“Эх оронч үзэл ”



... Ээж минь намайг
Цагаан сүүгээр мялааж
Эцэг минь намайг
Эсгий үнэгээр мялааж
Эх орон минь намайг
Эрх чөлөөгөөр шагнасан... гэж Боржигон их яруу найрагч Б. Лхагвасүрэн шүлэглэсэн байдаг. Нээрээ л баян ч бай, ядуу ч бай ямар ч хүнд эх орон заяадаг. Эх орноо гэх хайрлах хайр, хүндэтгэх үзэл, бахархах сэтгэл хүн бүрт байх ёстой бөгөөд энэ хорвоод ганцхан заяах ижий аавтайгаа эн тэнцүүлэн хайрлаж бодох нь зүйн хэрэг билээ.
Харин өнөөгийн манай нийгэмд нэгэн том үзэл бодлын зөрчил үүсээд байгаа нь “үндсэрхэг” болон “үндэсний” үзлийн тухай асуудал юм. Энд тэндгүй газар ухан сэндийчлээ, гадаадын компаниудад газар худалдлаа, хужаа нар ихэдлээ, байгаль орчин сүйдлээ гэж эвсэл хөдөлгөөн байгуулан, жагсаал тэмцэл хийж, бас ч үгүй гадаадын хүмүүстэй гар зөрүүлсэн тохиолдол ч нэлээд хэд гарсан. Мэдээж эх орныхоо сайн сайхны төлөө санаа сэтгэл зовнин эмзэглэх нь зөв ч хэт үндсэрхэгжих нь буруу. Эх оронч үзэлтэй хүн гэхээр л хятадуудыг барьж зоддог, мод чулуу барьж жагсдаг, эмх замбараагүй утга учиргүй орилж чарладаг, магадгүй завсаргүй монгол дээл өмсдөг хүнийг хэлэхгүй билээ.
Бас нөгөө талаар бүр өрөөсгөл ойлголттой хүмүүс ч байна. Бие оюуныхаа чадалтайд гадаад гарч амьдраад, хөгшрөн доройтохын үедээ нутгийнхаа шороог зүглэж ясаа тавих минь гэж бодно. Ийм хүнийг эх орноосоо урвасан гэвэл зохилтой. Нутагтаа ясаа тавихыг эх оронч үзэл гэх үү?
Ер нь шувуу хааш одон нислээ ч үүрээ мартахгүй, хүн хэдий алс явлаа ч эх орноо мартаж болохгүйн адил хүний газар эрдэм ном ихээр суран мэргэшиж, өөр олон улстай танилцан нүд нээгээд буцаж эх орондоо ирж, улс орныхоо гэрэлт ирээдүйн төлөө, үр хойчынхоо мэдлэг боловсролын төлөө амь биеэ зориулан зүтгэх нь сая эх оронч үзлийн жишээ болох юм шиг.
Ямартай ч хүнд үндсэрхэг гэж ойр зуурханыг бодсон зүйлээс илүү  алс ирээдүйг бодож өөрийн нэмэр тусыг хүргэж чадах эх орноо гэсэн чин хүслийн үндэсний үзэл давуу төлөвших нь зүйтэй аж.

Comments