С.ЭРДЭНИЙН АНИМА


 Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь
Швейцарийн сэтгэл зүйч, эмч Карл Густав Юнг /Carl G.Jung/ (1875-1961) хүний сэтгэл зүйн мөн чанаруудыг судалж аналитик сэтгэл зүйг үндэслэжээ. Эхэн үедээ З.Фрейд /Sigmund Freud/ (1856-1939)-ийн психоанализын онолыг баримталж байсан тэрээр өөрийн онолыг боловсруулсан байна. Аналитик сэтгэл зүйд “нийтийн ухамсаргүй”, “архетип” зэрэг тулгуур ойлголтуудыг авч үзнэ. К. Г.Юнг дэлхийн олон үндэстэн, угсаатны үлгэр домгууд болон хуучны соёл, бэлэг тэмдгүүдийг судалж үзээд тэдгээрт ижил төстэй шинж чанар, дүрүүд, зан үйлүүд, бэлгэдлүүд байгааг олж харсан байна. Өөр өөр соёлуудад байдаг бэлэг тэмдгүүд нь ямар нэг байдлаар хоорондоо холбоотой, адил төстэй нийтлэг шинжтэй байсан тул тэрхүү хүн төрөлхтөний сэтгэлгээний нийтлэг хэрнээ далд нууцлаг ертөнцийг нийтийн ухамсаргүй гэж нэрлэсэн байна. Нийтийн ухамсаргүй нь хүний сэтгэл зүйн далд, нууцлаг гүн ертөнц тул хүн шууд мэдэрч чаддаггүй, харин архетипүүдийн дохио, өгөгдлүүдээр мэдрэгдэж хүний үйл ажиллагаанд нөлөөлж байдаг гэж үзсэн.
Архетип нь эртний сэтгэхүй, өвөг дүр гэсэн утгатай. Энэ тухай К.Юнг “...Архетип гэдэг бол нарийн эдүүд нь ялимгүй хэлбэлзэх хэрнээ суурь бүдүүвч зураглалыг хэвээр нь хадгалж чадсан төсөөллийг, сэдлийн иймэрхүү төсөөллийг бүрдүүлэх хандлагыг хэлдэг. Аймшигт амьтны тухай олон төрлийн төсөөлөл байдаг ч сэдэл нь нэг л хэвээрээ үлдэн оршдог. Мөн чанартаа архетипүүд бол шувуу үүрээ барих гэж, шоргоолж овоо сууцаа босгох гэж зөнгөөрөө зүтгэдэг шиг зөнгөөр залагддаг чиглэлт хандлага (тренд) юм. Энд архетип зөн хоёрын ялгааг хэлэх хэрэг гарлаа. Бидний зөн гээд буй зүйл бол мэдрэлийн эрхтнээр хүртэж болох физиологийн үйл юм. Гэтэл зөн ийм мөртлөө, хий мөрөөдөлд өөрийгөө илэрхийлж, ялангуяа зөвхөн бэлгэдэлт дүрүүдэд өөрийнхөө оршиж буйг илэрхийлэх нь элбэг байдаг. Энэ илрэлүүдийг л архетип гэж би хэлдэг...(Юнг.К.Г. Бэлгэдэлт амьдрал. УБ. 2011. Орч А.Энхбаатар. хуудас 203) хэмээжээ. Янз бүрийн архетип бий. Тухайлбал мангас, баатар, эх, цэцэн өвгөн, өнчин хүү зэрэг. Өөрөөр хэлбэл аль ч үндэстний эртний дүрслэх сэтгэлгээнд сөрөг талын дүрийг ямар нэгэн мангасаар төлөөлүүлэн үзүүлдэг бол эерэг дүр нь баатар байна. Жишээлбэл монгол үлгэр, домог үлгэр, туульд сөрөг дүр нь арван таван толгойтой атгаалжин хар мангас, эерэг дүр нь хавиргандаа завсаргүй, харцагандаа үегүй, хүн бие нь хүрлээр бүтсэн, хүзүү сээр нь гангаар бүтсэн баатар эр байх гэх мэт. Мөн нар, сарыг Өрнө, Дорно дахинд ижил төстэй байдлаар дүрсэлдэг нь анзаарагдаж байна. Тухайлбал профессор К.Г.Юнг: «...Сар мөн л ухамсарт бус зүйлийн бэлгэдэл. Хүмүүний ухамсарт бус зүйлийн бэлгэдэл бол сарны ертөнц л дөө. Сар нь шөнийн ертөнц учраас эм хүйсийн тэмдэг болох сараар илэрхийлсэн нь ухамсарт бус зүйл өөрөө эм хүйсийн эхлэл байдгаас тэр...» (Юнг.К.Г. Бэлгэдэлт амьдрал. УБ. 2011. Орч А.Энхбаатар. хуудас 153) хэмээн сарыг эм хүйс  гэжээ. Тэгвэл монгол домог зүйд наран эцэг, саран эх гэх хоёр дүр байдаг байна. Монголын Бэлгэ зүйч, профессор С.Дулам:  «...Юутай ч гэсэн Наран Саран хоёр бол монгол хүний эрт цагийн шүтээн мөн бөгөөд энэ нь түүхийн дурсгал, сурвалж бичгийн мэдээгээр батлагдаж буй юм. Харин чингэхдээ ихэнх тохиолдолд нарыг эцэг, сарыг эх болгодог гэдгийг дурдах нь зүйтэй...» (Дулам.С. Монгол домог зүйн дүр. УБ. 2009. хуудас 309) гэж сарыг мөн эм хүйс байдгийг дурджээ. Үндэстний онцлогоос үл хамааран архетипийн ижилсэл байдгийн нэг л баримт нь энэ. Эдгээр нь нийт хүн төрөлхтөний сэтгэл, сэтгэлгээнд нийтийн ижилсэл байдгийг харуулахын зэрэгцээгээр хүн төрөлхтөний нэг эд эс болох хэн нэгэн хүний сэтгэл зүйд ч тэдгээр нь хадгалагдан оршдог аж. Түүнчлэн уран бүтээлч ялангуяа зохиолч хүний сэтгэл зүйн сонин хандлага нь уран бүтээлд нь тусан хүртэгдэж нэг талаасаа зохиолын агуулгыг, нөгөө талаасаа зохиолчийн сэтгэл зүйн хандлагыг илэрхийлж байдаг гэж үзэх боломжийг олгодог. 
Профессор Г.К.Юнг мөн Анима, Анимус гэдэг нэгэн сонирхолтой ойлголтыг авч үзсэн буй. Анима (амь сүнс гэсэн утгатай) нь эрэгтэй хүний эмэгтэйлэг шинж, Анимус нь эмэгтэй хүний эрэгтэйлэг шинж. Энэ тухай К.Г.Юнг «...Дундад зууны үед хүн болгон эр, эм дааврын элемент тээдгийг физиологичид тогтоохоос бүр өмнө “Эр хүн эм хүнээ агуулдаг” гэлцдэг байсан гэдэг. Эр хүн дэхь эм элементийг би “Анима” гэж нэрлэсэн юм. Эм тал нь орчин тойронтойгоо, тухайлбал: Эмэгтэйчүүдтэй тогтоох холбоо нь тодорхой хэмжээгээр захирагдмал, өөрөөсөө болон бусдаас чанд нууцлагдсан түвшинд буй...» (Юнг.К.Г. Бэлгэдэлт амьдрал. УБ. 2011. Орч А.Энхбаатар. хуудас 165) гэжээ. Энэ талаар сэтгэл зүйч Л.Төрбурам: «Анима. Энэ бол эрэгтэй хүний сэтгэл зүйн ертөнцийн эмэгтэйлэг шинж, бүрэлдэхүүн хэсэг юм. Юнгийн үзсэнээр эрэгтэй хүнд тодорхой хэмжээгээр эмэгтэйлэг шинж байдаг, энэ нь эр хүн эмэгтэй хүн сонирхож, эмэгтэй хүнд татагдах суурь бүтцийн нэгэн хэсэг болдог байна. Анима эрэгтэй хүнд тэдний ээж, эгч, дурласан эмэгтэй зэргээс үүсдэг хэмээн Юнг итгэж байлаа...» (Төрбурам.Л. Сэтгэл судлалын түүхийн жимээр. УБ. 2013. хуудас 360) гэж тайлбарласан байна. Эдгээрээс үзвэл аливаа эр хүний дотоод сэтгэл зүйд нь эмэгтэйлэг шинж байх ба түүнийг нь Анима гэж нэрлэжээ. Мөн «...Эрэгтэй хүний анима бүрэлдэн бий болох үндэс нь түүний ээж байдаг. Хэрвээ ээж нь түүнтэй сөрөг харилцаатай байсан бол түүний анима уурлаж бухимдсан, сэтгэлээр унасан, тогтворгүй, аюулд орсон мэт мэдрэмж, цухалдсан байдлаар илэрдэг...» гэх буюу «...Хэрвээ эрэгтэй хүүхэд ээжтэйгээ сайн харилцаатай байсан бол түүний анима эерэг байдлаар илэрдэг. Амьдралыг утга учиртай, сайн сайхан байдлаар хүлээн авч, бусадтай ялангуяа эсрэг хүйсийн хүнтэйгээ зөв зохистой харилцаж чаддаг ажээ. Анима үлгэр домгийн ертөнцөд сахиусан тэнгэр эсвэл шулмын дүрээр илэрдэг. Нэг талдаа сайн сайхныг нөгөө талдаа муу муухайг холбогч болдог...» (Төрбурам.Л. Сэтгэл судлалын түүхийн жимээр. УБ. 2013. хуудас 360-361) гэжээ.

