Д.ЧИНЗОРИГ: УДЭТ ЖҮЖГИЙН СОНГОЛТОО ЗӨВ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Чинзориг
-Таны Москвад М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд жүжгийн зохиолчийн мэргэжлээр суралцаж байсан он цагийн дурсамжаар яриагаа эхэлье?
-1985 онд аз тохиолоор ч гэмээр юм уу Москвад Утга зохиолын дээд сургуульд сурсан. Зохиолч болно гэсэн хүсэл мөрөөдөл байсан боловч М.Горькийд явна гэж зүүдлээ ч үгүй явсан л даа. Дээд сургуульд очсон дороо болвол Винигурав гэж алдарт зохиолчийн шавь болгон яруу найргийн ангид ор гэхэд нь би орохгүй гэж зөрөөд, жүжгийн зохиолчийн ангид орох шийдвэр гаргасан. Жүжгийн зохиолчийн ангид орохдоо В.С.Розов гэж “Тогоруун цуваа” зэрэг алдартай жүжгийн зохиолууд бичсэн эрхэмд шавилсан даа. Монголын анхны жүжгийн зохиолч мэргэжлээр мэргэшсэн хүн болж ирсэн. Үүгээр бол би бахархаж явдаг. Яагаад ч юм жүжгийн зохиолч гэдэг дэндүү хүнд, дэндүү авьяас, ур ухаан шаардсан өвөрмөц мэргэжил. Зориглож очсон хойноо би хэрэг ч үгүй ийшээ орчихов уу даа, оронд нь яруу найргийнхаа ангийг төгсдөг байж гэсэн бодол ч төрж л байв. Нэгэнт зориод сурч байгаа болохоор надад буцах газар байгаагүй. Нэг сонин гэвэл хүн таван жилээр төгсөж ирдэг бол  би зургаан жилээр төгссөн. 1985 онд орос хэлний бэлтгэлгүй оччихсон учраас нэг жил болсны дараа багш нар “Д.Чинзоригоо чамаас шалгалт авахгүй. Хавар чи нийлүүлээд өгчихөөрэй” гэсэн. Бөөн баяр л биз дээ/инээв/. Тэр үед аав минь бурхан болчихсон байсан учраас нутагтаа очихын л хүслэн байлаа. Тэгээд хавар нь багшаа би шалгалтаа өгье гэтэл “чамаас шалгалтыг чинь авахгүй” гэж байна. Яагаад авдаггүй юм бэ? гэсэн чиний саяын сурсан нэг жилийг бид нар хэлний бэлтгэлд тооцно. Ирэх жил нэгдүгээр курсдээ ахиад сур” гэсэн. Ингээд нэгдүгээр курсдээ хоёр жил сурч төгссөн юм. Яахав, утга зохиолын буян, тэр дундаа жүжгийн зохиолын буянгаар энэ мэргэжилээ эзэмшээд, одоо СУИС-ийн шавь нартаа заагаад явж байгаадаа баярладаг. Жүжгийн зохиолчийн мэргэжлээр одоо гуравдах төгсөлтөө бэлтгэж байна даа. Авьяастай хүүхдүүдийн минь дундаас сайн жүжгийн зохиолч төрнө гэдэгт бол итгэдэг.
-Та Монголын нэрт жүжгийн зохиолч Д.Намдаг гуатай уулзаж, үгийг нь сонсож явав уу? 
-За, хүн худлаа гэж хэлж магадгүй. Яагаад гэвэл Д.Намдаг гуай бид хоёр нэг байранд байсан. 40 мянгатын III байрны манайх гуравдугаар орц, Д.Намдаг гуайнх нэгдүгээр орцын дөрвөн тоотод байлаа. Тэгэхлээр би Д.Намдаг гуатай уулзахаар барахгүй, Ананд гэж хүүхэдтэй нь их дотно нөхөрлөдөг байсан. Харин ном, хичээл заалгаж байсан гэж худлаа хэлээд яахав. Зарим хүмүүс том хүний нэрийг ашиглаж, алдар нэрээс нь өөртөө наах гэхдээ уулзаж учирч байсан гэж худлаа их ярьдаг шүү.
