Сургуулиасаа тараад автобусанд суугаад харьж явлаа. Нэг буудал дээр зогсоод хөдлөх гэж байтал нуруун дээрээ уул шиг өндөр ачаа үүрсэн эмгэн автобусанд суухаар аль байдгаараа гүйж яваа харагдана. Жолооч тэр эмгэнийг суулгахаар хурдаа хасахыг би анзаарав. Гэнэт автобусны үйлчлэгч:
-Араас "салааны" автобус ирж байна гэж хэлэхэд жолооч хөдлөхөөс өөр арга байсангүй. Автобусны хөдлөхийг ажигласан эмгэн улам хурдан гүйж яваад хөл доорхоо харалгүй ургаа чулуунд бүдрэн хүнд ачаандаа дарагдан улаан нүүрээрээ газар шаан ойчлоо. Босч ирсэн эмгэний царайг харахаас нүд хальтрам. Улаан алаг болсон нүүрээ байдгаар нь үрчийлгэн автобусны араас гараа сарвалзуулан уйлсаар хоцорлоо.
Сэтгэл минь байн байн шаналана.
Автобуснаас буутал манай ангид энэ жилээс шилжин ирж байгаа "баян охин" аавтайгаа зөрөн өнгөрлөө. Баян гэдэг нь манай ангийнхний өгсөн нэр л дээ. Сүүлийн хэдэн хоног хичээлээ таслаад ирээгүй боловч дүн нь сайн, ирц нь бүрэн байсаар л байгаа. Хичээлд суухлаараа нэг бол хөгжим сонсож, баахан дэмий ярина. Эсхүл олон янзын амттай юм барьж орж ирчихээд идээд л суугаад байна. Ээж аавынхаа мөнгөөр сурж байгаа шинж огхон ч харагдахгүй байгаа нь дургүй хүрмээрийн зэрэгцээ жигшин зэвүүцмээр ч санагддаг.
Миний сэтгэл дахин зовиурлан өвдлөө. Хүний хорвоод хэмжээлшгүй сайхан ч бий хөгийн муухай нь ч бий л дээ. Гэхдээ энэ эмгэн охин хоёрын хооронд ямар их ялгаа байнаа. Үүнийг ойртуулах шударга ёсны гүүр хаана байна?
Гэртээ харилаа. Гэрээ цэвэрлээрэй гэсэн бичиг ширээн дээр. Хогоо шүүрдлээ... Шороо шүүрдлээ... Хог шүүрдээд байна уу? Шороо шүүрдээд байнауу гэдгээ сайн ойлгохгүй. Хог шүүрдэхээр шороо гарна. Шороо бол үнэндээ хог биш шүү дээ. Гэрт л шороог хогонд тооцдог. Харин гадаа шороог хог гэж хэн ч хэлж зүрхлэхгүй. Энэ чинь... Бид яг үнэндээ үнэн зөв,шударга хуурмагийг ялгаж чаддаггүй юм бишүү. Гэр доторх шороогоо хог гэж андуурдаг шиг өөрсдийн амьдрал, энэ нийгэмд шударга ёс үйлчилж байна гэж өнгөцхөн боддог. Харин гадаа гарахаараа нөгөө шороогоо хог гэж хэлж зүрхэлдэггүй шиг шударга ёс алхам тутам зөрчигдөж,шударга бус явдал хэрээс хэтрэн газар авч байгаад эмзэглэн худлаа баахан мэдэмхийрцгээдэг л хүмүүс юм шиг.
Өөрөөр хэлвэл бид зургийг хараад өнгөний ялгаж хардагаас биш бусдыг нь анзаарахгүй түүндээ дараа нь төөрөлддөг байна.
Миний сэтгэл тун тогтворгүй болсон тул унтахаар хэвтлээ. Нам унтах минь! Шинэ өдөр, шинээр сэрэхийг ямар ихээр хүснэ вэ?..
Comments
Amidrahad nadad ariin haalga hereggui
/Shudarga bus baidal dandaa
Toirj bish dairj garna bi azgui yumdaa
Shou bolohoor tasrahgui arhi pv undaa/