Тэгэхээр аливаа уран бүтээлчийн далд ухамсарт нь Анима, Анимус бүрэлдэн бий болдог бөгөөд тэдгээр нь уран бүтээлд нь дүрслэгдэн амилах магадлалтай аж. Манай их зохиолч С.Эрдэнэ (1929-2000) гуай өөрийн амьдралыг ний нуугүй хүүрнэсэн “Халхын заяасан харгуй”, “Үхэх амархан, амьд явах хэцүү”, “Дүүжин даажин”  зэрэг дурсамж туужууд бичжээ. Ялангуяа “Халхын заяасан харгуй” тууждаа өөрийн амьдрал намтрыг урнаар өгүүлсэн, гол нь чин үнэнээ бичсэн нь нэн гайхалтай агаад энэ нь С.Эрдэнэ гэх уг том уран бүтээлчийг судлахад ихээхэн дөхөмтэй болгож байна. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ гуай өөрийн амьдрал, замналаа уран бүтээлдээ хэрхэн тусгасныг нь үзэж болохын зэрэгцээгээр түүний өссөн төлөвшсөн орчин, хүрээлэн байсан ойр дотно хүмүүс, тэдгээрийн нөлөө бүр тодруулбал түүний Анима хэрхэн төлөвшсөнийг тоймлож болохоор юм.
Зохиолч С.Эрдэнэ 1929 онд төржээ. 1938 онд буюу түүнийг 9 настай ахуйд эцэг нь хэлмэгдүүлэлтийн сүүдэрт өртөн баривчлагдаж, сураггүй болжээ. Ийн С.Эрдэнэ эмээ, ээж, өргөмөл ах, охин дүү нартайгаа үлдсэн аж. Өргөмөл ах нь тэгсгээд цэрэгт явж, эхнэр авч тусгаарласан тул Эрдэнэ хүү гурван эмэгтэй хүнтэй амьдарч төлөвшсөн байна. “Халхын заяасан харгуй” тууждаа энэ тухайгаа «...Арван дөрөвтэйдээ “өвгөн” болж тоглоом наадмаа орхилоо. Уулын толгой харж бодол болоод суучихна...» /Халхын заяасан харгуй/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 10) гэх буюу «...Аав сураггүй болоод даруй таван жилийн нүүрийг үзэж би би тэр гамшигт гучин найман оны хаврынхыг бодвол эр хүн болсон авч нар бид хоёрын харагч орчлон дэлхий хичнээн гэрэлтэй цэлмэг байвч дотор сэтгэлийн альхан нэгэн талд нь гуниг гутрал нуугдаастай. Эцгийн хойноос гашуудах гашуудал цагийн салхинд хийсэн одсон авч нэгэнт шархалсан зүрх гэнэ гэнэхэн шархираад л байдагт ч юм уу угаас би гэгч ийм нэг уйтгарлан мөрөөдөгч уруу дорой зантай хүн болохын дохио ч юм уу бүү мэд...» /Халхын заяасан харгуй/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 11) гэсэн байдаг.
Ер нь хүүхэд гэр бүлийн хүрээнд эцэг, эхийн нөлөөлөл дор төлөвшдөг. Гэр бүлийн харилцааны үндсэн бүтцийг Бельгит төрсөн, еврей гаралтай антропологич К.Леви Стросс /Levi Strauss.C/ (1908-2009) “Бүтцийн антропологи” номондоо: «...бид Радклиф Браунаас ишлэж байна, “Ураг төрлийн бүтцийн нэгж нь «анхдагч өрх бүл» нөхөр, эхнэр, тэдний хүүхэд, эсвэл хүүхдүүдээс бүрдэж буй бүлэг юм. Анхдагч өрх бүлийн оршихуйгаас үүсдэг социаль харилцааны гурван төрөл байна. Тухайлбал, эцэг эх ба хүүхэд хоорондын, нэг эцэг эхийн хүүхдүүдийн (сиблинг) хоорондын, нэг эсвэл хэд хэдэн хүүхдийн эцэг эх болох нөхөр, эхнэр хоорондын харилцаа юм...» (Леви Стросс.К. Бүтцийн антропологи. УБ. 2013. Орч Ж.Отгонбаяр. хуудас 51) гэх мэтээр дурдаад, улмаар «...Хүний нийгэмд биологийн гэр бүл оршин байж үргэлжлэх нь эргэлзээгүй. Гэхдээ ураг төрлийн харилцааг нийгмийн шинжтэй болгодог зүйл нь энэ үргэлжлэл байгалаас хадгалагдах ёстой гэх явдал биш, харин ураг төрлийн барилдлагыг байгалиас салгаж өгдөг тэр үндсэн зүйл ажээ. Ураг төрлийн барилдлагын тогтолцоо нь садан төрлийн обьектив холбоо, эсвэл индивид хоорондын цусан төрлийн холбооноос бүрдэж буй юм биш, энэхүү тогтолцоо нь гагцхүү хүмүүсийн ухамсарт оршин байдаг...» (Леви Стросс.К. Бүтцийн антропологи. УБ. 2013. Орч Ж.Отгонбаяр. хуудас 51) гэх зэргээр тайлбарласан байна. Дээр дурдсан гэр бүл дэхь социаль харилцаануудын аль нэгийнх нь тасалдал тухайн хувь хүний төлөвшилд нөлөөлдгийг С.Эрдэнэ гэх хувь уран бүтээлчийн амьдрал, намтартай холбож үзвэл ухаан орох насанд нь аав нь баривчлагдан сураггүй болж ээж, эмээтэйгээ үлдсэн нь түүний төлөвшилд нөлөөлсөн нь эргэлзээгүй.
Зохиолч С.Эрдэнэ гуай өөрийн уйлхайгаа дурдсан нь олонтаа. Тодруулбал “Үхэх амархан, амьд явах хэцүү” дурсамж тууждаа «...Би Баянтүмэний жихүүн буудлын тохьгүй умгар тасалгааны орон дээр нулимсаа урсгаж хэвтэнэ. Тайтгарахын тулд чимээгүй нууцханаар уйлдаг багын минь зан. Гучин найман оны хаврын тэр нэг бүүдгэр өдрөөс хойш би уйламтгай болсон юм. “Ухамсартайгаар уйлна” шүү. Гутрахдаа, гомдохдоо, уярахдаа, хайрлахдаа уйлна. Ер уйлахыг хэн хорих билээ дээ. Уйлах эрх чөлөө л юунд ч боогдохгүй юм даа...» /Үхэх амархан, амьд явах хэцүү/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 121) гэж дүрслэн өөрийн амьдрал түүнээс олж авсан сэтгэл зүйн мөн чанараа тодруулсан бөгөөд уйлсан тохиолдлуудаа “...Дэжээ дэр тэвэрч хагас суугаад ёолон гиншинэ. Би гаднаас түлээ оруулахдаа бажигдсандаа ч юм уу баярласан даа ч юм уу уйлж явлаа. Тийн нэлээд удлаа. Дэжээгийн ёолох улам чангараад л байна. Гэтэл хүүхэд унаж часхийн чарлав. Би ий ий гээд эхэр татлаа.../Халхын заяасан харгуй/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 49) гэж анхныхаа хүүхдийг төрөхөд уйлснаа бичсэн бол сургуулиасаа хөөгдөөд уйлснаа “...Мөнөө арван дөрвөн цагаан баганыхаа ёроолд зогсож нэг сүрхий эхэр татаад зүг чиггүй яваад өглөө.../Халхын заяасан харгуй/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 55) гэж мөн “...Нэг орой байдаг айлдаа ирж явтал өөдөөс ээж минь гүйхээрээ ирж явна. Тэгснээ нэлээд холхон сууж гараа хэд зангаад ингэнтэл уйлчихлаа. Би ч мөн салхийн сууж эхэр татав.../Халхын заяасан харгуй/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 56) гэх мэтээр бичжээ. Ер нь уйлсан талаараа дурсамж туужууддаа бичсэн нь нэн түгээмэл. Ийн уйлж тайтгардаг нь өөрт нь ихээхэн тус болсон нэгэн тохиолдол бол ухаан самууран Москвад сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн явдал. Тэр талаараа “...Нулимс минь сулдаа урсав. Хэн ч надад саад болсонгүй. Урсгаад л байлаа. Өнөөх хэдэн бөөрөнхий чавгаа газраар өнхрүүлж, тамхиа халаасандаа хийгээд хоёр гараараа тархиа тэвэрч урсгаад л байлаа. Тэгээд дотор минь гэнэт цэлмэх шиг болов.../Үхэх амархан амьд явах хэцүү/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 123-124) гэжээ. Ийн уйлаад ухаан санаа нь эрүүлжин галзуугийн эмнэлгээс гарсан байдаг. Энэхүү уйлхай шинж чанар мөн эмэгтэйчүүдийн дунд өсөж төлөвшсөнтэй нь холбоотой байж болох юм.      