-Өнөөдөр жүжиг, киноны зохиолчгүй болчихлоо гэсэн шүүмжлэл их дуулдах боллоо. СУИС-д жүжгийн зохиолчийн мэргэжлийн хичээл зааж байгаа таны бодол?
-Өмнөх үед төрөөс бодлогоор мэргэжилтнүүдийг бэлтгэдэг байлаа. 1930-аад оын үед гэхэд Германд хүмүүсээ бэлтгэж байсан уламжлал байлаа шүү дээ. Хожим Орос улсад мөн төрийн бодлогоор олон хүмүүсийг жүжгийн зохиолчоор сургасан. Энэ хомрогонд нь би багтсандаа баярлаж явдгаа дахин хэлье. Сүүлийн үед яагаад байна гэхлээр зэрэг зохиолчгүй болчихоод байна. Хэдэн хүмүүс хоорондоо ширээ тойрч суучихаад, онигоо ярьж байгаад юм бичицгээдэг. Жүжгийн зохиол гэж юу юм бэ? Жүжгийн зохиолч гэж хэн бэ? гэсэн нарийн техник, технологийн чихмлүүр асуудлыг мэдэхгүй байж жүжгийн зохиол бичнэ гэдэг асуудал бол буруу юмаа. Банз, хадаас хоёр байснаар л сайхан ширээ, хаалга хийчихнэ гэж байхгүй шүү дээ. Тэр банзыг чинь яаж харуулдаж, яаж урлан ширээ хийхэв гэдэгт ухаан, арга туршлага хэрэгтэй. Үүнийг үл огоорон хавтгайрах явдал ихэссэнд ихээхэн эмзэглэдэг. Энэ нь жүжгийн зохиолын нэр хүнд, жүжгийн зохиолчийн уран чадварын асуудлыг бол дэндүү гутааж байна. Миний төгсгөсөн 15 хүүхэд дотроос ихэнх нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа. Яагаад гэвэл жүжгийн зохиолчийн орон тоо гэдэг юм уу? орон зайн бололцоо алга. Гэвч утга зохиолын сонин хэвлэлд сэтгүүлч, сурвалжлагчаар уран зохиолынхоо төлөө сэтгэлээрээ ажиллаж байгаа. Авьяастай хүүхдийг л шилж элсүүлэн сайн чиглүүлж өгөх ёстой гэж боддог. Сүүл үед олон чиглэлийн урсгалууд гарч ирээд байгааг би үгүйсгэхгүй. Гэхдээ бид уламжлал гэдэг юмаа мартчих вий гэж их айдаг. Бүх зүйлийг элдэв урсгал, “изм”-д хандуулах гээд байвал юу болох вэ? Р.Гамзатавын “Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна” гэсэн үг байдаг.
-Уламжлалын тухай маш чухал зүйлийг та ярьлаа. Өмнөх үеийн нэг мундаг жүжгээр жишээ татан дэлгэрүүлэн тайлбарлаач?
-Би Д.Намдаг гуайн “Хярааны хонхорт” жүжгийг ярьмаар байна. Жинхэнэ жүжгийн зохиол гэж юу вэ? гэдгийн сонгодог жишээ, цагаан толгой гэж боддог.
Юм бүхэн нь хоорондоо холбогддог. Жишээ нь гамингууд жинсээр нь оролдох гэтэл жинс бол төр юм шүү. Улмаар монголчууд “Бурхан минь өршөө” гэхийн хажуугаар “Төрийн минь сүлд өршөө” гэж сүсэглэн төрийнхээ уламжлалыг дээдэлдэг ухааныг энэ жүжигт маш сайн харуулсан. За тэгээд “Ээдрээ”, “Оролмаа эх” зэрэг жүжгүүд нь сайн төдийгүй Д.Намдаг гуай өөрийн шавь сургалтынхаа хүчинд олон сайхан зохиолчдыг бэлтгэсэн хүн. Бэлтгэхийнхээ завсар жүжгийн зохиолыг хэрхэн бичих, яаж хүмүүст хүргэх вэ гэдгийг сонгодог дэг жаягийг бий болгосон. Тиймээс Д.Намдаг гуайг хамгин түрүүнд дурдан ярих дуртай байдаг юм. Д.Батбаяр, Д.Мягмар нарын жүжгүүд ч мөн үгүйсгэхийн аргагүй сайхан уран бүтээлүүд. Үүнийг Д.Намдаг гуайн хаялга гэж хэлж болох юм.
