/Б.Алтанхуяг "Цаасан навчсын эмгэнэл" номын өмнөтгөлд/
Амьдралд үнэн хоёр биш, ганц л
байдаг. Хоёр гэхээр төрөх үхэхийг хэлсэн юм. Гэхдээ төрөх нь яав ч үнэн биш юм
шиг санагддаг. Харин үхэх л үнэн шүү дээ. Хүн болж төрөхөө хэн ч мэддэггүй
болохоор л төрсөн нь үнэн гэж ярьдаг
биз.
Нээрээ ч үхэл шиг үнэн хаана? Гэхдээ үхэхээ мэдэхгүй “үхэлдэн” яваа
“үхэрнүүд”-ийг алийг тэр гэх вэ? Ямартай ч дээрх сонирхолтой яриаг өрнүүлсэн
өөрийн гэсэн дуу хоолой, ивлэгхэн бичлэгтэй залууг Б.Алтанхуяг гэх. Их
сургуулийн их босгоноо, их утга зохиолын их цувааг өртөөлөхөөр итгэлтэйхэн орж
ирж буй залуу шүлэгч маань уран бүтээлийн гурав дахь номоо таны өмнө дэлгэж
байна. Түүний “Сэтгэлийн таталбар”2012/ номыг нь мэдэх юмаа...
“Болор сарны туяаг цас залгилж
буух шөнөөр
Бүжин туулайн хэвтэрт жиндэж би зүүдэллээ
Тансаг цэцэгс атаархам танхилхан хонгорынхоо
цээжинд
Туулай адил хяраад дулаацан бас зүүдэллээ...”/Миний
л гэх он цагийн хэвтэрт/
Цав цагаахан шөнө, цав цагаахан нам гүмд, цав цагаахан “хэвтэрт” цав цагаахнаар
жиндэн зүүдлэх цацарсан мэдрэмж хүртэгдэхгүй байна гэж үү? Өмнөх номонд нь энэ
мэт цолгиун сайхан, цагаахан тунгалаг шүлгүүд зонхилж байсан. Харин эрдэмт багш
нараас номын дуу харамгүй сонсож, түүнийхээ биелэл мэт гаргасан шинэхэн
түүвэртээ ихэд өөрчлөгдөн буй нь харагдана.
“Шинжлэх ухааны аль ч салбарт
олж нээгээгүй
шувуудын нүдэн доторх намрын тухай гунигийг
биеэ хэрчиж надад жаргал
бэлэглэх үүлсийн
будран орох эд эсүүдээс нь
мэдрэхдээ
зуу зуун жил гуниглаж унагадаг
зүс гоо төгөлдөр оддын нулимсыг
санагалзан
цэв цэнхэр шөнөөр
яв ягаан бодолд автлаа...”/Ягаан
бодол/ Яв яагаан бодол
шүү. Цав цагаахан шөнөө цэв цэнхэр шөнөөр солсьныг нь мөн анзаарна уу? Эрс тэс
хоёр шүлэг. Цагаахан зүүдэндээ жиндэж байсан залуу ягаахан бодолд автжээ...
Яруу найргийн мэдрэмж, сэтгэлгээний нээлтийг ямар ч шинжлэх ухааны салбар тайлж дийлэхгүйг тэрээр зөв мэдэрчээ. Урьдах шүлгүүд нь бүрэг барагдуу ерөнхий дүрслэл, сүржин даржин хэл давамгайлах хандлага бас байсан нь өөрчлөгдсөн санагдана. Үүнийг нь намрын гунигийг шувуудын нүднээс будрах цасны эд эс бүхэнд нэвтрэн мэдрэх цэв цэнхэр шөнийн ЯВ ЯГААН БОДЛЫН хурц мэдрэмжүүд илтгэнээ.
Яруу найргийн мэдрэмж, сэтгэлгээний нээлтийг ямар ч шинжлэх ухааны салбар тайлж дийлэхгүйг тэрээр зөв мэдэрчээ. Урьдах шүлгүүд нь бүрэг барагдуу ерөнхий дүрслэл, сүржин даржин хэл давамгайлах хандлага бас байсан нь өөрчлөгдсөн санагдана. Үүнийг нь намрын гунигийг шувуудын нүднээс будрах цасны эд эс бүхэнд нэвтрэн мэдрэх цэв цэнхэр шөнийн ЯВ ЯГААН БОДЛЫН хурц мэдрэмжүүд илтгэнээ.
