Ж.П.Сартр “Хана”


Жан Поль  Сартр (1905.07.21-1980.04.15) нь Францын философич, жүжгийн зохиолч, улс төрийн идэвхтэн, уран зохиолын шүүмжлэгч байсан юм. Тэрээр existentialism/оршихуйн философи/ болон phenomenology/ижилгүй ганц бодгалийн/ гүн ухааны гол төлөөлөгчийн  нэг билээ. "Огиудас" романдаа хүний эрх чөлөөний тухай үзэл баримтлалаа маш өвөрмөцөөр дэвшүүлсэн нь өдгөө хүртэлх олон үеийн судлаачдын анхаарылг татсан судлагдахуун болсоор байдаг. "Хана" өгүүллэг, туурийн эмхэтгэлд нь түүний экзистенциализмын тулгуур ойлголтууд уран сайхны хэлбэрээр тод туссан юм

Энэ бүхэн гурван цаг орчим болоход би бүр дүйнгэтэж орхиод толгой дүйрч, чих дүнгэнэх авч өрөөнд дулаахан тул бас ч боломжийн :өмнө нь бид бүтэн өдөр шөнө хүйтэнд дагжин өнжсөн.Харгалзагчид хоригдлуудыг нэг нэгээр нь ширээ өөд аваачина. Энгийн хувцастай дөрөв хүн болгоноос овог нэр, мэргэжлийг нь асууна.Ингээд л болох авч заримдаа “Сум хулгайлахад оролцсон  уу?” гэх  юм уу “Аравны өглөө хаа юу хийж байсан бэ?” гэж асууна. Хариултыг огт сонсохгүй байгаа юм уу, сонсоогүй дүр эсгээд буй юм уу ,хий хана гөлрөн дуугүй сууж байснаа юуч юм бичнэ.Томоос олон үндэстний бригадад алба хааж байсан нь үнэн эсэхийг асуув.Мэлзээд ямарч нэмэргүй –тэд хүрэмнийх нь халааснаас бичиг баримтыг нь олоод авчихсан.Хуанаас юу ч асуусангүй боловч түүнийг нэрээ хэлүүт нь юу ч юм их л хурдан бичиж гарав.
-          Та нар мэдэж байгаа шүү дээ,миний ах Хозег анархист гэж. Тэр энд алга. Би бол улс төрд оролцдоггүй, аль ч намын гишүүн биш хэмээн Хуан хэллээ.
-          Тэд чимээгүй л бичсээр байх. Хуан аанай л:
-          Надад ямар ч буруу байхгүй. Би хүний өмнөөс шийтгүүлмээргүй байна хэмээнэ. Уруул нь чичирч байх аж. Харгалзагч түүнийг дуугаа татахыг тушаагаад авч явлаа. Миний ээлж ирэв.
-        Таныг  Пабло Иббиета гэдэг үү?
-          Би тийм л гэв. Энгийн хувцаст цаас руугаа шагайснаа асууж байна.
-          Рамон Грис хаа байгаа вэ?
-           Мэдэхгүй.
-          Та түүнийг 6-19-ний хооронд гэртээ нууж байсан шүү дээ.
-          Тийм юм байхгүй ээ.
Тэд юу ч юм, нэг юм бичицгээж, харгалзагчид намайг өрөөнөөс авч гарав. Хонгилд Том, Хуан 2,хоёр харгалзагчийн дунд зогсож байв. Биднийг туугаад явлаа. Том 1 харгалзагчаас нь:
-Одоо тэгээд яах юм? гэж асуув.
-Юу гэсэн үг юм?
                -Сая чинь юу болчихов оо –шүүх үү, байцаалт юм уу?
                -Шүүх.
-          Ойлгомжтой. Биднийг яах бол?
  Харгалзагч хуурайгаар:
                 -Та нарт ялыг чинь өрөөнд чинь хэлэх байх –гэнэ.
Өрөө гэдэг нь үнэн хэрэгтээ эмнэлгийн доод хонгил аж. Энд чөтгөр тогтомгүй хүйтэн агаад нэвт салхи үлээнэ. Хүйтэн жаварт шүд шөнөжин тачигнаж, өдөр ч дээрдэх юмгүй. Үүний өмнөх 5 өдөр би сүмийн тусгай хорих өрөөнд ганцаарчлан хорих маягийн, дундад зууны үеийн чулуун хонгилд байсан юм.Хонгилууд үй түм болохоор тааралдсан руугаа л чихнэ. Би энэ пинд орсондоо харамссангүй:Тэнд би гав ганцаараа ч гэлээ бээрээд царцчих шахаж байсан болохоор хэрэндээ л зүдэрсэн .Энэ бол үгүйдээ ханьтай.Хуан ч үнэндээ ам нээхгүй, сүнс нь талийчихсан, тэгээд ч хүүхдээрээ амьтан юугаа ч ярихав.  Харин Том ярианд жигтэйхэн,дээр нь Испаниар сайн ярьна. Бидний байгаа хонгилд вандан сандал, дөрвийн зэрэг чийрсэн гудас байх. Ард хаалга хаамагц бид сууцгааж хэдэн хором болов.  Эцэст нь Том :
            -Ингээд гүйцээ. Бид одоо өнгөрсөн-гэв.
          -Тэр ч үнэн байх шүү.-хэмээн зөвшөөрөөд, би- Гэхдээ энэ хүүхдийг эд нар оролдохгүй байгаа-гэв.              
-Ах нь отрядын дайчин ч гэлээ,энэний буруу  гэж юу байхав.  
 Би Хуан  өөд харвал тэр бидний яриаг сонсоогүй шиг байв.Том:          
-Эд нар Сарагост яаж түйвээж байгааг дуулсан уу? Хүмүүсийг улаан зам дээр хэвтүүлж байгаад л ачааны машинаар индүүдэж байна гэсэн.Нэг марокк оргодол бид нарт ярьсан.Тэд сумаа ингэж хэмнэж байгаа юм байх аа.     
-Шатахуун хэмнэхээ яахав?
Томд уур хүрээд байлаа? Яах гэж энэ бүгдийг яриад байгаа юм?         
-Офицерууд нь янжуур зууж гараа халаасандаа шаачихсан додигор амьтан наш цааш алхаад л. Тэр ядарсан юмнуудыг тэд шууд л цааш нь харуулчихдаг гэж чи бодож байна уу? Холоо хэвтэнэ . Өчнөөн цагаар орь дуу тавиад л. Өвдсөндөө эхлээд тэр марокк өөрөө ёолж чадахгүй байсан гэсэн. 
-Эд нар энд тийм юм хийхгүй ээ. Ямар ч байсан эд сумаар дутахгүй гэж би хэлэв .Бидний суугаа хонгилд дөрвийн зэрэг нүх ,таазны зүүн дээдэх гадагш харсан дугуй цоорхойгоор гэгээ тусна.Энэ нь урьд нүүрс буулгадаг байсан нээлхий аж.Чанх дор нь шалан дээр үйрмэг нүүрс овоолоотой байв.Цэргийн эмнэлгийг халаах зориулалтай байсан байх .Тэгээд дайн болж ,өвчтөнүүдийг нь өөр тийш нүүлгэсэн ч нүүрс нь эндээ тэр чигтээ үлджээ. Тагийг нь тавихаа мартчихсан юм байгаа биз ,үе үе бороо дусагнана .Том гэнэт чичирч :          
-Хараал ид,  дагжиж гүйцлээ .Энэ ч бас юүчив дээ  гэв.
Тэрээр босч биеиинхээ чилээг гаргана .Хөдлөх тоолонд нь цамцны нь энгэрээр үсэрхэг цээж нь цухуйна .Тэгж байснаа тэр дээшээ харж хэвтээд хөлөө өргөн ,хайчилж гарахад өгзөг нь чичирхийлэв .Ер нь Том биерхүү ,дээр нь өөхөлчихсөн. Би өөрийн эрхгүй энэ махлаг зөөлөн биенд сум ,жад шар тос руу орж байгаа шиг хөнгөхөөн хавж орохыг төсөөлөв. Тэр туранхай байсан бол би лав ийм юм бодохгүй байсандаг. Би бээрээгүй хэр нь гар хөл гэж мэдрэгдэх юм алга. Үе үе юугаа ч юм үгүйлээд байх шиг болоход нь би хүрмээ хайж ийш тийш харсан авч хүрмийг минь эргүүлж өгөөгүйг саналаа.Үүнд би ялимгүй гонсойв. Тэд бидний хувцсыг хурааж аваад оронд нь эндэхийн эмнэлгийн өвчтөнүүд халуун зунаар өмсдөг байсан дан даавуун өмд тарааж өгсөн юм. Том шалан дээрээс боссоноо миний өөдөөс хараад суучихав.              
