Санаа зөв бол...
Жеки Чан өөрийнхөө
ийм нэртэй алдарт кинондоо ой ухаанаа алдчихаад “Би хэн бэ”, “Би хэн юм бэ?” гэж чангаар хашгирдаг. Харин одоо би өөрөө
өөрөөсөө ингэж асуух гэж байна. Нэг, хоёрын, гурваа...И
Чойдог оо! Чи хэн юм бэ?
Хүжийн гэрэлд ч хайрын
захиа бичих шантрашгүй зүтгэл надад байдаг болохоор үүрийн таван цагт босч ном
уншина. Юуны төлөө гэдгээ мэдэхгүй ч 1.200.000 төгрөгөөр лекцийн ард унтаж
чадах "зориггүйгээ" сайн мэднэ. Гөлмөн төмөр шиг гөлгөр хүмүүс намайг бөөсөн чинээ ч
тоохгүй мяндагнан өнгөрлөө ч амаа үмхийртэл
дараад тоолгүй байж чадах тэнэгдүү гэмээр тэвчээр надад бий. Найз
нөхөдтэйгээ шуугилдан, дарвисан шиг дарвиж, доргисон шиг доргих зөрүүдхэн зан ч
надад бий. Гэхдээ... Гэхдээ...
Уянгын дуу
сонсохоороо уйлчих гээд байдаг зөөлөн сэтгэлтэйг минь, өглөө босоход үс минь
санамсаргүй гоё хэвэнд орчихсон байвал тэр өдөржингөө сэтгэл өөдрөг явдгийг
минь хэн л мэдэх билээ л. Намхан нуруутай, түргэн яриатай, магадгүй өөртөө
зохихгүй хувцас өмсөөд хэнэг ч үгүй явдаг ч гэлээ орой болгон анхныхаа номыг
гаргахаас авахуулаад Нобелийн шагнал авах хүртэлх түмэн зүйлийн гэгээн мөрөөдөлд автан унтаж
чадахгүй хөөрч догдолдогоо би өөрөө л мэднэ. Тиймээ, би өөрөө л мэднэ. Өлссөн хүн
алим идэж буй мэт шунаг орчлонд өдөржин
юм идэхгүй явлаа ч би бухимддаггүй ээ. Маргааш нөгөөдрийн минь төлөө аав ээж
минь ажилсаар байгаа болохоор тэр.
Яагаад ч юм. Яагаад
ч юм би бурханд итгэдэг. Өөрөө өөрийгөө дайчлан, өөрөө өөртөө туслаж байгаа
учраас бурхан надад туслаад, цаагуураа юмы нь тааруулаад байх шиг санагддаг. Ийм л болохоор би “Санаа зөв бол заяа зөв” гэсэн
заримынх нь хувьд улиг болсон ч гэмээр үгэнд дэндүү шүтэж явдаг юм аа.
Нартад над шиг хүн
нэгээхэн ч үгүй байх аа, Тийм үү?. Тэр нь ч болж дээ./инээв/
Comments