Г.БАДАМСАМБУУ: ШИНЖЛЭХ УХААНЫ БҮТЭЭЛ НОТЛОГДЧИХСОН БАЙСАН Ч ТҮҮНД “НОТЛОГДОХ” ЦАГ ХУГАЦАА ГЭЖ БИЙ

МҮОНРТ-ийн “Гараг” студийн захирал, аялагч, сэтгүүлч Г.Бадамсамбуу

-Юуны өмнө яриагаа “Аялалын цаг” нэвтрүүлгээс тань эхлэе. Энэ нэвтрүүлгийг хийх сэдэл танд хэзээнээс бий болов?
            -Багын л их сониуч хүүхэд байлаа даа.  Аав маань үлгэр, явган шог их ярьж өгдөг, би өөрөө сургуульд ороод сумын төвийн номын санд хүүхдийн уншиж болох бүх номыг уншина. Ж.Верн, Марк Твений зохиолууд, үлгэр домгийн холбогдолтой зүйлсийг их уншдаг байлаа. Энэ нь номонд дуртайдаа биш адал явдалд дурладаг сониуч зангийнх байх. Алслагдсан аймгийн бөглүү суманд өссөн учраас аялах хүслээр жигүүрлэж байсан нь сонирхлын суурь болж өгсөн байж болох юм. Аялалын цаг нэвтрүүлэг 1998 оны сүүлээр эхэлсэн. Санаа нь бол багын түүх, соёл, адал явдал сонирхдог энэ чиглэлээрээ ч сонин сэтгүүлд юм бичдэг байсан. 1997 оны сүүлээр Их Британи руу явж улс төр эдийн засгийн сэтгүүл зүйгээр суралцаад ирэхдээ нэвтрүүлгийнхээ санааг олчихсон, видео камер зэрэг  бэлтгэлээ хангаад ирсэн. Яагаад энэ зүйлийг сонирхсон гэхээр улс төр эдийн засгийн сэтгүүлзүйгээр нилээд мэргэшсэн байсан. Энэ үед монголчуудад өөрсдийгөө таниж мэдэх, дэлхийг таних, дэлхийн тавцанд монгол улсыг таниулах  хэрэгцээ шаардлага  байна гэж найз нөхөдтэйгээ ярилцдаг байсан минь нэвтрүүлэг хийхэд нөлөөлсөн хэрэг.
            -"Аялалын цаг" нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болоод 14 жилийн хугацаа өнгөрчээ.  Энэ хугацаанд хир олон байнгын үзэгчтэй болсон гэж та бодож байна? Аль насныхан таны нэвтрүүлгийг илүү их үзэж байгаа бол? 15-20 насны залуучууд солонгосын олон ангит киног их үзээд байх шиг?
            -Эхний хоёроос гурван жилд хийсэн нэвтрүүлэг маань  хүүхдүүд ч үзэж болдог, залуучууд ч үзэж болдог, настай хүмүүс ч  ч үзэж болдог хөнгөн хэлбэртэй байсан. Танин мэдүүлэх гэхээсээ илүү зугаатай хөнгөн хийдэг байсан. Бүх үзэгчдэд хүргэх гэсэн нэвтрүүлэг удаан оршин тогтнодоггүй. Аажимдаа илүү сэхээтэнлэг, оюунлаг нийгмийн харилцаанд шийдвэр гаргах төвшинд хүрсэн ухаалаг байдлаар хүргэх агуулгыг түлхүү барьж, дундаж насныханд анхаарч хийдэг болсон. Өсвөр насныханд зориулсан нэвтрүүлгүүд тэртээ тэргүй олон байгаа. Тэд солонгос кино гээд аль болох хөнгөн юмнуудыг үздэг. Тэднээр "бай" болгож хийе гэвэл танин мэдүүлэх, мэдээлэл өгөхөөс илүү гэвэл хөнгөн зугаатай хийх шаардлага гарна. Агуулга нь, тайлбар нь ч, зураг авалт нь ч тийм байх ёстой. Илүү суурьшчихсан хүмүүст зориулж тийм шийдэл хайсан чиглэлийг барьсан