэхээр гайхамшигтай туурвин бүтээх аьяастай, өвөрмөц өөрийн гэсэн арга барилтай зохиолч байсныг “ . . . Ж.Лхагвын жижигхэн өгүүллэгүүдийн жижигхэн нь дэлхий шиг том. . .” гэсэн Д.Урианхай гуайн хэлнээс бэлхэнээ харж болно. Энэ мэт олон зүйлийг ярьж болох ч өөрийнх нь өгүүллэгүүдийн өвөрмөц найруулгын жишээг л харцгаая.
“. . . Бөөдэйг морио хазаарлан авахад би цулбуурыг нь дагуулан хуйваа явуулсаар өөрийг нь уургалан авна. Түүний халуун бие сайхан инээд хуйваар дамжин ирэхэд би уургаа алдах шахдагсан. . . ” /Арван долоотой байхад/
“. . . Бид хоёр тийнхүү пийшин налан зогсоход гар минь атгаастай, бүр хөлөрчихсөн байдаг сан. Бид хоёрын хэн нь эхэлж хэнийхээ гарт хүрснийг бас мэдэхгүй, хоёр гар л өөд өөдөөсөө явсан, тэр нь бидний хүсэл биш гарын хийсэн ажил мэт санагддаг байлаа. Ямар ч байсан тэр хоёр жаалхан гар бидний мэдэхгүйг мэдэж, ярихгүйг ярьдаг байж дээ. . . ”/Уулзалт/
“. . . –Хэрэггүй ээжээ. Гамингийн шээсээр монгол малгайг бузарлаж болохгүй. Монгол шороонд ч үүнийг хүргэж болохгүй. Цасан дээр хөлдөж, нохой шувууны хоол болно биз. Урилгагүй зочин үдүүлэхгүй буцдаг. . . . Би үүнийг гэдсэнд байхад алж чадах байсан. Хаднаас үсрээд хамтдаа үхэж ч болох байсан. Гагцхүү гамингийн зулбадастай нэг шороонд хэвтэхгүй гэж бодоод дайснаа гарч ирэхээр нүдээрээ харж гараар устгах гэж арван сар отож хүлээсэн . . . ”/Хонзон/
Өгүүлэгдэхүүн
Зохиол гарч байгаа хэв шинж зан төрхийн үр, түүнийг гаргах арга хэрэгсэл түүнчлэн тэр зохиолын баатруудын хоорондын харьцаа зөрчил, уран сайхны үйл хөдөлгөөний цогц.
Эхлэл:
Эхлэл нь өгүүлэгдэхүүнд шууд хамааралгүй байдаг учраас зохиолын зохиомжоос шалгаалж хаана ч байрлаж болно. Тусгай эхлэлгүй зохиол ч байдаг. Эл өгүүллэгийг тусгай эхлэлгүй гэж хэлж болохоор байгаа юм. Цаад өрөөнд сонин уншиж суутал ээж нь дуудаж зурагтаар шагнал авч байгаа бүсгүйг үзүүлж байгаагаар зохиол эхлэж байгаа боловч энэ хэсэг шууд зангилааг үүсгэж байна.
Зангилаа:
Өгүүлэгдэхүүний эхлэл хэсгийг залган хөгжүүлж, улмаар зөрчил үүсгэн, үйл явдал өрнөх шалтгаан болдог. Энэ өгүүллэгт :
“Цаад өрөөнд сонин уншиж суутал ээж дуудлаа. Би уншиж байсан зүйлдээ баахан хоргодож:
-Юу вэ? гэсээр шагайвал ээж зурагт руу чимээгүйхэн заалаа. Хэсэг ажилчдад одон гардуулах ёслолын нэвтрүүлэг ажээ. Би учрыг нь үл ойлгон ижий рүү харвал:
-Таньж байна уу? гэж дүд мадгүй юм асуув. Надад таних хүн алга. Үнэнээ хэлбэл ээж:
-Та нар ч анхнаасаа таниагүй улсаа . . . гэснээ яагаав Долог! гэхэд нь сэтгэлийн мухарт гээгдэж,аль хэдүйнээ мартагдсан нэгэн бүсгүйн дүр хаврын ногоо цухуйх адил нүднээ хэнзлэн ургаж ирлээ. . .” эндээс л зохиолын цаашдын хувь заяаны асуудал шийдэгдэх өрнөлтйн шалтгаан/зөрчил/ бий болж байна.
