Ч.Зоригтбаатар |
Мөрөөдлөө биелүүлэхийн тулд мөрөөдлөөсөө салах хэрэгтэй.
...
Шүүмжлэгч бол ердөө л нэг уншигч юм.
...
Хүмүүс хоорондоо ярьж чаддаг болсон нь тэдний хамгийн том
алдаа байж мэднэ. Ойлголцоод л байгаа юм шиг хэрнээ огт ойлголцдоггүй нь үүнийг
нотолно бус уу.
...
Өөртөө хөшөө босгуулахын тулд бусдын хөшөөг босгодог.
...
Чөтгөрийн хүслийг бурханы аврал гэж боддогт л бидний гол
эмгэнэл оршдог байж магадгүй.
...
Махчин нь махчинаа л барааддаг.
...
Ус цалгихгүй бол үсчихгүй.
...
Салхи хөдлөхөө хүрвэл хөл дороос чинь ч хуй дэгдээнэ.
...
Ухаажина гэдэг өөрийнхөө хичнээн сул дорой, өрөвдмөөр
өчүүхэн амьтан болохыг л мэднэ гэсэн үг.
...
Хүмүүс хүссэн зүйлээ бурхан гэж нэрлэдэг.
...
Сар үүлэн цаанаас
илүү үзэсгэлэнтэй харагддаг.
...
Гэрлийг гэрэл л бүдгэрүүлдэг.
...
Борооны үнэрт л ургамал цэцэгс сэрж, сэргэдэг.
...
Туршлага ч ташаардаг.
...
Зул дальдирах тусмаа тодордог.
...
Муруй бүхэн бол бие даахуй. Харамсалтай муруй бүхнийг
тэгшлэх гэдэг нь хүний зан.
...
Хүн номлолгүй бол оршиж чадахгүй.
...
Дөрвөн мөчийг нь таслаад хаясан ч сарвалзах амьтан бол
хүн.
...
Хүмүүс бусдад хууртагдаж байхдаа л хамгийн их аз
жаргалтай байдаг.
...
Нулимс зохихгүй нүд гэж байдаггүй.
...
Галзуу хүний “галзуурах нь ээ” хэмээх арга барагдсан
халаглал бол амьдрал юм.
...
Ядарч сульдана гэдэг санааных байдаг. Юу гэхээр хүмүүс
анх үхэх ёстой гэж бодож эхэлснээрээ л үхэцгээдэг болсон байж магадгүй. Гэхдээ
энд бурхан чөтгөрийн ямарч оролцоо байхгүй.
...
Уяанаасаа уйдсан нохой л хуцах нь их байдаг.
...
Тэнэгээ зөвтгөхөд онол тусалдаг.
...
Алдаж байж л үнэ цэнийг нь ойлгодог нь алдахын үнэ цэнэ
аж.
...
Үлдээсэн мөр нь л үнэнийг гуйвуулдаг.
...
Зугтаана гэдэг улам ойртохын нэр.
...
Хөл доогуур гүйлдэх хорхой шавжийг гишгэчих вий гэж
болгоомжилж явахдаа хүртэл гишгэчих юм. Яаж ч хичээгээд нүглээс зайлах аргагүй амьтан
бол хүн аж.
...
Бурханы алдааг чөтгөр л олж хардаг.
...
Уяанаасаа алдуурсан нохой заавал хүн урдаг.
...
Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөн “дайнаас сэргийлэхийн тулд
дайтаж иржээ”. Энэ нь хүмүүс бид аливаа аюул заналаас урьдчилан сэргийлэх ямарч
боломжгүйг харуулж байгаа юм. Урьдчилан сэргийлнэ гэдэг нь харин ч аюулыг улам
өдөөхийн нэр санж.
...
Хүлээтэй сэтгэлгээнд хүлээс нь эрх чөлөө мэт
төсөөлөгддөг.
...
Олонхид сургаал айлдаж байгаа л бол багш биш, зүгээр л
номлогч.
...
Хэрээ хаана ч муу нэртэй байдаг.
...
Гэрэл бидний харах ёстой зүйлийн ихэнхийг далдалдаг. Гэвч
бид далд байтугай ил байгааг нь ч анзаарахгүй юм.
...