-Танхимын сургалтаас гадна шавь сургалт заавал байх ёстой юу?
-Чи маш их зөв юм асуулаа. Шавь сургалт гэдэг маш зөв, байх ёстой зүйл. СУИС-д жүжгийн зохиолчийн мэргэжлээр сургах гэдэг бол ерөнхий эрдмийн болоод хавсарга хичээлийн хажуугаар юуны өмнө олын өмнө хэлэх үгтэй, эзэмшсэн мэргэжилтэй болгоход түлхүү ханддаг шиг байна. Шавь сургалтад бол яг нэг жүжгийг барьж аваад юу нь дутуу байна, хаана нь болохгүй байна гэдгийг нүүр нүүрээрээ учралдан ярилцдаг учраас сайн бэлтгэгддэг байсан. Тусд нь гэртээ аваачин хичээл зааж Д.Батбаяр, Д.Мягмар, Х.Зандраабайдий нарыг жинхэнэ жүжгийн зохиолч болгох жишээтэй. Гэхдээ зохиолч гэдэг мэргэжил маань нэг номерт нь авьяас байдаг учраас тэр зүйлдээ хэр байгаа бол гэдэгт хүүхдүүдээ анхаардаг. Хичнээн шигшиж авлаа ч цагийн саалтанд зарим нь гээгдэж л байна. Танхимын сургалт ч байх хэрэгтэй, шавь сургалт ч байх хэрэгтэй юм даа.
-Яригаа таны уран бүтээл рүү хандуулмаар байна. Ялангуяа өөрийнхөө сайн гэж тоодог бүтээлийн тухай?
-Есөн номоо хэвлүүлсэн. Зургаан киногоо дэлгэцэнд гаргасан. Таван жүжгээ тайзан дээр тоглуулсан. Энэ бол жижигхэн юм л даа. Яахав, жүжиг болчихсон юм болов уу даа гэж боддог хоёр, гурван жүжиг бий. “Анхны хайр хүрэх галт тэрэгний билет” гэж миний  анхны жүжиг 1973 онд хүүхэд залуучуудын сэдэвтэй жүжгийн улсын уралдаанд 60,70-аад бүтээлээс байранд орж байсан мартагдашгүй бүтээл юм. Мөн “Өвгөдийн буудаллах нутаг” гэж жүжигтээ их хайртай байдаг. Үйл явдал нь хөдөө тосгонд өвгөдөө нутаглуулдаг газарт нь хот бариад эхэлсэн. Тэгтэл нэг өвгөн амжиж эцэг өвгөдийнхөө тэр ариун газарт өөрийгөө нутаглуулахын тулд яараад үхчихдэг. Тэгэхээр хотжилт гэдэг юм хүний амьдрал, сэтгэл санаанд яаж муухайгаар нөлөөлж буйг үзүүлсэн. “Амьдрал хайр дээр тогтдоггүй” гэж жүжиг мөн бий. Хүний сэтгэл хайр дээр тогтох ёстой байтал амьдрал, хайр дурлалыг тооцоо, автобусанд суудаг 500 төгрөг шиг юм боддог. Жишээ нь гэр бүлтэй болсон эхнэр нөхөр хоёр хүүхэдтэй болох гэснээ энэ жил энэ хүүхдийг авахуулчихая, тэгээд ажил хийцгээе, ахиухан мөнгө олчихоод хувийн машин, байр авна гээд ертөнцөд мэндлэх ёстой байсан хүүхэд тооцоонд ороод өнгөрч буйг харуулсан юм. “Чонын анд” хэмээх жүжгээ бас ярьмаар байна. Эцгийн нь бие муудаад хоёр хүүхэд нь чонын ходоод идүүлье гээд аавыгаа аваад явдаг. Гэтэл замдаа андуураад хүн буудчихдаг. Эцэст нь будилж будилсны эцэст нас нөгчсөн аавыгаа тэр хүнийг буудсан гэж хэлээд амьд гардаг юм. Иймэрхүү хэд хэдэн жүжиг бичиж байныг сайн муу болсныг цаг хугацаа шүүнэ биз дээ. Хэлэх гэсэн санаагаа л илэрхийлж чадсан бол жүжгийн зохиол биччихлээ гэж боддог хүн дээ.