-За яав,дулаацав уу?
-Үгүй,чөтгөр ав. Хий л амьсгаадчихлаа байна.     
8 цагийн үед өрөөнд комендант хоёр цэрэгтэй орж ирлээ. Тэр гартаа жагсаалт барьжээ. Тэрээр харгалзагчаас:           
-Энэ гурвын овог?-гэхэд цаадах нь                         
-Стейнбок, Иббиета, Мирбаль –гэв.            
Комендант нүднийхээ шилийг хийж жагсаалт руу харна.         
Стейнбок….Стейнбок ….Аан энэ байна. Та буудан авчээ. Ялыг нь маргааш үүрээр гүйцэтгэнэ.   
Тэр жагсаалт руугаа дахин шагайснаа:       
Нөгөө 2 ч адилхан гэлээ.    
-Ийм юм ыбайж таарахгүй. Андуурсан байна хэмээн Хуан бувтналаа.Комендант түүн рүү гайхан харснаа:           
-Овог?           
-Хуан Мирбаль                                   
-          Андуурсан юм байхгүй.Буудан.     
-          Үгүй , би яагаа ч үгүй шүү дээ Хуан зүтгэсээр    
           Комендант мөрөө хавчсанаа бидэн рүү эргэж :      
-Та тэр баскууд уу-гэв.        
         -Үгүй ээ           
 Комендант сэтгэл дундуур байгаа нь илт              
-Энд гурван баск байгаа гэж надад хэлсэн юм. Тэднийг эрж хайхаас өөр ажил надад  байхгүй юм шиг. Та нарт лам хэрэггүй л биз дээ?
Бид дуугарсангүй. Комендант.
-Одоо та нар дээр эмч орж ирнэ. Бельги хүн. Тэр та нартай өглөө болтол хамт байна-гэлээ.
Тэр ёсолчихоод гараад явчихлаа. Том:
-Би чамд юу гэлээ. Үнэхээр гар татсангүй шив-гэхэд би
-Чухам даа. Харин энэ хүүхдийг яалаа гэж тэрэв? Шаарнууд!-гэв.
Би энэ үгийг зүгээр л шударга ёсны үүднээс гэх үү дээ хэлчихсэн юм. Тэрнээс биш яг үнэндээ бол энэ залуу надад ерөөсөө ч таалагдахгүй байлаа. Дэндүү цэвэрхэн царайг нь үхлийн айдас танигдашгүй, бүр үхээрийн болгоод хаячихаж. Гурав хоногийн өмнө тэр танхилхан жаалхүү байсан –тиймээрээ бол таалагдаж болох, гэтэл одоо хариугүй сөхчих гэж байгаа хөгшин төгцөг шиг, түүниййг суллаад явуулчихлаа ч гэсэн тэр бүх насаараа энэ хэвээрээ үлдэх байх гэсэн шүү юм би бодлоо. Ер нь бол энэ хүү өрөвдмөөр байсан ч, өрөвдөнө гэхээс зэвүү хүрээд, тэр өөрөө ч гэлээ надад цаанаа л нэг бөөдий санагдаж байлаа.
Хуан дахиад нэг ч үг унагасангүй,шороон саарал юм: нүүр царай, гар хуруу нь зэвхий даагаад явчихлаа. Тэр буцаж суугаад шал өөд дүрлийтэл гөлөрнө.Том сэтгэл зөөлөнтэй болохоороо хүүгийн гарыг атгах гэсэн боловч цаадах нь гараа учиргүй шууд татаад, царай нь үрчилзээд явчихав. Би Томд:
-Орхи оо, наадхаа, уйлчих гэж байгааг нь харахгүй байна уу?-гэв
Том дуртай дургүй үгэнд минь оров: тэрээр залуу хүүг аргадмаар байсан нь өөртөө оноогдсон хувь зохиолын тухай бодлоос зугатсан хэрэг. Би хоёуланд нь уур хүрч байлаа. Урьд нь би үхлийн тухай хэзээ ч бодож байсангүй-тэгэх хэрэг ч гарч байсангүй, гэтэл одоо намайг юу хүлээж байгааг бодохоос өөр зам алга. Том:
Аан гээ. Чи эднийхнээс ер нь ингэхэд хүн тоншсон уу даа?-гэлээ. Би юм хэлсэнгүй. Том наймдугаар сарын эхээр зургааг нь хэрхэн цааш харуулсан тухайгаа ярьж гарлаа. Тэрээр нөхцөл байдал хаашаа эргэснийг сайтар ухаарахгүй байгаа бололтой,гэвч хүсэхгүй байгааг нь би сайн харж байлаа. Би өөрөө ч гэсэн болсон явдлыг одоохондоо сайн ухамсарлаагүй ч үхэхэд өвддөг болов уу гэж бодож амжаад халуун суман мөндөр биеийг минь сийчихийг мэдэрч байлаа. Гэхдээ л энэ бүхэн асуудлын мөн чанар, цөмөөс их хол байв. Гэлээ гээд сандрах юу байхав, үүний учрыг олчих бүтэн шөнө өмнө минь байна хойно. Гэтэл Том гэнэт чимээгүй болчихлоо.Би түүн рүү сэмхэн харвал тэр ч бас зэвхий даажээ. Өрөвдмөөр  харагдахад нь би “За эхлэх нь дээ” гэж бодлоо.Шөнө ч нөмөрч, бүдэгхэн гэгээ нүх сүв, онгорхой нээлхийгээр урсан нүүрсний тоосон дээгүүр тарж шалан дээр толботон царцана.
 
Нээлхийгээр од гялалзаж үзэгдэнэ: Цэлмэг хүйтэн шөнө байлаа.
 
Хаалга онгойж хоёр харгалзагч орж ирэв. Араас нь бельгийн цэргийн дүрэмт хувцастай, цайвар үстэй хүн дагажээ. Тэр бидэнтэй мэндлээд:
-          Би эмч. Энэ гашуудалт байдалд чинь би та бүхэнтэй хамт байлцах юм-гэв.
Тэрээр сэхээтэн байрын, аядуухан дуутай юм. Би түүнээс
-          Ингэхэд яах гэж тэрэв?-гэж асуув
-          Би та бүхний мэдэлд. Эцсийн цаг мөчийг чинь хөнгөлөхийн тулд өөрөөс шалтгаалах бүхнээ хийх болно.
-          Та яагаад заавал бидэн дээр ирсэн юм? Энэ эмнэлэгт чинь өөр өчнөөн хүн байгаа биз дээ?
-          Намайг харин ийш нь явуулсан юм-хэмээн тодорхойгүй юм хэлснээ тэр дороо-Тамхи татах уу? Надад янжуур, навчин тамхи ч бий шүү -гээд англи янжуур, гавана навчин тамхи сарвайлаа. Бид авсангүй. Би түүнийг нухацтай ширтэхэд тэр эвгүйрхэж байгаа бололтой. Би түүнд:
-          Та ийшээгээ энэрэнгүй сэтгэлээсээ ч ирээгүй ээ. Би таныг танилаа. Намайг баривчилдаг өдөр би таныг хуарангийн хашаанд харсан юм байна. Та явган цэргүүдтэй хамт байсан гэв.
Би түүнд бүгдийг улаан нүүрэн дээр нь хэлээд тавьчихмаар байсан хэр нь тэгсэнгүйдээ өөрөө өөртөө гайхлаа: бельги эр гэнэтхэн надад сонин биш санагдаад явчихав. Урьд нь би хэн нэгнээс зуурсан л бол зүгээр нэг орхичихдоггүй байсан юм. Гэтэл одоо ярих ямар ч хүсэл алга болов. Би мөрөө хавчаад өөр тийш харлаа. Хэдэн хормын дараа толгойгоо өргөтөл бельги эр намайг их л сонжингуй харж байх нь тэр. Харгалзагчид сүрлэн гудсан дээр сууцгаав. Гонжийсон урт Педро уйдсандаа хийх юмаа олж ядан, нөгөөх нь унтчихгүйн тулд энэ тэрийг хармаглана.
