Monday, December 29, 2014

ДО.ЦЭНДЖАВ: НЭВТЭРХИЙ ТОЛЬД ХУВИЙН ҮЗЭЛ ЗҮҮНИЙ СҮВЭГЧИЙН ЧИНЭЭ Ч ОРОХ ЁСГҮЙ

МУСГЗ, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт
зохиолч, сэтгүүлч До.Цэнджав
-Яригаа таны хариуцлагатай редакторын багт нь ажилласан “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” хэмээх гурван боть шинэ бүтээлээр эхлэе?
Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь 1983-1988 оны хооронд хийгдэж гурван ботиор гарч байсан. Тэр үед эвлэлийн төв хорооны ерөнхий нарийн бичгйин дарга, өнөө цагийн соён гэгээрүүлэгч Л.Түдэвийн санаачлага дэмжлэгээр бүтсэн. Тухайн үед манай өмнөө барьдаг сэхээтнүүд болох  Жамбалдорж, Гонгоржав, Г.Ловор зэрэг нэртэй эрдэмтэн, сэтгүүлчид гол тулгуур болсон гэж боддог. Толь гарсан даруй олон нийтийн анхаарлыг маш их татсан. 60,70 мянган хувиар хүртэл ном гардаг байсан үе. Одоо бол энэ тоо үлгэрийн мэт болж л дээ. 30, 40 мянган хувь лав гарсан. Айл болгон шахуу энэ толийг авахыг мөрөөддөг, тусгай захиалгаар хүртэл өгөгддөг ном байсан. Энэ бол манай оюун санаанд гарсан маш том өөрчлөлт. Аливаа тусгаар тогтносон улс болгон нэвтэрхий тольтой байх ёстой гэсэн шалгуур байдаг. Үүнээс хойш монголын нийгэм, эдийн засаг байтлаа дэлхийн нийтийн чиг хандлага тэр чигээрээ өөрчлөгдсөн. Тэр үед толь  зохиогчдод буруу байгаагүй. Нэг намын үзэл суртлын айхтар хүлээсэнд байсан. МУ-ын түүх гэхээр ганцхан 1921 оноос хойш  эхэлж тооцдог байлаа. Өнөөдрийн нөхцлөөс эргээд харахад нэвтэрхий толийг цоо шинээр бичих шаардлага урган гарсан. Нийгэм эдийн засгийн суурь цөм л өөрчлөгдөж байгаа учраас тэр. Одоогоос гучин хэдэн жилийн өмнөх тэр толиудын үнэ цэнэ буурсан биш харин түүх болон үлдсэн гэж хэлж болно. Ер нь нэвтэрхий толийн нэг зарчим бол цаг үедээ мэдээлэл өгөх, өнгөрсөн ч түүхийн мэдлэг болдог юм болов уу. Өнгөрсөн түүхээ эргэн судалья гэхэд тэр гурван боть сайхан баримт жишээ болох нь мэдээж. Нэг боть нь л гэхэд монгол зөвлөлтийн найрамдалд зориулагдсан байдаг. Харин одоо бол “Дэлхий ба хүмүүс” гэж үзээд хүн үүссэнээс авхуулаад дэлхий дээр хичнээн улс байдаг, дэлхийн II дайны тухай, хамгийн том гүүр, хамгийн том номын сан, дэлхийн лидер хүмүүс зэргийг багтаасан цогц бүтээл байх ёстой.  Үүгээрээ шинэчлэн бичсэн “хүүхэд  залуучуудын нэвтэрхий толь бичиг” онцлогтой.
Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь. 1983, 1986, 1988











Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь. 2014
-Та тэр үед зохиогчдын буруу байгаагүй гэлээ. Шинэ нэвтэрхий тольд энэ дутагдлыг  нөхөж мэдээллийн тэнцвэрийг хэрхэн барьсан бэ?
Бидний нэн тэргүүнд барьсан зарчим бол аливаа нэвтэрхий толь улс төржиж болохгүй. Манайд ШУ-ны академиас гаргасан хоёр боть сайхан бүтээл байх боловч хэт мэдээллийн чанар давамгайлсан. Хүүхэд залуучуудад зориулсан толь гэдэг мэдээллээс гадна мэдлэг олгох, иштэй суурьтай,  хэл найруулгын хувьд маш энгийн, нийтээр ойлгохоор байх ёстой. Өөөрийнхөө найз нөхөд юмуу тойрон хүрээлсэн хүмүүсийг оруулдаг тал бол туйлын буруу. Хувь хүний хувьд дайсагнасан гэдэг юм уу, дургүй хүнээ оруулдаггүй гэм байх юм. Хувийн үзэл санаа гэгчийг зүүний сүвэгчийн чинээ ч оруулах ёсгүй. Иймээс сэтгэл ариуссан хүмүүс толь бичгийн ажилд орох нь зүйтэй. Мөн нэвтэрхий толь бол хэт залуу улсуудын барьж авах ажил биш бололтой. Их нухлуулсан, юм сонсож дуулсан хүн чухал. Ерөнхий редактор ШУ-ны академийн жинхэнэ гишүүн Авдай гэж хүн биднийг удирдаж зангидаж ажилласан. Өөрөө бичиг номын өндөр чадвартай, хамгийн гол нь ноён нуруутай, шинжлэх ухаанч, зан аашийн хувьд номхон дөлгөөн хүн юм. Толийг бичихэд хоорондоо хэрэлдэх, маргалдах, гомдох, уйлах гээд зөндөө  зүйлийг туулсан. Чинжүү бол халуун ногоо, толь хийнэ гэдэг тамын ажил гэдэг үг үнэний ортой бололтой шүү.  Би бол энэ тольд цэвэр архетиктурын үүрэг гүйцэтгэсэн. Архетиктур гэж барилгаар ярих юм бол зураг,  чимэглэлээс авахуулаад төсөөлөл мэдлэгийн цараа байх хэрэгтэй. Өөрөө би өдөр тутмын таван сониныг үүсгэхэд оролцсон учраас хүнээ мэднэ, цаг үеээ мэднэ, түүхээ мэднэ. Гүнзгий мэддэггүй юмаа гэхэд хэнийг оруулах вэ гэдгээ баримжаална. Намхайцэрэн гэж мундаг хүнийг мэдэхээ байчихсан , Мягмар гэж зохиолчийг танихгүй болчихсон байх жишээтэй. Мөн Г.Ловор гэж нэвтэрхий толь бичих тогоонд чанагдсан мундаг хүн байна. Тэр хүний мэдээллийн цуглуулга асар их. Ахмад зохиолч Х.Зандраабайдий гэж монгол бичигт нэвтэрхий болчихсон хүн байна. Чимээгүй мөрөөрөө явж байгаа мөртлөө асар их юм хийдэг хүмүүс ч байдаг. Ингээд яахав, дөрвөн жилийн хөлс хүчээ зориуллаа. Алдаа эндэгдэл байлгүй л яахав. Шүүн тунгаах биз ээ.
-Тольд орсон түүхэн баримтат ховор зургууд ихээхэн анхаарал татаж байсан?

Бидний бас нэг барьсан зарчим бол урьд өмнө нийтлэгдээгүй маш ховор гэрэл зургуудийг олж оруулах байсан.  1921 оноос өмнөх зургууд ямар нэгэн хэмжээгээр үлдсэн. Гадаадын жуулчид маш ихээр авсан байдаг. Намайг Унгарт очиход Монголын дуу алдмаар гайхамшигтай зургууд альбом болчихсон байсан. “Гамма” агентлаг энэ тал дээр их тус болсон. Дараа нь Ган-Өлзий гэж фото мастер хүн бий. Зүүн аймгаас эхлүүлээд монгол орноо бүтэн тойруулан зургийг нь авхуулсан. Маш үзэсгэлэнтэй 1200 гаруй зураг орсон.  Мөн Мандир тэргүүтэй  гар зураачид оролцсон. Хэвлэлийн зураг зурдаг хүмүүс тусдаа байдаг. Жишээ нь түүхэн хүний зургийг зурахын тулд маш их судалгаа хэрэгтэй болдог. Зориуд нутагт нь хүртэл очиж ажиглан дүрийг нь гаргадаг. Улмаар антропологийн судалгаа хийснээр нүд нь ямар байдаг, эрүү шанаа нь ямар байдгийг нь тодруулан зурдагт үнэ цэнэ нь оршино. Тэгэхээр мэдлэг нь үнэ цэнэтэй, зураг үнэ цэнэтэй, баримт нь үнэ цэнэтэй толь болсон. Уг номын нээлтэн дээр АУЗ П.Бадарч гуай “Би дөрөвдүгээр ангиа онц төгссөн. Наймдугаар ангийг сайн төгссөн. Худалдааны техниккумыг муу төгссөн. Би ер боловсрол  эзэмшээгүй хүн. Ганцхан 1983 онд гарсан “хүүхэд залуучуудын нэвтэрхий толь-” –оор хүмүүжсэн ” гэж ярьсан шүү. Тэгэхээр толийг хааяа хэрэглэдэг юм биш ширээний ном болгон уншдаг зүйл. Харин хайсан мэдээлэл нь байхгүй бол их гомддог. Ийм гомдлыг бага дагуулсан байгаасай гэж хүссэн. 