 Г.К.Юнгийн онол ёсоор С.Эрдэнэ хүү Анимагаа эмээ, ээж нараасаа төлөвшүүлсэн байх магадлалтай ч мөн ойр дотно байсан охид, бүсгүйчүүдээс ч нэлээд нөлөөтсөн бололтой. Тэдгээрийн эхнийх нь хүүхэд үедээ анхны хайр сэтгэлээ өгч байсан Санжмаа охин.  
С.Эрдэнэ гуайн алдарт “Наран тогоруу” зохиолд нэгэн гэнэн цагаан сэтгэлт хөдөөх охин дүрслэгддэг. «...Охин хоолой дээрээс гарах огцом чанга дуутай байснаа одоо цээжний зөөлөн дуутай болжээ. Харанхуйд би түүний номхон бор нүдний гунигт харцыг мэдэрч байлаа. Би аймгийн сургуульд явж тэр минь аарц цагаа буцалгасаар үлдэх тул гуниглах нь аргагүй дээ. Би түүнд зүрх шимширтэл хайр хүрч байлаа. Оготор даалимбан тэрлэгний хормойгоор үхрийн баас шавхай болсон нүцгэн хөлөө ороож хацраа өвдөгтөө наагаад нулимст нүдээр гөлрөн хоцрох хөөрхийлөлт дүр нь үзэгдэв...» /Наран тогоруу/ (Эрдэнэ.С. Шилмэл өгүүллэгүүд. УБ. 1988. хуудас 38) гэж “Наран тогоруу”-д өгүүлсэн ба энэ охин бодит хүн. Нэр нь Санжмаа. Санжмаагийн тухай С.Эрдэнэ гуай “Халхын заяасан харгуй” тууждаа: «...Санжмаа аймгийн дунд сургуулиас мөн зуны амралтаар ирээд томорч чандайсан хөхөө нуух гэж халхгар тэрлэг өмсдөг болсон байв...» /Халхын заяасан харгуй/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 20) гэх буюу Санжмаатай уулзаж учирч явснаа: «...Санжмаагийн өнөөх айлгадаг товгор хөх гарын алган дороос төөнөж, хүзүү, үснээс нь нэг янзын дулаахан мансууруулагч үнэр үнэртэн, орны нь захаас хашиж суусан өгзөгт хөл гуя нь үл мэдэг гүрвэлзэн мэдэгдэнэ...» /Халхын заяасан харгуй/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 21-22), «...Би тэссэнгүй тонгойж уруул дээр нь үнсэв. Уруул нь жаахан шорвог амттай ч юм шиг. Арай ч давс түрхээгүй байлтай. Шорвог амтагдсан тэр үнсэлт бид хоёрын анхны бас сүүлчийнх байсныг яахан мэдэх билээ...» /Халхын заяасан харгуй/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 22) гэжээ. Санжмаагийн өөд болсон тухай: «...ялалтын зун давс амтагдсан уруулаа үнсүүлээд намар нь уушгины хатгалгаагаар нас барчихсан байсан хөөрхий хонгорхон Санжмаа...» /Халхын заяасан харгуй/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 24) гэжээ. Төрийн шагналт зохиолч С.Эрдэнэ гуайн уран бүтээлийн цаана гэрэлтэн байдаг гуниг дүүрэн гэнэн хонгор охины эх дүр нь энэхүү Санжмаа охин  бололтой. Их зохиолчийн хайрыг булааж асан Санжмаа гэх тэр хонгор охин нялхаараа өөд болсон нь С.Эрдэнэ хүүд ихийг бодуулсан, улмаар түүний Анимад нь гүнзгий ул мөр үлдээсэн байх магадлалтай байна.
Төрийн шагналт зохиолч С.Эрдэнэ гуайн Анима төлөвшихөд нөлөөлсөн дараагийн бүсгүй бол алдарт “Хулан бид хоёр” өгүүллэгийн гол дүр Хулан. Хулан гэдэг нэрийг С.Эрдэнэ гуай оноож өгсөн боловч тэр бүсгүй мөн л бодит хүн. “Халхын заяасан харгуй” тууждаа: «...Миний “Хулан бид хоёрын” Цамба ахынх манай хөрш бөгөөд Улзын голоос нэг гайгүй царайлаг цагаахан эгчийг эхнэр болгон авчирсаар хоёр жил болж буй...» /Халхын заяасан харгуй/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 23-24) гэх буюу «...Тийнхүү баахан танхай Баярхүү Цамба ахын эхнэрт “Цогт тайж” киноны Хулан хүүхний нэрийг өгч бас мөнөөх сүүн тасгийг сахигч өвгөдийн гашуун унднаас ганц хоёр тагш хишиг хүртэн зориг ороод, үдэш оройхон эгч Цамба ахын салхин зээрд жороо хээрүүдийг аргамжихаар Сэрүүний голын хөвөө рүү очиход нь отож байгаад үг дуугүй нарийн бэлхүүсээр нь тэврэн авахад “Үгүй чи чинь яаж байнаа! Эгчийгээ ингэж болдог юм уу? Цамба мэдвэл бөөсгийг чинь огтолно доо” гэхэд тийн юмаа огтлуулахаас айх ухаанаа нэгэнт алдаж золигтох болов...» /Халхын заяасан харгуй/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 24) гэж бичсэн буй. Харин “Хулан бид хоёр” өгүүллэгтээ: «...Шар Цамбын эхнэрийг Хулан гэнэ. Хулан холын нутгаас хадамд ирсэн, сар шиг сайхан салхи шиг тогтворгүй амьтан билээ...» /Хулан бид хоёр/ (Эрдэнэ.С. Шилмэл өгүүллэгүүд. УБ. 1988. хуудас 6) гэх буюу «...Хулан хүүхэн улаан савхин гутал өмсөж, жижигхэн хөлийнхөө өлмийг хотойлгон жийжүү дөрөө жийж, хөх торгон тэрлэгнийхээ хормойг өвдөгнөөсөө дээш цугларуулж, торгон оймсны цаана туяарч байгаа чийрэг булчингаа чангахан ороогоод, боржгон хийцтэй эмээл дээр янзтайхан сууж, шар дурдан бүс эвлэгхэн ороосон нарийхан бэлхүүсээ жороо хүрнийхээ явдлын аясаар үл мэдэг нахилзуулан явна...» /Хулан бид хоёр/ (Эрдэнэ.С. Шилмэл өгүүллэгүүд. УБ. 1988. хуудас 6-7) гэсэн буй. Энэхүү Хулан гэх сайхан бүсгүй С.Эрдэнэ хүүг насанд хүрч байх үед нь учирсан, түүний сэтгэл зүрхэнд өөрийн байр суурийг баттай эзэлсэн нь “Хулан бид хоёр”, “Хулан Цамба хоёр”, “Хулан бид хоёр” (гучин жилийн дараа) гэх гурван ч өгүүллэгтээ Хулангийн дүрийг мөнхөлж үлдээснээс харагддаг. Иймд Хулан хүүхнийг С.Эрдэнэ гуайн Анима төлөвшихөд нь нөлөөлсөн гэж үзэхээс аргагүй.
