БАС НЭГ ШҮҮДЭРЦЭЦЭГ БУЮУ ЭРЭЭЧИХ ДОН


Уран зохиол шинжээч Г.БАТСУУРЬ
  
Жил бүр Чингисийн ч билүү, Сүхбаатарын ч билүү талбайд зохион байгуулагдах болсон номын худалдаан дээр зохиолч бүр нэг нэг даавуун сүүдрэвчин дор сууж номоо гарын үсэгтэйгээр борлуулдаг юм байна. Гэтэл зохион байгуулалтаасаа ч юм уу, эсвэл хэтэвчний хэмжээнээсээ ч болдог юм уу манай том зохиолчидтой Шүүдэрцэцэг, хоёр Сарантуяа мэтийн доод түвшнийхэн зэрэгцэж буюу өөдөөс нь харж суугаад номоо зарж байгаа нь нэн сэжигтэй харагдах...
Зүй нь тэр Шүүдэрцэцэг, Б.Сарантуяа мэтийн хар массынхан (массовая), нийтийн утга зохиолынхныг (паралитература) үүд хавиар суулгаж, харин Д.Энхболд, До.Цэнджав, Т.Бум-Эрдэнэ.., гээд гайгүй зохиолчид, Г.Аким, Ж.Нэргүй, Б.Баясгалан, Ж.Тэгшзаяа.., гээд гайгүй ажил хийсэн буюу хийж байгаа орчуулагчдаа хоймор тал болон хоёр талын дээд жигүүрээр ялган суулгаж байхгүй бол хөл, толгой нь мэдэгдэхээ байлаа.
Ер нь номын дэлгүүрт ч гэсэн С.Эрдэнэ, П.Пүрэвсүрэн, Д.Нямсүрэн, Гүрж.Нямдорж, С.Пүрэв, Д.Норов, Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Д.Батбаяр, Г.Аюурзана.., гээд том зохиолч, найрагчдынхаа бүтээлүүдийг дээд талын тавиуруудад тавьж харин Шүүдэрцэцэг, Согоонцэцэг, Бадрангуй хоёр Сарантуяа.., мэтийн хар массынхны номуудыг хөлийн тавиурт тавьж байхгүй бол энгийн нүдээр их л олон зохиолчтой мэт харагдах болов. Хамгийн ойрын жишээ гэхэд Москвагийн номын дэлгүүрүүдэд Ф.Достоевский хамгийн дээд тавиурт, Д.Донцова хамгийн доод тавиурт байдаг нь тогтсон жишиг шүү дээ. Ф.Достоевский, Д.Донцова гэснээс Оросын нэрт шүүмжлэгч Л.П.Быковоос бизнесменүүдтэй хийсэн нэгэн уулзалтан дээр «Дарья Донцоваг орчин цагт Фёдор Достоевскийгоос хавьгүй их хэвлэдэг бас уншдаг болжээ. Достоевский Донцова хоёрын ялгаа нь юундаа байгаа юм бэ?» гэж асуужээ. Л.П.Быков «Нээрээ тийм байна. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд л Д.Донцовагийн бүтээлүүдийг 142 удаа хэвлэжээ. Үүнтэй харьцуулахад Достоевскийг хэвлэсэн хэвлэлийн газруудын тоо хаана нь ч хүрэхгүй л дээ. Харин ялгаа нь юундаа вэ гэвэл адал явдлын цуврал бичдэг Б.Акунинд “Ганихралд тустай эм” гэж нэг зохиол байх юм билээ. Түүн шиг Донцоваг “ганихралд тустай эм”, харин Достоевскийг “амьдралд тустай эм” гэж нэрлэвэл зохилтой» гэж хариулсан тухай доктор Ц.Магсар бичсэн байдаг. Дэлхий дахинд классик буюу сонгодог утга зохиол, дээд утга зохиол (высокая литература) буюу нарийн төвөгтэй жинхэнэ уран сайхны өндөр төвшинд бичигдсэн уран зохиол, хар бүдүүлэг утга зохиол (тривиальная), нийтийн утга зохиол (паралитература) буюу доод төвшний утга зохиол, хөнгөн хээнцэр зохиол (беллетристика) зэргийг ялган зааглах оролдлогууд хийгдэж дуусаж дундаршгүй маргаан дагуулсаар байгаа бөгөөд манай уран зохиол ч тэрхүү маргаанаас хоцрох учиргүй. Ер нь хар массын зугааг гаргагчид өөрсдийгөө хүлээн зөвшөөрөөд мөнгөө хөөвөл хаа хаанаа амар баймаар. Тэгэхгүйгээс зохиолчидтой, эрээчигчид холилдоод болохгүй байгааг яалтай...

