Миний мэдэх Зигмунд Фройд (“Эдипийн комплекс”-оос “Анти-Эдип” хүртэлх нөхөрлөл минь)

Х.Чойдогжамц /СУИС-ТУС/

“Эрүүл  оюун ухаанд хуурамчаар тайвшрах
шаардлага гарахгүй шүү дээ” /З.Фройд/
Австрийн сэтгэл зүйч, гүн сэтгэгч З.Фройд болон түүний өвөрмөц бүтээлтэй танилцах болсон минь нийтлэлч Б.Баабарын нэгэн үгтэй холбогдож таардаг юм.“Хүний адгууслаг тал болох булчин шөрмөсний давамгайлал үеэ өнгөрөөж, хүний бурханлаг тал болох оюун ухаан дээрэлхэх болсон  XX, XXI зууны хүмүүс” гэж. “Дори идэр дүүдээ хандах нь” хэмээх номын энэ үг балчир сурагчын ойд хөдлөшгүйгээр тэмдэглэгдсэн нь мартагдамгүй. Гэтэл их сургуулийн оюутан болоод хүн оюун ухаанаараа амьтанлаг чанараасаа  бүрэн хагацах байтугай адгууслаг шинж  нь давамгайлан ноёлдог тухай З.Фройдын онол, тайллын зах зухаас уншаад зогтусах шиг л болж билээ. Бурханлаг гэж баттай итгэсэн хүн маань чөтгөрлөг ч биш, угаас “чөтгөр” байсан нь хэвээрээ л байж шүү дээ. З.Фройдын псхихоанализын онолын нээлтийг нэрт физикч А.Эйнштэйний цаг хугацааны тухай харьцангуй онол,  К.Марксын  эдийн засгийн онолуудтай  эн зэрэгцүүлж үнэлдгийг мэдээд илүүтэй судлахыг хүсч “Психоанализ”, “Зүүд”, “Онго шүтлэг ба хорио цээр”, “Өдөр тутмын амьдралын психопатологи” зэрэг номуудыг шимтэн уншсан юм. Уран зохиолын судлалын чиглэлээр мэргэшиж буй надад “Эдипийн комплекс” тэргүүтэй “Либидо”, “Сублимаци”, "Зөөвөрлөлт" зэрэг далд ухасартай холбогдох хуял тачаалын онол, задаргаа нь  онцгой анхаарал татаж билээ.
Психоанализын тухай судлаач Ц.Хасбаатар “ухамсар нь “дотоод ухамсарт” захирагдана. Дотоод ухамсрын агуулга нь “либидо” буюу бэлгийн дур тачаал юм. ухамсар нь “либидо”, “нийгмийн орчин” хоёрын зөрчлөөс үүснэ. Энэ зөрчил нялх бага насанд эхэлдэг бөгөөд хүний хувь заяаг гарцаагүй тодорхойлох хүчин зүйл болдог” гэж хэлсэн нь зохиолын баатрын сэтгэл зүй, хэрэг явдлын мөн чанарыг нээн танихад ихээхэн шинэ алхам болох судалгааны арга зүй болж чадахтай маргах хэрэггүй юм л даа. Түүнчлэн эдүгээ психоанализаас гадна шизоанализыг утга зохиолын судалгаанд анхаарч ашиглах болж, үргэлжлүүлэн хөгжүүлсээр байгаа нь З.Фройдын онолын чансаа болоод итгэл үнэмшлийг харуулж байна гэж боддог.  Магадгүй хүн төрөлхтөн үүсэхээс л авахуулаад өөрт нь байсаар ирсэн тулгуур ойлголтыг “ид”, “эго”, “супер-эго” хэмээх ухамсрын бүтцээр сэтгэц болоод сэтгэлийн ээдрээтэй асуудалтай хамтатган тайлбарласан нь өнөө үед уран зохиол, социологи, түүх,  гоо зүй, анагаах, физиологи гээд бүхий л шинжлэх ухаанд нэвтэрсний илрэл гэлтэй. Тиймдээ ч Ж.Делез, Ф.Гваттари нар “Анти-Эдипа” зохиолдоо “шизофрени ба капитализмын хооронд холбоотой гэж үзээд, энэ холбоо нь нэгэн зүйл эдийн засгийн ба мөнхүү үйлдвэрлэлийн процессийн гүний төвшинд зонхилж байдаг. Үүний үр дүнд “Манай нийгэм Прелл шампунь буюу Форд машиныг үйлдвэрлэж буй лугаа нэгэн адил шизофреникуудыг үйлдвэрлэж байна. Харин цорын ганц ялгаа нь шизофреникуудыг худалдаж болохгүйд байгаа юм” гээд “Үйлдвэрлэлийн гол төрөл зүйл нь хүслийн(желания) үйлдвэрлэл мөн. Хүмүүс ба тэдгээрийн бие эрхтэн нь “нийгмийн механизмын хэсэгхэн эрэг шураг” болж байна. Үндсэн үзэл, гол утга(лейтмотив) нь аливаа субьектив чанараас хагацсан хүслийн машин болжээ” гэж бичжээ. Эндээс та бүгд өөр өөрийн дүгнэлийг хийнэ биз дээ. Би харин өөрийн бяцхан ажиглалтаа сонирхуулахыг хүслээ.