            Төрийн шагналт С.Эрдэнэ гуайн өсөх насанд тааралдан гүнзгий сэтгэгдэл үлдээсэн бас нэгэн сайхан бүсгүй бол нэрийг нь ч мэдэж чадаагүй бололтой нэгэн хар торгон дээлтэй охин. 1945 оны зун амралтаараа нутаг уруугаа өртөөгөөр явж байгаад партизан Пунцагийн хариуцсан өртөөн дээр бяцхан саатаж тараг уугаад, мордоход нь тэр бүсгүй таарчээ. Тэр учралынхаа талаар “Халхын заяасан харгуй”-даа: «...Тэр хөнөгтэй таргийг дамжилж ирсэн хоёр охины нэг нь хар торгон тэрлэг дээр ногоон дурдан бүс ороож, урт хар гэзгэндээ алтан гуутай сувдан даруулга зүүсэн өндөр цагаан бүсгүй байлаа. Үлгэрийн дагина гэдэг л тийм байдаг байх...» /Халхын заяасан харгуй/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 19) гэж бичсэн байна. Дөнгөж тааралдаад салсан, танилцаж дотносоогүй энэ бүсгүйг С.Эрдэнэ гуай мартаагүй агаад 18 жилийн дараа буюу 1963 онд “Ёслолын буудлага” гэдэг өгүүллэгтээ мөнөөхөн хар торгон дээлтэй бүсгүйн дүрийг мөнхөлсөн юм. “Ёслолын буудлага” өгүүллэгтээ: «...Тийн байтал том модон хувинтай юм дамжилсан хоёр бүсгүй хүрч ирлээ. Нэг нь саалийн тэрлэгтэй, саарин хөлтэй хөдөөх байрын хүүхэн, нөгөөх нь хар дурдан даашинзтай, торгон оймстой хот янзын алхаатай хүүхэн. Хөдөөний хүүхэн биднээс ичингүйрэн гарч одоход хотын хүүхэн модон хувингаас элгэн тараг аягалж гарав. Бид гөлгөн ноход шиг хэл амаа долоолцгоон хүрээлж мариа сайт нуруу бие нь өндөр гэгээний дарь эхээс дутуугүй гоолиг, зүс царай эрүүл саруул нь ямар ч өө сэвгүй тэр хүүхэнд нүүр тал олохыг өрсөлдөн энэ тэрийг асууж шалгааж байв. Хүүхэн ч үе тэнгийн хорин жулдрайг илэрхий голж шилэн, гоо сайхнаа бахдан үзүүлж, хотын сургуулийн сурагч өртөө даргын охин хойно залуу эрсийн зүрхийг маажих аргаа олж яваа нүгэлт ертөнцийн “дарь эх” болохоо нуусангүй...» /Ёслолын буудлага/ (Эрдэнэ.С. Шилмэл өгүүллэгүүд. УБ. 1988. хуудас 78) хэмээн дүрсэлсэн нь нэн сонирхолтой. Эндээс эр хүний нүдэнд нь торж, сэтгэлд таалагдсан бүсгүй хүн гэдэг бол заавал танилцаж дотносох, он удаан жилээр хамт байх зэргээс ер хамаардаггүй, дөнгөж тааралдаад салсан байлаа ч гэсэн хүний сэтгэлд нөлөөлөх хүн бол нөлөөлж чаддаг болох нь харагдаж байна.
            С.Эрдэнэ гуайн Анимад нөлөөлсөн амьдралд нь томоохон байр суурь эзэлсэн дараагийн эрхэм төгс хүн бол түүний нэгэн насных нь хань Цэрэндэжид. Түүнийхээ дүрийг «...Ердөө хоёрхон жилийн дараа надаас анхныхаа хүүхдийг төрүүлэх үзүүрт нь торгон тууз уясан хос хонгор гэзэгтэй нумалсан тод хар хөмсөгтэй, номхон харцтай, зууван бор шар нүдтэй, цагаан шаргал царайтай, чац мөч урт, удаан зөөлөн хөдөлсөн Дэжээ охин намайг хацраа улайлган мишээж угтаад ээжтэйгээ хамсан хоол цай бэлдэж хөл болов...» /Халхын заяасан харгуй/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 28) гэж мөн «...Хадуураа сэжих тоолонгоор арван зургаатай Дэжээ охин Баянголын намираа хөх бургасан дунд сэрүү татан хоржигнох горхины хөвөөнд эхээс төрсөн биеэр харагдаад горьгүй. Хорин настай эрд өөр юу харагдах сан билээ...» /Халхын заяасан харгуй/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 34) хэмээн бичжээ.       
            Эдгээрээс үзвэл С.Эрдэнэ гэдэг есөн насандаа эцгээсээ хагацан өнчирч үлдсэн жаал хүүгийн эргэн тойронд эмээ, ээж, Санжмаа, Хулан, Хар торгон дээлтэй бүсгүй, Дэжээ буюу хожмын эхнэр нь гэсэн ихэвчлэн эмэгтэйчүүд байжээ. Энэ хэдэн эмэгтэйчүүдээс С.Эрдэнэ гуайн Анима төлөвшин далд ухамсарт нь бий болж дараа дараагийнх нь уран бүтээлд дүрслэгдэн амилж ирсэн бололтой. Учир нь эр хүн бүр өөрийн сэтгэлдээ нэгэн төгс сайхан бүсгүйн дүрийг бүтээн хадгалж явдаг ба тухайн эр хүн нь уран бүтээлч байгаад сайхан эмэгтэйг дүрслэе гэвэл дотроо байгаа сайхан бүсгүйгээ биежүүлэх нь ойлгомжтой. С.Эрдэнэ гуайн бүтээлүүдийн бүсгүйчүүдийг үзье.
1963 онд бичсэн алдарт “Малын хөлийн тоос” өгүүллэгт гол дүр Чанцал бүсгүйг: «...Чанцалын өсөх насны өмсгөл болох хөх дурдан тэрлэг өндөр гоолиг биеийнх нь аясыг тодруулан, хилэн хар үснээс нь танил үнэр анхилах мэт санагдаж, усгал хар нүдний нь харц...» /Малын хөлийн тоос/ (Эрдэнэ.С. Шилмэл өгүүллэгүүд. УБ. 1988. хуудас 25) гэж;
 “Шар навчны халуун” өгүүллэгийн гол дүр Балжидыг: «...Шовгор дотроос Сономын эхнэр гарч ирээд нуруу хотойлгон суниахад цомхон бөгөөд махлаг бие нь чангарч хөх нь товойно. Магнай өргөн хөмсөг тодгүй боловч цэвэр галбиртай уруул зузаан, царайн өнгө бов бор ажээ...» /Шар навчны халуун/ (Эрдэнэ.С. Шилмэл өгүүллэгүүд. УБ. 1988. хуудас 46) гэж;
            “Хонгорзул” өгүүллэгт гол дүр Хонгорзулыг: «...Хонгорзул арван долоохон настай, уулын горхины ус шиг мэлмэрэнхэн байдаг тунгалаг хар нүдтэй, шүр шунх шиг улаан ягаахан уруултай уяхан бор бүсгүй байлаа...» /Хонгорзул/ (Эрдэнэ.С. Шилмэл өгүүллэгүүд. УБ. 1988. хуудас 55) гэж;
            “Тал” өгүүлэгт Цэрмаа, Оюунчимэг гэх хоёр адилхан бүсгүйг: «...Бүдэгхэн хөмсөгтэй, зууван бор нүд нь давхраатаад, нимгэн шөмбөгөр уруул нь жимийсхийгээд. Үл мэдэг ягаан туяатай зүүн хацар дээрх бор мэнгэ, шөнтгөр жижигхэн хамар, доошоо харан суухад ирвэгнэх шингэхэн мөртөө урт сормуус, цохон дээрх бодлогошролын ганц үрчлээ...» /Тал/ (Эрдэнэ.С. Шилмэл өгүүллэгүүд. УБ. 1988. хуудас 258) гэж;
“Сарны сонат” өгүүллэгт шозофрени өвчин туссан Урнаа бүсгүйг: «...Сайхан нүдтэй хүүхэн гэж цууд гаргасан урт сормуустай том алаг нүд нь зургийн юм шиг хөдөлгөөнгүй гөлрөвч тэртээ далд дарагдсан ухааны хурц гэрлээр харзны ус шиг мэлтэлзэнэ. Ямар нэг юмнаас гэв гэнэт айн хирдхийгээд тэр чигээрээ гөлөрчихсөн гэлтэй. Гэвч тэр харцны цаана нарны туяа ойн шөвөгдөх хүүхэн харааны нь гүнд тийнхүү боогдож хавчигдсан ухааны зай чөлөө эрэх хязгааргүй зовлон гашуудал хуралдсан мэт. Тэгээд ч хүүхний энэ нүд айдас төрүүлэхийн зэрэгцээ бас ер бусын сайхан гэхэд болно...» /Сарны сонат/ (Эрдэнэ.С. Шилмэл өгүүллэгүүд. УБ. 1988. хуудас 264) гэж;
