Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь |
Монголын нууц товчооны үеэс
улбаатай, сонгодог бичгийн хэлний үеийн яруу найргаас эхтэй, их Д.Нацагдорж,
Б.Явуухулан, Д.Нямсүрэн нарын өнгө аясаар сүлэгдэж ирсэн сонгодог бичгийн яруу
найргийн уламжлалын үндсэн мөн чанар нь яруу тунгалаг утга байсан буй. Өнгөрсөн
зууны сүүл үеэс манай яруу найрагт хүчтэй мэдрэгдсэн модернизацчилах чиглэлийн
улбаагаар яруу найрагт утгыг үл хэрэгсэх хандлага ихээхэн дэлгэрсэн буй. Нэгэн
үе хамгийн утгагүй шүлгийг хамгийн сайн шүлэг мэтээр үзэж байсан гээд хэлчихэд
нэг их хилсдэхгүй болов уу. Модернизмын хандлага, яруу найрагт утга үл
төвлөрөхийн тухайд үгүйсгэх аргагүй, гэвч найрагч бүрт өөрийн үзэл хандлага,
барьдаг шугам буй. Чухам түүнийгээ олж барих л чухал буйзаа.
Эдүгээ ХХI зууны эхний хорин жил улирч хувьсгалт тэмцлийн үе дуусаж утга
зохиолын чиг хандлагууд тогтворжин төлөвшив. Манай утга зохиолын олон чиг
хандлага дотор үл үгүйсгэгдэх, үл бөхөх нэгэн хандлага нь уламжлалт реалист
хандлага, түүн дотор сонгодог бичгийн хэлний үеийн яруу найргийн уламжлал
бололтой. Тодруулбаас Д.Нацагдоржийн “Дөрвөн цаг” шүлэг өнгөц харвал цаг
улирлын хувирал өөрчлөлтийн, зураглал мэт боловч цаад мөн чанартаа хүмүүний
амьдралын эргэж буцах холбоо, төгсгөлгүй орчилыг номлосон нь түүний яруу утга.
Эдүгээ цагийн бичгийн хүмүүн Ломбын Нямаа нэгэнтээ: «Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол”
дуульд тэх зогсоолдоо зогссон байгааг
хараад гурван айл нүүхээ болиод хүлээж
байгаа нь л гайхамшигтай юм. Энэ бол нүүдэлчин монголчуудын сайн ч бай, муу ч
бай хэн нэгнээ хорвоогоос тайван яваг даа гэж боддог гүн ухаан хийгээд хорвоо
халж буй нэгэндээ гүн хүндэтгэлтэйгээр ханддагыг харуулсан зохиол юм даа»
гэж хэлж байсан. Энэ бол Б.Явуухулангийн алдарт “Тэхийн зогсоол” дуулийн яруу
утга гэлтэй. Аль ч үеийн аль ч улс үндэстний яруу найрагт байдаг утгын зохис,
төгс мөн чанаруудыг үгүйсгэх үзэл хавтгайрснаас эцэстээ гаанс шиг Богд уул,
зээрэн хөлтэй шулам шиг сайхан бүсгүй хэмээн бичих, дуулах нь хэвийн үзэгдэл болов. Байдал нэгэнт ийм
дээрээ тулж буйн учирт яруу найргийн яруу утгыг ярихгүй гээд яалтай.
ХХ зууны сүүл үе ХХI зууны эхэн
үеийн яруу найргийн томоохон төлөөлөгчдийн нэг Арлааны Эрдэнэ-Очир “Бэхэн
цэнхэр өдрүүд” /Г.Мөнхцэцэг, Ш.Энхбаяр хамтын/ (1990), “Эрх сэтгэл” (1995), болон “Тунгалаг
гунигийн улирал”, (2007, 2013) “Миний цуглуулсан хорвоо” (2007, 2014) зэрэг
номууд хэвлүүлжээ.
Яруу
найрагч А.Эрдэнэ-Очирын уран бүтээлийг:
o Хайр сэтгэлийн
o Ертөнц, хүмүүн хийгээд хүн зүй, нүүдэлчдийн оршихуйн
o Эх орны тухай гэж ерөнхийд нь зааглан үзэх болох мэт.