Санамсаргүй байтал Педро:
-Дэн аваад ирэх үү?-гэлээ
Бельги эмч толгой дохиход нь би энүүний сэхээтэн ч дээ. Хожуулнаас дээрдэх юмгүй амьтан биз, харин өөдгүй муу санаатай хүн ямар ч байсан биш дэг гэж бодлоо. Би хүйтэн цэнхэр нүд рүү нь хараад юу гэхээ мэдэхгүй болохоороо дэмий нэг гэмгүй царайлж байгаа даг гэж таалаа. Педро гарснаа төдөлгүй керосин дэн барьсаар орж ирээд вандан сандлын ирмэгт тавьлаа. Дэнгийн гэрэл гэж хариугүй муу боловч ор хоосноос дээр л юм. Өмнө нь бид харанхуйд сууцгааж байсан юм. Би таазан дээрх дугуй гэрлийг удаан ширтлээ. Бүр ховсдуулсан шиг гөлөрч суув. Гэнэт энэ бүхэн алга болж, дугуй гэрэл унтарчихлаа. Би гэнэт сэрж, дааж давшгүй хүнд ачаанд даруулсан шиг давхийв. Үгүй ээ, энэ айдас биш, үхлийн тухай бодол ч биш. Энэ нь тэр гээд хэлчих нэргүй юм байлаа. Хоёр шанаа халуу шатаж, өвчиндөө тархи задрах гэж байв.
Би дороо агзасхийснээ нөгөөдүүл рүүгээ харав. Том нүүрээ алгандаа наачихсан суух агаад цайвар үстэй зантгар толгой нь л ил. Бяцхан Хуан бүр дордчихсон: амаа хагас ангайчихсан, самсаа нь сарталзана. Бельги эмч түүн рүү дөхөж гараа мөрөн дээр нь тавих нь тэр залуу хүүг тайвшруулах гэсэн шиг авч нүд нь тэнд очоод зогсчихов. Хуан харсангүй. Эмч гурван хуруугаараа бугуйг нь атгаж, надаас нуруугаараа халхлах гэж ялигүй хажуу тийш болох агаад санаа бодол нь хаа нэгтээ хол байгаа шиг дүртэй байлаа. Би урагш бөхийж, тэрээр цагаа гарган түүний гарыг тавилгүй хором хиртэй харахыг нь ажив. Дараа нь тэр холдоход Ханы гар гулзисхийн унав. Бельги эр хана налснаар маш чухал юмаа гэнэт санасан хүн шиг тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирснээ нэг юм бичив. Би дотроо новш миний судсыг барих гэж үзэг л дээ харин нармайг чинь нээгээд өгнө гэж шүд зуун бодлоо. Тэр надруу ирсэнгүй, харин нүд салгалгүй ширтэж байгаагий нь өндийхдөө харлаа. Би харц бууруулсангүй. Тэр тийм гэх өнгө аялгагүй дуугаар
-          Танд энд сэрүүхэн байгаа юм шиг санагдахгүй байна уу? -гэв
-           Тэр үнэхээр жихүүцжээ: нүүр ам нь зэвхий ягаарчихаж. Би:
-          Үгүй ээ, би даарахгүй байна -гэлээ
 
Харин тэр зэвүүн хүйтэн харцаа надаас салгасангүй. Гэтэл би гэнэт учрыг ойлгов. Нүүрээ шудартал нэл ус. Энэ хөлдүү хонгил, ид өвлийн хүйтэн нэвт салхинд би усан хулгана болтлоо хөлөрчихсөн байлаа. Үсээ тэмтэртэл бас шал ус. Цамц маань ч мушгиж болохоор нойтон болчихсон, биенд наалдана. Ийнхүү цаг илүүтэй хөлөрснөө би өөрөө анзаарсангүй. Гэтэл энэ муу мал-бельги бүгдийг сайн харж байж. Тэр нүүрэн дээгүүр минь хөлс урсахыг харж айсны, бараг гаж гэмээр айдсын илрэл гэж дотроо бодож байсан даа. Тэрээр өөрийгөө амьд хүн гэдгийг мэдэрч, жирийн хүнтэй л адил даарч байгаадаа бахдаж бахархаж байсан. Явж очоод улаан нүүр рүү нь шаагаад авах сан гэж би бодлоо. Гэвч өндийхөөр завдуут л миний ичиж зовох, үзэн ядах сэтгэл минь оргүй болж би ямар ч идэвхигүй дороо лагхийн суулаа. Би алчуураа дахин гаргаж хүзүүгээ шударлаа. Би үснээс минь хөлс дусалж байгааг сайн мэдэрч, ихэд эвгүйцлээ. Гээд яахав сүүлдээ би арчихаа ч болилоо: алчуур шал ус болчихоод байхад хөлс намжихгүй л байв. Бөгс хүртэл норчихоод өмд сандалд наалдана. Гэтэл Хуан гэнэт дуу орлоо:
-          Та эмч үү?
-          Эмч
-          Юу...их өвдөх үү...удаан уу?
-          Аан...юу яахад уу...Үгүй ээ, нэг их удахгүй ээ-хэмээн бельги эр эцэг хүн шиг хариу хэлэв. Тэрээр төлбөртэй эмчилдэг өвчтнөө тайтгаруулж байгаа эмч шиг харагдаж байв.
-          Гэхдээ би сонссон юм...надад ярьж байсан...Заримдаа...эхлээд буудахад болдоггүй гэсэн.
Бельги эр толгой сэгсэрч:
-          Эхний сумнууд гол чухал эрхтнүүдийг онохгүй бол тэгдэг юм.
-          Тэгвэл буугаа дахин цэнэглэж, дахиад л онилох уу?
Тэр хэсэг байснаа сөөнгөтсөн дуугаар:
-          Ингэхэд их цаг орох уу? гэлээ
Тэр бие махбод нь өвдөж шаналахаас л айж байлаа: түүний насан дээр арга ч үгүй биз. Би бол иймэрхүү юм бодоогүй, хөлөрсөн минь ч өвдөхөөс айсандаа тэгсэн хэрэг биш. Би босч овоолоотой нүүрс рүү явлаа. Том цочин давхийснээ над руу үзэн ядсан харц чулуудав: миний шаахай чихарч дуугарсанд зэвүүцжээ. Би бодлоо: миний царай ч гэсэн ийм зэвхий саарал болсон гэж үү.
Тэнгэр гайхалтай сайхан цэлмэг ч миний суугаа булан руу гэгээ тусахгүй байв. Би дээш харвал долоон бурхан од харагдлаа. Гэвч одоо бүх юм өөр урьд нь сүмийн тусгай хорих өрөөнд сууж байхдаа би дуртай цагтаа тэнгэр өөд харж, харах тоолонд эсэн бусын юм санаанд ордог байсан. Өглөөд хурмаст тэнгэр жингүй юм шиг цэнхэр байхад би атлантын эргийн элсийг нүдэндээ төсөөлж, үд дээр нар голлоход халуун ногоотой май загас, чидун жимсийг хатуу дарсаар даруулж суусан Севилийн бар санаанд буудаг байв. Үд хэвийж, сүүдэр хүүшлэхэд тал нь хурц нартай атал талыг нь гүн сүүдэр нөмөрсөн цэнгэлдэхийн талбай санагдаж, ер алгын чинээхэн тэнгэрийг харж суух уйтгартай байдаг байлаа. Тэгвэл би одоо тэнгэр өөд харах л гэснээрээ харж байлаа: тэнгэр надад юу ч бодогдуулж санагдуулахгүй байв. Энэ нь надад илүү таатай санагдана. Би эргэж ирээд Томын хажууд суув. Чмээгүй хэсэг байцгаав.
Тэгж байснаа Том намуухан дуугаар ярьж эхлэв. Тэрээр дуугүй сууж үнэхээр чадахгүй байв: үг хэлж, ярьж л байж тэр өөрийгөө мэдрэх аж. Тэрээр өөр тийш харж байх боловч надтай яриад байгаа бололтой. Тэр намайг яг байгаагаар минь: хөлөрчихсөн үнсэн саарал, ийм байдалтайгаар харахаас айж байгаа нь лав. Одоо бид бие биетэйгээ адилхан, нэг нь нөгөөгийнхөө толь болчихоод байв. Тэр бельги эр рүү, амьд хүн рүү харж:
-          Чи үүнийг ухаарч чадахаар байна уу? -гэснээ-Би бол үгүй ээ-гэлээ
Би ч мөн бельги эр рүү харан намуун дуугаар ярьж эхлэв.