Гэнэт л бурхнаар бөөлжлөө гэдэг шиг уран зохиолын аугаа их авьяас нь гэнэт тодорч даруй даруйгаар “Тасдаж үл болох сарнай” өгүүллэгийн түүвэр, “Алганы хээ” 2 дэвтэр роман хэвлүүлсэн нэгэн эрхэм бол Б.Эрхэмбаяр гэгч. Түүний бичсэн гэх “Тасдаж үл болох сарнай” өгүүллэгийн түүвэр нь 13,2 хэвлэлийн хуудас бүхий 26 өгүүллэгээс бүрдэж байгаа бөгөөд өнөөх л массын эмэгтэйчүүдийн чиглэлийнхэнд зонхилдог тулга тойрсон ховоос үл хэтрэх сэдвүүд хөвөрнө. Тодруулбал “Мөнхийн залуу нас” өгүүллэгт үргэлжид залуугаараа байх гэсэн, амрагтаа хаягдсан бүсгүйг, “Удмын судар” өгүүллэгт эцэг өвгөдөөс өвлөж ирсэн судрыг ээждээ хэлэлгүйгээр авч Хятадын шунахай наймаачинд худалдсан увайгүй хүүг, “Бүсгүй заяа” өгүүллэгт нэг хүүхэнтэй ээлжлэн явалдаад хуурч одсон хоёр залууг, “Амьдрал чамайг уучлахгүй ээ” өгүүллэгт бүсгүйтэй явалдаад гомдоож одсон бас л нэг залууг, “Наймаа” өгүүллэгт монгол хүүхэнтэй суугаад хажуугаар нь өөр хүүхэнтэй явалдагч гадны залууг, “Үд дундын романс” өгүүллэгт Бадрал, Төмөр гэх нэг хүүхэнтэй явалддаг хоёр залууг, “Ховсдогч” өгүүллэгт хүүхэнтэй явалдагч Санчир гэдэг залууг, “Сонголт” өгүүллэгт бас нэг хүүхэнтэй явалдан хүүхэдтэй болгоод орхин одсон Жаргал гэдэг залууг.., гэх мэтээр толгой дараалан бөгс бөөрний явдлаа эрээчсэн байгаа нь хар массын уран зохиолд нэн түгээмэл сэдвүүд, эмэгтэйчүүдийн хамгийн ихээр таалан болгоодог дүрслэлүүд бололтой. Хар массын нэлээд хувийг хэн нэгэн залууд хаягдсан буюу түүнээс салж сэтгэлдээ ямар нэгэн хэмжээгээр гомдол тээсэн эмэгтэйчүүд эзэлж байгаа. Тэрхүү хар массын хэрэгцээг хангахад графоман Б.Эрхэмбаярын эдгээр бүтээлүүд яг тохирно. Өөрөөр хэлбэл мөнөөхөн Оросын шүүмжлэгч Л.П.Быковын хэлдгээр ганихралд тустай эм гэгч нь эдгээр бүтээлүүд...
Бичлэгийн ур маягын хувьд яг л ард түмэнд ойлгомжтойгоор нэгдүгээр биеэс бүх мэдээллийг зохиомлоор хүүрнэн өгдөг манай хар массын эмэгтэйчүүдийн уран зохиолын гол төлөөлөгчид болох Л.Сарантуяа, Шүүдэрцэцэгтэн мэтийнхэн шиг хөврүүлнэ. Гэнэт л нэг хүн гарч ирээд, гэнэт л нэг сайхан эсвэл муухай үйл явдал тохиолдоно. Яагаад ингэв гэхээр “Аа өмнө нь таньдаг байсан юм аа” гээд л болоо. Ердөө л ийм хөнгөн хээнцэр дүрслэл, гэнэн тэнэг хүүрнэл. Б.Эрхэмбаяр гэгч энэ эмэгтэй гадаадад сургууль төгссөн, өндөр боловсролтой, гоё банканд хурган дарга хийдэг, аливаад логиктой ханддаг, эмх цэгцтэй, хариуцсан ажилдаа сайн ер нь сүрхий хүүхэн байх л даа. Гэвч сүрхий хүүхэн байлаа гээд уран зохиолын авьяастай байх албагүй билээ. “Намайг манай найзууд сүрхий хүүхэн гэдэг юм чинь би сайн зохиол бичиж л таарна” гэдэг увайгүй муйхар зүтгэл, хоосон дур хоёроор зохиол бичиж түүнийгээ ичихгүй хэвлүүлснээс болж манайд хар массын эмэгтэйчүүдийн утга зохиолын бүхэл бүтэн арми бий болж, жинхэнэ уран зохиолоо бүдгэрүүлэх гамшгийн хэмжээнд хүрчихээд байна. Дэлхий дахинд хөнгөн хээнцэр зохиол арай өөр шүү дээ. Монголчуудын сайн мэдэх А.Дюма, Артур Конан Дойлийн бүтээлүүд, Ж.Х.Жейзийн цувралууд.., ядаж л хойд хөршийн Н.А.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” гээд олон зохиолууд хөнгөн хээнцэр адал явдалт гэдэг төрөл зүйлд хамаардаг бөгөөд тэд ийм төрлийн зохиолуудаараа дэлхий дахинаа алдаршсан юм. Гэтэл манай хар массынхан эмэгтэй хүний сексийн хүсэл, хэн нэгнээс хүүхэдтэй болоод түүндээ хаягдсан тэчьяадал, нэгнийхээ нөхөртэй явалдах төлөвлөгөө төдийхнөөр хязгаарлагдаж, зүгээр л цайны авгай нарын хов живээс үл хэтрэх аж.
Хар массын их зохиолч нар болох Шүүдэрцэцэг “Гэнэтийн бэлэг” өгүүллэгтээ, Ц.Мухар “Бэлэг” өгүүллэгтээ Гэгээн Валентины баяр гэгчийн тухай бичсэн бол Б.Эрхэмбаяр “Хуваагдсан зүрх. Валентины өдөр 15 жилийн дараа” бүтээлдээ мөнөөхөн тэнэг баяр гэгчийн тухай бичжээ. Түүнчлэн “Үд дундын романс” гэх 60-аад нүүр бүхий ланжгар өгүүллэгтээ (тууж ч юм уу хэн мэдлээ Г.Б) Энхэр гэдэг хүүхэн Бадрал, Төмөр гэх эхнэр хүүхэдтэй хоёр залуутай хэрхэн зэрэг явалдаж нөхрөө хуурч байгаа тухай «гайхалтай сайхан» бичжээ. Тэрхүү залхуутай хүүрнэлээ 50 гаруй хуудас үргэлжлүүлэн уншигчдыг залхаан цээрлүүлэх ба бүх мэдээллийг зохиолчийн зүгээс ямар ч дүрслэлгүй сунжруулан өгүүлсээр өндөрлөх аж.

