Уран зохиол
шинжээч Г.БАТСУУРЬ
Жил бүр Чингисийн
ч билүү, Сүхбаатарын ч билүү талбайд зохион байгуулагдах болсон номын худалдаан
дээр зохиолч бүр нэг нэг даавуун сүүдрэвчин дор сууж номоо гарын үсэгтэйгээр
борлуулдаг юм байна. Гэтэл зохион байгуулалтаасаа ч юм уу, эсвэл хэтэвчний
хэмжээнээсээ ч болдог юм уу манай том зохиолчидтой Шүүдэрцэцэг, хоёр Сарантуяа
мэтийн доод түвшнийхэн зэрэгцэж буюу өөдөөс нь харж суугаад номоо зарж байгаа
нь нэн сэжигтэй харагдах...
Зүй нь тэр
Шүүдэрцэцэг, Б.Сарантуяа мэтийн хар массынхан (массовая),
нийтийн утга зохиолынхныг (паралитература) үүд хавиар
суулгаж, харин Д.Энхболд, До.Цэнджав, Т.Бум-Эрдэнэ.., гээд гайгүй зохиолчид,
Г.Аким, Ж.Нэргүй, Б.Баясгалан, Ж.Тэгшзаяа.., гээд гайгүй ажил хийсэн буюу хийж
байгаа орчуулагчдаа хоймор тал болон хоёр талын дээд жигүүрээр ялган суулгаж
байхгүй бол хөл, толгой нь мэдэгдэхээ байлаа.
Ер нь номын
дэлгүүрт ч гэсэн С.Эрдэнэ, П.Пүрэвсүрэн, Д.Нямсүрэн, Гүрж.Нямдорж, С.Пүрэв,
Д.Норов, Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Д.Батбаяр, Г.Аюурзана.., гээд том зохиолч,
найрагчдынхаа бүтээлүүдийг дээд талын тавиуруудад тавьж харин Шүүдэрцэцэг,
Согоонцэцэг, Бадрангуй хоёр Сарантуяа.., мэтийн хар массынхны номуудыг хөлийн
тавиурт тавьж байхгүй бол энгийн нүдээр их л олон зохиолчтой мэт харагдах
болов. Хамгийн ойрын жишээ гэхэд Москвагийн номын дэлгүүрүүдэд Ф.Достоевский
хамгийн дээд тавиурт, Д.Донцова хамгийн доод тавиурт байдаг нь тогтсон жишиг
шүү дээ. Ф.Достоевский, Д.Донцова гэснээс Оросын нэрт шүүмжлэгч Л.П.Быковоос
бизнесменүүдтэй хийсэн нэгэн уулзалтан дээр «Дарья Донцоваг орчин цагт Фёдор
Достоевскийгоос хавьгүй их хэвлэдэг бас уншдаг болжээ. Достоевский Донцова
хоёрын ялгаа нь юундаа байгаа юм бэ?» гэж асуужээ. Л.П.Быков «Нээрээ
тийм байна. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд л Д.Донцовагийн бүтээлүүдийг 142 удаа
хэвлэжээ. Үүнтэй харьцуулахад Достоевскийг хэвлэсэн хэвлэлийн газруудын тоо
хаана нь ч хүрэхгүй л дээ. Харин ялгаа нь юундаа вэ гэвэл адал явдлын цуврал
бичдэг Б.Акунинд “Ганихралд тустай эм” гэж нэг зохиол байх юм билээ. Түүн шиг
Донцоваг “ганихралд тустай эм”, харин Достоевскийг “амьдралд тустай эм” гэж
нэрлэвэл зохилтой» гэж хариулсан тухай доктор Ц.Магсар бичсэн байдаг.