-          Юуг тэр вэ?
-          Ойлгож болохгүй юм мөдхөн бидэнд тохиох гэж байгааг. -Би Томоос хачин үнэр гарахыг мэдрэв. Жирийн байдгаасаа илүү үнэрч болж байгаа юм дагаа. Би:
-          Зүгээр, мөдхөн ойлгоно-гэж тавлалаа
Гэтэл тэр мөнөөх л янзаараа:
-          Үгүй ээ, ухаанд багтахгүй юм. Би эцсээ хүртэл эрс хатуу баймаар байна. Гэхдээ би үгүй ядаж...Ер нь ийм шүү дээ, мөдхөн биднийг эндээс гаргаж, муусайн новшнууд нь өөдөөс хараад эгнэж зогсоно. Хэдүүлээ байх бол чи юу гэж бодож байна?
-          Мэдэхгүй. Тав ч юмуу, магадгүй найм. Түүнээс олон биш.
-          За яахав, найм болог. Тэдэнд: "Онилоод!" гэж тушаана. Над руу найман буу чиглэнэ. Би хана руу ухарч, нуруугаараа тулж байдаг тэнхээгээрээ, болдог бол уусаад орчих гэж зүтгэхэд хана намайг хар дарсан зүүдэнд шиг түлхэх болно. Энэ бүхнийг би төсөөлж болж байна. Ямар их тодоор гэдгийг чи мэддэг ч болоосой!
-          Мэдэж байна аа. Би үүнийг чамаас дутуугүй төсөөлж байна гэж би хариулав.
-          Аймаар өвддөг байх даа. Тэд чинь нүүр царай сэглэх гэж нүд, ам руу л чиглүүлнэ шүү дээ-гэснээ дуу нь чангаран ууртайгаар- Би юу ч үгүй сэглэгдэхээ сайн мэдэрч байна.  Толгой, хүзүү хөшиж орхиод цаг боллоо. Гэтэл энэ чинь жинхэнэ өвдөлт биш, маргааш үүрээр мэдрэх өвчин маань бүр долоон дор. Дараа нь тэгээд юу болохов?
Би түүний юу гэх гээд байгааг нь сайн мэдэж байсан ч тэр энэ тухай таамаглаагүй нь дээр гэж бодлоо. Би яг тийм өвдөлтийг бүх биеэрээ мэдэрч, тэр нь үй түмэн шарх сорви аятай дотор минь, биенд минь оршсоор байлаа. Би дасч өгөхгүй байсан ч түүнтэй л адилхан энэ бүхнийг нэг их ойшоохгүй байв. Би:
-          Дараа нь уу? Дараа нь чамайг өт хорхой гудрах болно-гэж ширүүхэн хэллээ.
Тэрээр цааш нь өөрөө өөртэйгөө ярьж байх шиг боловч белгиэс харцаа огт салгахгүй байлаа. Цаадах нь юу ч сонсоогүй аятай. Тэр яах гэж энд байж байгааг би ойлгож байв: бидний санаа бодол түүнд сонин биш, тэр бидний биеийг, амьд хэвээр авч амь тавин давчдаж буй биеийг л ажиглах гэж ирсэн.
-     Яг хар дарсан зүүд шиг -хэмээн Том ярьсаар-Ямар нэг юмны тухай бодох гэж оролдоод, бараг болж байгаа юм шиг өөрт чинь санагдаж, дахиад ганц хором л болоход чи нэг юм ойлгочих гэж байтал энэ бүхэн урсаад ууршаад алга болчихно. Би өөртөө: -Дараа нь? Дараа нь юу ч болохгүй гэж хэлээд байгаа хэр нь энэ юу гэсэн үг болохыг ойлгохгүй юм. Бараг ойлгочих шиг заримдаа санагдах авч...дахиад л алга болчиход би өвдөлт, сум, буун дууны тухай болож эхлэнэ. Би материалист үзэлтэй, чамд ам тангараг өгсөн ч чадна, гэтэл би өөрийн ухаантай байгаа хэр нь нэг л болж өгөхгүй байна. Би өөрийнхөө хүүрийг харж, энэ ч нэг их хэцүү биш л дээ, гэтэл тэр хүүрийг чинь би харж, харж байгаа нүд нь МИНИЙ НҮД шүү дээ. Би дахиад юу ч харахгүй, юу ч сонсохгүй, амьдрал цааш бусдын хувьд үргэлжилнэ гэдгийг өөртөө итгүүлэх гэж оролдоод байна. Гэвч бид иймэрхүү юм бодоход зориулагдаагүй. Би юуг ч юм хүлээж байгаа юм чинь огт өөр юм. Энэ бол ар нуруунаас л гэнэт нөмрөөд авах болохор үүнд бэлэн байна гэдэг боломжгүй.
-          Дуугай байгаад өг-гэснээ би-Чамд нүглээ наминчлах лам авчруулах уу?-гэв.
Тэр дуугарсангүй. Тэрээр сургаж номчирхох, намайг нэрээр минь дуудаж, хоолойгоо шахах дуртайг нь би анзаарсан.  Энэ бүхэнд би үнэн голоосоо дургүй авч яая гэхэв ирландчууд бүгд ийм юм чинь. Түүнээс шээс ханхлах шиг санагдав. Үнэнийг хэлэхэд би Томд нэг их сүрхий сайн биш, тэгээд ч хамтдаа үхэх болсон гэдгээр шалтгаалан харьцаагаа өөрчилчихье гэж бодохгүй л байлаа. Надад энэ бол хангалтгүй.
-          Хамт байсан бол бүх юм өөр байх байсан хүмүүсийг би мэднэ.
Жишээ нь: Рамон  Грис, Хуан, Том хоёрын хажууд би ганцаардаж байгаагаа мэдэрч байв. Ингэхэд энэ нь ч надад дээр: Рамон энд байсан бол би магадгүй шалдаа буух ч байсан юм уу. Харин эдэнтэй бол биеэ барьж, эцсээ хүртэл энэ хэвээрээ байна ч гэж бодож байлаа. Том алмайрч хоцорсон юм үгээ зажилсаар л байв. Тэрээр өөртөө бодох зав өгөхгүйн тулд ярьж байгаа нь харваас илт. Одоо түүнээс шингэн нь хаагдаад гарахаа больсон өвгөний биенээс үнэртдэг шиг шээс ханхалж байлаа. Ер нь бол би түүнтэй санал нэг, түүний хэлж ярьсан бүхнийг ч магадгүй хэлчих байсан биз: үхэх бол зүй ёсноос гажууд юм. Үхэх нь гэдгээ ойлгосон мөчөөс эхлэн эргэн тойрны бүх юм: овоолоотой нүүрс ч, вандан сандал, Педрогийн нүдэнд хүйтэн царай ч ёсноос гажууд санагдах болов. Гэхдээ л би энэ тухай бодохгүй байхыг хичээж байсан ч энэ шөнөжин бид нэг л юмны тухай бодож, хамтдаа чичирч, хамтдаа хөлрөх болно гэдгийг сайн ойлгож байв. Би түүнийг хулгайн нүдээр харвал тэр анх удаагаа надад их л хачин санагдав: түүний царайд үхэл тодорчээ. Бардам зан минь ч юу байхав ууршиж одов: би Томтой бүтэн 24 цаг хамт байж, үгийг нь сонсож, ярьж хөөрч байхдаа бид тэс ондоо хүмүүс гэдэгт итгэлтэй байсан. Гэтэл харин одоо ердөө бид хамт талийх болсноос л ихэр юм шиг адилхан болчих гэж. Том миний гарыг атгаснаа хаашаа ч юм өөр тийшээ харан:
-          Би өөрөөсөө асууж байна, Пабло...би хором тутамд өөрөөсөө асууж байна: бид ямар ч ор мөргүй алга болох юм гэж үү? -гэлээ
Би гараа татаж аваад түүнд:
-          Доодохоо хараач, гахай минь-гэлээ
Хөлийнх нь тэнд ус туначихсан, өмднөөс нь бас дусагнаж байлаа. Тэр:
-          Энэ юу вэ? -хэмээн алмайрав.