Тэр өөрчлөгдөж байна. Тэр “ягаарч” байна. Үүнийг ээж нь хүртэл мэдсэн
бололтой юм. Ундууссан ч бололтой юм./инээв/
“...Эцсийн амьсгал шиг амьдрал
утгагүй хоосон байгаа нь
/ээж минь бүү уурла/
дэндүү сайхан байлаа.
Эхм цэгцгүйг нь мэдэрч л чадах
Энд хүртэл хуурсан Бурхан чиний
өмнө очоод
инээмсэглэн харах шалтгаан
энэ л байлаа” гэж өөрийн оршихуйн эрх чөлөөг тунхаглаж. Хүн, хүний мөн
чанар болоод бусад зүйлстэй харилцан оршин байхуйн тухай санаа хөндөгдөж байна.
Урлаг, тэр дундаа уран зохиол хүний оршихуй, аж төрлийн тухай нэн сонирхолтой
бичвэр байсаар ирсэн билээ. Хүн ертөнцийн хязгаарыг өөрийн ухамсрын хязгаараар
л хүлээн авдаг. Тиймээс амьдралын утга учиргүй/абсурд/ гэдгийг нь ухаарсан цагт
л утга учиртай амьдарч чадна хэмээн И.Кант, Шопенгаураас авахуулаад,
М.Хайдеггэр, Ж.П.Сартр, А.Камю нарын сэтгэгчид үзсээр иржээ. Эмх цэгцгүйг/хаос/
нь мэдэрч л чадсан учир Бурхны өмнө нүүр бардам инээмсэглэх аж.
Постструктурализм болон постмодернизмын онолчид уран зохиол бол хүний
оршихуйн тухай бичвэрүүдээс өөр юу ч биш. TEXT бол хоёр дахь бодит байдал мөн
хэмээдэг. Үүний учрыг мөшгөвөөс уран зохиол, тэр дундаа яруу найргийн МӨН
ЧАНАРЛАГ ЗӨН СОВИНТ шинж, өөрийнх нь адвиш чанараар л тайлагдах буй заа.
Яагаад ч юм миний анзаарснаар түүний шинэ шүлгүүд дээрх асуудал руу
давамгай хандсан онцлог ажиглагдлаа.
“...Бороо орох шалтгаан...
Уруулыг чинь дэндүү их хүсэж байгаагаа
Одоо л мэдэрлээ.
Орчлон ийм л их ухаалаг байж
Яаж
Ойлгомжгүйгээр
Оршдог юм бол оо...”
“...Уйдсан бурхад шүлсээ хаяхад
нь л
ертөнц үүсчихсэн
утгатай орших гэж үгүйг
тэгэхэд л би мэдсэн” гэсэн мөн чанарын
эрэл нь:
“...Нэг хүн ертөнц болж оршдог”
Нэг л хоног
амьдарч үзэхсэн” гэж төгс эрх чөлөөтэйгээр нэгэн ертөнц болж хэн ч оршиж
чадахгүй ч/бүр нэгхэн хоног/ нэг л хоног амьдарч үзэхсэн гэсэн хүсэл, ухаарал,
түүндээ хүрэхийн төлөөх эцсээ хүртэл тэмүүлэх тэмцэл нь УХААЛАГ ХЭРНЭЭ
ОЙЛГОМЖГҮЙ ОРШИХУЙГ ТАЙЛАХ ГАНЦ ШИЙДЭЛ юм.
Мөн богино мөрт, гуравт, бичил таталбар, зураглалуудаас үүдэлтэй:
“Хөлийн чинь мөртэй
Голын усан дээгүүр
Хөх жимсний инээд гүйнэм.
Хөлийн чинь мөртэй
Миний тархин дотор
Хөх жимсний инээд хагарнам” гэх мэт сэрэл
мэдрэмжийн хурц содон илэрхийллүүд үзэгдэнэ. Ингээд олон зүйлийг нуршилгүй,
шүүн тунгаан шинжлэх хэлэлцэх эрхийг уншигч танаа үлдээе. Төгсгөлд нь
дүүгийнхээ хамгийн таалагдсан нэгэн шүлгээр энэ бяцхан бичвэрийг жаргаасуу.
Таалалд нийцэж оюуныг цэнгүүлэн баясгах болтугай.
“Миний шүлэг шиг
Үлгэр эхлэхэд
Утга учиргүй амьдрал минь
Утгаа оловч
Угтаа юу ч өөрчлөгдөхгүй
/харин ч/
бүх зүйл хоосон байх чанараа
бүхлээр нь олоод
ээж минь надаас ургаж
ээжээс минь аав төрдөг шиг
энэ амьдрал
их л энгийнээр үргэлжлэх болно”
Оюуны улаач Х.Чойдогжамц
Comments