Харамсаж гашуудана гэдэг тэнэг хэрэг. Учир нь хүн
харамсахгүйгээр амьдрах ямарч боломжгүй. Хэрвээ харамсах ёстой гэж үзвэл хүн
болж төрсөндөндөө л харамсах хэрэгтэй.
...
Амьдрал там биш. Хүмүүс л там болгодог. Там гэж нэрлээд
байгаа нь ч хүний л оноосон нэр. Тэгэхээр там гэдэг хий хоосон зүйл. Амьдрал ч
адил.
...
Үхэх хүсэл төрөхгүй л бол амьдрал шиг уйтгартай зүйл
үгүй.
...
Хэн нэгнийг бусдаас илүү хайрласан гэж бодож байгаа л бол
дутуу хайрласан байж таарна.
...
Дандаа л дутуу бодож байх юм. Дутуугаа гүйцээнэ гэдэг ч
хүний хэрэг биш бололтой.
...
Алдуул
“Хэн нэгэн
гараас минь хөтөлчихсөн алхаж байна. Элчилгүй их элсэн цөл бололтой.
Хаашаа явж буйгаа мэдэх байтугай хаана
яваагаа ч мэдсэнгүй. Тэр битгий хэл гараас хөтөлсөн хүн хэн болохыг ч
таньсангүй. Хулангийн ч юм уу, ямар нэг амьтны мөрөөр алхах аж. Тэгснээ гэнэт
жигтэйхэн их үертэй усанд үйж байна...” гэж зүүдлээд сэрчихлээ. Ойрын хэд
хоног, бүр тодорхой хэлвэл бэрх хэцүү оньсого мэт бодолд ээрэгдэх болсон үеэс
дандаа л нэг иймэрхүү зүүд зүүдэлдэг болсон.
Ташаарвал
толгойгүй болох юм шиг дэмий л бачууран бухимдана. Чухам юу болохыг нь хэлж эс
мэдэх ч яах аргагүй л нэг зүйл дутагдаад буйг яагаад байгаагаа ч мэдэхгүй
санааширч суухдаа анзаарсан юм. Анзаарсан ч гэж дээ, алдсан гээсэн алин болох
нь үл мэдэгдэх тэр зүйл алга болсноороо л өөрийн байсан хийгээд одоо нэгэнт ор
мөр ч үгүй болсноо ойлгуулсан хэрэг. Уг
нь үлдээсэн мөртэй бол учиртай сан. Ядаж сэжүүр ч болов өгөхсөн. Даанч тийм
боломж алга. Тэр битгий хэл хэдийд нь байсан, хэзээ нь байхгүй болчихсныг ч
мэдэхгүй байгаа юм. Зөвхөн бодол санаанд л тэмтрэгдэх төдий сүүмэлзэнэ. Тэгсэн
атлаа санаанаас ер гарахгүй зовоохыг яана. Тоглоомондоо сатаарсан хүүхэд шиг
түр ч болов мартахсан ч гэж бодох л юм.
Бүхнийг мартахсан. Гэвч мартаж болдоггүй зүйл гэж байдаг бололтой. Мартахыг
хүсэж байгаа болохоор тэр байх л даа.
Ер нь яасан ч нэмэр алга. Мартах
ёстой гэж хичнээн бодсон ч март гэж өөртөө өчнөөн тулгасан ч бүр юу ч бодохгүй
байя гэсэн ч аанай л толгойд эргэлдсээр байх аж. “Хачин юмаа юу болох нь
тодорхойгүй, тэгсэн хэр нь санаанаас огт
гарахгүй, тэр мөртлөө юу ч бодохгүй ор тас
мартчихъя гэхээр мартагдаж өгөхгүй хаашаа янзын ад мөрийн зүйл вэ энэ
чинь” хэмээн дэмий л гайхашаа барж ганцаараа ярьж суугаагаа мэдээд эвгүйцэх шиг
болох юм. Ямар нэгэн үлэмж биет амьтны бие дээгүүр гүйж яваа шавж юун дээгүүр яваад
байгаагаа ч анзаардаггүй шиг хэн нэгний эрхшээлд орчихсон ч түүнээ анзаарахгүй
байгаа мэт санагдсанаас тэр л дээ.