-          Худлаа! Худлаа! Би юу ч мэдрэхгүй байна шүү дээ-хэмээн тэр галзуу юм шиг орилов.
Бельги эр өрөвдсөн дүр эсгэсээр дөхөж ирэв:
-          Бие чинь муу байна уу?
Том хариу хэлсэнгүй. Бельги эр тунасан шээс рүү дуугай л харна.
-          Яагаад ингэснийг мэдэхгүй байна-гэснээ Том хилэнтэйгээр-Гэхдээ би айгаагүй. Юугаар ч хамаагүй тангараглая, би айгаагүй!-гэлээ.
Бельги эр чимээгүй л байлаа. Том босч, шээхээр булан руу явав. Дараа нь тэр өмдөө товчилсоор эргэж ирээд сандал дээрээ буцаж сууснаас хойш нэг ч үг дуугарсангүй. Бельги эмч бичиг тэмдэглэлээ барьж авав.
Бид түүн рүү харж байв. Гурвуулаа. Тэр чинь амьд юм чинь! Түүний хөдөлгөөн нь ч амьд хүнийх, үйл хөдлөл нь ч амьд хүнийх: тэрээр энэ хүйтэн хонгилд амьд амьтан юм чинь дагжин чичирч, тордож бордсон бие нь түүнд үг дуугүй захирагдаж байв. Бид болохоор бие махбодоо бараг мэдрэхгүй байх шахам, мэдэрлээ ч түүн шиг мэдэрч чадахгүй байлаа. Би өмднийхөө салтааг барьж үзмээр байсан ч тэгж зүрхлэхгүй байв. Би булчин шөрмөснийхөө эзэн, хоёр хөл дээрээ бат зогсоо бельги эр рүү, маргаашийнхаа тухай бодоход нь юу ч саад болохгүй байгаа хүн рүү харж байв. Бид, нөгөө талд нь байгаа цусгүй болсон гурван сүг түүн рүү гөлрөн махчин ороолон аятай түүний цусыг сорж байлаа. Тэгтэл тэр Хуан руу дөхөж ирэв. Юу болоод гэнэт жаал хүүгийн толгойг илмээр санагдсан юм: магадгүй мэргэжлийн хүний ямар нэг бодол ч юм уу эсвэл хүнийг өрөвдөх зөн билэг нь ч юм уу бүү мэд, хэлэхэд хэцүү. Хэрэв өрөвдсөн гэвэл энэ нь бүтэн шөнийн турш ганцхан л удаа болсон хэрэг. Тэрээр Хуаны толгой хүзүүг зөөлөн алгадахад, залуу хүү ч дургүйцсэнгүй, түүнээс нүд салгахгүй байснаа гэнэтхэн гарыг нь шүүрч аваад зэрлэг адгуус аятай гөлөрчихлөө. Тэр Бельги эрийн гарыг алган завсраа хавчина. Энүүнд ер нь гайхаад байх юм алга: Зэвхий саарал хоёр хямсаа, дунд нь толийсон ягаан гар. Яах гэж буйг нь би тэр дор нь ойлгочихов. Том ч мөн адил, гэтэл бельги эр үүнийг нь баярлаж талархсаны тэмдэг гэж санан нигүүлсэнгүй инээмсэглэсээр байлаа. Гэтэл жаалхүү энэ булцгар ягаан гарыг амандаа тулган хазах гэхэд бельги эр огцом татаж авснаа бүдчин барин хана руу ухасхийлээ. Хором хэртэй тэр бидэн рүү айдас дүүрэн нүдээр харснаа: бид түүнтэй адил хүн биш гэдгийг сая ухаарав бололтой.
Намайг тас тас хөхрөхөд хоёр харгалзагчийн нэг цочсондоо ухас гээд босоод зогсчихов. Нөгөөх нь нүднийхээ цагааныг гаргачихсан дугжирсаар байв. Би ихэд ядарч, сэтгэл санаа хэт туйлдсанаа мэдэрлээ. Тэртэй тэргүй түүнийг юутай ч зүйрлэж хэлж боломгүй, үг ер юу юм, юу ч биш. Гэвч би өөр юм бодох гэхлээр л над руу чиглэж онгойсон бууны ам тод харагдаад байв. Өөрийгөө буудуулж байгаа дүр зургийг би хориос доошгүй удаан санаандаа төсөөлж , нэг удаа энэ нь бүр жинхэнээсээ болж байна гэж бодлоо: би ялимгүй зүүрмэглэсэн байх. Намайг хана өөд гулдар, би өршөөл эрэн үхэн хатан тэмцэх юм.
Яг энэ мөчид би цочин сэрээд бельги эр өөд харав: зүүрмэглэж байгаад хашгирчихсан байж магад гэж бодсон хэрэг. Гэвч бельги эр шингэхэн сахлаа илэн, ер юм анзаарсан шинжгүй. Хүсвэл би бага зэрэг дуг хийхээс буцахгүй л байна: бүтэн хоёр хоног цурам хийгээгүй учир ягтаа тулсан байв. Гэвч би амьд байх хоёр цагаа алдмааргүй байлаа: үүрээр эд намайг сэрж ч амжаагүй байхад минь чирч гаргаад пүд хийлгэчихэд би ган гэж ч амжихгүй шүү дээ. Би ингэмээргүй, намайг адгуус аятай цааш харуулчихыг хүсэхгүй байв. Наана нь би учрыг ухаарах ёстой. Тэгээд ч би хар дарахаас айж байлаа. Би босч бодлоо өөрчилж, өнгөрснөө дурсах гэж нааш цааш алхав. Дурсах юм их л байж: сайн ч, саар ч. Ямар ч байсан дурсамж маань урьд нь над тэгж санагдаж байж. Есөн шидийн юм, танил нүүр царай санаанд орох: Валенсид болсон бүтэн сайны Яармагийн үеэр улайрсан бухны эвэрт сүлбүүлсэн бухтай тулалдагчийн царай, нэг нагацын маань царай, Рамон Грисийн царай нүдэнд харагдлаа. 26 онд ажилгүй гурван сар тэнэж, өлбөрч үхэхийн даваан дээр явснаа саналаа. Нэгтээ хоног төөрүүлсэн Гранадын гудамжны сандлыг санав: бүтэн гурван өдөр хэлэн дээрээ юм тавиагүй би бээр үхэхгүй л юмсан гэж байж ядан тэчъяадаж байсан. Энэ бүхнийг эргэн санаад би өөрийн эрхгүй жуумалзав. Аз жаргалын хойноос, хүүхнүүдийн араас, эрх чөлөөний төлөө ямар их ханаж цаддаггүй шунал хүсэлтэйгээр гүйдэг байсан юм бэ дээ. Юуны тулд тэрэв? Би Испанийг чөлөөлөхийн төлөө явж, Пи-и-Маргелийг шүтэн биширч, анархистуудтай нэгдэж, цуглаан дэр үг хэлж явахдаа үхэл гэж ерөөс байхгүй мэт энэ бүхэндээ ямар их итгэл үнэмшилтэй байж вэ. Энэхэн хоромд бүхий л амьдрал минь өмнө минь миний алган дээр байгаа шиг санагдахад би ямар ичгүүргүй худал хуурмаг хорвоо вэ? гэж бодлоо. Угаасаа л мөхөх тавилантай учир миний амьдрал сохор зоосны үнэгүй байж. Ингэж л үхдэл болох байсан юм бол гудамжны тоос шүүрдэж, эмч хүүхний хойноос эргүүлдэж явахын хэрэг байсан юм уу хэмээн би өөрөө өөрөөсөө асууж, хэрэв мэдсэн сэн бол хурууныхаа үзүүрийг ч хөдөлгөхгүй сэн. Одоо амьдрал дууссан, уут шуудай аятай уйтан амыг нь уячихсан, гэвч гүйцээсэн, дүүргэсэн юм нэгээхэн ч үгүй. Би бээр: гэлээ гэхдээ л амьдрал сайхан байсан гэж хэлэхэд бэлэн байлаа. Гэтэл хар зураг, нооргийг үнэлж дүгнэж болно гэж үү  - Би чинь юу ч ойлгоогүй, үүрд мөнхийг барьцаалан зээл авч явж шүү дээ. Би юунд ч харамссангүй. Уг нь харамсвал харамсах юм зөндөө л байсан. Жишээ нь: мапсан дарс ч юм уу, Кадисаас холгүй орших тэнгисийн бяцхан тохойд усанд шумбах гээд.  Гэтэл үхэл энэ бүхнийг урьдийнх шиг сайн сайхнаар дурсах юмгүй болгоод хаячихаж байгаа юм.
