“Тэнцвэрт байдал”


Унтах . . .
Өдөр унтах . . .
Би өдөр унтдаггүй. Өдөр унтахаасаа харамсдаг. Унтаж байх хойгуур юу ч болчих юм билээ?
Магадгүй дэлхийн 3, 4-р дайны зар тараад, үлэг гүрвэлүүд амилж, нар зүүнтээ жаргачих ч юм бил үү? юмыг яаж мэдэхэв. Ямартай ч өдөр унтахаасаа харамсдаг гэх үү? эсвэл юмыг огт мэдэхгүй, харахгүй өнгөрөөчих вий гэхээсээ айдаг гэвэл онох юм шиг.  Хүн ер нь юмыг мэдэхгүй өнгөрөөнө гэдэг байж болшгүй зүйл. Мэдэхгүй болоод ирэхээрээ л ойлгохгүй болж, ойлгохгүй болоод ирэхээрээ л чадахгүй болдог нь үнэн. Мэдэхгүй, ойлгохгүй, чадахгүй хүн л залхууд идэгдэж буруу замд хөл алддаг байна. Ингэхээр юмыг мэдэхгүй өнгөрөөнө гэдэг аймшигтай зүйл юм.
Яавал бид аливаа чухал зүйлийг мэдэхгүй, харахгүй өнгөрөөхгүй байж чадах вэ?
Гагцхүү унтахгүй байж л тэгж чадна.
Шөнө нь . . . бид чинь амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг биш үү?
Хүч тамиртай байхын тулд  бид заавал унтаж амрах ёстой. Амарна гэдэг чинь унтана гэсэн үг. Унтана гэдэг чинь амарна гэсэн үг.
Бас . . .
Унтаж амарна гэдэг чинь ямар нэгэн зүйлийг мэдэхгүй өнгөрөөнө гэсэн үг. Хамгийн гайхалтай, хамгийн чухал, хамгийн нууцлаг зүйлсийг бид харахгүй мэдэхгүй өнгөрөөдөг юм биш байгаа даа?
Мэдэхгүй өнгөрөөмөөргүй байдаг. Унтахгүй байж болдоггүй байдаг.
Оюун ухаант хүн бидний хамгийн том сул тал энэ юм биш үү?
Унтах . . .
Хэрвээ бид унтдаггүй байсан бол дэлхий ертөнцийн хамаг нууцыг илчлээд бүр эцэст нь мөхөх аюулд ч оруулж магадгүй. Нээрээ магадгүй.
Унтсанаар хүн амардаг.
Их мэдсэнээр хүн ахидаг.
Хэдий чинээ сэрүүн байна төдий чинээ ихийг мэднэ.
Унтахгүй бол ядарна. Эрч хүчээ алдана.
Унтах ба унтахгүй . . .
Энэ бие биенээсээ харилцан хамааралтай зүйлс л одоо дэлхий ертөнцийг устгачихалгүй шиг барьж байгаа юм биш үү?
Ингэхээр  унтаад байх нь зөв үү?
Хувь хүний л мэдэх хэрэг. Их унтах нь унтаж, бага унтах нь унтаж, ихийг мэдэх нь мэдэж, багыг мэдэх нь мэдэж байг. Энэ чинь л тэнцвэрт байдал. Энэ харьцаа байгаагүй бол та ч, чи ч, би ч, бид бүгд цөмөөрөө аль хэдий нь үгүй болох байсан биз.
Унтах ба унтахгүй . . .
Сул ба давуу тал . . .
Тэнцвэрт байдал . . .
Орших, эс орших . . .

Comments

Anonymous said…
hahaha yaana bi teguul aimr untdiinshd.. Za yahaw ene j bs tentswert baidal te