А.Эрдэнэ-Очир
найрагчид хайр сэтгэлийн сэдэв, агуулга бүхий “Надаас эгч
төгсөх ангийн охин” (1989), “Алдхан бие сэтгэл зүрхээрээ...” (1991),
“Улаанбадрахын наадам” (1991), “Хичээлдээ бас чамд яарч” (1992), “Хар нүдэн” (1994), “Арга барсан бүсгүй” (1998), “Голын тохой дээр...”
(2004) гээд олон шүлгүүд бий. Хамгийн тогтвортой урт хугацааны сэтгэл хөдлөл
хэмээн сэтгэл зүйчдийн тодорхойлсон байдаг хайр сэтгэл гэх хүний хүн байхын мөн
чанарыг тодотгодог нүдэнд үл үзэгдэх энэхүү нандин холбооны тухай шүлэглээгүй
найрагч үгүй. А.Эрдэнэ-очир найрагчийн хайрын шүлгүүдэд байх л ёстой мөн
чанарууд цөм буй. Тодруулбаас “Надаас эгч төгсөх ангийн охин” шүлэгтээ:
...Надаас
эгч төгсөх ангийн охин
Намайг
орхиод хадамд мөдхөн очноо
Нарийхан
дуу, гоолигхон бие нь
Зүүдэнд
л хааяа үзэгдэнэ
Надаас
эгч төгсөх ангийн охин... (Эрдэнэ-Очир.А.
Миний цуглуулсан хорвоо. УБ. 2014. хуудас 20) гэсэн нь эр
хүний хөвгүүн насандаа эгчмэд хүүхнүүдэд татагддаг үеийн мэдрэмжийн илэрхийлэл
байдаг бол “Алдхан бие сэтгэл зүрхээрээ...”, “Улаанбадрахын наадам”, “Арга
барсан бүсгүй”, “Голын тохой дээр” зэрэг шүлгүүд нь бүтэж бүрэлдээгүй хайрын
тунгалаг гунигийг хүүрнэнэ. “Алдхан бие сэтгэл зүрхээрээ...” шүлэгт: ...Амьдрах нас минь хэд хичнээн билээ
бүгдээр нь
Аз
жаргалын дарсыг чам уруу зөөгөөд дуусгахсан
Алд
хархан гэзгэнд чинь сэтгэлээ зүүгээд явууллаа
Анирхан
өглөө босоод зөөлхөн самнаарай (Эрдэнэ-Очир.А. Миний цуглуулсан хорвоо. УБ. 2014. хуудас 174) гэх буюу “Голын тохой дээр...” шүлэгтээ:
...Гэрлийн
мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн
хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн
ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн
хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов... (Эрдэнэ-Очир.А. Миний
цуглуулсан хорвоо. УБ. 2014. хуудас 222) гэсэн нь сэтгэл татна. “Голын тохой дээр...” гэх уг шүлэг
нь толгой холболтоороо ГАНТИГМАА гэдэг нэр бүтээдэг нь шүлгийн урлал зүйн нэгэн
өвөрмөц барилыг ч харуулдаг. Найрагч А.Эрдэнэ-Очирын шүлгүүдийн хэл нь энгийн
атлаа тансаг. Ер нь яруу найргийн мөн чанар үүндээ байдаг болов уу. «...Аз
жаргалын дарсыг чам уруу зөөгөөд дуусгах...», «...Гэгээн хорвоогийн хуудас
бүхэнд хувилан чамд илгээх болов...» зэрэг цөөхөн мөрүүдээс нь л түүний
яруу найргийн хэлний эгэл тансаг мөн чанар ба тунгалаг утга тодорно. “Алдхан
бие сэтгэл зүрхээрээ..” шүлэгтээ амьдралын жаргал зовлон, инээд хөөр, гуниг
тайтгаралыг өөрөөр хэлбэл амьдралын амтыг «аз жаргалын дарс» хэмээсэн байгаа
бол “Голын тохой дээр...” шүлэгтээ эргэх амьдралын өдөр хоногуудыг «гэгээн
хорвоогийн хуудас» гэж урнаар хэлсэн нь түүнийг Д.Нацагдоржийн
“Мөрөөдөл” шүлгийн «…хэдийний амраг чи минь одоо учирч миний хэнхдэгт зул
барих цаг болов...» гэсэн дүрслэл,
Б.Явуухулангийн “Туулын шугуй” шүлгийн «...хайрын хүчинд сэтгэл минь тэнгэрийн
заадас шиг гэрэлтэнэ...» гэсэн дүрслэлүүдтэй эн зэрэгцэхүйц урладаг
найрагч болохыг нь нотолно. Түүний шүлгүүдийн үзүүр дээрх мөн чанар нь утгадаа
буй. Уйлган гунигийн усан шүлэгт нэвчсэн өдгөөгийн яруу найрагт утгыг төдийлөн
ойшоохоо больсон бол А.Эрдэнэ-Очир утгыг төгс гүйцээдэг онцлогтой. Найрагч
А.Эрдэнэ-Очирын шүлгүүд алив сэтгэл хөдлөлийн таталбар тэмдэглэл бус утгын
яруусалт, дуурсал, гүйцээлт, бас тунгалагшилт. Тухайлбал “Голын тохой дээр...”