Түүний дараагийн бүтээл болох “Алганы хээ” хоёр дэвтэр роман нийт 650 гаруй хуудастай, бараг л Б.Бааст зохиолчийн эрээвэр хураавар тэмдэглэл шиг зузаан юм. “Алганы хээ” романд: «...Нутгийн морь унаж дээл хөөргөн бүсэлсэн сагсуу залуучууд “хар Магван“ гээд түүний нэрийг сонсмогц бараг хэсгийн төлөөлөгчөөс илүүтэйгээр айж шийрэгнэнэ. Том том ташуур далайж морь унан хийх юмгүй хөлхөлдөх залуучууд оюутнуудыг дарамтлах шинэ ажилтай болсон гэлтэй. Эдгээр нутгийн залуусыг оюутнууд өвөр хоорондоо “нутгийн индианууд” гэж хочлон ярилцана...», (Эрхэмбаяр.Б. Алганы хээ. УБ. 2017. хуудас 17-18) «...Саран “Манай Тунгаа яанаа чармай шалдан Бадрал багшид тэврүүлээд хэвтэж байна. Ээ нүдний булай...», (Эрхэмбаяр.Б. Алганы хээ. УБ. 2017. хуудас 29) гэсэн жаргон, «бөгс бөөрний» явдлаас эхлээд  «...Өөрчлөлт шинэчлэлтийн энэ үед БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 191 дүгээр тогтоолоор НАХЯ-ыг татан буулгаж, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрыг байгуулж, орон нутаг дахь НАХЯ-ны газар хэлтсүүдийн үйл ажиллагааг нь зогсоон, бүх аймгуудад Цагдан сэргийлэх хэлтэс байгуулан ЦЕГ-ын мэдэлд шилжүүлэв...» (Эрхэмбаяр.Б. Алганы хээ. УБ. 2017. хуудас 44) гэсэн сайд нарын зөвлөлийн тогтоол мэтийг шигтгэсэн нь үнэхээр «аугаа том» зохиол мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хар массын урлаг ийм л байдаг, үнэхээр болсон мэт бодитой, үнэн баримтад тулгуурласан бүр уншигчийн амьдардаг гудамжны нэр, таньдаг хүн нь ч дүрслэгддэг онцлогтой. Уг зохиолд Тамираа, Удвал, Туяа, Ариунтунгалаг.., нарын амьдрал, Тамираа, Энхбат нарын хайр сэтгэл, хагацал, учрал, Очгэрэл, Гэрэлгуа.., болон Тамираа Энхбат нарын охин Марал.., нарын амьдралыг МУИС-ын оюутны намрын ажлаас эхлүүлэн Пакистан, Швед, Стокгольм, Харвардын их сургууль хүртэлх үйл явдлыг нуршуулан дүрсэлж, гэнэтийн болзоогүй үйл явдлуудыг ямар нэгэн зохиомж, байгууламжгүйгээр цувуулан хүүрнэснээс нь үзвэл манай хар массын бас нэгэн төлөөлөгч болох Л.Сарантуяа гэгчийн “Тавилан” гэх цуврал романуудтай ижилсэнэ.     
Энэ бүхнээс нь дүгнэвэл мөнөөхөн номын дэлгүүрийн хөлийн тавиурт зүй ёсоор байраа эзлэх псевдозохиолч, графоман буюу эрээчигч бол Б.Эрхэмбаяр гэгч байна. Учир нь энэ хүүхэн бол зүгээр л «дурны хонгио». Дурны гэдэг нь дуртай гэсэн утга, хонгио гэдэг нь хоосон гэсэн утга илтгэдэг. Учрыг нь тодруулбаас зохиолч гэх (уг нь зохиолч биш эрээчигч гэж нэрлэмээр юм уу даа Г.Б.) Б.Эрхэмбаярын бүтээлүүд хоосон юм. Ийм л аугаа зохиолчид төрөн гарч Интерномын шоун дээр гарын үсэгтэй номоо борлуулсаар байна...
Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Энхболд нэг удаа «Та нар энэ Шүүдэрцэцэг, Сарантуяа энэ тэрийн тухай бичээд байхаар наадуул чинь өөрсдийгөө зохиолч гэж бодоод байна шүү дээ» гэж цөхрөнгүй хэлж байсан. Түүн лүгээ эдгээр хуурмаг зохиолчдын бүтээлүүдийг хязгаарлах аргагүй учир чимээгүй байж болно л доо. Гэвч их дээд сургуулиудын мэргэжлийн ангийн оюутнуудад хичээл заамар болдог мань мэтэд бас оюутнуудынхаа өмнө хүлээсэн үүрэг гэж байна, хүүхдүүд төөрөлдөөд хамгийн сайн реклам хийсэн, хамгийн царайлаг гарсан зургаа хавтсан дээрээ хэвлүүлсэн хүний номыг сонирхоод байдаг учир ялгаж салгах оролдлого хийхээс аргагүй байна.