Манай уран зохиолын уламжлалд янаг амрагийн уянга, шансонет, завхай дуу, хуялын зохиол зэргээр нэрлэж, тодорхойлж ирсэн эротик өнгө аяс бүхий шүлэг зохиолоор арвин баялаг билээ. Сонирхолтой нь эдгээр зохиолуудаас буюу “үүлэн бороон”-ы сэдвээс шүүж үзэхэд үүл бороо, шимэх, услах, цангах, амтлах гэсэн үгсийн оролцоо ил болон далдаар түлхүү байгааг доорх жишээнүүдээс ажиглаж болно.
Хар зэгстэй
Ягаан цөөрөм
Хар хурмастаас
Хур тосном
Сүж тэнгэрийн хэвлийгээс
Сүүн бороо урсав
Усны гүнд жараахай сэрж
Урагш шаламгай сэлэв
Аяншиж гандсан
Цэцгийн нүд        
Алтан туяа үзэлгүй
Нэн уджээ/”Наян нэгэн мөнгөн шөнө”/ Жа.Баяржаргалын энэ шүлэг бол Д.Намдаг гуайн “Шөний бороо”-гоос илтэд сэдэл, уламжлал авсан шүлэг юм.
Шөний норсон шиврээ бороо
Сэржигнэн шивнэв цэцгийн чихнээ
Сэрүү нтунгалаг дусаалыг нь шимсэн
Цэцгүүд баясан цомирлогоо дэлгэв

Цэцгэнд шивнэсэн шиврээ бороо
Сэмхэн шивнэв зүрхний гүнээ
Сэтгэлдээ шингэтэл магтав чамайгаа
Сэлэн цохилов минийсудас
Энэ шүлгийн талаар утга зохиол судлаач Г.Батсуурь “Тухайн үед Д.Намдаг гуай тэр үеийн хөрөнгөтөн ертөнц буюу баруунд ихэд алдаршин дэлгэрсэн З.Фрейдийн психоанализын онолыг мэддэг, уншдаг байсан гэдэг. Тэр нь түүний алдарт “Хөгшин чоно ульсан нь” туужаас ч тодорхой харагддаг. Тэрхүү “Хөгшин чоно ульсан нь” туужтай далд хүйн холбоотой бүтээл бол өгүүлэн буй “Шөнийн бороо” дуу. Энэ шүлэг бол шууд хэлэхэд эр хүний дур тавих агшны дуулал. Шөнийн бороо гэдэг бол тэнгэрээс ордог бороо огт бус бөгөөд эр биеийн цагаан дусал, цэцгийн чих гэдэг нь эм бэлгийн хэлүү бөгөөд тэрхүү дусаалыг шимэн цомирлогоо дэлгэж байгаа цэцэг нь эм бэлэгбөлгөө. Түүгээр ч зогсохгүй найрагч харилцан буй янагбүсгүйнхээ дур ханасан эсэхийг нь “Хайр дурлалын халуун илч минь, Чиний амьсгалд хүрэв үү үгүй юу” хэмээн асууж байна. Тэрээр сэрүүн тунгалаг дусал гээгүй, дусаал гэсэн. Эндээс дусал гэдэг бол ердийн дусал, харин дусаал гэдэг нь тогтоох гээд байхад үл дийлдэн гоожих зүйлийн нэр гэдэг нь тодрон ойлгогдож байгаа бөгөөд уг санааг Д.Намдаг гуай дуундаа чадмаг ашиглажээ” хэмээн бичсэн нэн сонирхолтой юм.Гэтэл мөн яруу найрагч А.Эрдэнэ-Очир “Булгийн дэргэд”  шүлэгтээ:
...Хоёр хөөрхөн мээм
Мөнхийн булаг шиг үзэгдээд
Дэргэд чинь би
Цангаж үхэх нь/”Эрх сэтгэл”/1995/, 19 тал/ гэж цэцгийн дэлбээг эм хүний бэлэг эрхтэнтэй, хар зэгст ягаан цөөрөмтэй урнаар адилтгасны адил мөнхийн булаг шиг хөх гэж янаг амрагийн дур хүслээ мөн л ундаасаж, цанган буйгаар илэрхийлсэн байна. Түүнчлэн “Болзоо” хэмээх ардын шог хошин харилцаа дуунд:
Улаан бууртай тэмээгээ усалнаа гэсэн чинь яалаа даа
Улаан хүрэнгийн зах дээр уулзана гэсэн чинь яалаа даа
Улаан бууртай тэмээ нь ус руу ороод саатлаа даа
Улаан хүрэнгийн зах дээр уулзана гээд чадсангүй ээ гэж хэлдгийг дээрх болзмол санаатай зүйрлүүлэн ойлгож болохыг үгүсгүй аргагүй бөгөөд “азаргаа услах”, “хар азаргаа услах” зэрэг  хар ярианы үг ч нэлээдгүй байдаг.Дахин нэг жишээ авахад зохиолч Ц.Дамдинсүрэн:
Шингэн цагаан царай чинь
Шинэ цаснаас ялгаваргүй
Шинэ цасны ширхэгээс
Шимэхийн төдий хайрла даа...   хэмээн өгүүлэн буй садист ч гэмээр хазах, шимэх, услах, цангах, амтлахыг хүссэн дур хүслийн сэдэрсэн хүчин, хүний сэтгэл зүй, сэтгэцийн удирдамжид ухамсаргүй илрэхадгууслаг төлөв, хандлагийг урлагийн шидээртун ч уран тансаг эерүүлэн үзүүлсэн нь гайхамшигтай. Эндээс дүгнэвэл “эрүүл оюун ухаанд хуурамчаар тайвшрах шаардлага гарахгүй шүү дээ” гэж хэлсэн  З.Фройдын алдарт үгч биеллээ олох нь танигдаж байна.
Одоо бас нэгэн сонирхолтой баримт, ажиглалтаа сонирхуулья.
Найрагч Л.Ганзул 2007 онд бичсэн “Цэцэг, эрвээхэй хоёр” шүлэгтээ:
Хөдөөх нугын цав цагаан эрвээхэй
Ямар гоёыг
Хөөцөлдөн гүйхэд урдуур, хойгуур
Яаж л нисдэгийг
Чи бидэн хоёроос өөр
Хэн мэдэх билээ
Чи бидэн хоёроос өөр
Хэн хөөцөлсөн билээ...
Хөдөөх нугын цав цагаан цэцэгс
Ямар үзэмжтэйг
Хөл жийн суугаад дунд нь тоглоход
Яаж л баясдгийг
Чи бидэн хоёроос өөр
Хэн мэдэрсэн билээ
Чи бидэн хоёроос өөр
Хэн дунд нь суусан билээ
Цэцэг эрвээхэй хоёр
Бие биедээ дурласныг
Чи бидэн хоёроос өөр
Хэн харсан билээ гэж бичжээ. 
