Нүдний шилэнд ҮЛДСЭН хотын үлгэрүүд

 Х.Чойдогжамц

Л.Өлзийтөгсийн зохиолыг уншихад хэзээ ч ийм “УДААН” байдаггүй байлаа...
***
Сайн байна уу? эрхэм зохиолч минь. Ингэж эрсхэн эхэлсэндээ хүлцэл эрье. Уг шүүмж “Чаддаг юм бол шүлгийг нь задлаач” (өөрөө задалчихсан байх) гэсэн Я.Баяраа гэгч идэвхтэн нэгэн болоод “Хотын үлгэрүүд”-ийг уншаад сэтгүүлч Ш.Цэрэнпил гуайн “Хэнээт” хөрөг дэх муу ном уншаад нүүр лүүгээ угаадас цацуулах шиг болж, бүгдийг нь худалдаж аван шатааж тайвширдаг “хэнээтийн сэтгэл зүйг” мэдэрсэн таны үнэнч нэгэн уншигч (иргэн З), хайрлан хүндлэгчийн зовнилоос үүдэлтэй гэдгийг давын өмнө хэлмээр санагдлаа.
***
“Домгийн баатрууд тэртээ алс, он жилүүдийн тоосон дундаас ялгаад олж харчихын аргагүй бүдэгхэн холд, цаг хугацааны эхэн үеүдэд ч байсан юм биш, одоо ч яг бидний үед, та бидний дунд, дэргэд байсаар л байгаа юм билээ. Түүгээр ч барахгүй бид тэдэнтэй хамт өчнөөн олон үлгэр түүхийг бүтээцгээж, гунигтай эсвэл баатарлагаар дуусгаж байдгаа анзаардаггүй. Тиймээ, бүтээцгээж шүү, зохиож биш” хэмээн зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Нүдний шилэнд үлдсэн зургууд” ном дох “Сохор” өгүүллэг эхэлдэг. Эл ном үнэхээр зохиосон биш, бүтээсэн (бүтээгдэнэ гэдэг чинь бүтэцлэгдэнэ, нууцлагдана, кодлогдоно, дүрслэгдэнэ, тэмдэглэгдэнэ гэсэн үг) тийм онцгой мэдрэмж, санаа, өгүүлэмжээр тэмүүлэн тэлүүлэн (өөрийнх нь шүлэг лүгээ) бичигдснийг “Aquarium”, “Эмэгтэй хүн”, “Тоос сорогч”, “Хүлээс”, “Хүүхэлдэйн үс”, “Рауль, Рауль хоёр”, “Сохор” “Нүдний шилэнд үлдсэн зургууд” гээд бараг бүгдээс нь таньж болохоор байсан.
“Тайлбарлахуйн эсрэг” бүтээл нь XX зууны гоо зүйд хамгийн их уншигддаг урлаг судлаач Сюзан Сонтаг “Урлагийг тайлбарлахын оронд сэрэхүйнхээ гоо сайхны мэдрэмж рүү оч, тэр чинь аяндаа юу болохыг хэлээд өгнө, бидэнд урлаг дахь тайлбарлахуйн оронд “урлаг дахь эротизм” хэрэгтэй” /Нээлттэй философи нийгэмлэг. “Философи”(Эхлэн сурах бичиг), УБ, 2000,186 / гэжээ. З.Фрейдийн хуял тачаалын онолыг санагдуулах дээрх үг үнэхээр жинхэнэ урлагийн бүтээл гэгч зөн билиг, далд ухамсар, хий сэрлийн онгодлог мөн чанарт шинжтэйг өгүүлсэн мэт. Зүгээр л хэлчих юмыг шүлэглэж байх хэрэг юун? гэсэн үг байдаг. Өгүүлэн буй найрагчийн “Шүлэг гэдэг бол үг биш, үгний хэлэх гээд чадахгүй байгаа үг” гэснийг мөн саная. Гүн сэтгэгч, сэтгэл зүйч З.Фрейд удаан хугацааны туршлагаараа хүний ухамсрын нийлэмж-задралын бүтцийг тогтоогоод“Ямар нэгэн юм хэрхэн ухамсарлагддаг вэ? гэдэг асуултыг Ямар нэгэн юм хэрхэн ухамсрын урьдач шинжтэй болдог вэ? гэсэн хэлбэрт оруулж талбих нь илүү оновчтой болох юм. Тэгвэл гэмээнэ хариулт нь “холбогдох үгсийн үгэн төсөөлөлтэй нэгдэх замаар” гэж гарах юм” /З.