 
Бельги эрийн толгойд гэнэт гайхалтай бодол орж ирэв. Тэр: - найзуудаа би ойр дотны улсад чинь цөөн үг дамжуулъя гэж ам гарахад бэлэн байна. Мэдээж , цэргийн коминдант зөвшөөрвөл шүү дээ. ..
Том:
Надад хэл өгөх хэн ч байхгүй  хэмээн бувтнав.
Би дуугарсангүй. Том хором хэртэй азнаснаа:
-          Чи чинь Кончад юу ч хэлүүлэхгүй юм уу – хэмээн сониучирхлаа.
-          Үгүй ээ.
Би иймэрхүү ярианд ер дургүй. Гэвч энэ удаад өөрийгөө л буруутгахаас өөр яах вэ: хэдийгээр амаа хамхиж байх ёстой байсан ч өмнө нь түүнд Кончагийн тухай ярьчихсан байсан юм. Би түүнтэй жил болсон өчигдөр бол би түүнтэй тавхан хором уулзахын төлөө гараа ч тайруулахад бэлэн байлаа. Ийм ч учраас би Томд түүний тухай ярьчихсан: надаас илүү хүчтэй байсан хэрэг. Тэгвэл одоо би түүнтэй уулзмааргүй байлаа, түүнд ер юугаа ч хэлэх юм бэ. Би түүнийг тэврэх ч хүсэл алга: миний бие өөрт минь ой гутам санагдаж байна. Яагаад гэвэл зэвхий даасан саарал, дээр нь усан хулгана. Тэгээд ч түүний бие надад яг ийм ой гутам санагдахгүй гэхэд би итгэхгүй байлаа. Намайг үхсэн гэж сонсоод Конча уйлна, хэдэн сар амьдралаас уйдна. Гэсэн хэдий ч үхэх ёстой хүн нь би. Би түүний энхрий ялдам харцыг саналаа: тэр өөдөөс минь харахад юу ч юм нэг юм над руу дамждагсан. Гэвч энэ бүхэн дахин давтагдахгүй. Хэрэв тэр одоо надруу хардаг юм гэхэд түүний харц тэрэнд л үлдэж надад зүгээр л хүртэхгүй. Би орь ганцаар болжээ.
Том ч гэсэн орь ганцаар, гэхдээ энэ нь тэс өмнөө. Тэр явган суугаад нэг л гайхсан янзтай хагас инээмсэглэсэн байдалтайгаар сандлыг шинжих аж. Тэрээр ямар нэг юм нураачих гэж байгаа шиг сандалд хүрсэнээ, гараа татаж авахдаа бондгосхийв. Томын оронд байсан бол би сандал шинэжиж суухгүйсэн. Энэ бол мөнөөх л ирланд хүний шог зан биз. Гэхдээ би ч гэсэн эд юмс нэг л хачин болсныг анзаарч байв: эд юм ердийн байдгаасаа илүү сийрэг, урсаж байгаа юм шиг үзэгдэнэ. Сандал юм уу чийдэн, овоолоотой нүүрс рүү харах төдийл би байхгүй болно гэдэг их л тод болно. Мэдээжийн хэрэг би өөрийнхөө үхлийг тов тодорхой төсөөлж чадахгүй гэхдээ л үхэл маань хаа сайгүй, ялангуяа эд юмст, тэдний надаас холдож, зай барих гэсэн эрмэлзэлд илт мэдрэгдэж байв. Эд юмс үүнийгээ мэдэгдэхгүйгээр, амьсгал хурааж байгаа хүний хажууд хүмүүс шивнэлддэг шиг л сэмээхэн хийх бөлгөө. Том ч дөнгөж сая сандал дээр өөрийнхөө үхлийг тэмтэрч үзсэнийг би ойлголоо. Хэрэв энэ мөчид намайг алахаа байлаа, дуртай зүгтээ чөлөөтэй арилж болно гэж хэлсэн ч энэ нь миний яасан ч яахав гэсэн байдлыг эвдэж чадахгүй байлаа: чи үхэшгүй мөнхөд итгэх итгэлээ нэгэнт алдчихсан юм чинь хэдий хугацаа үлдсэн нь хэдэн цаг юм уу хэдэн жил байх нь ямар ялгаатай юм. Одоо надад хэрэгтэй юм гэж байхгүй, тайван байдлыг минь эвдэх юм ч алга. Гэсэн хэр нь энэ бол аймшиг төрүүлэм амгалан тайван байдал байв. Үүний гэм бруу миний биед байв: нүд минь харж, чих минь сонсож байгаа хэр нь энэ бол би биш –бие минь ганцаардан чичирч, хөлөрч, би түүнийг танихаа больжээ. Бие минь минийх биш хүнийх болж, би юу болчихоод байгааг нь мэдэхийн тулд гараараа барьж үзэхэд хүрч байв. Гэхдээ үе үехэн би биеэ мэдэрч: би хаа нэг тийш хальтирч, шунгаж байгаа нисэх онгоц шиг доош унаад байгаа мэт сэтгэгдэл төрж, зүрх маань галзуу юм шиг дэлдэхийг мэдэрч байв. Энэ нь намайг огтхон ч тайвшруулсангүй: миний биеийн амьдралтай холбоотой бүхэн надад наалдсан заваан, бузар, хоёр утгатай санагдаж байлаа. Гэвч бие маань ерөнхийдөө номхон даруухан байх хийгээд бие цээжинд маань ямар нэг булай зэвүүцмээр юм наалдчихаад байгаа шиг хачин хүнд оргихыг л мэдэрч, намайг аварга том өт ороосон шиг санагдаж байв. Би өмдөө тэмтэрч үзвэл яах аргагүй чийгтэй байлаа: хөлс юм уу, шээс юм уу гэдгийг гэдгийг нь ч би мэдээгүй авч юмыг яаж мэдэх вэ хэмээн овоолоотой нүүрс рүү очиж шээв.
            Бельги эр халааснаасаа цагаа гаргаж харав. Тэр :
            -Гурав хагас гэлээ.
            Новш чинь зориуд тэгэж байхгүй юу! Том бүр босон харайв. Цаг явж байгаа гэдгийг бид яагаад ч юм мартаж орхиж: шөнийн харанхуй биднийг өлгийдөн тэвэрч, би шөнө яг хэзээ эхэлснийг ч санах гээд чадсангүй.
            Бяцхан Хуаны дуу хадаж гарлаа. Тэрээр гар хөлөө базлан:
            -Би үхмээргүй байна. үхмээргүй байна! –хэмээн хашгирна.
Тэрээр хоёр гараа алдлан гүйж хонгилын нөгөө үзүүрт байсан сүрлэн гудсан дээр унан туссанааа эхэр татлаа. Том түүн рүү булингартсан харцаар харна:тайвшруулъя гэх өчүүхэн ч сэтгэл түүнд үгүй байх шиг санагдана. Ямар ч хэрэгтэй юм билээ дээ: жаалхүү биднээс илүү орь дуу тавьж байгаа ч түүний зовлон биднийхээс арай л бага. Тэрээ халуун хумхаа туссан өвчтэй аятай л байв. Бид хоёр  бол хавьгүй илүү шаналж байлаа.
 
Тэр уйлж өөрийгөө өрөвдөж байгааг нь ч би харж байв. Үхлийн тухай бол тэр үнэн чанартаа бодоогүй. Нэгэн эгшинд, нүд ирмэх төдийхөн эгшинд би өөртөө ч гэсэн уйлах гэж байгаа шиг, өөрийгөө өрөвдсөндөө уйлах гэж байгаа шиг надад санагдав. Гэвч яг тийм биш: би хүү өөд харж, түүний чичирхийлж байгаа турьгүй мөрийг олж үзээд хүнлэг биш болсноо мэдэрлээ –би өөрийгөө ч, бусдыг ч өрөвдөх чадваргүй болжээ. Би өөртөө: чи нэр төртэй үхэх ёстой гэж хэллээ.
