Их сургуулийн шинэхэн оюутан болоод “Гулливэрийн аялсан түүх” зохиолд гардаг шиг үлэмж биетэн хоёрыг үзэв. Нэг нь намайг анх харахад хоёр хөл л явж байх шиг санагдсан өндрөөс өндөр эгч. Нөгөө нь хүдэр бадриун биетэй ч хөхиүн хөгжүүн зантай ямар нэгэн юм инээдийг нь үргэлж хүргээд байгаа юм шиг хэзээ ч тас тас хөхрөхөд бэлэн харагддаг, цаанаа л нэг марзандуу байрын томоос том хүн. Яралзсан том цагаан шүдээ гарган хээгүй гэгч нь инээхэд нь өвөрмөц засалттай үс нь улам ч сүр нэмнэ. Дархад ястныхаа шог хошин дуу шиг огцом чангаар заримдаа огт санаандгүй үйлдэл хийж биднийг хэрэндээ л айлгаад авдаг энэ хүн бол МЗЭ-ийн шагналт, Алтан гадас одонт, АБТА, шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналт, МУИС-ийн сэтгүүлзүйн багш, хүүхдийн зохиолч, доктор Д.Батжаргал юм. Түүнийг өнгөн талаас нь гүехэн тольдоход ийм. Дотоод сэтгэлийн гүн рүү нь лавхан тольдвол . .
Оюутны бие даах төвийн Сараа эгч: “Их нээлттэй, чөлөөтэй, сэхээтэн хүний хүлэгдмэл шинж байхгүй. Би утга зохиолын тэнхимд ажлаар орвол Д.Батжаргал багштай түрүүнд уулзах жишээтэй. Монгол эр хүний гүндүүгүй, сайхан чанар их ажиглагддаг ” гэж хэлсэн. Нээрээ ч харилцахад ямар ч хаалтгүй хүн. Саяхан нэг уулзалтнаас тараад сургууль руу хамт алхахаар болоход “Хотын түгжрээ хэцүү. Машинаа саяхан зарчихсан. Хөдөө явахад л машины хэрэг гарах юм даа” гээд л дотныхоо хүнтэй ярилцаж буй юм шиг “ярьж гарсан” шүү.
Бидний нэг эмээдэг зүйл бол Бачаа багшийн нүд. Өөрийнх нь маш зарчимч чанар нүднийх нь хурц хурц хувиралуудаас ажиглагддаг. Зүгээр л хоцорсон хүүхэд “орох уу багшаа” гэхэд ангийнхнаас нь санал авч оруулах жишээтэй их ардчилсан багш.
“Хүүхэд, Д.Батжаргал, уран зохиол гурав ихэр юм” гэсэн нэртэй хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Галбаатар багшийн бичсэн хөрөг байдаг. Хүүхдийн зохиолоороо үнэхээр хүүхэд багачуудын “гал хам” нь болж чадсан хүн. Сэтгэл зүрхээрээ хүүхэдтэй айлссан нь өөрийнх нь зан чанарт нэвт шингэж, илт мэдрэгддэг. Хүүхэд болгоныг сансарт нисүүлж, бороог хэн оруулдагийг мэдүүлж, амьтдыг өрөвдөх сэтгэлийн нь ойлгож, амьтдын хувцасны дэлгүүр нээж өгөх хүн хэн бэ? Морины нулимсыг олж харсан/Морины нулимс/, Дүүжий бүсгүйтэй хамт итгэл алдан гоморхсон/Дүүжий/, морьтой багшдаа гишгүүлэх шахам хөөгдөн яваа хүүгийн араас эхтэй нь хамт амьсгаа давчдан гүйсэн/Эх/, хар нүдний шилний цаана нуугдаж Пунсал эмээтэй гуйлга гуйлцсан/Бурхны шийтгэл/ хүн хэн бэ?
Үнэхээр Бачаа багш бол онгодтой хүн. Нэгэн дурсамжиндаа “Гэнэт миний онгод үерийн ус шиг сад тавилаа. Бичээд л байлаа, бичээд л байлаа. . . Гурван өдөр шөнө суухдаа 7 өгүүллэг, 3 дууль, нэг тууж, 50-ийд шүлэг бичсэн” гэсэн байдаг.
Манай ангийхан Бачаа багшийн хичээлийн даалгаврыг сайн хийж ирэх гэж их хичээдэг. Гол хичээл болохоор аргагүй ч бас энд Бачаа багшийн хурц нүдний нөлөөлөл их бий. Бяцхан хөргөө ингээд төгсгөе. Ардчилсан багшийн гараас ардчилсан болоод алиа хонгор зантай сэтгүүлч, зохиолчид төрөн гарах нь гарцаагүй ээ!
Comments