Ер нь нийгэмд элитар хэсгийн эзлэх байр суурь мэдэгдэхүйц болж хар масс элит урлагийг ойлгож үл хүрэлцэх болсноор нөгөө талдаа массын урлаг, түүний дотор эмэгтэйчүүдийн төрөл хэлбэрийг хавтгайруулан дэлгэрэх таатай хөрсийг бүрдүүлжээ. Үүн дээр цахим мэдээллийн хурдац, үзүүлэх буюу дэлгэцийн урлагийн техникийн дэвшил, шинэ технологиуд, шоу бизнесийн менежмент нэмэгдэж бүр ч дийлдэхээ байсан билээ. Манай өнөөгийн уран зохиолын асуудал нь массын урлаг элитар урлагтай зэрэгцэн хөгжиж байгаад бус харин хар массынхан өөрсдийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаад л оршиж байна. Уг нь “Нийтийн дууны мастеруудын концерт” гэдэг шиг өөрсдийгөө хүлээн зөвшөөрөөд зарлачих хэрэгтэй юм.
Ингээд манай хар массын уран зохиолын загалмайлсан эмээ нар болох, аугаа их хов базагч Б.Сарантуяа, Л.Сарантуяа, Шүүдэрцэцэг мэтийн эрээчих донтнуудынхаа эгнээнд тавтай морил, Б.Эрхэмбаяр гуай... 

2017.10.27



Comments

Anonymous said…
мэдэхгүй дээ одоо энэ чинь зах зээлийн нийгэм шүү дээ. тэгээд оюуны хэрэгцээг хангасан гайгүй бүтээл гаргах тэр мундаг зохиолчид чинь хаана байна. 2-рт өөрөө хараагаад атаархаад байгаа юм шиг ямар сонин стилээр бичнэв. 3- ард түмнээ хар массаар дуудчихдаг хүн ч дээ өөрөө хар массаас хэтрэхгүй юм биш үү.
Anonymous said…
"Oюутнуудынхаа өмнө хүлээсэн үүрэг гэж байна" Amjilt! /bolhi ugs het ikhtei sanagdav/
db5kfan said…
medkumdaa odoo neeh hugjuud lag boltson utga zohioltoi bis shd , neeh surii har mass geedl ugaasaa mass ihenh n tiim nom unshdag shd bugd uhaantnuud bolno gj ugasa bhgui
Unknown said…
Өө иймэрхүү юм уншдаг хүмүүс нь байхад шүүдэртэнгүүдийн буруу гэж юу байхав. Уншихаа болихгүй бол бичихээ болихгүй шд, Оюунгэрлийн ногоон нүдийг орхисон байна
Unknown said…
Уран зохиол шинжээч Г.Батсуурь гэж энэ хүн зохиол, бүтээл, мөн "эрээчсэн" зүйлийг шүүмжилж болно л доо. Гэхдээ яагаад эмэгтэй хүн рүү, хувь хүн рүү нь ингэж халдаж доромжилж байгааг би ёстой ойлгосонгүй. Би Б.Эрхэмбаярын зохиолуудын нэгийг ч уншдаггүй. Мэдээж, юм уншдаг хүнд бол уншаад байхаар "зохиол" гэж үздэггүйгээс мөнгө, цагаа үрдэггүй. Гэхдээ энэ шүүмж гээчийг сонихож уншаад эрхэм шинжээчид үнэхээр дургүй хүрч байна. Утга зохиолын шүүмж ийм маягаар өрнөх юм бол өнөөх Шүүдэрцэцэг, Сарантуяа, Эрхэмбаяр нараасаа юугаар дээр гарах!


Unknown said…
За ер нь багш нь ийм байхаар өнөөгийн оюутнууд эрээ цээргүй, хувь хүн рүү халдаж довтолсон, худлаа сүрхий хүн болж хэлбэрдсэн болж төлөвшихөөс яахав л гэж бодогдлоо доо
Anonymous said…
Аливаа зүйлийг нэг биш хоёр талаас нь, болж өгвөл хэд хэдэн талаас нь харах хэрэгтэй санагддаг. Бүх нийтээр шуугиж байгаа үзэгдлийг өөр талаас нь харахыг боддог. Энэ эмэгтэйчүүдийн зохиол сайн муу янз янз л байгаа байх. Гэхдээ тэд ярихгүй хийж байна. Харин эрчүүд маань эмэгтэйчүүдийг бодвол цаг зав ихтэй ч үнэхээр хойргоосоо болоод нийгэмд үлгэрлэж чадахгүй байх шиг. Бас заримынх нь хийсэн нь тэгтэл амжилтанд хүрэхгүй байх шиг. Эмэгтэйчүүдийг хүн уншдаггүй бол тэд тоохгүй. Эмэгтэй зохиолчдоо дэмжье ухааны юм яриад л явж байгаа. Гэтэл эмэгтэйчүүд нь шууруулаад байхаар эр хүйсийн аливааг эзэгнэгч үзэл нь сэрээд муусайн хүүхнүүд гээд алдааг нь хайж нэг нэгээр намнаж, нийгэмд тэднийг аль болох доош нь хийж нэр хүндийг нь унагах арга зохиогоод байх шиг. Уг нь зохиолчид зохиолоо л бичих ёстой. Бичсэнээрээ өрсөлдөж хүүхнүүдийг ялах учиртай ш дээ. Би буруу бодож байж болно. Битгий дайраарай. Миний л бодол. Би номын дэлгүүрт хэсэг ажиллаж байсан юм. Тэгээд эрэгтэй зохиолчидтой ойр байхдаа нэгнээ яасан их доош хийдэг хүмүүс вэ л гэж харж байсан. Харин хүүхнүүд хов ярьдангүй түс тас. Номоо ч баярламаар хямдруулаад өгчихдөг байсан.