Дэлхий дахинд классик буюу сонгодог утга зохиол, дээд утга зохиол (высокая
литература)
буюу нарийн төвөгтэй жинхэнэ уран сайхны өндөр төвшинд бичигдсэн уран зохиол,
хар бүдүүлэг утга зохиол (тривиальная), нийтийн
утга зохиол (паралитература) буюу доод
төвшний утга зохиол, хөнгөн хээнцэр зохиол (беллетристика)
зэргийг ялган зааглах оролдлогууд хийгдэж дуусаж дундаршгүй маргаан дагуулсаар
байгаа бөгөөд манай уран зохиол ч тэрхүү маргаанаас хоцрох учиргүй. Ер нь хар
массын зугааг гаргагчид өөрсдийгөө хүлээн зөвшөөрөөд мөнгөө хөөвөл хаа хаанаа
амар баймаар. Тэгэхгүйгээс зохиолчидтой, эрээчигчид холилдоод болохгүй байгааг
яалтай...
Гэнэт л
бурхнаар бөөлжлөө гэдэг шиг уран зохиолын аугаа их авьяас нь гэнэт тодорч даруй
даруйгаар “Тасдаж үл болох сарнай” өгүүллэгийн түүвэр, “Алганы хээ” 2 дэвтэр
роман хэвлүүлсэн нэгэн эрхэм бол Б.Эрхэмбаяр гэгч. Түүний бичсэн гэх “Тасдаж үл
болох сарнай” өгүүллэгийн түүвэр нь 13,2 хэвлэлийн хуудас бүхий 26 өгүүллэгээс
бүрдэж байгаа бөгөөд өнөөх л массын эмэгтэйчүүдийн чиглэлийнхэнд зонхилдог
тулга тойрсон ховоос үл хэтрэх сэдвүүд хөвөрнө. Тодруулбал “Мөнхийн залуу нас”
өгүүллэгт үргэлжид залуугаараа байх гэсэн, амрагтаа хаягдсан бүсгүйг, “Удмын
судар” өгүүллэгт эцэг өвгөдөөс өвлөж ирсэн судрыг ээждээ хэлэлгүйгээр авч
Хятадын шунахай наймаачинд худалдсан увайгүй хүүг, “Бүсгүй заяа” өгүүллэгт нэг
хүүхэнтэй ээлжлэн явалдаад хуурч одсон хоёр залууг, “Амьдрал чамайг уучлахгүй
ээ” өгүүллэгт бүсгүйтэй явалдаад гомдоож одсон бас л нэг залууг, “Наймаа”
өгүүллэгт монгол хүүхэнтэй суугаад хажуугаар нь өөр хүүхэнтэй явалдагч гадны
залууг, “Үд дундын романс” өгүүллэгт Бадрал, Төмөр гэх нэг хүүхэнтэй явалддаг
хоёр залууг, “Ховсдогч” өгүүллэгт хүүхэнтэй явалдагч Санчир гэдэг залууг,
“Сонголт” өгүүллэгт бас нэг хүүхэнтэй явалдан хүүхэдтэй болгоод орхин одсон
Жаргал гэдэг залууг.., гэх мэтээр толгой дараалан бөгс бөөрний явдлаа эрээчсэн
байгаа нь хар массын уран зохиолд нэн түгээмэл сэдвүүд, эмэгтэйчүүдийн хамгийн
ихээр таалан болгоодог дүрслэлүүд бололтой. Хар массын нэлээд хувийг хэн нэгэн
залууд хаягдсан буюу түүнээс салж сэтгэлдээ ямар нэгэн хэмжээгээр гомдол тээсэн
эмэгтэйчүүд эзэлж байгаа. Тэрхүү хар массын хэрэгцээг хангахад графоман
Б.Эрхэмбаярын эдгээр бүтээлүүд яг тохирно. Өөрөөр хэлбэл мөнөөхөн Оросын
шүүмжлэгч Л.П.Быковын хэлдгээр ганихралд тустай эм гэгч нь эдгээр бүтээлүүд...
Бичлэгийн ур
маягын хувьд яг л ард түмэнд ойлгомжтойгоор нэгдүгээр биеэс бүх мэдээллийг
зохиомлоор хүүрнэн өгдөг манай хар массын эмэгтэйчүүдийн уран зохиолын гол
төлөөлөгчид болох Л.Сарантуяа, Шүүдэрцэцэгтэн мэтийнхэн шиг хөврүүлнэ. Гэнэт л
нэг хүн гарч ирээд, гэнэт л нэг сайхан эсвэл муухай үйл явдал тохиолдоно.