шүлэгт:
...Ганц
дуу чамд зориулан дуулж, түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан
хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би (Эрдэнэ-Очир.А. Миний цуглуулсан хорвоо. УБ. 2014. хуудас 221) гэх буюу
...Амрагийн
санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юмаа
Аниргүйн
дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа (Эрдэнэ-Очир.А. Миний цуглуулсан хорвоо. УБ. 2014. хуудас 223) гэхэд хорвоогийн өнгөн дээр учран ундраад биежээгүй
хайрын хөндүүр гунигийг төгс илтгэсэн байна. Түүний илтгэцүүр нь «бусдын
зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх», «тэнгэрийн мөнгөн зүүд» зэрэг
дүрслэлүүд. Ямар нэг нууцлал, ээдрээ, манантуулалт, тасаг бусаг мэдрэмж,
мэдрэмжийн хуваагдал алга. Тунгалаг утга.
Яруу
найрагчийн энэ сэдэв чиглэлд хамаарах шүлгүүдээс нэгэн бадаг тодорч харагддаг
нь “Хар нүдэн” шүлгийн:
...Дэндүү
хар нүднээс
Ямар
нулимс гардаг юм бэ гэж
Дэргэдээ
чамайг суулгаад би
Уйлуулж
үзмээр санагдах юм... (Эрдэнэ-Очир.А. Миний цуглуулсан хорвоо. УБ. 2014. хуудас
181) гэх дөрвөн мөр бөлгөө. Энэ бадаг бол А.Эрдэнэ-Очир гэдэг
эрийн зөн мэдрэмж, бүр тодотговол эр амьтных нь зөн. Магадгүй энд хайр сэтгэл
гэхээсээ илүү амьтанлаг шинж чанар, далд ухамсрын түлхэц тод агаад аливаа эр
амьтны хажуу хавиргандаа байх эмэгчиндээ өөрийн эр бярыг гайхуулан, мэдрүүлэх
улмаар түүнийгээ эрхшээн дагуулах, харамнан хардах зөн дүрслэгдсэн. Энэ баримт
бол А.Эрдэнэ-Очирыг зөнгөө барьж бичдэг найрагч гэдгийг харуулдаг юм.
Ертөнц, хүмүүн хийгээд хүн зүй, нүүдэлчдийн оршихуйн
тухай шүлгүүдэд нь “Хатуу хорвоо” (1990), “Монгол эр хүн” (1993), “Төгсгөлгүй”
(1993), “Өрөвдөхүйн гуниг” (1993), “Аавын хоёр уул” (1999), “Гуниг баярын
дундах есөн ангир” (2002), “Миний цуглуулсан хорвоо” (2003), “Зам” (2003),
“Маргаашийн хорвоо” (2004), “Миний зурсан хорвоо” (2004) “Сэтгэлийн дотор
зөөлхөн хөндүүр байх...” (2006), “Таньж ядсан
хорвоо минь” (2006) зэрэг олон шүлгүүд
хамаарна.
Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очирын
хорвоогийн тухай тунгалаг бодлогоширлууд нь сонин. 1990 онд “Хатуу хорвоо”
шүлэгтээ:
...Чөдөртэй
морины мөр шиг амьдралын зураг сүлжээнд
Чөтгөр
бурхан хоёр нэг бутанд оршдог
Өр хатуу
энэ орчлон дээр зовлон жаргал ялгалгүй
Өөрийгөө
эрсээр яваад л орчлонг ололгүй буцахгүйсэн... (Эрдэнэ-Очир.А. Миний цуглуулсан хорвоо. УБ. 2014. хуудас
74) гэж шүлэглэж байсан бол 2006 онд бичсэн “Сэтгэлийн дотор
зөөлхөн хөндүүр байх...” шүлэгтээ:
Сэтгэлийн дотор зөөлхөн хөндүүр байх
Сэрэл мэдрэмж өгч, аглагшин зовохын сайхныг ээ
Сэрүүхэн намраар холын ууланд бодол минь оччихоод
Сэмхэнээр намайг дуудан жаргаахын амгаланг ээ... (Эрдэнэ-Очир.А. Тунгалаг
гунигийн улирал. УБ.2013. хуудас 32) хэмээн уяран бичиж хатуу зөөлний дэнсийг тэнцүүлсэн буй.
“Миний цуглуулсан хорвоо”, “Зам” шүлгүүд нь утга зүйн холбоотой. “Миний
цуглуулсан хорвоо” шүлгийн хорвоод ирснээс явах хүртэлх амьдралын замаа хураан
буулгасан бодлогоширолын бас нэгэн хувилбар нь “Зам” шүлэг. Тухайлбал “Миний
цуглуулсан хорвоо” шүлэгтээ:
Олохуйяа
бэрх амьдралыг онож төрөөд уйлан эрхэлсэн дээ би
Оорцог
толгодын дунд ижийдээ зүүгдэж инээд цуглуулсан би... (Эрдэнэ-Очир.А.
Миний цуглуулсан хорвоо. УБ. 2014. хуудас 212) хэмээн хүн болон төрөөд өөрийн хорвоог цуглуулж эхэлснээ дуулсан агаад
улмаар «хайр цуглуулж өссөн, энэрэл цуглуулсан, санаашрал цуглуулсан, гуниг
цуглуулсан, гаслан цуглуулсан, гансрал цуглуулсаан» гэх мэтээр замнан эцэстээ:
...Орчлон
доторх орчлон- МИНИЙ ЦУГЛУУЛСАН ХОРВОО... гээд
...Цаг
эриний өвгөн шувуу цээжин дотор дэвнээ
Цагаахан
жигүүрээ амраах халил байц нь
МИНИЙ
ЦУГЛУУЛСАН ХОРВОО! (Эрдэнэ-Очир.А. Миний цуглуулсан хорвоо. УБ. 2014. хуудас 212) хэмээн өндөрлөнө. Энэ бол нэгэн хүмүүний амьдралыг өгсөх
хөдөлгөөнд багтаан шүлэглэсэн дуулал болохын хувьд Б.Явуухулангийн “Алаг
дэлхийд төрсөн минь учиртай”, Б.Лхагвасүрэнгийн “Боржигоны бор тал” шүлгүүдтэй
ижилсэх бүтээл. Б.Явуухулан «аавын гэрийн амар тайвныг эвдээд ачит эхээ
арван сар зовоосны эцэст» хүн болон төрж улмаар өсч өндийж буйгаа
өгсүүлэн зурсан байдаг бол Б.Лхагвасүрэн «тэнгэр тийчин төрөхөд торго шиг зөөлөн
байсан тал»-ын дүрслэлд өөрийн нэгэн насны амьдралыг багтаан өгсөөж
зурсан буй. Харин А.Эрдэнэ-Очир найрагч хүн болон төрөөд үзсэн бүхэн минь миний
цуглуулсан хорвоо хэмээн уяран хэлжээ.
“Зам”
шүлэгтээ өөрийн амьдрал хувь заяаныхаа замыг мөн зурсан нь сонин. Тодруулбал: ...Ээж минь анх сүүгээр зөөллөж
Эцэг
минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам...