 
Том босч онгорхой нээлхийн тушаа очиж зогсоод гэгээ орж эхэлж буй тэнгэр өөд харна. Би: нэр төртэй үхэх, нэр төртэй үхэх –хэмээн давтсаар, өөр юуны ч тухай бодохгүй байлаа. Бельги эр цагийн тухай сануулсан мөчөөс хойш би цаг хугацаа яг л дусал дуслаар урсаад л урсаад л байгааг өөрийн эрхгүй мэдэрсээр байв. Үүр хаяарах бас ч болоогүй байлаа. Том:
            -Сонсов уу? –гэж асуув.
            -Тийм байна.
            Гадаа хүмүүсийн алхаа сонсогдоно.
            -Ямар үхсэнээ хийцгээдэг байна аа. Үнэгэн харанхуйгаар будчихгүй юм байгаа биз дээ.
Хоромын хойно чимээ алдрахад би Томд:
            -Үүр цайх нь ээ –гэлээ.
            Педро эвшээлгэснээ босч, дэнг үлээчихээд нөгөөдөхдөө:
            -Золбин нохой шиг осгочихлоо байна –гэж байна.
            Хонгилд бүдэг саарал манан татна. Буун дуу их алс битүү сонсодно.
            -Эхэллээ дээ гэснээ Том –Арын хашаанд л бололтой дог оо –гэлээ.
Том бельги эрээс янжуур гуйж авлаа. Би татгалзав: тамхи ч, архи ч санаанд орохгүй байв. Энэ мөчөөс эхлэн тэд тасралтгүй буудсаар байлаа.
            -Ойлгомжтой биз? -гэж Том хэлэв.
            Тэр юм нэмж хэлэх гэснээ больж үүд рүү харлаа. Хаалга онгойж нэг дэслэгч дөрвөн цэрэгтэй орж ирэв. Том янжуураа унагачихлаа.
            -Стейнбок уу?
            Том хариу хэлсэнгүй. Педро түүн рүү дохив.
            -Хуан Мирбаль?
            -Тэр гудсан дээр байгаа нь.
            Дэслэгч:
            -Бос! –гэж хашгирлаа.
            Хуан хөдөлсөн ч үгүй. Хоёр цэрэг түүнийг сугадаж босголоо. Гэвч тэр хоёрыг тавьчингуут Хуан дороо салжигас хийгээд уначихав. Цэргүүд тээнэгэлзсэн байртай зогсоцгооно.
            -Энэ ч ийм  болсон анхны хүн бишээ-гэснээ дэслэгч -За яахав, өргөж явах л болох нь дээ –гэлээ.
            Тэр Том өөд эргэж:
            -Гар –гэлээ.
            Том гарлаа. Хоёр талд нь нэг нэг цэрэг. Нөгөө хоёр нь Хуаныг суга хөлнөөс нь дамнан араас нь дагав. Хуан ухаан алдаагүй, нүд нь байдгаараа дүрлийчихсэн, хоёр хацар дээгүүр нь нулимс бөмбөрнө. Намайг үүд рүү алхтал дэслэгч зогсоож:
            -Иббиета гэж та юу? Гэлээ.
            -Тийм ээ.
            Түр хүлээзнэх болох нь. Таныг авахаар хүмүүс ирнэ гэв.
            Тэр гараад явчихав. Белги эмч, хоёр харгалзагч гурав ч араас нь гарлаа. Би ганцаараа үлдэв. Юу болоод байгааг би ухаарсангүй, энэ бүхэн бушуухан дуусвал дээр сэн. Буун дуу гарсаар, хоорондын зай нь бараг адилхан байлаа. Би тэр бүрийд давхийн, чоно нохой шиг ульж, гасалж, үсээ зулгаамаар болно. Цагийн дараа намайг авахаар ирж нэг давхрын, тамхины утаанд нь амьсгаа боогдом давчуухан өрөөнд орууллаа. Хоёр офицер буйдан сандалд хэвтэх нь холгүй тухлан тамхилах агаад өвдөг дэрээ бичиг цаас дэлгэжээ.
            -Та чинь Иббиета байх аа?
            -Тийм.
            -Рамон Гис хаа орогнож байгаав?
            -Мэдэхгүй.
            Намайг байцааж байгаа нь балтгар тарган юм. Нүдний шилнийхээ дээгүүр их л ноцтой цоргино. Тэр:
            -Ойртооч -гэв.
            Би дөхлөө. Тэр боссоноо намайг амьдын хар там руугаа тонилог гэсэн шиг жигшилтэйгээр хараад гарыг минь мушгиж гарав. Тэрээр намайг өвтгөе гэсэндээ ч биш зүгээр л тоглож байгаа ухаан нь тэр: өөрийгөө энд бүхнийг шийдэгч гэдгээ мэдрэх шаардлагатай л байхгүй юу. Над руу нүүрээ дөхүүлж өмхий амьсгаагаар утлаа. Ийнхүү хором хэртэй болоход би золтой л инээд алдчихсангүй. Одоохон үхэх гэж байгаа хүнийг айлгахын тулд арай өөр юм хэрэгтэй байлгүй яахав, энэ тал дээр тэр дэндүү балчирдаж байв. Тэгсэнээ тэр намайг огцом түлхчихээд эргээд суучихав. Тэр:
            -Эсвэл чи, эсвэл тэр. Түүнийг хаа байгааг хэлбэл чи амьд гарна гэлээ.
Ямар ч байсан энэ түрийтэй гутал, зангиатай юмнууд ч гэсэн үхэх болох нь гарцаагүй. Надаас хойно гэдэг нь ч үнэн л дээ, гэхдээ чанартаа бол нэг их хойно биш. Тэд бичиг цаасан дотроосоо хүмүүсийн нэр уудлан гаргацгаах аж. Тэд хүмүүсийг шоронд хийх юм уу, буудаж алах гэж л хөөцөлдөж яваа: Испаний ирээдүй хийгээд бусад олон юмыг тэд өөрсдийнхөөрөө л ойлгож буй. Тэдний энэ ажил хэрэгч, дүрдээ итгэсэн байдалд би ой гутаж, тэд эрүүл бус улс шиг санагдахад тэдний оронд байгаагүйдээ олзуурхав.
Инээдтэй намхан бүдүүн эр гутлынхаа түрийг нарийхан саваагаар товшин над руу цоо ширтэнэ. Түүний хөдөлгөөн бүр нь нарийн тооцоотой: аймшигтай араатны дүртэй харагдах л гэж хичээсэн нь илт.
-          За яав, чи миний хэлснийг ойлгов уу?
-          Грис хаа байгааг би мэдэхгүй. Мадридад байгаа юм болов уу.
Нөгөө офицер нь залхсан янзтай гараа өргөв. Энэ залхсан шиг байдал ч мөн л нарийн тооцоолсон хөдөлгөөн. Би тэдний энэ урьдаас бодож бэлдсэн үйл хөдлөлийг сайн мэдэж байгаа төдийгүй энэ бүхнээс таашаал авдаг хүмүүс байдагт гайхаж байлаа.
-          Бид танд 15 минутын хугацаа өгье-гэснээ тэр-цагаан хэрэглэлийн өрөөнд аваачаад хийчих. 15 минутын дараа аваад ир. Зөрүүдлээд байвал нь дор нь буудчихаарай гэлээ.