“Зүүдний цагаан унага” дурсамж зохиолдоо нэгэн удаа Жаргалантынхаа төгөл үрүү айлын дөрвөн эгчтэйгээ жимсэнд явснаа дурссан байдаг агаад тэрхүү дөрвөн сайхан хүүхнийг: «...Нэг нь нөгөөгөөсөө илүү хөөрхөн болох гэж уралдаж төрсөн юм шиг дөрвөн хүүхэнтэй Жаргалантынхаа төгөлд улаалзгана түүнэ гэдэг жулдрай хөвгүүн надад ховор тохиолдох аз завшаан юмсанж. Лхамжав буриад хүүхнүүдэд төдий л элбэггүй тааралддаг давхраалаг том хар нүдтэй, улаа бутарсан бор царайтай махлаг тэгш биетэй. Цэрмаа намхан бөгөөтөл мөч, нуруу яв цав зохицсон цэвэрхэн биетэй, үүдэн шүд нь бяцхан завсартай гэвч танан өнгөт тэгш цагаан шүдтэй мэлмэрсэн бор нүдтэй, цайвар шаргал царайтай. Дэжидмаа өндөрдүү гоолиг биетэй, мишээсэн хар нүдтэй, жижигхэн шулуун хамартай, зузаан цэвэр уруултай. Дариймаа хөөрхөн төрснөөрөө бол хавь ойрд ховорхон гэгддэг, дунд зэргийн нуруутай талимаарсан хар нүд, улаалзайн дэлбээ шиг хумбагархан улаан уруултай, булбарай цагаан царайтай...» /Зүүдний цагаан унага/ (Эрдэнэ.С. Шилмэл өгүүллэгүүд. УБ. 1988. хуудас 327-328) гэх мэтээр тус тус зураглан дүрсэлсэн байх нь нэн түгээмэл. Эдгээр нь түүний өгүүллэгүүдийн баримтууд. Туужууддаа бүсгүй хүнийг хэрхэн бичсэнийг нь үзвэл “Анчны гэргий” тууждаа: «...Тогтохын гэргий Шархүүхэн гэрийнхээ хойморт унтаж хэвтлээ. Өлөн хир суусан цэнхэр торгон бүрээстэй өдөн дэр дээр улаан эрээн хивс хаяж дэрлээд халууцсан нялх хүүхэд шиг царай нь улаа бутарчээ. Тос дааварласан зузаан уруулаа цорвойлгон, бүлцгэрдүү зовхитой тачирхан сормуустай зууван нүдээ дутуу аньж махлаг шар царай нь хөлөрч мэнчийгээд үнэхээр багачуул мэт боловч даашинзны энгэрийг ихэд түрсэн том хөх, баахан салан юм уу, олны нүднээс хол байдаг хүний янзаар хормой хотоо дэлгэж хааш яаш жийсэн гоолиг хөлийг үзвэл яавч хүүхэд гэхийн аргагүй...» /Анчны гэргий/ (Эрдэнэ.С. Уянгын туужууд. УБ. 1986. хуудас 5) гэсэн байгаа бол “Өдрийн од” тууждаа Цэрэндулам охины дүрийг «...Хотолзож туялзсан голшиг бие, үргэлж мишээж тоглож байдаг жарталзсан хар нүд, ярайсан цагаан шүдийг нь байн байн инээж угалзалсан тод зураг, мойлын шүүс мэт гүн улаан өнгөөрөө янаглал буюу энхрийлэлийг хариулж чадахаа гайхуулан байдаг зузаан уруул, салхи тауулсан цовоо хөдөлгөөн тэр бүхэн нь...» /Өдрийн од/ (Эрдэнэ.С. Уянгын туужууд. УБ. 1986. хуудас 90) гэх мэтээр дүрсэлсэн байдаг нь сонирхолтой. Төрийн шагналт зохиолч С.Эрдэнэ хэд хэдэн роман бичсэн бөгөөд “Хойт насандаа учирна” романдаа «...Эгч үнэхээр л гоёхон харагдана. Жороо хулдаа Чойрын буюу боржигоны гэгддэг хундан улаан будагт өндөр бүүрэгтэй ясан хяртай, хүрэн цэмбэн олонцогтой, аяганы амсар шиг том мөнгөн баавартай, сайхан угалзат ногоон гөлөмтэй эмээлээ тохоод дугуй хээтэй, хөх торгон дээр шар бажгар ороож, булчингий нь барьсан ногоон илгэн гутал өмссөн жижигхэн хөлөөрөө гуулин дөрөө жийжээ. Хар хилэн хүрээтэй хөх торгон оройтой малгайных нь час улаан залаа морины явдалд сугсран бүсэнд нь хүртэл унжсан тас хар гэзэгний үзүүрээс уясан гүрмэл мөнгөн оосор гялтагнан гогцоорно. Бие бэлхүүс нь налархай гар хуруу нь уран бөгөөд булбарай...» (Эрдэнэ.С. Хойт насандаа учирна. УБ. 2008. хуудас 54) хэмээн дүрсэлсэн ба ингэхдээ дүүмэд хөвүүний нүдээр зохиолын гол дүр сайхан бүсгүй Цэвэлмаа хээтэйхнийг зураглан бичсэн буй.        
Ер нь түүний зохиолын эмэгтэйчүүдийн дүрүүд нь сэтгэл татам сайхнаар зураглагдах ба Төрийн шагналт С.Эрдэнэ гуай эмэгтэй хүнийг муу муухайгаар бичдэггүй зохиолч байсан. Эмэгтэй хүнийг муу муухайгаар бичиж чаддаггүй талаараа өөрөө хэд хэдэн удаа дурдсан байдаг ба тухайлбал “Зүүдний цагаан унага” зохиолдоо: «...Би Галттайнхаа хөвөөнд өнгөрснийг дурсахдаа миний бага залуугийн танил хөдөөгийн хүүхнүүдийн тухай олныг бодлоо. Яагаад ч юм миний бага нас, айл, голын сайхан эгч нарын гунигтайхан, уянгатайхан дууны аялгуунд бүүвэйлэгдэж өнгөрсөн шиг санагдана. Дуу үлгэр ухаан задална. Бидний багад эмээ нарын ярьсан үлгэр, эгч нарын дуулсан дуу ухааныг маань задалж өгсөн. Хөдөөний хүүхдүүд үлгэр дуун дунд төрж үлгэр дуун дунд өсдөг байжээ. Миний өсөх насанд багачуудаас хамгийн сайхан нь Санжмаа бусад нь цөм айлын эгч нар байсан. Хулан ч надаас хэдэн насаар эгч байсан. Дөчөөд оны дундуур Санжмаа гэнэтийн өвчнөөр нас барахад бүсгүйчүүдийн сайхан нь тэр л хэдэн эгч нар үлдсэн юм. Харин яагаад ч юм дүү насны хүүхнүүдийн тухайд бол би ямар нэгэн ойлголтгүй хоцорчээ. Тэгээд ч би одоо болтол монгол бүсгүйчүүдийн гоо сайхныг ч, ааш намбыг ч тэр л эгч нараар хэмждэг. Тэгээд ч би бас амьдралдаа ч гэсэн зохиол бүтээлдээ ч гэсэн хүүхнүүдийг муу муухайгаар үзэж чадахгүй болсон юм...» /Зүүдний цагаан унага/ (Эрдэнэ.С. Шилмэл өгүүллэгүүд. УБ. 1988. хуудас 326) гэсэн бол мөн зохиолд: «...Манайханд Хулан нэртэй бүсгүй байхгүй боловч би мянга есөн тавин долоон онд анх говь уруу явахдаа айлынхаа тэр сайхан эгчийг говийн хүүхэн болгож дүрслэн бодож билээ. Бага залуу явахад айлын сайхан эгч хүрэлцэшгүй хүслэнгийн амьтан байж сүүлдээ шүлгийн юм уу өгүүллэгийн баатар болдог ажээ. Тэр зун Хулан хардлага сэрдлэгэ нь хөдлөхөөрөө ирвэсийн хумс гаргадаг догшин эрийнхээ гараас түр зуур ч гэсэн мултрах эрх чөлөө эрэлхийлэх нь ид насандаа явсан бөгөөд би түүний зовлонг мэдээд зөвхөн уйлахад нь хань болохоос цаашгүй эр байсан. Гэвч хожим нь зохиолч болоод хүүхнүүдийг муугаар бичиж яагаад ч чадахгүй өнөө хүрсэн минь Хулангаас л болсон юм...» /Зүүдний цагаан унага/ (Эрдэнэ.