...Тосон
ирэх он жил дотроо том том
үхэр чулуутай
Түүнийг
би түлхэж гарах зам...
...Салаа
гэзэгтэй охин амраг болон учирч,
үрийн баяр хөтөлж хамт алхав
Салхины
буруу зүүдэнд аавыгаа орхиж,
нулимс
хамт асгав
Санаа
алдаж түүхийн буурал овоонд
хадаг
хамт зүүв
Санах
сэрэхийн мананд цагийн урсгалаас
ижийгээн
дотроо хамт нуув аа
Алгадаад
нисгэдэг ижийтэй шувууны
үр
жаргалтай энэ замаас
Амин
сүмбэр уулын өгсүүр дээрээс
гурван
хүүн зам салаалав... (Эрдэнэ-Очир.А. Миний цуглуулсан хорвоо. УБ. 2014. хуудас 214-215) гэх мэтээр шүлэглэн урласан буй. Шүлгийн хэмнэл нь өгсөж
яваа мэт мэдрэмжийг хөглөх ба тэрхүү өгсүүр замыг туулаад оройд нь гарахын
итгэл, сэтгэлийг байх л учиртай хөнгөн гунигаар гэрэлтүүлж, амьдралд хайртай
байхын ухаарлыг мөн чанараараа номлох нь мөн шүлгийн яруу тунгалаг утга нь
буйзаа. Тунгалаг мөн чанарт утгаа гүйцээн гаргасан нь эдгээр шүлгүүдийн урлалын
сайхан хийгээд ухаарлын төгс чанар нь.
Яруу найрагч А.Эрдэнэ-Очирын шүлгүүд зүгээр нэг хөнгөн
гунигаар хөглөсөн бодит ахуйн яруу тоочилт бус. Түүний тунгалаг гунигийнх нь
цаанаас уламжлалт хийгээд нүүдэлчдийн гүн ухаан нэвт гэрэлтэж байдаг. Яруу
найрагчийн гүн ухааны бодлогоширлыг ганцхан шүлгээс үзье. Найрагч А.Эрдэнэ-Очир
“Төгсгөлгүй” гэдэг нэгэн шүлгийн тэртээ 1993 онд бичжээ. Мөн шүлэг нь түүний
“Миний цуглуулсан хорвоо” номын “Эгшгийн чуулган хорин нэгт шүлгүүд” бүлгийн
эхэнд хэвлэгдсэн байгаа ба басхүү хорин нэгэн мөртэй шүлэг. Хорин нэг бол
аливаа юмны бүтэж бүрэлдэн, буй болохын бэлгэдэлт тоо. Энэ тухай профессор С.Дуламын
“Монгол бэлгэдэл зүй” цуврал ботийн “Тооны бэлгэдэл зүй” –д «...Ойрадад
хүн нас барсаны дараа долоо буюу хорин нэгэн хоногт тасралгүй зул барьдаг...»
(Дулам.С. Монгол бэлгэдэл зүй-I Тооны бэлгэдэл зүй. УБ.
2011. хуудас 119) гэсэн нь хүний сүнс дараа төрлөө олон бүтэж бүрэлдэх
хугацааг хэлсэн бололтой. Мөн «…Хорин нэгэн хоногийн дотор ид хүчин, чанар
хэмжээ идээшин бүтэж бүрэлдээд андайн эмэгтэйн тамир тэжээх цаг хугацааны
хэмнэл болно... [Алтан-Уул 2007, 62]» (Дулам.С. Монгол бэлгэдэл зүй-I Тооны бэлгэдэл зүй. УБ. 2011. хуудас 119) гэсэн байна. Түүнчлэн хорин нэгэн цээр болон Буддын ёсны
Хорин нэгэн дара эх тэргүүтэн нь хорин нэгийн тооны учир утгыг илтгэх бөгөөд
найрагч бээр хорин нэгэн мөрт шүлгүүд туурвин ном дотроо нэгэн бүлэг үүсгэсэн
нь Өрнөдийн сонет, Дорнодын хайкү мэттэй зүйрлэн болохуйц монгол шүлгийн нэгэн
хэлбэршил байж болох юм. “Төгсгөлгүй” шүлэг нь гурван мөрөөр бадагласан долоон
бадагтай. Мөрийн тоог илэрхийлж буй гурав бол монголын эрхэм бэлгэдэлт тоо
агаад гурван долоон хорин нэгэн мөр шүлэг. “Төгсгөлгүй” шүлэгт:
...Төгсөх
эхлэхийн учиг татаж
Төгөлдөр
орчлонд наран мандана
Төгсгөлгүй...