Фрейд “Психоанализ, Зүүд, ICH und ES”, УБ, 2011, 140 / хэмээгээд хошин ёгт үгс /далд утга, бэлгэдэл-Х.Ч/, ухамсаргүй санамсаргүй бодол хоёрын  учир жаяг адил гэдгийг тэмдэглэсэн байдаг. Эндээс “Урлаг дахь эротизм” гэсэн Сонтагийн “донжтойхон” үг, Фрейдийн гаргалгаа, Л.Өлзийтөгсийн шүлэг гурав уулзалдах нь танигдана. Түүнчлэн“Өнөө үед психоанализаас гадна шизоанализыг утга зохиолын судалгаанд онцгой анхаарах болжээ. Шизо гэдэг бол төрөлхийн эмгэг өвчин огт биш, харин нийгмийн хэв загвартай зохицож чаддаггүй хув хүний далд ухамсартай холбоотой чанар гэж үздэг. Явж явж уран бүтээл төрөх үйл явц нь нийгэмтэй үл ойлголцсоноос үүддэг тэсрэлт гэдэг үзэл тун ч анхаарууштай зүйл юм” /Г.Аюурзана “Утга зохиолын тухай яриа”, УБ, 2004, 105 / гэсэнтэй санал нэг байна. Нүдний шилэнд үлдсэн зургууд чухам ийм л хотжилт-хүнийслийн тухай шинэ цагийн “үлгэрүүд” байсан сан. Жишээ нь Норвегийн зохиолч Г.Ибсений “Нора” жүжгийг, Л.Өлзийтөгсийн “Хүүхэлдэйн үс” өгүүллэгтэй жишин үзье.
“Би эхлээд эцгийнхээ хүүхэлдэйн охин байсан бол чиний хүүхэлдэй-эхнэр болсон. Хүүхдүүд минь миний хүүхэлдэйнүүд байж...гэж Нораг хэлэхэд нөхөр нь чи амьдарч байгаа нийгмээ ойлгохгүй байна гэж  цэцэрхдэг. Хариуд нь “Миний боддог байсан хууль ч гэсэн миний боддогоос өөр юм гэж хүн хэлэх юм. Харин тэр яригдаж байгаа хуувь нь зөв юм гэдгийг би огт ойлгохгүй байгаа. Тэр хуулиар бол бүсгүй хүн үхэж байгаа эцгийгээ хайрлах, тэрнийхээ төлөө зүтгэх эрхгүй, өвчтэй нөхрийнхөө амийг аврахын тулд юу ч хайх эрхгүй юм шиг байх юм... ” /”Нора хүүхэн”, УБ, 1985, 82-85/ гээд нийгэм, Нора хоёрын хэн нь үнэндээ зөв тухай туйлдан бодоод гэрээсээ явдаг төгсгөл А.Камюгийн алдарт “Хөндлөнгийн хүн” зохиолын “Аллагад сэжиглэгдсэн хүнийг эхийнхээ оршуулган дээр уйлаагүйнх нь төлөө цаазаар авсан ч яалаа, аваагүй ч яалаа” хэмээх төгсгөл буюу АНУ-д хэвлэгдсэн “Хөндлөнгийн хүн” бүтээлийнхээ өмнөтгөлд “Манай нийгэмд эхийнхээ оршуулга дээр уйлаагүй хүн бүр цаазын ял авах эрсдэл хийж байна”/Д.Галбаатар “XX зууны Өрнө, Дорнын уран зохиол”, УБ, 2013, 225/ хэмээн бичсэнийг эрхгүй сануулна. Нора ч тэр, Мерсо ч тэр нийгмийн худал тоглоомд хутгалахгүй өөртөө үнэнч байхыг хүссэн “жирийн” л хүмүүс. “Хүүдэлдэйн үс”-ийн Өнөрөө ч мөн өөрийн “амьд”-ралын “эрх чөлөөг алдахгүйн” төлөөнөө зоримогоор буултгүй зүтгэдэг эмэгтэй.