Өрнөл:
Зангилааны учир зүйг олохын тулд өрнөж буй зохиолын хамгийн чөлөөтэй хэсэг буюу зөрчил тэмцэл өрнөн хөгжих гол талбар юм. Зохиолд ээжийгээ хэлэнгүүт санаанд нь ургаж буй бүсгүйн тухай эргэн дурсаж, аав нь барилгын/гүүр барьж байсан/ манаач хийдэг, өөрөө амралтаараа ирж ажилладаг бөгөөд Долог гэж жоохон охин мөн ажилладаг тухай гарна.
Долог гэж бие нь бага мөртлөө бэлчээр нь том охин ажлын төлөө төрсөн юм шиг л юм болгоны түрүүнд гүйж байдгийг нь хамт ажиллагч нөхөд нь байтугай бригадын дарга нь гайхаж заримдаа тэсэхгүй уцаарлан сууна. Зүгээр сууж чаддаггүй занг нь нөхөд нь цаг үргэлж шоолон элдвээр ёжлон хэлэлцэх боловч энэ бүхэнд хумын төдий ч юм санахгүй зүгээр инээж л явдаг. Хар буруу санаагүй, хүний өөрийн гэж ялгаварлахгүй өмнөөс нь хийх зүйлий нь хийж, тусалж байдаг “сонин” гэмээр нөхдийнх нь тодорхойлсноор “солиотой” гэмээр охины тухай өгүүлнэ. Уншигчид энэ үйл явдлуудад хөтлөгдөн явахдаа Долог гэж нээрээ яасан сонин хүн бэ, яагаад ингээд байдаг юм бол ч гэдэг юмуу магадгүй Долог гэдэг чинь яг сайн талын баатар мөн юмуу гэх ч эргэлзээ зарим мэргэн уншигчид төрж болох. Энд өрнөлийн хэсэг үүргээ сайн гүйцэтгэж, олон зүйл тодорхой мэдэгдэж өгөхгүй ээдэрч зовооно. Энэ нь улам хурц үйл явдал, сонирхол татах хэсэг байгааг илтгэнэ.
Туйл:
Өгүүлэгдэхүүний зүйлсээс хамгийн сэтгэл хөдөлгөсөн хэсэг бөгөөд зөрчил тэмцэл өрнөн хөгжсөөр цаашидүргэлжлэх аргагүй болтлоо дээд цэгтээ хүрсэн явдал юм. Зохиолд өгүүлэгч баатар/би ингэж нэрлэв/ маань гол баатар Дологтой нэг удаа шуудайтай юм дамжлан хүргэхээр хамт явах болдог. Мэдээж залуугийн хувьд “ийм хүнтэй”/гадна талаасаа/ цуг явахаасаа ичиж байсан ч Дологийн чин сэтгэлийн дотно ярианд өөрийн эрхгүй хөтлөгддөг. “Аавы маань бие муудаад түргэн дуудаж эмнэлэг рүү явсан. Хотын захын заманд сэгсчүүлж гарахад аавыгаа өрөвдөөд л донслох болгонд нь яс хугарч байгаа юм шиг эмзэглэж явсан. Аавыгаа эмнэлэгт очоод л өнгөрөхөд засмалтай замаар явсан бол өдийд амьд байх юм шиг санагдасан. Одоо ч гэсэн энэ бодлоо яагаад ч юм орхилгүй явсаар энэ ч намайг зам засах ажилд хөтөлсөн байх лдаа. Хүний байтугай малын хөлд гишгэгдэх нэг чулууг зайлуулах нь эрх маань уншихаас дээр гэж эмээ минь ч ярьдаг байсан. Энэ бүхэн л намайг энд авчирсан байх л даа. Би энэ хотын засмалыг ганц алхам ч болсон нэмэгдээсэй,одоо хийж байгаагаасаа ганц төө ч болов илүү хийхсэн гэж л адгадаг,хүн тэр бүрий ойлгохгүй юмаа.” Энэ яриа хамт яваа залууг ч уншигчдын ч сэтгэлийг хөвсөлзүүлэн хөтлөн хөтөлсөөр өмнөх бүх үйл явдлыг эргэн санаж одоо өөрийнх нь ярьж байгаатай харьцуулан маш гүнзгий тусган авч эргэцүүлэн дүгэнэхэд хүргэн хурцаар өрнөж байна.
