Намрын таатайхан нар ээсэн тэр нэг өглөө миний сэтгэлээс огт гардаггүй юм. Өглөө эртлэн босчихоод яг ямар юманд явах гэж байгаагаа өөрөө ч сайн мэдэхгүй байлаа. Хавь ойрын хүмүүсийн “сайн сурна шүү” гэж хүзүү базан хэлж байсан үг л бодогдоно. Ээж минь бүхий л гоё хувцыг минь өмсгөж “том болж дээ миний хүү” гэж магтана. Шинээр авсан цүнх дүүрэн дэвтэр өөрийн нэрээр хаягласан байхыг хараад битүүхэндээ баярлаж, мөрөн дэрээ тохон үүртэл маш хүнд байсанд их л бухимдан энэ их дэвтрүүдийг дуустал бичих юм байх даа гэсэн айдас төрж байлаа.
Дэгдээхэйнүүдээ дундаа оруулан хоёр захад нь хамгаалан явдаг хун шувуу шиг ээж аавынхаа гараас хөтлөн дэлгүүрээс нэг бохь авч зажилчихаад өөрийн мэдэлгүй хөөрөн дэвхцэж жаргалтай нь аргагүй алхаж явлаа. Ээж аавынхаа царайг харахад над шиг баярласнаа ил гаргахгүй ч дотроо бүхий л сайн сайхан зүйлийн үрийг чимээгүйхэн суулгаж байх шиг. Магадгүй намайг Пүрвээ ах шиг хүн болно гэж бодож байгаа байх л даа. Пүрвээ ах гэж миний хүзүүг хамгийн чанга базаж “нөгөө үг”-ийг хэлсэн буурал үстэй их мундаг эрдэмтэй, нэг л гоё хүн байдаг юм. Би ч гэсэн өөрийгөө Пүрвээ ахын оронд тавьж үзэн, янз бүрийн зүйл мөрөөдөх тун ч дуртай. Сургуулийн том төмөр хаалгаар алхан ороход үлгэрт гардаг шиг олон өнгийн хувцастай зөндөө танихгүй хүүхдүүд, инээж уйлах зангийн хувиралыг хараад маш их айж эмээхийн хамт олон хөөрхөн охидтой нүүр тулан ичиж улайхдаа бохио залгичихаж билээ. Олон танихгүй хүүхдүүдийн дунд зогсоод сургуулийн захирал гэх ааваас минь том тэр хүний яриаг анхааралтай ч биш анхааралгүй ч биш сонсон зогсоход хоёр гары минь алга усалсан юм шиг хөлөрч, өмдөн доторх хөл минь сэрүүлэг нь дуугарсан цаг шиг чичирч байв. Яагаад ингэж их сандарснаа одоог хүртэл гайхдаг юм.
Цүнхээ ч даахгүй сурагч болох гэсэн амьтан тэрнээсээ илүү л том юм тээж ирсэн шиг Ямартай “сайн сурна шүү” гэсэн хүмүүсийн итгэлийг алдахгүй Пүрвээ ах шигээ мундаг хүн болчихоод аавын хэлдгээр эх орондоо ихийг хийх хүн болноо гэж бяцхан ухаандаа эвлүүлэн бодож зогссон сон.
Comments