Anonymous said…
ар араасаа цуварсан нэгэн хэвийн уйтгарт, урлаг утга зохиолд онцын ач холбогдолгүй, явдалтай хүүхнүүдийн өдрийн тэмдэглэл солонгос сериал шиг уйтгартай зохиолууд уншигч болон шүүмжлэгчдийг залхааж бгаа нь үнэншдээ..
Unshigch said…
Hun yugaa unshina uu? Heniig shutne uu? Tuhain hunii l songolt. Niited zoriulj oilgomjtoi bichij bgaa ni tanii shuumjleed bgaa bichih dontoi geh humuusiin buruu bish. Tedgeer zohiolchdiin nomiig humuus unshaad bn aa gedeg chini todorhoi heregtsee bn l gesen ug. Songodog zohiol saihan ch hun bolgon oilgohgui. Oilgohgui bgaa humuusiig hucheer albadaj unshuulah shig teneg zuil bhgui. Ikh surguulid matemathic zaadag bagsh maani helj baisan yum. Chi zaaval mathematikch boloh geed yah ni ve chaddag hun ni l ene zamaar yavag tiimees minii mergejlees hol bai gej. Teren shig oilgoh ulsuud ni l songodogoo unshig. Minii songodogoos hol bai l gej helmeer bn
Tanii bichveriig unshihad: ta hedii mundag baij bolno, mun tanii uzeg ch bas hurts baij bolno. Gehdee ta huniihee huvid eree tseergui biye tooson negen shig sanagdlaa. Shuumjlegch hun iim bdag gej bodsongui yavlaa.
Anonymous said…
Хийж чадахгүй нь шүүмжлэгч болдог гэдэг биз дээ
Anonymous said…
Шүүдэрцэцэг (энэ бол зохиолын нэр ба жинхэнэ нэр нь Тогтохбаяр) чинь арван жилд байхдаа хөв хөдөөний охин байсан ш дээ. Төгсөөд энүүхэн хилийн цаана хэдэн жил сурч ирээд уг нь гайгүй сэтгүүлч болох нь уу гэсэн чинь ном бичээд эхэлсэн. Ур чадвар нь мундаг зохиолчдын дэргэд бол хаа ч хүрэхгүй. Дээрх шүүмжлэгч энэ хүнийг массын зохиолч гээд яг оноод хэлсэн байна.
Anonymous said…
Шүүмжлэгч та Наминчимэд гэх зохиолчын талаар юу гэж бодож байна? Бас массын нөхөр юу үгүй юу? Бичсэн номыг нь харахаар мундаг зохиолчдын бичлэгийн хэлбэрийг шууд хуулсан мэт харагдаад болдоггүй.
Unknown said…
Миний хувьд яг загатнасан газар маажих гэдэг нь боллоо.маш олон залуучууд дээрх нөхдийн номыг уншиж байгаад эмзэглэж явдаг. Өнөө цагт хэн мөнгөтэй нь ном гаргаад нийгмийн нь ямар ч хяналтгүй болсны үр дагавар гэж боддог.
Unknown said…
Миний хувьд яг загатнасан газар маажих гэдэг нь боллоо.маш олон залуучууд дээрх нөхдийн номыг уншиж байгаад эмзэглэж явдаг. Өнөө цагт хэн мөнгөтэй нь ном гаргаад нийгмийн нь ямар ч хяналтгүй болсны үр дагавар гэж боддог.
Anonymous said…
Эрхэмбаяраас муу бичдэг нэг хүнийг яагаад дурдсангүй вэ?! Дуламсүрэн гэж балай юм бичдэг бас нэг авгай байгаа.
Unknown said…
This comment has been removed by the author.
Anonymous said…
Шүүмж хэр бодитой болсныг харах гээд тэр Эрхэмбаяр гэгчийн нэг өгүүллэгийг уншиж үзлээ.Ёстой нүд халтирмаар л юм эрээчдэг юм байна. Эр нөхрөө хуурч, хоёр эртэй явалдсан хормойн донтой хүүхний бөгс бөөрний явдлыг хэдэн хуудас дамнуулан бичсэн "Үд дундын романс" гэх зүйлийг зохиол, ийм юм эрээчигчийг зохиолч гэх юмуу? Шүүмжлэгч хийх ёстой ажлаа л хийсэн байна.
Anonymous said…
Шүүмжийн агуулгатай 100% санал нэг байна . Үнэхээр хар масст зориулсан эрээчигчид. Ану хатан, сорхугтан бэхи гэдэг анхны номнуудыг нь худалдан авч хөрөнгө оруулалт хийж байлаа. Дараа нь алдаагаа давтахгүйг хичээсэн. Харин Батсуурь шүүмжлэгчийн шүүмжийн өнгө аяс таалагдсангүй. Нэг л их уураар бичих юм. Хуучин утга зохиол шүүмжлэгч нар чинь нэг бүтээлийг сонгоод өгүүлбэрийг нь иш татаж байгаад шүүмжлээд, өөрийн шүүмжээ баталгаажуулж хамгаалдаг байсан санагдах юм. Гэтэл энэ шүүмж тийм биш, харин нэгнээ муулахын дон туссан авгай нарыг хов базалт аятай. Таныг хэрхэн шүүмж хийж буйгаас шавь нар чинь бас суралцаж буйг анхаарна бизээ
Anonymous said…
Тийм шуу. Унэхээр ингэж шируухэн хэлэхгуй бол болохоо байсан шуу дээ. Тэр хачин дорой зохиолуудын зарим нэгийг нь уншаад унэхээр урам хугарч, ой гутсан . Цаг болоод монгондоо харамссан. Мэдээж дуустал нь уншаагуй. Шууд л шидчихсэн буур хол чулуудчихсан. Дараа нь аваад хогийн сав руу хийсэн. / Шуудэрцэцэгийнх / Миний бодлоор утга зохиол, уран зохиол гэдэг зуйлийн утгыг нь алдагдуулж, залуучуудын сэтгэл зуй, сэтгэхуй, мэдрэмж, унэлэмж, . . . Энэ бухнийг доош нь чангааж байгаа юм шиг ээ.