Ийнхүү мартахуйн мананд төөрөлдөж, мөхөсдөхүйн цаламанд хүлэгдээд яаж ч
чадахгүй сарвалзан тэлчлэх мэт байдалтай болчихсон маань гадны халдлагаас
хамгаалж байгаа нь энэ гээд хана хэрэм дотор өөрсдийгөө хашдаг “хашаатай”
сэтгэлгээ шиг мөхөл зөгнөсөн, оюуны тэнхээ сульдан доройтож байгаагийн илрэл
мэт бодогдох боллоо. Асууж сураглах гэхээр юу гэж асуух учраа эс олно.“Би юу
хайгаад байгаа юм бол!” гэлтэй нь биш.Тиймээс өөрөө өөрөөсөө л шалгаах хэрэгтэй
болно. Мөн л хариулж эс чадан мухардана. Мухардахын хэрээр гутрана. “Гээнэ
гэдэг мартана гэсэн үг! Мартана гэдэг ч гээж байгаа л нэг хэлбэр...” гэсэн бодол гутралын мөрөөр цамнан хэнхдэг цээж хорсгох тул “ За яахав. Алдуул морь гүйхээ
хүрвэл ижил буруу адууг ч дагуулаад ирдэг шиг юу болох нь тодорхойгүй байгаа
тэр зүйл гэнэт санаанд харваж эрлээ олсон адуучин шиг сэтгэл амрах байх. Тэгвэл
олон зүйлийн учир тайлагдаж огтын санаанд оромгүйг ухаарах ч юм билүү хэн мэдлээ. Ухаарал гэгч
угтаа тэнэглэлийн үр шим байдаг хойно гуниг харууслын сүүдэр зайлшгүй дагана.
Гээд яалтай билээ. Тэнэгээ л гайхаж суух нь ухаарлын дээд ч юм уу даа чааваас”
хэмээн өөрөө өөрийгөө зэмлэлээрээ аргадаж сууна. “-Нээрээ яадаг юм мартаа л биз, алдаа л биз, мах цусанд
төрсөн хүн л юм чинь” гэж хаа нэгтээгээс ч хэн нэгэн дэм өгөх шиг. Өөрийгөө
өмгөөлөн хамгаалах, өмөөрөн зөвтгөх арга шалтгаан хэзээд олддог хойно доо. Энэ
л учраас “хэн нэгэн” миний бодлыг дэмжсэн мэт санагдсан байх. Уг нь хэн нэгэн
гэдэг хэн ч биш л гэсэн үг л дээ. Тийм болохоор үнэхээр тэгж хэлсэн байлаа ч
надад хүртээлгүй хэрэг.
Одоо хэр нь өнөө л таавартайгаа зууралдсаар л
байна. “Юун таавар байдаг билээ”! гээд гайхаж
байгааг чинь ойлгож байна. Би хүртэл гайхаа л байгаа юм. Юу байж болох вэ? гэсэн асуулт нэг л мэдэхэд таавар болчихсон
байсан. Анхнаасаа л таавар байсан юм уу аль эсвэл би таавар болгочихсон юм уу
бүү мэд. Тааварыг гагц таах л гарц байдаг хойно таахаас өөр замгүй. Мартахуй
гэгч үй олон тааваруудыг бий болгож өнөөх таавар нь өчнөөн таамаглалуудыг ар
араас нь чирж тэрхүү таамаглал дунд туйлдаж гүйцээд байна. Бүр сүүлдээ юу ч
алга болоогүй юм биш байгаа ч гэж хардахад хүрээд байна. Дасаад тэр үү, эсвэл
залхаад энэ үү? Уур ч хүрэх шиг. Учиргүй орилмоор санагдаатахлаа. “Би юугаа
гээчихсэн юм болоо!” Хоолой нэг л биш ээ. Орилох битгий хэл олигтой ч дуу
гарсангүй. Зүрх л илт мэдэгдэхүйц савлах
аж. Огт танихгүй хүний ч дуу шиг. Арай
хэн нэгэн болчихоод өөрийгөө хайгаад... “Үгүй байлгүйдээ. Санаа дагаад л тэр
байх. Санаанд юу эс л ордог билээ” гэж саяын бодлоо үргээтэл үргэсэн бодлын хаа
нэгтээ адуу үүрсэх шиг болов.
2011 11.01-2013 01.07
Comments