-Таны сүүлийн үед туурвиж байгаа уран бүтээлийн тань талаар сонирхохгүй өнгөрч болохгүй нь?
Хамгийн сүүлд “Тэнгэрт хальсан тоос” гэж шилмэл туужийнхаа номыг хэвлүүлсэн. Арван туужаас шилж наймыг нь оруулсан. Ямар ч байсан нүүр улайлгахгүй байх. Монголын орчин үеийн туужип зохих байраа эзэлнэ гэж бодож байна. Яагаад гэвэл бусад зохиолчид ч адилхан байх  өөрийгөө эрэлчин гэж хэлнэ. Ерөөсөө дүрийн эрэл, сэтгэхүйн эрэл, үйл явдлын, зохиомж байгууламжийн, арга барилын нээлт хийх ёстой юм. Саяхан “Өрлөг жанжин” гэдэг тууж бичлээ. Бараг роман шахуу юм болсон. 1930-аад оны үеийн лидерүүдийн хоорондын амьдрал, маршал Дэмидийн туулсан сонирхолтой амьдрлын тухй юм. Би хилийн цэрэгт гурван жил алба хааж байхдаа л судалж эхэлсэн. 2015 он бол миний уран бүтээлд том эргэлт өөрчлөлт гарна гэж бодож байна. Бүх нууцаа задлаад яахав. Зарим нэг хүмүүс юм хийхүй яваад байвал баярладаг бололтой юм. Харин юм хийж байна гэхээр царай нь барайгаад явчихдаг талтай.
-Саяхан МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монголын эх түүх” гэсэн цуврал зургаан боть ном хэвлэгдлээ. 1911 оноос хойших түүхийг чухалчлан оруулснаараа онцлогтой байсан. Та мөн 2011 онд “Цагаагчин гахай жил” хэмээх 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын сэдэвтэй түүхэн роман хэвлүүлсэн. Энэ түүхэн он цагийн талаар дэлгэрүүлэн яриач?
-Үе, үеийн ерөнхийлөгчдийн үлдээсэн өв гэж байдаг л даа. Өмнөх гурван төрийн ерөнхийлөгч дээр ярих юм бол бүгдээрээ л нэг, нэг юм хэлэх байх. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч бол төрийн их нарийн сийлмэл ухаантай хүн юм. Оюун санааны хэд хэдэн буянтай ажил үйлдсэн. Эх түүхээ ингэж нэгэн дор ботилно гэдэг бол гайхамшигтай. Энд орсон А.Амарын “Монголын товч түүх”-ийг би сайн мэднэ. Чингис хааны тухай хамгийн чигтэй үнэлгээг өгсөн. Алуурчин, яргачин гэсэн үнэлгээ дийлчихсэн байдаг бол А.Амарын түүхэнд үнэхээр өмгөөлж хамгаалж бичсэн. Номонд ойр байдаг ерөнхийлөгч гэж сайхан юм. Дээр нь хүмүүнлэгийн ухаан гэж бий. Хүмүүнлэгийн ухаантай хүн л төрийн тэргүүн байх ёстой. Түүнээс биш текнократ юмуу? улс төр бол машинаа л харна, үйлдвэрээ л харна, зам, барилга, талбайгаа л харна. Уулан дээрээс харж буй мэтээр шашин нь хаа явж байна, түүх нь хаа явж байна, хил нь хаа байна, уламжлал хаа байна гэж харах ёстой юм. Иймээс хүмүүнлэгийн ухаантай энэ төрийн тэргүүн номд ойрхон, сэтгүүлч мэргэжилтэй, үг хэллэгийн их мастер учраас соёл урлагаа маш сайн мэдэрдэг юм байна. Магадгүй энэ буянтай үйл нь л үлдэнэ. Зарим хүмүүс бид өнгөрсөн үеэ яриад хэрэггүй, ирээдүйг хар гэж. Хов хоосон ирээдүйг хараад бид юунд хүрэх юм. Түүх бол сургамж. Түүх бол ирээдүй юм шүү. Өнгөрсөн үеийнхээ түүхээс суралцаж байж л ирээдүйгээ гаргаж ирнэ. Үндэсгүй мод байдаг бил үү? Түүхэнд дургүй хандана гэдэг бол монголыг таслах гэж буй явдал. 