С. Шилмэл өгүүллэгүүд. УБ. 1988. хуудас 313) гэжээ. Эдгээр сонирхолтой баримтуудыг түүний Аниматай холбон үзүүштэй. Эндээс зохиолч С.Эрдэнэ өөрийн Анимагаа Санжмаа, Хулан нараас болон айл, голынхоо эгчмэд бүсгүйчүүдээс бүрдүүлснийг харуулж байгаа агаад эмээ, ээж, охин дүү нартайгаа болон ихэвчлэн эмэгтэй хүмүүсийн дунд гэхдээ ямагт эеврүү зөөлөн харилцаатай өсөж төлөвшсөн түүний Анима нь сэтгэл зүйч Л.Төрбурамын дурдсанчлан «...Хэрвээ эрэгтэй хүүхэд ээжтэйгээ сайн харилцаатай байсан бол түүний анима эерэг байдлаар илэрдэг. Амьдралыг утга учиртай, сайн сайхан байдлаар хүлээн авч, бусадтай ялангуяа эсрэг хүйсийн хүнтэйгээ зөв зохистой харилцаж чаддаг ажээ...» (Төрбурам.Л. Сэтгэл судлалын түүхийн жимээр. УБ. 2013. хуудас 360-361) гэсэн томьёололд бүрнээ нийцэж байна. Өөрийгөө эгч хүүхнүүдийн тухай сайн мэддэг хэрнээ насаар дүү охидыг мэдэхгүй байдгаа гайхан бичсэн байгаа агаад энэ нь түүнийг эмээ, ээж хоёр нь ямагт хөөргөн магтаж, бөөцийлөн өсгөсөнтэй холбогдоно. Учир нь эрэгтэй хүүхэд ээждээ татагдах далд мэдрэмжтэй байдаг агаад аавгүй өснө гэдэг нь уг далд мэдрэмжийг ихээхэн дэмжиж өгөх ба ингэснээрээ ээж шигээ эмэгтэйг өөрийн мэдэлгүй хайх, хэн нэг өөрөөсөө илүү эмэгтэйн халамжид орохыг ухамсаргүйгээр хүсэмжлэх улмаар эгчмэд эмэгтэйчүүдэд татагдах сэтгэл зүйн байдал уруу түлхэгддэг бололтой. Үүний улмаас ээж, эмээ нарынхаа хайр халамжинд өссөн С.Эрдэнэ гэдэг хувь уран бүтээлчийн доторх Анимад нь эгчмэд бүсгүйн шинж давамгайлан төлөвшсөн байх магадлал өндөр байна.
Эдгээрээс аналитик сэтгэл зүйч К.Г.Юнгийн Анима гэж томьёолсон эр хүний эмэгтэйлэг талыг нь өөрөөр хэлбэл зохиолч С.Эрдэнийн доторх эмэгтэйг нь буюу Анимаг нь хүнчлэн дүрсэлвэл махлагдуу нуруу бүхий уран гоолиг биетэй, тачирхан урт сормуустай зууван нүд, жижигхэн шулуун хамар бүхий үзэсгэлэн төгс царай төрхтэй, янаглал энхрийлэлийг хариулж чадахаа гайхуулсан зузаан уруултай, хөнгөн гунигтай хэрнээ аальгүй ч юм шиг тогтворгүй сэтгэлтэй, тэгсэн атлаа дотроо намуун зөөлөн эгчмэд бүсгүй амилах юм. Царай төрхийн үзэсгэлэн төгс байдлыг Санжмаа, Хулан болон эгчмэд хүүхнүүд, Хар торгон дээлтэй бүсгүй, Дэжээ нарын болон бас бус сайхан бүсгүйчүүдийн гадаад төрх байдлуудын нийлцээс бүрдүүлээ болов уу. Их зохиолч маань бүсгүй хүнийг дүрслэхдээ биеэс нь нурууг нь бага зэрэг махлаг гэж, царайнаас нь сормуусыг нь шингэвтэр, тачирхан урт гэж, уруулыг нь ялимгүй зузаан гэж зурагладаг байсан нь олон баримтуудаас харагдаж байгаа нь сонирхолтой. Зан аалийн хувьд Анимагийнхаа гунигтай шинжийг залуугаараа нөхрөө хэл сураггүй алдсан ээжээсээ, хар нялхаараа өвчнөөр өөд болсон Санжмаагаас өвлөсөн, аальгүй, саваагүй, тогтворгүй шинжийг Хулангаас болон эгчмэд хүүхнүүд, Хар торгон дээлтэй бүсгүйгээс авсан, намуун зөөлөн аясыг эмээгээсээ, ээжээсээ болон Дэжээгээсээ бүрдүүлсэн байж магадгүй. Түүний бичсэн зохиолуудын бүсгүйчүүдэд нь эдгээр шинжүүд буюу өөрийнх нь Анима дүрслэгдэж ирсэн байна.
С.Эрдэнэ зохиолчийн доторх Анима нь хүн болон биежиж өөрийг нь дуудсан тохиолдолдлууд байна. Их зохиолч С.Эрдэнэ “Зүүдний цагаан унага” дурсамж зохиолдоо өөрийн төрсөн гэрийн буурин дээрээ очиж хонохдоо үзсэн зүүдээ бичиж үлдээсэн. Уг зүүдэнд нэгэн цагаан унага ирээд дагуулж явах ба «...-Та Галттайнхаа усанд ороод доошоо урс. Хөвсөөр байгаад Онон голд хүрэхийн чинь алдад Санжмаа тааралдана. Та Санжмаагаа мартаагүй биз дээ. Та чинь өөр хүүхнүүдийг цөмийг орхиод Санжмаадаа л ирсэн шүү дээ. Цагаан унага ингэж хэлэв. Унага нээрээ л зөв хэллээ. Эрдэнэ зуугийн ногоон Дар эх, фракия нутгийн үзэсгэлэнт бүсгүй алинаар нь ч яах юм билээ. Багын амраг Санжмаадаа л очъё. Усанд живж үхээд түүнийхээ сүнстэй нийлсэн ч түүнээс илүү жаргал байхгүй...» /Зүүдний цагаан унага/ (Эрдэнэ.С. Шилмэл өгүүллэгүүд. УБ. 1988. хуудас 307) гэсэн байдаг бол Москва хотод суралцахаар очоод ухаан самууран сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн бөгөөд тэнд хэвтэж байгаад нэгэн удаа гадаа цэцэрлэгээс бас нэгэн бүсгүй өөрийг нь дуудаж байгааг сонссон байна. Энэ талаараа “Үхэх амархан амьд явах хэцүү” тууждаа: «...Монос модод дунд нэг юм нуугдаад намайг хүлээж байх шиг. “Юугаа хийж ийшээ ирэв ээ! Нутагтаа, гэртээ байж байхгүй, солиорвол тэндээ солиороод үхэхгүй юунд ийшээ ирэв ээ! Москва ирэхийн оронд Сэрүүн Галттай руугаа, төрсөн бууц руугаа явах минь яав аа! Ингэж амьд... “Чи буц аа! Сэрүүн Галттай руугаа яв! Шувуу болоод нисчих! Шувуу болох амархаан! Хүн байхаа больчих! Ядах юмгүй ингэж амьд явахаа болиод сүнсээ нисгэчих! Ингэж амьд яваад юу хийнэ! Ингэж амьд явснаас үхсэн чинь дээр!” гэж хэн нэгэн алимны модод дундаас тов тодхоноор хэллээ. Танил мэт боловч чухам хэн болох нь мэдэгдэхгүй бүсгүй хүний дуу аж. Би цочсон ч үгүй, гайхсан ч үгүй. “Нээрээ ингэж явснаас үхээд сүнсээ нисгэчихвэл мөнхөд амьдрахсан. Үхэж ядах ч юу билээ. Алимны мод дуудаж байхад. Навч шүүрдэж явснаас навч болоод өлгөгдчих... Чи шарлаад модноосоо унасан навч л болжээ. Тэгээд мод чинь дуудаж байна...» (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 123) гэжээ. Энэхүү хий юмыг сонссоныхоо дараагаар нэг их уйлаад тайтгаран ухаан нь саруулсаж эдгэрсэн байдаг.  Эдгээрээс харвал түүнийг дотроос нь хэн нэгэн эмэгтэй дуудаж онгодыг нь хөглөдөг, ухааруулдаг, бас урвуулдаг байж.