Энэрлийн
гэгээнд сүүдэр харваж
Ижий
тэнгэрийн саран хиртэнэ
Энэрэлгүй... (Эрдэнэ-Очир.А.
Миний цуглуулсан хорвоо. УБ. 2014. хуудас 103) гэсэн нь цөм учиртай. «Төгсөх эхлэхийн наран... Ижий тэнгэрийн
саран...» гэдэг нь монголчуудын баларлаг үеийн сэтгэлгээний илрэл.
Бэлгэ зүйч профессор С.Дулам нар сарны тухай «...Юутай ч гэсэн Наран Саран хоёр
бол монгол хүний эрт цагийн шүтээн мөн бөгөөд энэ нь түүхийн дурсгал, сурвалж
бичгийн мэдээгээр батлагдаж буй юм. Харин чингэхдээ ихэнх тохиолдолд нарыг
эцэг, сарыг эх болгодог гэдгийг дурдах нь зүйтэй...» (Дулам.С. Монгол домог зүйн дүр. УБ. 2009. хуудас 309) гэх буюу «...Энэ домогт нар хөвгүүнийг аваачихаар, сар
охиныг авахаар ирж байгаа нь сонин байна. Нар сар хоёр эртний өвөг дээдсийн
хувьд өөрийн үр сад болсон өнчид ядуусыг үргэлж харж, зовлонд учирвал ирж авдаг
гэсэн санаа байх шиг байна. Юутай ч гэсэн нар сар хоёр бол монголчуудын эртний
домгийн эцэг эх хоёр, эр эм хос тэнгэр, арга билиг хоёр болдог байна...» (Дулам.С. Монгол домог зүйн дүр. УБ. 2009. хуудас 117) гэсэн нь найрагчийн “Төгсгөлгүй” шүлэгтэй холбогдож болох
юм. Амьдралын эхлэл төгсгөлийн тухай бодлогоширсон энэ шүлэгт наран эцэг, саран
эхийг онцлон дуудаж өгүүлсэн нь энгийн хэрэг бус байна. Энэ бол яруу найрагч
А.Эрдэнэ-Очирын архетип сэтгэлгээний үлдэл түлхэцээр бүтэж бүрэлдсэн дүр
дүрслэл аж. “Төгсгөлгүй” шүлэг нь:
...Амьдын
жаргал богинохон ч
Дөрвөн
цаг эргэж
Уд
модонд шувуу сууна (Эрдэнэ-Очир.А. Миний цуглуулсан хорвоо. УБ. 2014. хуудас 103) гэж дуусна. «Уд мод» гэх нэгэн төрлийн модоор амьдралын
мод, эх модыг төлөөлүүлсэн гэж үзвэл уг ойлголт нь явсаар саглагар мод гэдэг
домог зүйн ойлголт уруу очих юм. Монгол домог зүйн тогтолцоонд эх мод, саглагар
мод гэх дүр буйг профессор С.Дулам «...Саглагар мод- Монгол домгийн ертөнцийн
мод. Бас заримдаа ертөнцийн бүх модны хаан “Илэ салата сала модон” гэж
гардаг...» (Дулам.С. Монгол домог зүйн
дүр. УБ. 2009. хуудас 312) гэсэн байна. Монголын
нууц товчоонд «... Хутулаг хан өргөмжлөөд, Хорхонагийн саглагар мод тойрон
Хавиргандаа
Хуулга болтол
Өвдгөндөө
Өвчин ортол дэвсэв. (бүжиглэв)...» (Монголын нууц
товчоо.
УБ. 2004. хуудас 170. Сонгомол эхийг боловсруулсан Ака.