Тайлал:
Зохиолын туйл хэрхэн шийдвэрлэгдэж байгаа хэсэг бөгөөд зангилаатай шууд хамааралтай байдаг. “Бүдэгхэн одны гэгээ” өгүүллэгт тайлалыг маш урнаар хийж өгсөн. Зохиолын гол бүрдэл эргэн дурссан хэсэг дуусч залуугийн ээж өөрөө шагнуулсан юм шиг баярлаж, Дологийг магтан, хүүгээ зэмлэх маягтай харахад бэр нь хөндлөнгөөс оролцож:
-Өчнөөн жил гавьяа байгуулталаа зүтгэсэн юм бол хуруундаа ганц гархи аваад зүүчихгүй яагаав дээ. . .” гэж намжирна. Хариуд нь нөхөр нь юу ч дуугардаггүй. Хэрвээ дуугарсан бол “Алтан гарыг алтаар чимээд яахав,бүдэгхэн одны гэгээг олж харахад билгийн хараа хэрэгтэй ажээ” гэж хэлэх байсан даа хэмээн өөртөө хэлж байгаагаар маш уран тайлж өгчээ. Хэрвээ эхнэртээ ингэж хэлсэн бол тэр хоёрын хооронд юу болох байсныг төсөөлөхөд эвгүйхэн дүр зураг гарах байх. Яагаад гэвэл эхнэр ч тэр, залуу ч тэр ялгаагүй юмыг өнгөц тусгаж хөнгөн ойлгоцгоосон учраас л тэр шүү дээ. Би д ч мөн ялгаагүй . . .
µ Дүгнэлт:
µ Дүгнэлт:
Ж.Лхагва зохиолчийг өгүүллэгийг задлахдаа би сайн талаас нь дандаа харж шинжлэхийг хичээсэн билээ. Шүүмжилж үнэлгээ өгөх чадвар одоохондоо надад байхгүй биз. Дунд сургуулийн багшийнхаа зөвлөгөөг дагаж Ж.Лхагва зохиолчийг их уншдаг байсан маань энэ өгүүллэгийг сонгоход нөлөөлсөн. Өгүүлэг задлах гэдэг бас л амаргүй ажил юм. Олон ном харьцуулан үзэж “гайгүй шиг” юм хийхийг оролдсон ч задалж чадалгүй дутуу орхисон зүйл бас өчнөөн байна. Улам их зүйл уншиж, судлах хэрэгтэй байгаагаа ямар “түүхий” байгаагаа мэдсэн. Өөрийгөө ингэж “зовоож” суухдаа Ж.Лхагва зохиолчийн авьяас эрдмээр бахархаж байснаа хэлэхийн сацуу арай л эрт буцаж дээ гэсэн харууслаа нуух юун. Дүгнэж хэлэхэд Ж.Лхагва зохиолчийн өгүүллэгүүд маш энгийн өгүүлэмжтэй, богинохон, цогц утга санааг илэрхийлсэн, баримт нотолгоо, уран дүрслэл, хэл найруулгын хувьд маш өвөрмөц. Энгийн юмнаас уншигчдад их юмыг ойлгуулдаг. Хүн ер нь хамгийн энгийн зүйлийг анзаардаггүй гэдэг билээ. Тэгтэл юм багаас эхэлдэг гэдэг. Энэ тухай Д.Урианхай гуай шилмэл өгүүллэгий нь өмнөтгөлд :
“. . . Хамгийн энгийн, хамгийн ойлгомжтой, хамгийн ил хэрнээ уншигчаас ганцхан бэрхтэй юм шаардана. “Нуусан юм”-аа буюу ариунаа ойлгохыг шаардана. Хүнээс хамгийн хэцүүг шаардаж байгаагаараа энэ ном ойлгоход хамгийн хэцүү, хамгийн хүнд, том ном ч байж мэднэ. . . .” гэжээ.
Ашигласан номнууд:
ü Д.Галбаатар “Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь” 2002
ü Г.Галбаяр “Уран зохиол шинжлэлийн лекц” 2002
ü С.Дулам, Ц.Хасбаатар “Уран зохиолын онолын үүд” 1980
ü М.Гаадамба “Утга зохиолын онолын товч” 1958
ü “Монголын уран зохиолын дээжис 46-р боть Ж.Лхагва”
ü “Ж.Лхагва зохиолчийг дурсахуй” өгүүлэл Ж.Оюунцэцэг.
ü “Жагдалын Лхагва ах минь жаахан яаруухан буцсан даа” өгүүлэл МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Чинзориг
Comments