Өөдгүй новшнууд чинь юу хийхээ сайн мэдэж байна гээч: би бүтэн шөнө үхлээ хүлээсэн, дараа нь Том, Хуан хоёрыг буудах хооронд хонгилд бүтэн цаг суулгасан, одоо бас цагаан хэрэглэлийн өрөөнд түгжих гэнэ. Үүнийг тэд бүр өчигдөр орой төлөвлөсөн нь гарцаагүй. Миний мэдрэл энэ бүхнийг дааж чадахгүй, бууж өгнө гэж тооцоолжээ. Гэвч тэд нар андуурч. Грисийн хаа толгой хорогдож байгааг би мэдэж байсан л даа. Тэр хотоос 4 км газар үеэл ах дүү нарындаа нуугдаж байсан. Тэрнээс гадна эд намайг эрүүддэггүй л юм бол /энэ тухай тэд бодоогүй бололтой/ түүний хоргодож байгаа газрыг хэлэхгүй гэдгээ ч би өөрөө сайн мэдэж байсан. Энэ бүхэн миний хувьд зуун хувь ойлгомжтой, ямар ч эргэлзээгүй, тэгээд ч ер нь надад сонин биш байсан. Тэгсэн хэр нь би өөрөөр биш, чухам яагаад ингээд зүтгээд байгаагаа ойлгомоор байв. Яагаад би Роман Грисийг хэлчихийн оронд өөрөө үхсэн нь дээр гэж үзэж байгаа юм? Яагаад? Би чинь Рамоныг хайрлаж хүндлэхээ больсон шүү дээ. Түүнийг нөхрөө гэх сэтгэл минь үүрээр үгүй болсон юм. Кончаг хайрлах хайр, амьдрах хүсэл маань үгүй болсон яг тэр мөчид. Би түүнийг хүндэлдэг байсан л даа: тэр үнэхээр хатуужилтай эр. Гэлээ ч би зөвхөн үүнээс л болж түүний орноос үхье гэж шийдсэн хэрэг биш л дээ. Түүний амь нас минийхээс илүүгүй-ер хэний ч амь сохор зоосны үнэгүй. Хүнийг хана өөд шахаж, амь тасартал нь тугалгаар бөмбөгдөхдөө хүрвэл энэ нь би ч бай, Рамон Грис ч бай, ер өөр хүн ч байсан үндсэндээ бол адилхан шүү дээ. Тэр Испани оронд илүү хэрэгтэй гэдгийг би сайн мэдэж байсан авч одоо бол надад Испани байна уу, анархизм ч байна уу түй ч хэрэггүй: бүх юм утгаа алдсан. Тийм боловч энд би байгаа болохоор Рамон Грисийг барьж өгчихөөд амиа хоохойлчихож болох атал би тэгэхгүй байна. Илжиг шиг зөрүүдлэж байгаа минь надад өөрт минь зугаатай санагдана. Би бодлоо: "Ийм мулгуу байж болно гэж үү". Би бараг хөхүүн хөгжүүн ч болоод явчих шиг. Намайг авахаар ирж мөнөөх л өрөөнд аваачлаа. Хөлийн минь хажуухнаар нэг харх гүйгээд өнгөрөв. Энэ ч надад зугаатай санагдахад би харгалзагч хоёрын нэг өөд эргэж:
-          Хар аа, харх явж байна-гэв
Харгалзагч дуугарсангүй. Тэр баргар царайлна. Тэр ерөөс их дуугай буурьтай хүн аж. Би учиргүй инээд алдмаар болсон ч биеэ барьлаа: эхэлчих л юм бол зогсож чадахгүй гэж айж байв. Харгалзагч сахалтай юм. Би түүнд:
-          Сахлаа аваач, мал минь-гэлээ
Хүн амьд дээрээ нүүр амаа үс зоосонд бариулна гэдэг инээдтэй санагдана. Тэрээр намайг залхуутайяа өшиглөх аядахад би дуугүй боллоо.
-          За, -гэснээ бүдүүн эр-бодов уу?-гэж асуулаа
Би түүн рүү их ховор хорхой шавьжийг шохоорхож байгаа аятай сониучирхан хараад:
-          Тэглээ, түүний хаа байгааг би мэднэ. Тэр оршуулгын газар нуугдаж байгаа. Бунхан дотор юм уу, манаачийн шовгорт-гэлээ.
Би тэднээр эцсийн удаад тоглоод авмаар санагдлаа. Яаж босон харайж, буу шийдмээ агсаж, ажил хэрэгч царайлан тушаал лүндэн буулгацгаахыг нь хармаар болов. Тэд ч үнэхээр босон харайцгаав.
-          Явцгаая. Молес, дэслэгч Лопесоос 15 хүн ав.
-          Хэрэв үнэн бол-гэснээ намхан эр-би хэлсэн амандаа хүрнэ. Харин чи чулуу хөөлгөсөн бол сайнаа үзэхгүй шүү-гэв.
Тэд дуу шуутайхан гарч одоход би харгалзагчдын хамт чимээгүйхэн суугаад хоцров. Би үе үе мушийж: оршуулгын газрын өөд хамаг тэнхээгээрээ яаж шүү харайлгаж яваа бол гэдгийг нь төсөөлөхөд зугаатай санагдана. Би ер нь дажгүй хөөрхөн шоглочих шиг санагдана. Тэд бунхны хаалгыг яаж нээж, чулуун хавтангуудыг нь яаж өргөж байгааг би сайн төсөөлж байлаа. Ардын баатар болох гэсэн хоригдол, сахалтай буурьтай харгалзагчид, оршуулгын газрыг самнаж байгаа цэрэг хувцастай хүмүүс-энэ бүхэн хөндлөнгөөс үнэхээр элэг хөшөөм дүр зураг харагдана. Хагас цагийн дараа тагдгар бүдүүн эргэж ирлээ. Одоо намайг буудахыг тушаах байх гэж би бодлоо.  Бусад нь оршуулгын газар үлдсэн бололтой. Гэтэл офицер над руу анхааралтай харав. Молиго үмхсэн хүний шинж огтхон ч алга. Тэр:
-          Үүнийг гол хашаанд, үлдсэн улс руу аваад яв. Байлдааны ажиллагаа дуусахаар цэргийн шүүх яахыг нь шийднэ биз-гэлээ.
Би түүний хэлснийг нь буруу ойлгосон юм болов уу гэж бодоод асуулаа.
-          Яалаа гэнэ ээ, намайг буупаж алахгүй хэрэг үү?
-          Ямар ч байсан одоохондоо үгүй. Тэгээд ч энэ бол миний мэдлийн юм биш.
Би бас л ойлгосонгүй:
-          Яагаад?
Тэр дуугүйхэн мөрөө хавчихад цэргүүд намайг авч гарлаа. Гол хашаанд өвгөд хүүхэд нийлсэн зуугаад хоргидол байлаа. Би бүр алмайрч хоцроод цэцгийн мандал тойрон алхаж гарлаа. Үд дээр биднийг гуанз руу аваачив. Хоёр, гурав ч хүн надаас яриа өдөв. Уг нь миний танил бололтой авч би хариу дуугарсангүй: би хаа байгаа хийгээд юу болоод буйгаа ч ойлгохоо больжээ. Оройхон арав гаруй шинэ хоргидол нэмж ирлээ. Тэдний дунд талхны мухлагийн Гарсиа байхыг би олж харав. Тэр над руу:
-          Азтай эр юм аа, чи! Чамтай амьд уулзана гэж санасангүй шүү гэхэд нь би:
-          Надад буудан өгсөнөө гэнэт л больчихлоо. Учрыг нь олсонгүй гэв.
-          Намайг хоёрын үед барьсан гэж Гариса хэллээ.
-          Яалаа гэж?
Гарсиа улс төрөөс хол хүн л дээ. Тэр :
-          Чөтгөр бүү мэд. Эд ч өөрсөд шиг нь бодол санаагүй бүхнийг л бариад байх юм байна-гэснээ дуугаа намсгаж:
-          Грис баригдчихсан гэлээ.
Би давхийв:
-          Хэзээ?
-          Өнөө өглөө. Өөрөөсөө л болж байхгүй юу. Гурав дахь өдөр дүүтэйгээ зад хэрэлдээд гэрээс нь явчихсан. Толгой хоргодуулах улс ч зөндөө байсан л даа. Тэр өөрөө л хүмүүст лай болохгүй гээд. "Иббиетынд л хоргодвол хоргодох байсан юм, гэвч түүнийг барьчихсан юм чинь оршуулгын газар л нуугдахаас" гэж надад ярьж байсан.
-          Оршуулгын газар аа?
-          Тийм ээ. Шал дэмий юм сэдсэн юм. Тэгсэн чинь өнөө өглөө эд нар тавиад хүрдэг байгаа. Манаачийн шовгорт байхад нь бүслээд авч. Грис өөдөөс нь буудалцсан ч эд цааш нь харуулчихсан.
-          Оршуулгын газар!

Нүд минь харанхуйлж, би дороо сөхөрчихөв. Өөрийн эрхгүй тас тас хөхрөхөд хоёр нүднээс нулимс сад тавилаа. 

Comments

хэний орчуулга вэ?