Гэвч нэг л өдөр түүнд  өөрийн нь бие найз охиных нь тоглоомон хүүхэлдэйнээс ч дор амьгүй, амьдрал нь тэр хүүхэлдэйн алтан шаргал үснээс ч хиймэл мэт мэдрэмж “хаа нэгтэйгээс” хүчтэй төрнө. Энд өнөөх л нийгэм ба хувь хүний асуудал өрнөжихүй. Маргааш нь Өнөрөө үсээ шаргалтуулж, өөртэйгөө  ижил амьд юм шиг хөөрхөн хүүхэлдэй худалдан авч байгаа нь “амьд” амьдралаа нийгэмд “зарчихаж” байгаа юм шиг сэрдлэгэ төрүүлэх нь гунигтай. Зохиол дахь эмэгтэйчүүдийнх нь дүр тун өвөрмөц. “Эмэгтэй хүн” хүн өгүүллэгтээ “Эмэгтэй хүн л бусдад хэрэг болох юмыг өөртөө агуулж явдаг, эмэгтэй хүн л бусдын төлөө амьдардаггүй гэж үү” хэмээн өгүүлдэг. (“Тоос сорогч” өгүүллэгийг үзнэ үү!)
Өгүүлэлдээ “Хотын үлгэрүүд”ийн тухай ярих нь гол авч “Нүдний шилэнд үлдсэн зургууд”-ын тухай эхлэн ярих нь голын гол юм л даа. “Нүдний шилэнд үлдсэн зургууд”-ын өгүүллэгүүд онцлогийн хувьд зохиогчийнхоо яруу найрагтай адил (Яруу найргийн хэсгийг энд дарж үзнэ үү!) гоо сайхантай байв. Үйл явдлын (үйл явдалсаад байх юм ч бараг байдаггүй) зангилаа, утга санааныхаа гаргалгаа тайллуудыг тун чиг өвөрмөцөөр дүрийнхээ сэтгэл зүйгээр ойлгомжтойгоор хэлээд, “хийгээд” явчихаж буй мэт бичлэг харагддаг ч, магадгүй нэг уншчихад давтан уншмааргүй мэт санагдуулах ч угтаа хөвөрсөн хөнгөхөөн бус маш гүнзгий, нарийн холбоосуудыг  дотроо агуулан “оршчихсон” (зохиогддоггүй бүтээгддэг гэдэг шиг) байдаг нь бүтээлийнхээ үнэ цэнийг өргөдөг. Үнэ цэнээ өргөж буй бүтээлийг тайлбарлахын тулд дахин Фрейдээс ярих нь.
З.Фрейд хүний уг чанарын (инстинкт) элдэв төлөв байдлууд нийгэм, соёл иргэншлийн нөхцөл шаардлагатай байнга зөрчилдөөнтэй байдаг гэж үзсэн. Хамгийн гол нь “хүний жинхэнэ дүр төрхийг тодорхойлж байдаг оюун санааны үндэс болох ид нь “хил залгаа нөхцөлд” л хүний экзистенцийг (оршихуйг) тодорхойлдог...”Хил залгаа нөхцөлд” хүн дандаа социалист реализмын кинон дээр гардаг баатрууд шиг бардам байж чаддаггүй” гээд “хүний экзистенцийг харуулдаг өөр нэг үзэгдэл бол ганцаардал юм. Ганцаардал нь бас л сэтгэцийн стандарт бус төлөвийн нөхцөл болно. Ганцаардал гэдэг бол хүн өөр-Би, өөр ахуйг хүлээн авах боломжгүй үед гардаг үзэгдэл...Хүн хүмүүсийн дунд ч ганцаарддаг. Орчин тойрных нь хүмүүс өөртэй нь адилгүй бодол санаа, зан заншил, төрх байдалтай байх аваас ганцаардана. Тэгэхээр хүмүүсийн дундах ганцаардал нь жирийн хүмүүсээс хэт доогуур юм уу хэт дээгүүр хүмүүст л тохиолддог үзэгдэл”/Б.Батчулуун “Ил тов”сонин ”Фрейдийн онолыг амьдралтай холбохуй”(Хүний жинхэнэ ба хуурамч төрх), 1995.11.1-10, №31, (179)/ гэсэн нь олон талаар Л.