Унэхээр зиндаа гэж байгаа. Тэр доод тавиур дээр байрлаж, ууд хавиар сууж байх нь зов болов уу. Тэгвэл тэр эрээчигчид маань дээшээ тэмуулж, оорсдийгоо хогжуулэхийг бодох байлгуй дээ. Юу дуртайгаа бичих нь тэдний хэрэг боловч, хаана яваагаа мэдэж, дээшээ шат ахихыг хичээх сэдэл ядаж тороосэй.
ЁСТОЙ Л ЗАГАТНАСАН ГАЗАР МААЖИВ.
Anonymous said…
Энэ хүн үнэнийг шууд хэлээд байгаам даа.
Anonymous said…
Хүн хэлэхээс, цаас чичихээс наашгүй гэдэг тул ингээд ширүүхэн хэлэх зөв, гунирхалд тустай эмийг сонгохоо больчиход л болоод явчихна. Манайхан өөрөө өөрийнхөө өмнөх алдаа, сонголтыг хүлээн зөвшөөрөөд, шүүмжийг хүлээнавах хэрэгтэй /уншигч болон бүтээгч нар бүгд/. Энэ мэт зохиол гэх зүйлүүдээс гадна тэр ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН НОМНУУД байна. Үг үсэг өгүүлбэр,утга санаа ижилхэн баахан ном, өөр өөр нэртэй л болохоос
cybersport said…
SHUUMJ ZOV .UTGA ZOHIOL GEH AMIDARALIIN IH SURGUULIAS HUN SAINIIG SAIHNIIG, UNEN BA UNEMSHLIIG,YAJ ZOV HUN BAIHIIG L OILGOH HEREGTEI.
Anonymous said…
ингэж хүчтэй хэлж байж л хүнд хүрнэ.ийм зохиогчид их байгаа нь уншигчид их байгаатай холбоотой.иймэрхүү зохиол уншдаг, бүр шимтдэг түүнийгээ уран зохиол уншдаг, мэддэг мэтээр ярьдаг хүн олон байгаа нь харамсалтай.
Anonymous said…
Ud dundiin romance gedeg n mongoliinhoor bol udiin tsainii tsagaar nuutsaar uulzaj untaj hevtehiig heldguu tee hehe. Bi unshij uzeegui l dee.
Anonymous said…
Nuur nuuree harahgui hereldeh nadad taatai bus baidag yum. tsag khugatsaa bukhniig ev gavd ni oruulaad ognoo zaluusaa
Anonymous said…
Энэ шүүмжлэгч өөрөө харин хар массын төлөөлөл уу даа. Эрхэмбаярын зарим номыг уншсан надад л лав хэлэх гэсэн санаатай агуулгатай, бас үгүй шаггүй найруулгатай бичсэн дажгүй санагдсан. Би өөрийгөө тэр хар масс гэж бодохгүй л байна. Хэдэн өдөр тавилгүй уншаад л дуусгасан даг. Гэтэл уншаад уншаад явж өгдөггүй ном алийг тэр гэх вэ
Anonymous said…
За багахан хадуурна байгаа! Уншигчид нь зохиолчид нь хамтдаа шүүж энэ бүтээлүүдийг үнэлсэн байгаа. Олигтой бүтээл ч үгүй, шүүмж гэж хоосон сараачиж суудаг чи хэн юм? Эмэгтэй ч бай эрэгтэй ч бай бүтээл нь сайжраад, шигшигдээд явна.
Anonymous said…
Энэ эрээчигчдийн номыг тавиур дээр нь буцаан тавьж байлаа. Ганц ч ном миний сонголтыг даагаагүй шүү. Шүүмж маш зөв зүйтэй. Би бичмээр байсан ч, бичгийн чадваргүй тулдаа орхидог байлаа.
Anonymous said…
Улс төрд 30 гэр бүл байдаг гэдэг шиг уран зохиолд бас ганц нэг гэр бүл л ноёрхох гээд байх шиг. Аюурзана гуай анх гарч ирэхдээ ахмад үеээ нулимж гарч ирсэн гэсэн. Одоо эхнэрт нь эмэгтэй зохиолчид шавар хаагаад ганцаараа титэм өмсөх гээд ингээд байгаа юм биш үү. Тэгж л харагдаж байна. Бас тэр Батсуурь нь ч ялгаагүй Архангайн коллежийн багшаас агуу шүүмжлэгч болтлоо хүний муу үзэж яваа эр юм биз дээ. Лхагвасүрэнгийн садизм, Чойномын юу ч билээ. Эрдэнэ баавайг шар сэмжилсэн өвгөн гэж бичсэн байсан. Дандаа хүн муулж гар хангалага хийж явах юм. Энэ Батсуурийг хүний эхнэртэй заваарч яваад нөхөрт нь төмсгөө зад өшиглүүлсэн гээд Уншигчид групп дээр яриад байна. Үнэн биз. Хүний ёсоор дур тавьж чадахгүй болоод хүүхнүүдийн зураг хараад сараачиж суудаг юм биз.