Ш.Бира нар) гэсэн байдаг нь мөн тохиолдлын хэрэг бус ажээ. Тэгвэл
яруу найрагч А.Эрдэнэ-Очирын өгүүлэн буй “Төгсгөлгүй” шүлгийн «Уд
модонд шувуу сууна» гэдэг төгсгөл нь амьдралын эх модны тухай өгүүлэмж
агаад шувуугаар үр хүүхдийг төлөөлүүлж үзүүлсэн мэт. Өөрөөр хэлбэл уд модонд
шувуу ирж суух нь бүсгүй хүн хүүхэд олохыг бэлгэдсэн мэт. Ингэж үзвэл уг
төгсгөл нь эхлэл болох агаад амьдралын эргэх холбоо өнөд үргэлжлэхүйн мөн
чанарыг номлох ажгуу. Энэ нь амьдралын төгсгөлгүй мөн чанарын илрэл
“Төгсгөлгүй” гэх уг шүлгийн төгсгөлгүй гэсэн нэрийн учир учиг нь юм. Энэхүү
төгсгөлгүй мөн чанарын тухай өгүүлэмжийг хорин нэгэн мөрөөр нээсэн нь төгс
зохирол. А.Эрдэнэ-Очир найрагч уг шүлгийг 1993 онд буюу 21 насандаа бичсэн
байгаа нь түүний онгод, мэдрэмж, авьяасын хэр хэмжээг бэлхнээ нутална.
Түүний энгийн хэрнээ ардын дууны аялгуу шиг уран нугалаа,
цохилготой шүлгүүдийн дараагийн нь томоохон орон зай нь эх нутаг, эх орон,
байгаль ертөнцийн зохирол, энэрэл юм. Энэ чиглэлд хамаарах “Нутаг” (1990),
“Цээжний алс” (1993), “Дорноговь уруу
галт тэрэг хөдлөхөд...” (1995), “Эх орон” (2001), “Нар зөвийн эх орон” (2004),
“Хөндүүр зүрхний эх орон” (2006), “Нутаг ус”
(2006).., гээд олон шүлгүүд буй. Түүний энэ чиглэлийн шүлгүүдэд нь учиргүй
уриалан тэмцсэн, ухуулан мандуулсан өнгө аяс үгүй. Эх нутаг, эх орондоо
хайртайгаа:
...Цэх
зогсон буудуулавч сум хүрэхгүй
Цээжний
минь алсад эх орон бий... /Цээжний алс/ (Эрдэнэ-Очир.А. Миний цуглуулсан хорвоо. УБ. 2014.
хуудас 100) гэсэн чиг шугамыг барьж илэрхийлсэн нь харагддаг. Эх орон
эзэн хүн хоёрын нууцлаг дотно холбоог яг тэр байдлаар нь дүрсэлсэн нь
А.Эрдэнэ-Очир гэдэг эгэл хүмүүний дотоод мөн чанарын илрэл гэлтэй. “Эх орон”
шүлэгтээ:
...Уймран гансрахдаа би эзэнгүй тал, цайдмын ганц хайлаас
болдог
Уйтгарт намраар навчсаа сэгсэрч, үүсч мөхөхийн тавиланг
мэдэрдэг
Мөчир дээрээсээ хараацайн дэгдээхэй нисгэж, үүрнийх нь өд
сөдийг сүүдэртээ
чимээгүйхэн унагадаг
Мөнх
тэнгэрээс зөөлөн хур царайчлавч, үндсээрээ газарт яргаж насалдаг би...
Эх
орон минь... (Эрдэнэ-Очир.А. Миний
цуглуулсан хорвоо. УБ. 2014. хуудас 204) гэж шүлэглэн өөрийн сэтгэл хөдлөлийн аяс айзмыг эх
орныхоо өнгө төрхийн халагдал солигдолд уяж дүрсэлсэн байдаг бол “Нар зөвийн эх
орон” шүлэгтээ:
...Энгийн
болоод яруу сайхныг
эх
нутгаасаа түүж
Эрхэмсэг
хувилгаан уулсын сүр,
гол
усандаа сөгдөхөд
Эвийн
хоёр загас нь
нар
зөв эрхлээд
Эрдэнийн
алтан соёмбоных болдог-Эх орон
Нар
зөвийн эх орон
Миний
Монгол... (Эрдэнэ-Очир.А. Миний
цуглуулсан хорвоо. УБ. 2014. хуудас 234) гэж шүлэглэсэн буй. Түүний эх орны тухай шүлгүүдэд монгол
хүн болон төрсний бахархал, уярал хайр, жаахан хөндүүрлэл, гуниглал гэхдээ
гуниг нь тунгалаг гуниг шингэн амилдаг нь мөн чанар нь юм. Эх орныхоо
гуниглалаар өөрийн гунигийн нээдэг нь эсвэл өөрийн сэтгэлийн харгүй гунигийг эх
орон монголынхоо байгаль хийгээд түүний уясал хувьсалд уусган буулгадаг нь
түүнийг тунгалаг гунигийн шүлэгч болгодог. Тухайлбал “Голын тохой дээр...”