Яагаад ингэв гэхээр “Аа өмнө нь таньдаг байсан юм аа” гээд л болоо. Ердөө л ийм
хөнгөн хээнцэр дүрслэл, гэнэн тэнэг хүүрнэл. Б.Эрхэмбаяр гэгч энэ эмэгтэй
гадаадад сургууль төгссөн, өндөр боловсролтой, гоё банканд хурган дарга хийдэг,
аливаад логиктой ханддаг, эмх цэгцтэй, хариуцсан ажилдаа сайн ер нь сүрхий
хүүхэн байх л даа. Гэвч сүрхий хүүхэн байлаа гээд уран зохиолын авьяастай байх
албагүй билээ. “Намайг манай найзууд сүрхий хүүхэн гэдэг юм чинь би сайн зохиол
бичиж л таарна” гэдэг увайгүй муйхар зүтгэл, хоосон дур хоёроор зохиол бичиж
түүнийгээ ичихгүй хэвлүүлснээс болж манайд хар массын эмэгтэйчүүдийн утга
зохиолын бүхэл бүтэн арми бий болж, жинхэнэ уран зохиолоо бүдгэрүүлэх гамшгийн
хэмжээнд хүрчихээд байна. Дэлхий дахинд хөнгөн хээнцэр зохиол арай өөр шүү дээ.
Монголчуудын сайн мэдэх А.Дюма, Артур Конан Дойлийн бүтээлүүд, Ж.Х.Жейзийн
цувралууд.., ядаж л хойд хөршийн Н.А.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь”
гээд олон зохиолууд хөнгөн хээнцэр адал явдалт гэдэг төрөл зүйлд хамаардаг
бөгөөд тэд ийм төрлийн зохиолуудаараа дэлхий дахинаа алдаршсан юм. Гэтэл манай
хар массынхан эмэгтэй хүний сексийн хүсэл, хэн нэгнээс хүүхэдтэй болоод түүндээ
хаягдсан тэчьяадал, нэгнийхээ нөхөртэй явалдах төлөвлөгөө төдийхнөөр
хязгаарлагдаж, зүгээр л цайны авгай нарын хов живээс үл хэтрэх аж.
Хар массын
их зохиолч нар болох Шүүдэрцэцэг “Гэнэтийн бэлэг” өгүүллэгтээ, Ц.Мухар “Бэлэг”
өгүүллэгтээ Гэгээн Валентины баяр гэгчийн тухай бичсэн бол Б.Эрхэмбаяр
“Хуваагдсан зүрх. Валентины өдөр 15 жилийн дараа” бүтээлдээ мөнөөхөн тэнэг баяр
гэгчийн тухай бичжээ. Түүнчлэн “Үд дундын романс” гэх 60-аад нүүр бүхий ланжгар
өгүүллэгтээ (тууж
ч юм уу хэн мэдлээ
Г.Б)
Энхэр гэдэг хүүхэн Бадрал, Төмөр гэх эхнэр хүүхэдтэй хоёр залуутай хэрхэн зэрэг
явалдаж нөхрөө хуурч байгаа тухай «гайхалтай сайхан» бичжээ. Тэрхүү залхуутай
хүүрнэлээ 50 гаруй хуудас үргэлжлүүлэн уншигчдыг залхаан цээрлүүлэх ба бүх
мэдээллийг зохиолчийн зүгээс ямар ч дүрслэлгүй сунжруулан өгүүлсээр өндөрлөх
аж.
Түүний
дараагийн бүтээл болох “Алганы хээ” хоёр дэвтэр роман нийт 650 гаруй хуудастай,
бараг л Б.Бааст зохиолчийн эрээвэр хураавар тэмдэглэл шиг зузаан юм. “Алганы
хээ” романд: «...Нутгийн морь унаж дээл хөөргөн бүсэлсэн сагсуу залуучууд “хар
Магван“ гээд түүний нэрийг сонсмогц бараг хэсгийн төлөөлөгчөөс илүүтэйгээр айж
шийрэгнэнэ. Том том ташуур далайж морь унан хийх юмгүй хөлхөлдөх залуучууд оюутнуудыг
дарамтлах шинэ ажилтай болсон гэлтэй. Эдгээр нутгийн залуусыг оюутнууд өвөр
хоорондоо “нутгийн индианууд” гэж хочлон ярилцана...», (Эрхэмбаяр.Б.