Halh said…
Яаж энэ сүүлийн үеийн эрээчигчдийн хачин балай юмнуудыг уншдаг байна.Тийм их цаг завтай баян хүмүүс билүү бид чинь. Хайран цаас, хэвлэлийн хор гэж харуусмаар, гар хүрэхээр нэг л их бохир заваан юманд хүрээд байгаа мэт сэжгийн мэдрэмж төрөхөөр зохиолуудаар дүүрч дээ манай хэдэн номын дэлгүүрүүд.
Anonymous said…
Kkkk manaidaa l taarsan shuumlegch nertei avyasgui bas buduuleg erguu gar uu ene chin odoo. Seheerel baitugai bolovsrol ch ugui hooson hunee dee hoorhii
Anonymous said…
Үнэхээр бүдүүлэг хүн байна.
Хүн доромжлохоос хэтрэхгүй байж юун ч сүртэй нэр гуншинтай юм бэ дээ. Хэн нь хэн бэ гэдэг нь цаг хугацааны шалгуураар шүүгдээд үлддэг нь урлаг, гоо зүйн хатуу хууль юм. Дэлхий дээр хичнээн хүн үгүй болсноосоо хойш нэр алдар нь цуурайтсан гэж бодном. Тэд амьдарч буй цаг хугацаандаа үнэлэгдэж чадаагүй ч олон зуун мянган цаг хугацааг даван туулах сод бүтээлээрээ нэр алдрынхаа хөшөөг босгосон юм шүү дээ. Бусдыг нь цаг хугацаа мартана. Таны шүүмжлээд байгаа хүмүүс цаг хугацааны урсгалд мөхнө. Үүний төлөө юунд ингэж хүнийг доромжилном бэ?. Энэ хүмүүсийн зөвхөн өөрсдөдөө асаасан гэрлийг нь битгий унтраа. Ядаж монголын 1 ч гэсэн иргэн сэтгэлдээ галтай байг.
Anonymous said…
Eрөнхий санаа нь бол зөв л дөө. Гэхдээ энэ зуун, зах зээлийн нийгэм ингэж л явдаг жамтай. Хэн хүний сонирхлыг татаж байгаа нь мөнгө хийдэг. Харри портeрыг хар, бас л зүгээр нэг сонирхогч эмэгтэй дээшээ харж суугаад л бичсэн, хэдэн тэрбумыг дэлхий даяар хийсэн. Хүн сонирхлоороо зохиолоо бичнэ үү луувангаа иднэ үү чөлөөтэй нийгэм. Энэ дундаас нь шилдгүүд нь тодорч гарч ирж чадаж байвал ок. Өөрөө мэргэжлийн хүн гэхэд тэгээд эрэгтэй хүн байж эмэгтэй хүмүүсийг ийм бүдүүлэг доромжилж бичиж болохгүй ээ. Энэ хүүхнийг бараг л явдалтай хүүхэн гэсэн санаа хэлчиж. Гэтэл энэ хүн чинь ардаа хань ижил үр хүүхэдтэй хүн байгаа. Тэд нь яаж хүлээж авах уу. Эдгээр сайн дурын уран сайханч мэт зохиолчдыг угаасаа л уншигчид түвшин түвшингөөрөө сонгож уншиж байгаа. Нэг сөхөж хараад л хог юм байна гээд мань мэт нь шидэж байхад дөнгөж ном уншиж эхэлж байгаа залуу хүнд бол сонирхолтой сайхан л санагдаж байгаа. Бүгдийг нэг хэвэнд цутгах боломжгүй
Anonymous said…
Бичсэн санаа бол эргэлзээд маргалдаад байх юмгүй маш зөв. Гэхдээ тэдгээр эрээчигчдийг тоож дуугараагүй бол хамаагүй дээр байх байлаа гэж...
Ер нь энэ хэдэн хүүхнүүд намайг лавтай зодож чадахгүй гэж сэтгээд баахан өдөөн хатгалтууд хийжээ янз нь. Жинхэнэ эр хүн бол эр хүнтэйгээ л тэмцэлддэг юм. Ардчилсан орнуудад тухайн нийгэмд оршин тогтнох бүх төрлийн хүмүүсийн хэрэгцээг хангахаар янз бүрийн л зохиолууд бичигдэж зарагдаж байдаг. Хүн болгон Толстой унших албатай биш. Дэндүү ардчилалгүй социализмын үеийн явцуу сэтгэлгээ байна. Жинхэнэ мэргэжлийн шүүмжлэгч бол зохиолч нараа хэзээ ч хүйсээр нь хавтгайруулдаггүй юм шүү.
Tseegii said…
Үнэн үгэнд уурлаж өсөрхсөн хүмүүс яасан ч олон юм. Надад бол их л сайхан санагдлаа ямар ч юманд хэмжээ дамжаа хил хязгаар гэж баймааршд Алганы хээ дээр байгаа шиг ийм юм уншчаад өмөөрөөд сууж байгаа хүмүүс бол дахиад бодох л хэрэгтэй. **Авьяасгүй хүмүүс залхуу байсан ч болоосой Л.Ө**
Unknown said…
This comment has been removed by the author.
Anonymous said…
шүүмжийг чинь унших дуртай. өөрийгөө авъяастай гээд ойлгочихсон юмнуудыг навсайтал нь шүүмжлээд өг.