Зохиолч С.Эрдэнэ ихээхэн хувирамтгай, хөнгөн сэтгэлтэй байсан бөгөөд амьдарлынхаа туршид олон хүүхэнд дурлаж, уулзах нэгтэй нь уулзаж, учрах нэгтэй нь учирч явжээ. Энэ тухайгаа дурсамж туужууддаа илэн далангүй бичиж үлдээсэн нь гайхалтай хийгээд бахархам сайхан. Тэрээр өөрийн учиртайхан явдлуудыг: «...Тэдний нэгийг би нүдэлж авсаар удаж буй бөгөөд гучаад оны дундуур хэлмэгдсэн Монголын нэртэй элчингийн охин Москвад төрсөн тэрбээр цэвэрхэн цагаан царайтай, уяхан гоолиг биетэй ялдамхан атлаа сонжоотойхон зантай нэгэн тул түүнийг нүдлэгчид нь ганц би биш. Тийн намрын энэ шаргал дулаахан өдөр Туулын тунгалаг усанд түүний туяхан биеийг шүргэн авах далим гармагц мөнөөх гайтай романтик өвчин гэв гэнэт хөдөлчих нь тэр. Намрын тэр өдөр Туулын усанд идэрхэн биеэ шөргөөлцөн наалдсан агшнаа ер бусын гүйдэл гүйн холбож орхих шиг болсон бөгөөд хожим бид хоёр ойртохдоо сэтгэл хэт шатан, холдохдоо хэт хөрөвч хэн хэнийгээ мартаж чадалгүй олон оныг туулсан билээ. Мөн тэрхэн мөчөөс янаг амрагийн явдалд анхныхдаа үнэнч явах тэсвэргүй амьтан болохоо арга буюу мэдэж унамтгай, хувирамтгайгаа дийлж эс чадлаа гэхэд үр хүүхдээ өнчрүүлж амраг ханиа зовлонд унагахгүйн шахаа тангараг бараг л бурхны өмнө тавьсан шиг санагддаг...» /Халхын заяасан харгуй/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 41) гэж “Халхын заяасан харгуй” тууждаа оюутан үедээ учирсан бүсгүйнхээ тухай бичсэн бол бас уг туужид Төрхурахын аманд айргийн эмнэлэгт эмчлүүлж, туслах эмчээр ажиллаж байх үедээ учирсан нэгэн бүсгүйнхээ тухай «...Хожим монголын бүсгүйчүүд дотроос хамгийн том эрдэмтэн болсон жаахан цагаан хүүхний уушгийг хийлэхдээ эхлээд уран зохиол (тэр сонгодог уран зохиолын их хорхойтон) ярьсаар сүүлдээ иллэг хийх болж улмаар хушуу нийлүүлэн “ганганахгүй” хаачих вэ...» /Халхын заяасан харгуй/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 41) гэсэн буй. Мөн зохиолч З.Баттулгын охинтой уулзаж байснаа “Халхын заяасан харгуй” тууждаа: «...Цээжийг нь ар өврөөс чагнаж, ууц нуруу гэдэс гүзээгий нь барилж базалж үзлээ. Гурван жил эмчийн ажил хийж байгаа хүн чинь сайхан муухай янз бүрийн хүнийг хэдэн зуугаар нь үзсэн байлгүй яахав. Гэтэл энэ удаа эмчийн биш эрийн мэдрэхүй давамгайлаад явчих чинь юу вэ!..» /Халхын заяасан харгуй/ (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 91) гэх мэтээр дүрсэлсэн нь сонирхолтой, тэрээр эмэгтэй хүнийг хэдийд, яаж өөртөө татахаа мэддэг сэтгэл зүйч байсан аж.   
Бас нэгэн гайхам зүйл нь зохиолч С.Эрдэнэ гуай хий юм хардаг нэг хэлбэрийн шизофренитэй байжээ. Өөрөө ч түүнийгээ ойлгодог байсан тухайгаа “Халхын заяасан харгуй” тууждаа: «...Би ер дүрээр сэтгэгч буюу харааны шунал ихт бөгөөд бүр балчир насны дурдатгалаас эхлээд насны наран хэвийх үеийн түмэн явдлын хэлхээн дундаас аль нэг агшинд, хэнийг юуг боловч гэв гэнэт тэрхүү шуналт хараандаа тусган авч сэтгэл оюундаа мөн гэнэт шингээчихсэн огтын санаандгүй ямар нэгэн нууц далдын хүчин зориуд нүдэнд минь харагдуулсан юм шиг сайн муу янз бүрийн дагавар авчирч амьдралын туршид салдаггүй “агшнаа мөнхөрсөн” тэдгээр үзэгдэл юмс болоод хүмүүсийг зүрхэндээ тээн явсаар билээ. Тийн аав ээжтэйгээ анх холд аялан явсан тэртээ зургаадахь зун монголын их талд татсан солонгын аугаа нум, нар булаалдан цахилах цагаан зээр, зуслангийнхаа навтгар байшингийн дүнзийг түшиж оройн нарнаар халуун бөөрөө нийлүүлэн суух ахуйд нас арав хүрээгүй тайранхай үс бумбагар хацарт охины нүдэнд тэрхүү оройн нарны улбар туяа хачин жигтэйгээр наадаж асан, бүүр дивангалавын хойно үеийн нэгэн нөхрийнхөө хойтын буяныг гүйцээхээр очоод олны дунд зогсож байтал ядуухан хувцастай хөнгөхөн алхаатай үл таних бүсгүй гэнэт нүдэнд тусч “гай” болсон, хөлчүүрхэл бухимдлын нэгэн агшнаа хэзээний танил нэгэн эр ёрын муухай дүрд гэнэт хувилан үзэгдсэн тэргүүтэн заримдаа баахан эрүүл бус буюу Зигмунд Фрейдийн онолыг бага зэрэг мэддэг миний сэтгэхүй, араншингийн сайндаа сайн, муудаа муу талыг харуулдаг юм...» (Эрдэнэ.С. Халхын заяат харгуй минь. УБ. 2012. хуудас 35) гэж бичсэн нь сонирхолтой. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ гуай зүүдэндээ болон сэрүүн ахуйдаа цагаан унага, жаахан охин, бүсгүй хүн, байгалийн ер биш зохилдолгоо, хувьсал эсвэл зарим хүнийг араатан ч юм уу мангас болгон хардаг, тэр нь  сэтгэхүйд нь сайтар тогтоогдон олон он жилээр хадгалагддаг, түүнийгээ зохиолууддаа бичдэг байжээ. Энэ нь түүнийг ер бусын авьяас, увидастай уран бүтээлч байсныг нотолж байна.
Хүний Анима зүүдэнд илэрдэг тухай К.Г.Юнгийн бичсэнийг сэтгэл зүйч Л.Төрбурам «...Эрэгтэй хүний зүүдэнд анима нь эмэгтэй хүний дүрээр илрэх бөгөөд сэтгэл санааны байдал, мэдрэмж зэргээр мэдрэгдэж болдог. Тиймээс эрэгтэй хүний мэдрэмжид анима нөлөөлж, иррациональ мэдрэмжүүд, сэтгэл санааны төлөв байдлууд үүсэх шалтгаануудыг нөхцөлдүүлдэг байна...» (Төрбурам.Л. Сэтгэл судлалын түүхийн жимээр. УБ. 2013. хуудас 360) гэж тайлбарласан буй. С.Эрдэнийн Анима нь зүүдэнд нь эмэгтэйн дүрээр илэрдэг, бас ухаан самуурсан байх үед нь ч эмэгтэйн дүрээр түүнийг дууддаг байсан байна.
Сэтгэл зүйч К.Г.Юнгийн үзсэнээр эрэгтэй хүний эмэгтэйлэг шинж нь эр хүн эмэгтэй хүн сонирхож, эмэгтэй хүнд татагдах суурь бүтцийг бүрдүүлдэг, Анима нь нууцлагдмал байдаг ч сэтгэл зүйд нь гүн нөлөө үзүүлж ул мөрөө үлдээдэг аж. К.Г.Юнг нэгэн өвчтөний зүүдийг судалж үзээд «...Өөрөөр хэлбэл: Өнгөн талдаа төгс хэвийн мэт мөртлөө “эм агуулгынхаа” муу муухайг бусдаас, тэр байтугай өөрөөсөө нууцалж болно. Өвчтөн маань ч эм тал нь дордчихсон тийм л байдалтай байлаа...» (Юнг.К.Г. Бэлгэдэлт амьдрал. УБ. 2011. Орч А.Энхбаатар. хуудас 165) гэсэн байдаг. Эр хүнд эрэгтэйлэг ба эмэгтэйлэг шинж байх нь хэвийн төлөвшил бөгөөд харин аль нэг тал нь давамгайлах явдал байдаг бололтой. Их зохиолч С.Эрдэнэ гуай эмэгтэйлэг тал нь давамгайлсан уран бүтээлч байсан нь өссөн, төлөвшсөн орчин, эргэн тойронд нь байсан хүмүүстэй холбогдон тайлбарлагдаж байна.