Алганы хээ. УБ. 2017. хуудас 17-18) «...Саран
“Манай Тунгаа яанаа чармай шалдан Бадрал багшид тэврүүлээд хэвтэж байна. Ээ
нүдний булай...», (Эрхэмбаяр.Б.
Алганы хээ. УБ. 2017. хуудас 29)
гэсэн жаргон, «бөгс бөөрний» явдлаас эхлээд
«...Өөрчлөлт
шинэчлэлтийн энэ үед БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 191 дүгээр
тогтоолоор НАХЯ-ыг татан буулгаж, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрыг
байгуулж, орон нутаг дахь НАХЯ-ны газар хэлтсүүдийн үйл ажиллагааг нь зогсоон,
бүх аймгуудад Цагдан сэргийлэх хэлтэс байгуулан ЦЕГ-ын мэдэлд шилжүүлэв...» (Эрхэмбаяр.Б. Алганы хээ. УБ. 2017. хуудас 44) гэсэн сайд
нарын зөвлөлийн тогтоол мэтийг шигтгэсэн нь үнэхээр «аугаа том» зохиол мэт
сэтгэгдэл төрүүлнэ. Хар массын урлаг ийм л байдаг, үнэхээр болсон мэт бодитой,
үнэн баримтад тулгуурласан бүр уншигчийн амьдардаг гудамжны нэр, таньдаг хүн нь
ч дүрслэгддэг онцлогтой. Уг зохиолд Тамираа, Удвал, Туяа, Ариунтунгалаг.., нарын амьдрал,
Тамираа, Энхбат нарын хайр сэтгэл, хагацал, учрал, Очгэрэл, Гэрэлгуа.., болон
Тамираа Энхбат нарын охин Марал.., нарын амьдралыг МУИС-ын оюутны намрын ажлаас
эхлүүлэн Пакистан, Швед, Стокгольм, Харвардын их сургууль хүртэлх үйл явдлыг
нуршуулан дүрсэлж, гэнэтийн болзоогүй үйл явдлуудыг ямар нэгэн зохиомж,
байгууламжгүйгээр цувуулан хүүрнэснээс нь үзвэл манай хар массын бас нэгэн
төлөөлөгч болох Л.Сарантуяа гэгчийн “Тавилан” гэх цуврал романуудтай ижилсэнэ.
Энэ бүхнээс
нь дүгнэвэл мөнөөхөн номын дэлгүүрийн хөлийн тавиурт зүй ёсоор байраа эзлэх
псевдозохиолч, графоман буюу эрээчигч бол Б.Эрхэмбаяр гэгч байна. Учир нь энэ
хүүхэн бол зүгээр л «дурны хонгио». Дурны гэдэг нь дуртай гэсэн утга, хонгио
гэдэг нь хоосон гэсэн утга илтгэдэг. Учрыг нь тодруулбаас зохиолч гэх (уг нь
зохиолч биш эрээчигч гэж нэрлэмээр юм уу даа Г.Б.) Б.Эрхэмбаярын бүтээлүүд хоосон юм. Ийм л аугаа зохиолчид
төрөн гарч Интерномын шоун дээр гарын үсэгтэй номоо борлуулсаар байна...
Д.Нацагдоржийн
шагналт зохиолч Д.Энхболд нэг удаа «Та нар энэ Шүүдэрцэцэг, Сарантуяа энэ
тэрийн тухай бичээд байхаар наадуул чинь өөрсдийгөө зохиолч гэж бодоод байна
шүү дээ» гэж цөхрөнгүй хэлж байсан. Түүн лүгээ эдгээр хуурмаг зохиолчдын
бүтээлүүдийг хязгаарлах аргагүй учир чимээгүй байж болно л доо. Гэвч их дээд
сургуулиудын мэргэжлийн ангийн оюутнуудад хичээл заамар болдог мань мэтэд бас
оюутнуудынхаа өмнө хүлээсэн үүрэг гэж байна, хүүхдүүд төөрөлдөөд хамгийн сайн
реклам хийсэн, хамгийн царайлаг гарсан зургаа хавтсан дээрээ хэвлүүлсэн хүний
номыг сонирхоод байдаг учир ялгаж салгах оролдлого хийхээс аргагүй байна.