шүлэгтээ:
...Нуруу
алаг ангир цоохор дуугаар ганганан
ус
захлаад
Нулимст
сувдан бороо тэнгэрийн хаяанд цайраад
болив бололтой
Нутаг
алсын чамайгаа эзгүй хойгуур
голын чинь тохой дээр санаашран
Нууцхан
шаргал гунигийг минь
нарны утас хөвөрдөхөд
хөндүүр төрнө... (Эрдэнэ-
Очир.А. Миний цуглуулсан хорвоо. УБ. 2014. хуудас 221-222) гэснийг үзвэл найрагчийн сэтгэлийн гуниг эх нутаг,
байгаль ертөнцийн үзэгдэл хоёр нэгэн биед цогцлон тунгалаг утга хүүрнэнэ. Нэгэн
цагт учран уяраад холдсон их хайрын хөндүүр гуниг, нулимст сувдан бороо цайрч
ирээд болих хоёр нь нэг нэгнээ тодотгож ирэх амьдралыг дундуур дүүрэн туулан
жаргахын учир, тийм байхын тавилан, алсын гэгээг намуухан хүүрнэж тэнгэр,
найрагч, голын урсгал, намрын өдөр, сэтгэлийн тунгалаг гуниг, өвс зуун нисэх
шувуу, хэсэг үүл цөм нэгэн цул болж бүрэлдэн нандин сайхан хэрнээ тунгалаг
гунигтай хайрын үлгэрийг, эх нутгийн тухай хөндүүр бодолтой хамтатган өгүүлнэ.
Ийн урлах нь чухам л А.Эрдэнэ-Очирын тунгалаг гуниг бас тунгалаг утга. Энд ямар
нэгэн дутуу орхисон зүйл үгүй бас илүү дүрсэлсэн зүйл ч үгүй, утга нь тунгалаг.
Өөрөөр хэлбэл найрагчийн шүлгүүд нь түүний цуглуулсан хорвоо, тэрхүү хорвоог
эрхшээх цаг хугацаа нь тунгалаг гунигийн улирал, иймийн учирт А.Эрдэнэ-Очир
найрагч бүтээлээ туурвисаар л байхуйн цаг дор, номуудынх нь хуудсыг дараа
дараагийн үед сөхсөөр л байхуйн цаг дор, уул мэт хөвүүд нь удмаа сунган ургаа
бичсээр л байхуйн цаг дор түүний цуглуулсан хорвоо оршсоор л, тунгалаг гунигийн
улирал нь үргэлжилсээр л байх нь тэмтрэгдэнэ.
Д.Нацагдоржийн
шагналт, “Болор цомын эзэн” яруу найрагч А.Эрдэнэ-Очир шүлгүүддээ хайрын тухай
бичсэн ч, эх орон нутаг усаа дуулсан ч, дотоод ахуй, мөн чанараа нээсэн ч
илүүгүй бас дутуугүй гүйцээн бүтээж төгс утгыг тунгалагшуулан цогцлоосон байдаг
нь эдүгээгийн хэсэг бусаг мэдрэмжийн нийлцүүдээс бүрдсэн тэмдэглэл, таталбар
шүлгийн их зудыг гатлан зурайсан малын чийр мэт тодорхой ажаам.
Энэ бүхэн нь яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын тунгалаг
утга, харин тунгалаг утгын төгсгөлөөс цааш...
2014-3-9
Comments