1911 онд үндэсний ухамсар сэргэж ирсэн. Том, том сэхээтнүүд төрөн гарсан. Том, том түүхчдийг мөн төрүүлсэн байгаа юм. “Цагаагчин гахай жил” романдаа би бичсэн л д ээ. 11, 12 сард би хамгийн ихээр омогшиж, үндэсний үзэл сэргэдэг. Манай удам дээр үеэсээ хөөх юм бол тайж, түшмэл удамтай. Миний ээж түшмэлийн охин учраас үргэлж түүх, лам мэргэд, тайж хувилгаадын тухай ярьдаг. Тэдний цол хэргэм нь л гэхээр миний гайхшралыг төрүүлдэг. Далай сэцэн ван, Эрдэнэ жонон ван гэх мэт. Төрийн түшмэдээ цол чимгээр нь алдаршуулдаг. 10 жилд байхдаа л би Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нараар өвчилчихсөн байсан. Ямар гайхалтай улсууд байж вэ? 1911 онд ямар гайхашигтай үйл болсон юм. 1911 оны зүтгэлтнүүд байгаагүй бол 1921 оны ардчилсан хувьсгал бэлтгэгдэхгүй байсан. 1911 оны баатрууд чинь 1921 оны хувьсгалыг удирдсан. Энэ хоёр хувьсгал хоорондоо хүйн холбоотой. Энэ хоёрыг алт нэгэн улс төрийн хүчин өмчилж болохгүй шүү. Ер нь ардчилсан намынхан бол 1911 оны хувьсгалд элэгтэй, хувьсгалт намынхан болохоор 1921 оныхдоо элэгтэй юм билээ. Үүнийг элэг ч гэж ярих ёсгүй. Энэ чинь монголын түүх. Аль нэгэн улс төртэй хамааралтай асуудал биш. Монгол хүний зүрх сэтгэл цохилж л байгаа бол аль алинийг нь үнэлэх ёстой. Аль нэгийг хэт муутгадаг, хэт сайтгадаг явдлыг би романдаа тусгасан. Дондогдулам хатан аягачаас төрийн эрх цагаан дагина болтол өссөн монгол эмэгтэйн түүх, ухааныг судлах хэрэгтэй. Түүхч, судлаач хүн эерэг, сөрөг хоёрын голд зогсох сёстой. Туйлширсан түүхчид их байна шүү дээ. Хүн болгон түүхч болчихож. Архивын тоос үнэрлээгүй хүнийг ямар түүх ч гэдэг юм. Амьдад нь уулзаагүй хүнийг ямар түүхч гэдэг юм.
-Төгсгөлд нь та “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” хамтын бүтээлтэйгээ холбогдуулан хойч үеийн хүүхэд, залуустаа юуг захимжлахсан бол?
-Урлаг, соёл, шашин, ан амьтан гээд бүхий л төрлийн мэдээллийг үлдээхийг зорьсон доо. Гэхдээ энэ бол сурах бичиг биш. Хүнд хамгийн ойр, дөт байх ёстой. Түүхээ мэдье, өнгөрсөн ирээдүйгээ харья гэвэл заавал ширээний ном болгох нь зүйтэй юм. 20 гаруй шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүд, зуу гаруй эрдэмтэн судлаачид оролцсон том оюуны баг ажилласан. Гэтэл бас манайх чинь хэт ажилласаг улс болчихоод хариуцлагтай, наяхал нямбай, тогтвортой биш болчихсон зүйл ажиглагдаж байлаа. Бичгийн их түшмэдүүд маань шаргуу дайчин, цааснаас хамрынхаа үзүүрийг салгахгүй ажилладаг байсан шүү дээ. Төвд судлаач Л.Хүрэлбаатар агсан шиг үг бүрээ бодож бичдэг жинхэнэ бичгийн түшмэдүүд ховордсоор байна. Залуу үеийнхэн бол цаастай нөхөрлөж сурах, компьютерийн дэлгэц ширтүүлж, товчлуур даруулахаас илүү номын хуудас үнэрлүүлж, үзэг бариулж сурах нь чухал байна даа.

-Ярилцсанд баярлалаа
Ярилцсан: Ц.Ариунтуяа
Үнэлгээ өгөх:

0 СЭТГЭГДЭЛ: