Миний өмнөх амьдрал



Өөрийгөө толинд харан хэвтэнэ.  Орны яг эсрэг талд том толь байдаг юм. Толинд туссан дүрсийг өөрийгөө гэж мэдэх ч бас нэг тусдаа Чойдог өөдөөс минь харж байх шиг санагддаг. Түүнийг удаан хугацаагаар ширтэн бодлогоширч олон сонин атлаа танил зүйлсийн тухай хүүрнэлддэг. Гэвч ихэнхдээ өнгөрсний тухай. Яагаад заавал өнгөрснийг ирээдүйгээс илүү санан дурсдагийг мэдэхгүй юм.  Магадгүй үүнийг би толинд туссан Чойдогийн нөлөө гэж таамагладаг. Нээрээ ч тэр миний нүд рүү хараад л ногооны зах дээр өдөржингөө 5000 төгрөгний төлөө нуруугаа “алан алан” байж 50 кг шуудайтай төмсийг давхарлан зөөж явсан, нийслэлийн шилдэг бүтээлч хүүхдээр шалгарчихаад гээчих вий гэж хувцасныхаа цаанаас медалиа тас атган гэр лүүгээ ухаангүй гүйж явсан үе гээд юутай ч зүйрлэшгүй үнэт дурсамжуудыг минь сэргээж өгдөг.
Өмнөх амьдрал гэснээс санаанаас гардаггүй нэг үг бодогдчихлоо. “Хүн дурдатгалаар амьдарч, дурдатгалаар хүмүүжин ухаарч гэдрэг нэхэх нь сонин” /Б.Золбаяр “Бүтэн”/ гэж.  Өнгөрсөнтэйгээ зууралдана гэсэн үг биш л дээ. Хэсэг бусаг дурсамж дурдатгалууд...Алаг тарлан бодол эргэцүүллүүд...Эгээ л эвлүүлэг хийгээгүй эвцэлдэж авцалдаагүй бичлэг мэт. Гэхдээ энэ л эмх замбараагүй эрээн бараан зүйлс өдгөө миний амьдралын эгэл борги хийгээд эгнэшгүй алтан хуудсуудыг эмхлэн хуйлалцаж сэтгэлийн их хатуужил тэвчээрийг өгсөөр байдаг нь үнэн.
Би өнгөрснийг дурсахдаа одоотойгоо харьцуулан санах дуртай. Үүний тулд БИ ХЭН БЭ? гэдгээ тодорхойлох шаардлага тулгардаг. Жеки Чан өөрийнхөө ийм нэртэй алдарт кинондоо ой ухаанаа алдчихаад “Би хэн бэ”, “Би хэн юм бэ?”  гэж чангаар хашгирдаг. Харин одоо би өөрөө өөрөөсөө ингэж асуух гэж байна. Нэг, хоёрын, гурваа...И
Чойдог оо!  Чи хэн юм бэ?