Anonymous said…
Сайхан шүүмж байна. Иймэрхүү арилжааны номнууд хэдэн жил дамнаж бестселлэр болж байгаа нь үнэхээр эмгэнэл. Яг шар мэдээнд дуртай шигээ ийм цаг мөнгөний гарзыг бөөн бөөнөөр нь авч уншдаг байхдаа чааваас. Энэ Эрхэмбаяр гээчийг анх удаа сонсоод сая 2 өгүүллэгийг нь сонирхож уншиж үзлээ. Ээ чааваас Үнэндээ л Хэлэх үг алга даа.
free portal said…
тэр хар массын гээд байгаа номнуудаас чинь ядаж л монголын тухайн үеийн хаад, хатадыг мэдээд авчихна, бүр мэддэггүй улсууд ч зөндөөшдээ,

за дотстоевоскийтой ч юу яриха уу? ер нь нэг тийм чалчаа талруугаадаа
od said…
Энэ хүнээс эмэгтэйчүүдийг үзэн ядагч үнэр үнэртэж байна. Оросууд тэгдэг ингэдэг гээд оросуудыг шүтэн бишрэх үзэл нь арилаагүй, хайрцаглагдсан сэтгэлгээтэй хүн санагдлаа. Эмэгтэйчүүдийн зохиолын агуулга заавал эрэгтэй зохиолчдынхтой адилхан байх албагүй, мөн эрэгтэйчүүдийг шүүмжилсэн аястай зүйлсийг зохиолдоо бичсэн болохоор нь уур чинь хүрсэн бололтой. Үнэндээ хариуцлагагүй эрэгтэйчүүд олон байгаа нь үнэн. Ганцхан өнцгөөс юмыг харж бичдэг өөрөө их өчүүхэн сэтгэдэг хүн байна даа.
Anonymous said…
Мэдэхгүй ээ. Энэ шүүмж юмуу, сэтгэгдэл юмуу. Номын дээд доод тавиураар сонгодог мөн эсэхийг ялгадаггүй гэж бодож байна. Тэр Шүүдэрцэцэг бичих эрхтэй шүү дээ. Бас масынхан уншиж байвал, тэгээд бүр бэстсэлер болж байгаа бол үүнийг бид бас буруутгаж чадахгүй. Ногоон нүдэн лам лав нэлээд хэдэн удаа бэстсэлер болж байсан санагдана. Энэ бол баримт. Би түүнд дургүй байг хамаагүй. Шүүдэрцэцгийн бөгс бөөрний явдлын тухай зохиолыг хамгийн дээр залаад тэрний доогуур Ногоон нүдэн ламыг өрөөд Достоевскийг хогийн савны хажууд эрэмбэлсэн байсан ч би хайсаар байж хэрэгцээт номоо олж чадах бөгөөд үүнд нэг их жигшиж зэвүүцэхгүй байх гэж бодож байна, өөрийгөө. Шүүдэрцэцгийг лав тэгэж их муу үгээр билэндэж, бүдүүн хараал талбихгүй байх аа. Учир нь би өөрөө аль нь сонгодог аль нь гудамных вэ гэдгийг ялгаж чадах учраас бусад зүйлийн талаар илүү ажил болж цухалдахгүй. Тэгээд ч сонгодог номыг уншиж л таашаал авахаас тэр номыг дээр залаад юмуу адис авч сэтгэл ханахгүй. Тэндээс хайсан юмаа олж таашаал авчихаар болж байгаа хэрэг л дээ. Түүнээс биш би Достоевский, Борхэс, Гоголийг шүтдэг юм байгаан. Чи хэнийг уншдагав хөө, гэж ирээд л бусадтай мэтгэх ямар ч шаардлага над үгүй. Тэрчлэн Дэлхийн сонгодог, Монголын сонгодог гэж улаан шугам татаад түүнийгээ заавал бусдад мөрдүүлэх гээд байх алба байхгүй шиг санагддаг. Жинхэнэ бараа хулхи бараа хоёрыг ихэвчлэн хэрэглэж үзээд л ялгааг нь мэддэг. Ном ч гэсэн адил. Эхний ганц хуудас магадгүй нэг догол мөр уншихад л баримжаа нь мэдэгдэх ч магадгүй. Ерөөсөө бидний аливаа зүйлийг хаягжуулж, ангилж ялгах гэдэг нь нэг талаас танин мэдэхүйн системт үйлдэл боловч нөгөө талаас өмнөх нийгмийн бүхнийг үзэл суртлын үүднээс цензурддэг хэвшил энэ нийгэмд ч бас амь бөхтэй байгаатай холбоотой байх. Шүлэг гэхээр уг нь бид түүгээр дамжуулан уран сайхны ертөнцөд нэвтрэх ёстой атал харин эсрэгээрээ бид шүлэгтэй танилцахын тулд монголын өдий төдий алдартай найрагчдын намтар цээжлэх болдог. Их сонин шүү. Цаг үе гэж байна. Нийгмийн эрэлт хэрэгцээ гэж байна. Үе үеэрээ өөр. Энэ цаг үед яахав дээ, бид хүссэн хүсээгүй Шүүдэрцэцэгийн бүтээлтэй хүчээр ч гэсэн үгүйдээ санамсаргүй ч гэсэн тааралдаж байх ёстой болох нь. Яагаад гэвэл тэр хүн хөдөлмөрлөөд, зүтгээд, бичээд хэвлээд байгаа учраас. Анзаарагдаад байгаа учраас гэх үү дээ. Харин худалдаж аваад доторхыг нь лавшруулан уншиж үзэх эсэх нь таны хэрэг. 100 жилийн дараа хүмүүсийн оюуны хэрэгцээнд Достоевский үлдэх нь үү Шүүдэрцэцэг үлдэх нь үү гэдгээр л үүнийг хэмжих ёстой юм болов уу. Тэрний ххоронд биес рүүгээ бүдүүлгээр дайрах нь илүүц шиг санагдана.