Ер нь
нийгэмд элитар хэсгийн эзлэх байр суурь мэдэгдэхүйц болж хар масс элит урлагийг
ойлгож үл хүрэлцэх болсноор нөгөө талдаа массын урлаг, түүний дотор
эмэгтэйчүүдийн төрөл хэлбэрийг хавтгайруулан дэлгэрэх таатай хөрсийг
бүрдүүлжээ. Үүн дээр цахим мэдээллийн хурдац, үзүүлэх буюу дэлгэцийн урлагийн
техникийн дэвшил, шинэ технологиуд, шоу бизнесийн менежмент нэмэгдэж бүр ч
дийлдэхээ байсан билээ. Манай өнөөгийн уран зохиолын асуудал нь массын урлаг
элитар урлагтай зэрэгцэн хөгжиж байгаад бус харин хар массынхан өөрсдийгөө
хүлээн зөвшөөрөхгүй байгаад л оршиж байна. Уг нь “Нийтийн дууны мастеруудын
концерт” гэдэг шиг өөрсдийгөө хүлээн зөвшөөрөөд зарлачих хэрэгтэй юм.
Ингээд манай
хар массын уран зохиолын загалмайлсан эмээ нар болох, аугаа их хов базагч
Б.Сарантуяа, Л.Сарантуяа, Шүүдэрцэцэг мэтийн эрээчих донтнуудынхаа эгнээнд
тавтай морил, Б.Эрхэмбаяр гуай...
2017.10.27
Comments
Tanii bichveriig unshihad: ta hedii mundag baij bolno, mun tanii uzeg ch bas hurts baij bolno. Gehdee ta huniihee huvid eree tseergui biye tooson negen shig sanagdlaa. Shuumjlegch hun iim bdag gej bodsongui yavlaa.
Унэхээр зиндаа гэж байгаа. Тэр доод тавиур дээр байрлаж, ууд хавиар сууж байх нь зов болов уу. Тэгвэл тэр эрээчигчид маань дээшээ тэмуулж, оорсдийгоо хогжуулэхийг бодох байлгуй дээ. Юу дуртайгаа бичих нь тэдний хэрэг боловч, хаана яваагаа мэдэж, дээшээ шат ахихыг хичээх сэдэл ядаж тороосэй.
ЁСТОЙ Л ЗАГАТНАСАН ГАЗАР МААЖИВ.
Хүн доромжлохоос хэтрэхгүй байж юун ч сүртэй нэр гуншинтай юм бэ дээ. Хэн нь хэн бэ гэдэг нь цаг хугацааны шалгуураар шүүгдээд үлддэг нь урлаг, гоо зүйн хатуу хууль юм. Дэлхий дээр хичнээн хүн үгүй болсноосоо хойш нэр алдар нь цуурайтсан гэж бодном. Тэд амьдарч буй цаг хугацаандаа үнэлэгдэж чадаагүй ч олон зуун мянган цаг хугацааг даван туулах сод бүтээлээрээ нэр алдрынхаа хөшөөг босгосон юм шүү дээ. Бусдыг нь цаг хугацаа мартана. Таны шүүмжлээд байгаа хүмүүс цаг хугацааны урсгалд мөхнө. Үүний төлөө юунд ингэж хүнийг доромжилном бэ?. Энэ хүмүүсийн зөвхөн өөрсдөдөө асаасан гэрлийг нь битгий унтраа. Ядаж монголын 1 ч гэсэн иргэн сэтгэлдээ галтай байг.
за дотстоевоскийтой ч юу яриха уу? ер нь нэг тийм чалчаа талруугаадаа