Тайлбартаа орохын өмнө эргэн орохын өмнөнэрт найрагч Ч.Мягмарсүрэнгийн 1985 онд бичсэн алдарт нэгэн шүлгийг үзье:
Цэцэг дамжсан эрвээхэй нисэж буусан өдөр
Цэв цэлмэг өглөөгүүр нар шарсан өдөр
Чи бидэн хоёр жимсэнд явсан тэр өдөр
Чив чимээгүйн дунд морьд тургилсан өдөр...
Чиний бяцхан гарт өргөс орсон тэр өдөр...
Бодол болсон оройдоо тэнгэр бороошсон өдөр
Холын хол ууланд хоёулахнаа явсан тэр өдөр
Хоёрын хоёр бортого хоосон буцсан тэр өдөр...
Нартай бороотой зуны оломцог норгосон тэр өдөр
Намайг чамаас, чамайг надаас олсон өдөр /”Ташаа тамгаар чулуут”, 50 тал/
Эротик өнгө аяс бүхий шүлэг болохыг нь мэдэрч байна уу? Холын хол ууланд хоёулахнаа явж, нартай бороотой зуны оломцог норгон тэнгэр бороошуулаад хоосон савтай буцаж ирсэн тэр өдөр гэж байгаа. Болоогүй цэцэг дамжсан эрээвхэй нисч буун, чив чимээгүйд морьд тургилсан өдөр байсан. Хамгийн гол нь чиний минь бяцхан гарт өргөс орсон тэр өдөр чи намайг, би чамайг олсон өдөр боллоо гээд байна шүү дээ. Тэгвэл Л.Ганзулын шүлэгт хөдөөх нугын цагаан эрвээхэй урдуур хойгуур нь нисэж, цэцгэн дунд суух ямар гоё байсныг чи бид хоёроос өөр хэн мэдэрсэн билээ гэжээ. /Бас л холын ууланд хоёул/ Цаг хугацааны нандин сайхан дурсамж зурагласан гоо зүйн үнэлэмжүүд ингэждавхацсан нь сонирхолтой тохиолдол биш гэж үү? Одоо тэгвэл2011 онд бичсэн яруу найрагч О.Цэнд-Аюуш “Чи бид хоёр” шүлгийг харъя л даа.
Чи бид хоёрын инээд цэцэгт талдаа байгаа
Чиний морь бүдэрсэн чулуу зүрхэнд минь байгаа
Чи бид хоёрын амссан жаргал манант уулсад байгаа
Чиний гарыг хатгасан өргөс манай нутагт байгаа
Чи бид хоёрын норсон бороо дурсамжинд байгаа...
Чи бид хоёрын үдсэн үдшийг тэнгэр санаж байгаа.../”Гунигт аяз”, 30 тал/ Өнөөх цэцэгт тал маань байна, хатгадаг өргөс маань байна, мэдээж холын хол хоёулахнаа явдаг уул маань байж таараа, за тэгээд амссан жаргал, бороошсон тэнгэртэйгээ сайхан таарч байна даа.  Хачирхалтай давхцал мөн биз дээ?  Гэтэл эмэгтэй яруу найрагчдаас Л.Өлзийтөгс:
Өргөстэй цэцгийг чи л надад бэлэглэж зүрхэлсэн

өвдөхдөө би дахиж хатгуулыхыг хүссэн гэж бичсэнээс дүгнэхэд “өргөс” хэмээх дүрлэл үг янаг амрагийн сэдэвтэй холбогдон давхцаж, уран бүтээлд илэрч байгаа ньпсихоанализын онолоор, магадгүй айдас, түшүүр, зовиур шаналгаа зэргээр сэтгэц болон сэтгэл зүйн танин мэдэх содон үзэгдлүүдтэй гүнзгийрүүлэн судлууштай мэт. Ямартай ч “Эдипийн комплекс”-оос “Анти-Эдипа” хүртэлх нөхөрлөл минь маш сонирхолтойгоор үргэлжилж байгааг та бүхэн харж байна. Миний мэдэх З.Фройд хэмээх эрхэм хэзээ ч бүрэн тайлагдашгүйгээр барахгүй  ирээдүйд миний мэдэхгүй З.Фройд болж хөгжсөөр л байхыг мэдэрч байна. Тиймээ, мэдэрч байна. Юутай гайхамшигтай вэ?..

Comments