Өлзийтөгсийн хүүрнэл болоод яруу найргийн (энэ тухай дараагийн хэсэгт өгүүлнэ) дүрүүдээ сэтгэлзүйнх нь мөн чанарын “хил залгаа нөхцөл”-д чөлөөтэй урлаж, хүрээлэн буй орчинтой нь дотоод бодролоор нь сүлэлдүүлэн нээн амьдруулж, эгэл хэрнээ ээдрээтэй нөхцөлд урнаар дүрслэн өгүүлж чаддаг туурвилзүйн шугам, илэрхийлэл, бичлэгийн онцлогтой тохирч буй нь сонирхолтой бөгөөд авьяас, ур чадварын чансаа гэлтэй. Зохиолынх нь дүрүүдийн сэтгэл зүй үнэхээр хэт дээгүүр ч юм шиг, доогуур ч юм шиг сэтгэгдэл төрүүлэх нь бий. Үнэндээ энэ хоёр нь мөн чанараараа нэг ч юм шиг. Нулимс маш түргэнтэй дүрүүд элбэг. Төрөх, үхэхээс ч үнэн зүйл магад энэ нулимс, түүний илрэл л байх шүү. Дүрээ мөн чанарынх нь “хил залгаа нөхцөл”-д чөлөөтэй урласан тод жишээ бол “Рауль, Рауль хоёр” өгүүлэг юм. Өгүүллэгт өөрийн би дотох “би”-тэйгээ нягт харьцаатай(учир нь өдрийн тэмдэглэлээ “Рауль тэгэв, ингэв” гэж бичдэг), бусдад бол үнэхээр “шизотой” харагдахаар содон дүр гардаг. Тэр зүгээр л рок хөгжимд дурлаж, философи судлахыг дотроосоо маш  хүссэн ч, хэн ч ойлгоогүй. Түүний ганцаараа байх дуртай, хэн ч зодоогүй байхад уйлмаар болдог, дуртай зүйлээ таашаалаараа хийхээр буултгүй зүтгэдэг, бусдаас өөр “жинхэнэ орших” эрмэлзлэл нь шүүхийн ширээний ард суулгаж улмаар “хэн ч биш” (Дашрамд Д.Батбаяр “Хэн ч биш” өгүүллэгийг үзнэ үү!) болгон өөрчилснөөр эхний “төрөлт” дуусдаг. Хоёр дахь “төрөлтдөө” тэрээр мөн л бууж өгөхийг хүсээгүй боловч “түмний түрэлт” түүнийг урсган одох бөгөөд амьд дэгдээхэй хоолноос нь амтагдаад болдоггүй байсан баатар маань амьд дэгдээхэй дөрвийг залгиж хэн ч биш хүмүүсийн нийллэгт эргэлт буцалтгүйгээр нэгддэг. Норагаас, Мерсогоос, Өнөрөөгөөс, Раулиас ч тэр нийгэм ямар нэгэн (үүнийг үгээр тайлбарлавал “бүдүүлэгдэх” гээд байна л даа) амин зүйлийг хулгайлаад (“Хотын үлгэрүүд”-ийн “Хулгайч” өгүүллэгийг уншина уу!) байх шиг санагдахгүй байна гэж үү?.. Олохыг үнэхээр хүсээгүй алдсан юмаа эргүүлж авж байгаа юм шиг ч гэх юм уу? (“Хүлээс” өгүүллэгийг  үзнэ үү!) Aquarium” өгүүллэгийг судлаачид олон янзаар тайлсан харагддаг. Хүн өөрийн бичил орчиноо л мэддэг. (Үнэндээ  мэдэхгүй байх тохиолдол ч олон бөгөөд хамгийн гол нь мэддэг гэж боддогт л хамаг учир байдаг) Угтаа хүн болгон аквариумын амьтан юм. Аквариумын амьтан гэдгээ мэдэх тусмаа өөрөө өөрөөсөө зугтахыг хүсэж, зохиолд гардагаар дотоод сэтгэлийн аквариумаа /орон зай/ улам багасгадаг. Учир нь үнэн гэдэг бол өөрийн зөв гэж боддог хүний хувьд тэгтлээ хүсмээр зүйл биш. Эцэсдээ “...Аквариум жижиг байх тусмаа сайн...” гэсэн гаргалгаанд хүрч буй нь мэдсэн гэж бат итгэх нь өрөөсгөл бөгөөд нууц, далд бүхнийг нууцаар мэдэхийг хүсдэг ч таньж мэдээд ирэхээрээ улам нууцалж орхихыг эрмэлздэг  дэндүү хувирамтгай хүний зан чанарыг үзүүлсэн төдийгүй “аквариумын амьтан акриумдаа л жаргалтай”-г нээснээрээ сонирхолтой. Энэ санаа “Сохор” өгүүллэгт ч өвөрмөцөөр туссан бий. (“Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном”-ын 146-147 тал дахь эсээ, шүлэг хоёрыг үзнэ үү!)
Номоо нэрлэсэн гол бүтээл “Нүдний шилэнд үлдсэн зургууд” өгүүллэг болон баатар Амуугийн дүрээр төлөөлүүлэн харахад хот, нийгмийн хиймэл дүр төрх, зохиомол амьдрал дахь хүний жинхэнэ төрхийг, товчхоноор бол соёл ба иргэншил, мөн чанар ба нийгэм, хувь хүн ба олон түмэн, хууль ёс ба ёс зүй зэрэг мөнхийн зөрчилдөгч асуудлууд руу зохиолынхоо санаа, баатруудынхаа хувь заяаг төвлөрүүлсэн нь харагдана. Ажилдаа ядарсан Амуу цамцаа, дараа нь банзал, хөхөвч хоёроо улмаар үлдсэн ганц хувцас дотоожоо тайлан шиднэ. Ямар ч халхавчгүй нүцгэн байх тэр дуртай. (Х.Болор-Эрдэнэ “Нүцгэн шөнө” өгүүллэгийг үзнэ үү!)  Гэвч тэрээр “нүдний шилээ тайлахаа” мартсан байдаг. Тайлаад жинхэнээсээ ямарч халхавчгүйгээр шилээ хартал дүүрэн  “ХОТЫН ҮЛГЭРҮҮД”. Гэхдээ тийм ч олон бас  биш ээ. Хүнд үл мэдэгдэх мөртлөө хамгийн тээр дараатай хувцас болох мөнөөх нийгмийн нийллэг, хүний хүнийсэл, үл ойлголцол мэтсийг нүдний шилэн  хувцас,  түүнд үлдсэн зурган халхавчаар гайхалтай бэлгэдэж гаргасан байдаг. (Эл өгүүллэгийн “Үсчин” хэмээх хэсгийг “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном”-ын 78-79 тал дахь “Зөгий” шүлгийг холбогдох эсээний хамт үзнэ үү!)
“Тэр сүүгээ уухаар тонгойтол аяга руу нь дусал нулимс полхийтэл уналаа. Нулимстай сүү...Тиймээ, үнэхээр л тийм. Амьдрал ийм. Нулимсных  нь амт их байх уу? Сүүнийх нь амт  их байх уу? гэдэг харин Амуугаас өөрөөс нь л шалгаална” гэж номдоо дэвшүүлсэн ээдрээт дүр, зөрчилдөөнт саарал асуудлуудад тайлал хийсэн байх нь түүний барьсан “жанжин шугам” бөгөөд бүх зохиолд нь хамаармуй. Тиймээ, нүдний шилэнд үлдсэн зургууд үнэхээр ЖИНХЭНЭ ХОТЫН ҮЛГЭРҮҮДИЙН тухай ном байлаа... Л.Өлзийтөгсийг уншихад ийм, ийм, ийм байдаг байлаа...