-УДЭТ-ийн тайзнаа тавигдаж байгаа сүүлийн үеийн орчуулгын болон төслийн жүжгүүдийн талаар өөрийн бодол дүгнэлттэй л явдаг байх даа?
-Сүүл үеийн жүжгүүд дотроос ний нуугүй үнэнийг хэлэхэд АЖ Б.Мөнхдорж найруулсан Вампиловын “Хэрээт төгөл” жүжгийг үнэхээр сайхан бүтээл болсон гэж харсан. Харин уучлаарай, А.Очирбат гуайн “Буруугүй буруутан” гэсэн жүжгийг УДЭТ их мөнгө зарж хийсэн, яагаад жүжгийн сонголтоо онож хийж чадаагүйг гайхсан. Би хоёр талтай л жишээ татлаа. Ийм байдалтай яваад байх аваас жүжгийг зохиолын нэр хүнд, төслөөр хэрэгжиж байгаа тэр мөнгө төгрөг салхинд л хийсэх байх. Өөрөөр хэлбэл сонголтоо зөв хийж чадахгүй байна.
-Таньд жүжиг орчуулах бодол бий юу?
-Байдаг юмаа. Жүжгийн зохиол бичихийг хүнд гэж ярьдаг. Тэгвэл жүжгийн зохиолыг орчуулна гэдэг бүр хүнд юм шүү дээ. Яагаад гэхээр У.Шекспирийг монголд буулгах гэвэл түүнийгээ мэдэрч, орж, сэтгэлээ бүрэн өгөх хэрэгтэй. Манайхан ихэвчлэн хэлнээс хэлэнд л буулгаад байдаг. Хэлийг ойлгож буулгах нэг өөр, жинхэнэ уран бүтээл болгож буулгана гэдэг хэцүү. Бараг байхгүй байгаа. Энэ тал дээр өөрөө айдастай л явдаг. У.Шекспирийн “Гамлет” жүжиг гэхэд бид “Орших уу? Эс орших уу” гэдгийг нь л яриад байдаг. Түүний өмнө, хойно нь буй зүйлсийг хэр буулгасан байдаг юм бол доо. Би мэдэхгүй юм. Ч.Чимэд гуай бол сайн орчуулсан гэдэгт итгэдэг.
-Багш хүний хувьд зохиолч, тэр дундаа жүжгийн зохиолч мэргэжлийг эзэмшин уран бүтээлчийн замыг сонгох хүсэлтэй залуус, хойч үеийнхэндээ хандаж юу хэлэх вэ?  
-Уран бүтээлч болох хүмүүст нэг л юмыг боддог. П.Бадарч гуайн “Алтан дээр алт шигтгэдэггүй юм, алтан дээр чулуу шигтгэж байж алтан бөгжний үнэ цэнэ нэмэгддэг” гэж хэлсэн шиг өөрийн авьяас дээрээ ур чадвар, хэл, сэтгэлгээг нэмэх хэрэгтэй юм. М.Цэдэндорж гуай мөн “Монгол улсын далбаа гурван өнгөтэй. Улаан, цэнхэр, улаан. Монгол улсын зохиолчид мөн гурван өнгөтэй. Авьяас, мэдлэг, хөдөлмөр” гэж хэлсэн. Энэ гурвыг хослуулсан жинхэнэ зохиолчид төрөн гарна гэдэгт ямагт итгэдэг.
-Ярилцсанд баярлалаа
Ц.Ариунтуяа

Comments