Хүжийн гэрэлд ч хайрын захиа бичих шантрашгүй зүтгэл надад байдаг болохоор үүрийн таван цагт босч ном уншина. Юуны төлөө гэдгээ мэдэхгүй ч 1.200.000 төгрөгөөр лекцийн ард унтаж чадах "зориггүйгээ" сайн мэднэ. Гөлмөн төмөр шиг гөлгөр хүмүүс намайг бөөсөн чинээ ч тоохгүй мяндагнан өнгөрлөө ч амаа үмхийртэл  дараад тоолгүй байж чадах тэнэгдүү гэмээр тэвчээр надад бий. Найз нөхөдтэйгээ шуугилдан, дарвисан шиг дарвиж, доргисон шиг доргих зөрүүдхэн зан ч надад бий. Гэхдээ... Гэхдээ...
Уянгын дуу сонсохоороо уйлчих гээд байдаг зөөлөн сэтгэлтэйг минь, өглөө босоход үс минь санамсаргүй гоё хэвэнд орчихсон байвал тэр өдөржингөө сэтгэл өөдрөг явдгийг минь хэн л мэдэх билээ л. Намхан нуруутай, түргэн яриатай, магадгүй өөртөө зохихгүй хувцас өмсөөд хэнэг ч үгүй явдаг ч гэлээ орой болгон анхныхаа номыг гаргахаас авахуулаад Нобелийн шагнал авах хүртэлх  түмэн зүйлийн гэгээн мөрөөдөлд автан унтаж чадахгүй хөөрч догдолдогоо би өөрөө л мэднэ. Тиймээ, би өөрөө л мэднэ. Өлссөн хүн алим идэж буй мэт шунаг орчлонд  өдөржин юм идэхгүй явлаа ч би бухимддаггүй ээ. Маргааш, нөгөөдрийн минь төлөө аав ээж минь ажилсаар байгаа болохоор тэр...Хэн болоод явж байгаагаа багахан ч гэсэн тодорхойллоо. Юу ийм болгов гэдгийг харин толин тусгал дахь нүднээсээ эрье.
Өнгөрсний тухай ярихад яагаад ч юм гуниг төрдөг. Төгс төгөлдөр юм болоод төгс төгөлдөр бүтээгч гэж үгүй болохоор бид алдана. Алдааны талаар бүгд ярьдаг ч ойшоодоггүй. “Алдана гэдэг, алдана гэдэг ямар сайхан гэж санана. Дахиж хэзээ ч алдахгүй гэж шүд зуун бодохоос дэндүү сайхан байдаг юм.” Өнгөрсөн амьдралсаа ухаарсан өчүүхэн зүйл минь энэ. Айлын том. Энэ ойлголт надад дэндүү эрт суусан. Суусан ч гэж дээ ээж аавын “даруулгатай” өсгөснийх. Буурьтай, тэвчээртэй, хатуужилтай байх зангаараа бүрэг зожиг өссөн ч аав нэлээд балгадаг, хоёр дүү бага, ээж өдөржин ажилтай, гэр хорооллын хэцүүхэн амьдрал намайг их юманд сургасан. Захын хороололд өссөндөө би харин ч баярладаг. Энэ амьдралаа би юутай ч, хэнийхтэй ч харьцуулахыг хүсдэггүй. Хичээлээ тарчихаад хоёр дүүгээ цэцэрлэгээс нь аваад өвөөгийнд ээжийг тарж ирэхийг хүлээнэ. Орой нь буудлаас хоёр буудал алхаж хүрэх уулын энгэрт зэвхий даасан ганц гэртээ ээжтэйгээ хамт нойроо хугаслан аавыгаа ирэхийг хүлээдэг байсан энэ миний л амьдрал. Зөвхөн миний л амьдрал. Тийм ч учраас би хэзээд мартахгүй.
Толинд өөрийгөө харах болгондоо, өнгөрсөн амьдралаа тольдох бүрдээ ирээдүйд тэмүүлсэн их хүсэл минь батжиж буйг мэдэрдэг. Хүн бүр өөрөө тольдож, өөрөөр тунгаана. Нэрт зураач Пабло Пикассо “Юмсыг ойлголтоор бус өөрийн харж байгаагаар зурах нь юу юунаас илүү эрхэм байдаггүй гэж үү гэж өөрөөсөө байнга асуудаг” гэсэн байдаг. Би ч ялгаагүй өнгөрсөн амьдралынхаа өнгөөр ирээдүйнхээ амьдралыг зурах болно. Гэхдээ илүү шинэчилж, зөвхөн өөрийнхөөрөө зурна. Бүтээсэн тэр амьдралынхаа од нь болж гэрэлтэнэ. Би бол од. Бүдэгхэн од. Гэрэлтэж чадах хэрээрээ л гэрэлтэнэ. Гэгээ нь бүдэг байж болноо, хамаагүй. Гол нь миний л гаргаж буй гэгээ шүү дээ.
        Яагаад ч юм. Яагаад ч юм би бурханд итгэдэг. Өөрөө өөрийгөө дайчлан, өөрөө өөртөө туслаж байгаа учраас бурхан надад туслаад, цаагуураа юмы нь тааруулаад байх шиг санагддаг.  Ийм л болохоор би “Санаа зөв бол заяа зөв” гэсэн заримынх нь хувьд улиг болсон ч гэмээр үгэнд  дэндүү шүтэж явдаг юм аа.
Нартад над шиг хүн нэгээхэн ч үгүй байх аа, Тийм үү?. Тэр нь ч болж дээ./инээв/

Comments

Болор said…
Чи нээрээ хэн юм бэ? Чойдог оо...
би ч гэсэн өнгөрснөө дандаа дурсдаг бас хааяа их боддог л доо, харин би хэн бэ? гэдгээ ёстой бодож байгаагүй юм байна. Би бас ингэхэд ХЭН ЮМ БЭ?????....хэхэ
Anonymous said…
ingeed chnii amidraliin jhn ch gsn hesgiig humuus meddeg bolloo... Uran buteelch hunii amidral bichddegeeree l busad hcniihees yalgaatai. CHi busdaas ilvv bish ch yadj l busdaas uur.... ene l chi.CHinii amidral gantshan huwi....
Anonymous said…
amjilt husie chi mundg uchrs chdh blnoo
марал said…
тиймдээ бид өнгөрснөө мэдэх ч ирээдүйгээ өөрсдөө цогцлооно. бид өөрсдийн түүхээ өөрсдөө бичиж өөрөө өөрийгөө хэн бэ гэдгийг өөрсдөө л бий болгоно. дэмжиж байгаа шүү
Anonymous said…
chi ongorsnoos az jargal huseh yum gej neg naiz maani nadad helj bsan yum. harin ter naiz maani chi margaashaas az jargal huseh yum gej neg naizdaa shuumjluulj bsan gedeg. naiziin maani naiz harin yu gej shuumjluulsen bol...
Найзын чинь найз шүүжлүүлсэн нь лавтай. Харин яг юү гэж шүүмжлүүлснийг нь би буудаад яахав. Аз жаргалыг "хүсэх" гэдэг чинь өөр ойлголт байхаа, өнгөрснөөс, өнөөдрөөс, маргаашаас, өөрөөсөө аль ч тэр. Харин аз жаргалыг "бий болгох"-ын хувьд ямар ч зүйлээс өөрийгөө итгэлжүүлж болох биш үү? тийм үү? аль эсвэл үгүй юү?
Erka said…
Dvv bogood naizdaa amjilt hvsie chi ch mundag hvn boloh shinjtei shv kkk
chi bid 2iin ongorson amidrald adil taluud ih bii mon bas ineedtei saihan dursamjuud ch ih bga shv tme za amjilt uragshaa Jamtsaa
Mungunuu. said…
"Хэн гэдэг нь чухал биш, хэн болох нь чухал" тэр нэгэн зурагны ард бичиж үлдээсэн дурсгалын үгнүүд дундаас чиний бичсэн энэ үгийг би хамгийн тод санадаг...
Unknown said…
Үүнийг уншихтай зэрэгцээд 4-р ангийн охин минь өөрөө өөртөө " Хичээдэг нь биш хийдэг нь байгаарай" гэж шивнэх... Ямар их урам зориг өгч байна аа.Баярлалаа амжилт хүсье.