***
Гэтэл их тэсрэлтийн дараа юу болов? “Их идсэний маргааш өнж” гэдэг болов уу? Өнөө нүдний шилний хүрээнд тод томруун илэрсэн жинхэнэ үлгэрүүд маань “Хотын үлгэрүүдэд” үргэлжилсэнгүйгээр барахгүй хүрч очоогүй байх нь хачирхалтай болоод сэжигтэй ажаам. С.Эрдэнэ гуайн “Нарантогоруу” өгүүлэгийн охин багаасаа үерхсэн хөвгүүнээ сургуульд үдэхээр уулзахдаа “Амьдрал үлгэр байдаг цаг” өнгөрчээ гэж дотроо зөгнөн гунигладаг шиг эрхэм хайртай зохиолчийн минь бүтээл “үлгэр” байдаг цаг өнгөрч байгаа юм биш биз гэж хатуухан бодох цаг ирж. Хайртай зохиолчоо шүүмжлэнэ гэдэг надад хамгаас эрхэм гэдгийг дахин хэлье. Магадгүй “Нүдний шилэнд үлдсэн зургууд”-ыг уншилгүй шууд “Хотын үлгэрүүд”-ийг уншсан хүнд таалагдаж магад гэдгийг бас хэльчихье. “Гар” өгүүллэгийн “Ай, хот гэдэг хүмүүсийн бөөгнөрөл төдий биш ээ. Хот гэдэг хүмүүсийн сэтгэл дэх хогийн бөөгнөрөл” хэмээн бичсэнчлэн “Хотын үлгэр”  сэдэв дор зангидсан номд  “Хулгач”, “Тэр хэн бэ?” болон “Гар”, “Гэрээслэл” хэмээх өгүүллэгүүдийг эс тооцвол өмнөх номынхоо тоосыг ч гүйцэхгүй морьд уяжээ. Одоо өлдсөн морьдын тухай ярья
Гэтэл дээрх давхилтай хэдэн морьдод ч бас сайн уяачаас гарамгүй “хоол нь таараагүй” асуудлууд байх аж. Яагаад ч юм зориуд санаагаа сунгаж, нуршуулан сунжруулан мэдрэмжээ хэдэн хуудас дамнуулан тайлбарлаад байхын зорилго ойлгомжгүй.
“Нэг л өдөр тэр мөнгө нь зорилго биш болсныг ухаарсан юм. тэр өөрийг нь жаргалтай болгож буй ямар нэгэн хайрын ачаар, өөрийг нь илүү хүчтэй болгож буй хүндхэн үүрэг хариуцлагын үрээр, өөрийг нь хүн шиг хүн байлгаж буй бусдын итгэл найдварын хүчээр л мөнгө олж буйгаа гэнэт мэдсэн билээ”/Өлсөхүй/ хэмээн товчхондоо хүн зорилгоор л өлсөж явдаг тухай ганц санааг хэлэхийн тулд тэр хэзээ ч  хорин хэдэн хуудас цувуулдаггүй байлаа. Гэтэл энэ санаа нь Хятадын зохиолчын “Татсан чавхдас мэт амьдрал” өгүүллэгтэй ихэрлэхийн зэрэгцээ балчирдсаныг доорх хэсгээс харж болно. “...Хүний амьдрал яг энэ шанзтай адилхан. Чавхдас сайн татаатай үед л сайн тоглож болно хэмээж билээ. Энэ үгийн хүч чадлыг шавь нь мөн одоо л ойлголоо. Түүнд зорилго байсан болохоор амьдрал нь оргилж, өдөр бүхэн эрч хүчээр цалгиж байжээ...”/Г.Аюурзана “Дэлхийн сонгомол өгүүллэг”, УБ, 318/
“Хоёрхон алдаа” өгүүллэгт “хангалуун чинээлэг, тайван амгалан амьдралтай, сайн нөхөр, том болсон дөрвөн хүүхэд, дажгүй мэргэжил боловсрол, тохьтой тухтай анд нөхөд, гэр орон, унаа машин, үхэх хүртлээ санаа зоволтгүй амьдарч болох хэдэн төгрөгтэй, амьдралаас хүссэн бүхнээ л авсан бөгөөд үүнийгээ олон удаа алдсан, унасан эргэж босохоор зүтгэсний минь хишиг шүү дээ хэмээн боддог болохоор алдаа болгондоо гутраад байдаггүй ч харин харамсал бол өөр хэрэг гэж 17, 25 настай амьдралынхаа үеийн хоёрхон алдаагаа дурсан харамсаад хоёрхон алдааг л засчихсан бол гэж насаараа бодож яваа, бодсоор ч дуусах эмэгтэй” гардаг. Зориуд нэг өгүүлбэрт багтаан бичих гэхдээ чилээсэн бол уучлана уу! Ер нь яагаад болохгүй гэж? Амьдрал гэдэг нэг л өгүүлбэр юм биш үү! Нэрт зохиолч П.Лувсанцэрэн “Ус шиг цэнхэр” өгүүллэгтээ:
“Дагиймаагаас хойш Жанцан эцгийнхээ мөрөөр олон жил жин тээж, шинэ гэр төхөөрч, үүрийн гэгээнээр эхнэр босгож, үйлстэй үйлсгүй хоёр хүү, богино настай нэг охин төрүүлж эр хүний зорьдог бүхнийг хийж амжаад, эцэст нь номхон морины нуруун дээр хүзүү хүгдийн сууж хонь хариулж явдаг үрчгэр бор өвгөн болж өтлөв” /Г.Аюурзана “Монголын сонгомол өгүүллэг”, УБ, 2005, 62/  гэж тун шиг эрс шударгуу хэрнэ элэг дотноор амьдралыг нэгхэн өгүүлбэрт зурсан байдаг. Мөн насны эцэст ирсэн Жанцанд тэнгэрийн хаяа ус шиг цэнхэр харагдаж байгаа нь “нэг өгүүлбэрийн” амьдралд “ус шиг цэнхэр” хэмээх гуравхан үг л “цөм бүтэц” нь байсныг, байсаар дуусч байгааг бэлхэнээ харуулдаг. Үүнтэй адил  амьдралынхаа өгүүлбэрээс хоёрхон харамсал доогуур нь зурчихаад сүүлчийн мөч хүртлээ сэтгэлдээ жин мэт тээнэ гэдэг хүмүний жаман, ертөнцийн ёсон юмсанжуу. Хэт мушгилаа гэж бодож байна уу? Үгүй дээ. Л.Өлзийтөгсийн зохиолыг уншихад хэзээ ч ийм ижилсэл сэжиглэгддэггүй байлаа...“Нохойн үүр” хэмээх нуршинги өгүүллэг П.Баярсайханы “Нохойн хэвтэш” туужийг, мөн өөрийнх нь “Аквариум” өгүүллэгийг  ч эрхгүй сануулах юм. Ямартай ч энэ мэтээр “Сонин юм”, “Эмэгтэй, эрэгтэй”, “Нүд”, “Жирэмслэлт”, “Зөн” өгүүллэгүүдэд хиймэл зөрчил, диалог, үйл явдал, өгүүлэмжээр урлах эрдмийнхээ ач холбогдлыг илтэд балархай бүрхэг болгосноос дүрүүд нь гадагшаа илэрхийлэлтэй, шинэ цагийн монгол кино болон солонгосын усан сериалууд шиг хөнгөн хэлбэрт шүтэж  өмнөх бүтээлээсээ ухарсан гэх шүүмжлэл дагуулаад хүргэлээ. Дахин хэлэхэд Л.Өлзийтөгсийн зохиол хэзээ ч ингэж мэдрэмж, санаагаа тайлагнадаггүй, цаг нөхцөөдөггүй байлаа...Хотын үлгэрүүд нүдний шилэнд л ҮЛДЖЭЭ!

Comments

Anonymous said…
Ямар сайн бичээ вэ?
Anonymous said…
Alaad ugchuu goyo bn uaragshaa zaluu
Anonymous said…
Үнэхээр мундаг бичжээ. Өлзийгийн тухай ингэж дуугарсан хүн байдаг юм уу?
Anonymous said…
sain baina
Unknown said…
Сайн болжээ.
Anonymous said…
Ямар их мэдлэгээр зодож бичээ вэ? Гайхалтай...
Anonymous said…
Бичих гэж үзэж. Гэвч болоогүй байнаа...Дахиад уншиж, төлөвших хэрэгтэй дүүмэд ээ
Anonymous said…
Хичээгээрэй, улам чимбай бол2
Anonymous said…
Хотын үлгэрүүдийг уншихад нэг л сонин байсан юм аа.. Мэдлэгтэй хүн аргагүй л өөрөөр илэрхийлэх юм.
Anonymous said…
chi beeshdee. ego- chn bvr olschij tgd busdiin hiisen yuman dr doroolj ner olj awah gj, bichih gj, amidrah gj yadaj bn. za tgd her udaan ingej yawhaw dee.
Anonymous said…
chi urlagiig ingej anatomchilj zadalj bolohgui yagad gewl ene zadlan shinjleh negtgen dvgneh haritsuulah zereg uildlvvd chn shinjleh uhaand hamaaragddag zuil... tuunees bish urlag bol hezeech shinjleh uhaan bish... end chmg ingelee gd hench tsol gunshin ogohgvi... vvniig hvseegvi geh biz tegwel chi shal demii hooson tsetserhej suuna