Тэгэхээр сэтгэлийг нь татаад зүгээр суулгадаггүй, зохиолуудад нь дүрслэгдээд байдаг, зүүдэнд нь ирээд байгаа болон харанхуйгаас дуудаад байгаа тэр нэгэн үл үзэгдэгч, ер биш эмэгтэй бол С.Эрдэнийн Анима. Энэ утгаараа зохиолч С.Эрдэнэ зохиолуудаа эмэгтэй хүний сэтгэлгээ, сэтгэл зүй, мэдрэмж, гуниг, зовлон, харуусал, тунирхал, атаархал, аальгүйтэл, хүсэл тачаал, эмзэглэл, гомдол, өш хонзонгоор бичдэг суут уран бүтээлч байжээ. Өш хонзонг онцлох нэгэн учир бий. С.Эрдэнэ гуайн аавыг болон буриадын эрсийг толгой дараалан баривчлан хилсээр хөнөөсөн нь буриадуудын дунд ялангуяа үлдэж хоцорсон эхнэр хүүхдүүдэд нь үл мартагдах гомдол бас өш хонзонг төрүүлсэн, ийм ч учраас С.Эрдэнэ гуайн зарим зохиолуудаас өширхөл хонзогнолын дөл бүдэг боловч анзаарагддаг агаад үндэстнээрээ хэлмэгдсэн ард түмний хувьд энэ нь ч аргагүй юм. Тэрхүү өширхөх сэтгэлээ хэлмэгдүүлэгчдэд хамаагүй олонхид нялзаавал өрөөсгөл болохыг зохиолч мэдэж байсан учир хэлмэгдсэн ард түмний цөхрөл, гомдол өширхлийг дүрүүдийн гомдлоор далдлан урласан байдаг нь нэн оновчтой. С.Эрдэнэ гуай эрсээ хөнөөлгөсөн эмэгтэйчүүдийн зовлон дунд хүн болсон тул эмэгтэйчүүдийн өшрөл цөхрөлийг “Хойт насандаа учирна”, “Сэрүүн дуганы мөхөл” зэрэг бүтээлүүддээ яруу дүрсэлсэн агаад баривлагдаад явсан хүн нь бус үлдэж хоцорсон эмэгтэй нь гол дүр болсон байдаг нь ч нэгийг хэлнэ.    
Энэ бүхнээс үзвэл түүний зохиолуудын эмэгтэйчүүдийн дүрүүд нь ямагт товойн тодорч харагдах бөлгөө. Тухайлбал Наран тогоруугийн охины хэмжээлшгүй гуниг, Хулангийн дүрэлзсэн хүсэл тачаал, Анчны гэргий туужийн Шархүүхэний ганцаардал, Хойт насандаа учирна романы Цэвэлмаагийн дуусаж дундаршгүй гомдол хонзогнол, Сэрүүн дуганы мөхөлийн Дэжидмаагийн өшрөл, цөхрөл.., гээд тоочоод байвал С.Эрдэнийн зохиолуудаас эмэгтэйчүүдийн дүрүүд нь онцгой тодорч, он жил улиравч сэтгэлээс үл гарна. Энэ нь түүний уран бүтээлийн үндсэн мөн чанар. Зохиолч С.Эрдэнэ буриад үндэстний эмэгтэй сэтгэлийн хямралын төв, эмэгтэй хүний дотор нь орсон, өөрөөр хэлбэл эмэгтэй хүний хэдийд гуниглахыг, хэдийд өшрөхийг, хэдийд тунирхахыг, хэдийд инээвхийлэхийг, хэдийд уцаарлахыг, тэр байтугай хэдийд хөхнийх нь толгой жирсхийхийг ч мэдэрч чаддаг уран бүтээлч байсан агаад учир нь тэр өөрөө эм талынхаа буюу Анимагийнхаа бүрэн нөлөөнд автсан сод туурвигч байсан ажгуу. Түүний зохиолууд ер бишийн уянгалаг, намуун, уярам, шимшрэм байдгийн учир ч эмэгтэй сэтгэлээр бүтээдэг байсантай нь холбоотой.     
Есөн насандаа эцгээсээ өнчирсөн, МАХН-ын батлахыг даргын нүүр үрүү шидээд МУИС-иас хөөгдөж явсан, Германы Дрезден хотын цэцэрлэг дотор “Талын таван толгой...” гээд хөлчүүхэн дуулж суусан, Монголын галзуугийн эмнэлгийн эмч, Москвагийн галзуугийн эмнэлгийн өвчтөн, “Утга зохиол урлаг” сонин, “Цог” сэтгүүлийн эрхлэгч, Монголын зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга явсан, ардчилсан хувьсгалын нэгэн удирдагчийг төлөвшүүлсэн С.Эрдэнэ баавай нь уяхан, уйдамтгай, дэврүүн сэтгэлтэй, гүдэс хэнэггүй зантай, хий юм хардаг нэг төрлийн шизофренитэй, уйлхай, дотоод Анимагийнхаа нөлөөллөөс ангижирч чаддаггүй, дүрслэх сэтгэлгээ, үгээр урлах эрдэмд төгссөн, зүүдчин, сод авьяастай, эмэгтэйлэг зохиолч байжээ. Сэнгийн Эрдэнэ гэх энэхүү аугаа уран бүтээлчийн зохиол бүтээлүүд монголын уран зохиолд хичнээн зууныг элээн оршсоор байхыг эдүгээ таашгүй. “Наран тогоруу”, “Хулан бид хоёр”, “Зүрхэн дэх чулуу” гээд олон өгүүллэгүүдийнх нь, “Халхын заяасан харгуй”, “Хойт насандаа учирна” гээд олон тууж, романуудынх нь хуудсыг эргүүлэх бүр Сэнгийн Эрдэнэ гэдэг эгэл хэрнээ энгүй их зохиолч ард түмнийхээ сэтгэлд амилан оршсоор. Энэ утгаараа зохиолч С.Эрдэнэ амьд. Амьд төдийгүй он жил өнгөрөх тусам улам томорсоор л байна, цаг хугацаа том хүнийг улам томруулдаг хойно.
2014-3-3

Comments

Anonymous said…
Эрдэнээ гуай нээрээ хүүхнүүдийг хашраадаг байжээ, хэхэ сайхан шүүмж байна, ингэж мөн чанарыг нь нээмээр байсан юм байна даа
Жаяа said…
Ерөнхий сайд байсан Санжийн Баяр чинь Эрдэнэ гуайн хүү шүү дээ, сүүлд энэ зохиолч Түмэнбаяр нэг хүүхдийг нь гаргасан байхаа байхаа ч гэж гаргасан даа Түмэнбаярт Мишигийн Цэдэндоржийн бас нэг хүүхэд бий шүү сайхаан сайхан ингэж бичих хэрэгтэй байсан юм
Нядар said…
Тэр хүүхэд шуухад яах вэ? Эр хүн бүрд л байдаг асуудал Эрдэнэ гуай том хүн байсан болохоор тэр нь сайхан дурсамж болсон, харин зохиолыг эмэгтэйлэг гэж, сайхан хэлжээ үнэн юм байна
Anonymous said…
Sonin ym ih bh ym da. Ene setgel setgets serel guravt hehe
Anonymous said…
Том шүүмж яг үнэн бичжээ, ийм шүүмжүүд хэрэгтэй байна шүү
Anonymous said…
Нээрээ хүүхнүүдийнх нь дүрүүд л санаанд үлдсэн байна шүү үнэн байхаа
Anonymous said…
Гоёоо гоё.,
Anonymous said…
hicheeliinhee biy daaltand ashiglah gesiin, yg hregtei tovch medeelel bn yaaj huulj ahw uuu???? plss
Anonymous said…
Бүү давар хужаа нар аа хэхэ. Бичээд аваачдээ энэ блог угаасаа хамгаалалттай байдагшд
Anonymous said…
Бүү давар хужаа нар аа хэхэ. Бичээд аваачдээ энэ блог угаасаа хамгаалалттай байдагшд