Сурагч байхын жаргалан


“...Хүүхэд болгон хөдөлгөөнд орсон тэр өдөр
Хүүхэд бүхний сэтгэлд нартай тэр өдөр
Сургууль минь л огт хөдлөхгүй байсан юм
Сурагч гэсэн нэрийг ганхуулалгүй авч яваарай гэж
Сэм миний сэтгэлд ойлгуулж байсан нь тэр юм байлгүй”
 /Х.Ч/
Билгүүн хүүг ээж ааваасаа эртлэн босоход намрын таатайхан нар алгуурнаар мандаж байв. Яг ямар юманд явах гэж байгаагаа өөрөө ч мэдэхгүй, хавь ойрын хүмүүсийн “сайн сурна шүү” гэж хүзүүг нь базан хэлсэн үг л бодогдоно. Бүхий л гоё хувцсаа өмсөөд “том блож дээ миний хүү” гэж толгойгоо илүүлэн магтуулах нь тун ч таатай. Шинээр авсан цүнх дүүрэн дэвтэр өөрийн нэрээр хаягласан байхыг хараад бүр ч ихээр баярлана.
Дэгдээхэйнүүдээ дундаа оруулан хоёр захад нь хамгаалан явдаг хун шувуу шиг ээж аавынхаа гараас хөтлөн хөөрөн дэвхцэж жаргалтай нь аргагүй алхаж явна. Билгүүн ээж аавынхаа царайг харахад өөр шиг нь баярласнаа ил гаргахгүй ч дотроо олон сайхан зүйл бодон байгааг мэдээд байлаа. Тэгээд гэнэтхэн намайг Пүрвээ ах шиг хүн болно гэж бодсон юм болов уу гэж  эргэлзэв. Пүрвээ ах гэж түүний хүзүүг хамгийн чанга базан “нөгөө үгийг” хэлсэн хүн л дээ. Тэрээр Билгүүнд сурагч болохын амтыг үзэж дээ гэсэн учир битүүлэг үгийг мөн хэлжээ. Одоохондоо Билгүүн хоолны амтнаас өөр амтыг төдий л мэдэхгүй учир ихэд гайхаж.
Сургуулийн том төмөр хаалгаар ороход түүнийг хүүхэлдэйнд гардгаас ч олон өнгийн хувцастай зөндөө танихгүй хүүхдүүд угтав.
Тэрхэн агшинд хацар нь улайгаад, биеэ барин дуугаа таг хурааж орхилоо. Захирал гэх ааваасаа том тэр хүний яриаг анхааралтай ч биш анхааралгүй ч биш чагнан зогсоход гары нь алга усалсан юм шиг хөлөрч, өмдөн доторх хөл нь сэрүүлэг нь дуугарсан цаг шиг чичэрнэ. Яагаад ингэж сандарснаа өөрөөсөө хайгаад олсонгүй.
Магад өнөөх сурагч болохын жаргалыг амтлан байгаа нь энэ биз. Ямартай ч цүнхээ ч даахгүй сурагч болох гэсэн амьтан тэрнээсээ илүү л том юм сэтгэлдээ тээж ирж дээ. Инээж уйлан, итгэж гомдсон дурсамж дүүрэн арав дахь хавраа үдэн зогсохдоо энэ дурсамжаа амтархан санаж сурагч бахын жаргаланг улам ихээр мэдрэх нь гарцаагүй ээ.

Comments

Anonymous said…
Bi bagadaa yag l iim bsan da kkk. Tsag uyee olson goyo oguulleg bn nza