хандлагатай болж хувирсан. Тухайн үед залуучууд намайг дагаж дуурайдаг, энэ хүн шиг  сэтгүүлч болох юмсан, ингэж аялах юмсан гэсэн хүсэлтэй байсан. Үр дүн нь гэвэл "Аялалын цаг" нэвтрүүлэг эхэлж байхад монголчуудын ихэнхи нь эх орондоо итгэх, эх орноороо бахархах үзлээр тааруу байлаа. Арван монгол хүний найм нь манай монгол муухай, гадаад л гоё, монголд үзэх юм байхгүй, монголоор яадаг юм, гадаад орон л гоё гэсэн хандлагатай байсан. Арваад жил үзүүлсэний дараагаар "Аялалын цаг" нөлөөлсөн гэж ч хүмүүс ярьдаг, арван хүн суугаад ярихад монголоо үзье,  манайх бусдаас дутахааргүй гэж ярьдаг болсон. Миний хүсэл зорилго ч энэ л байсан. Монголчуудаа нээж харуулах, дэлхий дахинд монголчуудыг харуулах. Тэгэхээр энэ нэвтрүүлэг тодорхой хэмжээгээр үүрэг зорилгоо биелүүлсэн байж магадгүй. Ер нь сэтгүүлзүйд тогтмол, электрон дэлгэцээр аялалын сэтгүүлзүйн төрөл тогтвортой явсан анхны тохиолдол. Урд өмнө нь 1970-аад оны үед тойрон аялал гэх мэт нэвтрүүлэг хийдэг байсан. Намайг хийж байх үед ч зарим хүмүүс замын тэмдэглэл хийдэг байсан. Тэгэхээр сэтгүүл зүйн төрөл өөрөө юу юм бэ гэхээр дагнасан боловсон хүчинтэй, нийгэмд үйлчилдэг өөрийн цаг хугацаа хэмнэлтэй, байнгын тогтмол үзэгчдэд хүрдэг, үр дүн нь сэтгэхүйгээр дамжуулан нийгмийн зан төлөвт эерэгээр нөлөөлж суралцдаг байж энэ нь сэтгүүлзүйн төрөл болно. Өөрөөр хэлбэл эдийн засгийн, хоолны, залуучуудын  чиглэлээр ч гэдэг юм уу.  Тэгэхээр аялалын сэтгүүл зүйн төрөл бүрэлдэх нэг үндэс суурь аялалын цаг нэвтрүүлгээс бий болсон гэж үзэж болно. Миний хүсэл бол сонин, радио, телевиз болгон аялалын сэтгүүл зүйн элементтэй зүйлийг хийж тэр нь тогтворжоосой гэж хүсдэг. Баруунд ч ийм байдаг. Би ч ингэж боддог байсан. Одоо бол телевизүүд ямар нэг байдлаар хийгээд эхэлчихсэн, хүмүүст аялал гэдэг зүйл амьдралынх нь нэг хэрэгцээ хэсэг болоод эхэллээ. Товчхондоо одоо миний зорилго биелсэн. Гадаад хүн л аялдаг юм шиг, аялалын соёл хүсэл эрмэлзлэл бүрдэх зэрэг нь их хэцүү байсан. Одоо бол монголчууд хөгшин залуугүй аялах сонирхолтой, аялалын хэрэглэгч болчихсон. Аялалын нэвтрүүлгүүдийг хаанаас ч олоод үзэх боломжтой болсон учраас монголын аялалын сэтгүүл зүйд хамгийн ахмад бөгөөд миний хийсэн аялалын цаг сонгодог хэв маягтайд орно. Сонгодог хэлбэр гэдэг нь тал бүрийн элемент нь харагдах байх ёстой.
            -Монголоос гадна, гадны олон орноор аялж, соёл иргэншилтэй нь танилцаж явахад монголоос өөр нүүдлийн соёл иргэншилтэй  үндэстэн оршин байна уу?
            -Дэлхий дээр 60 сая нүүдэлчид байна. Үүнээс монголчууд 10 сая, энэ нь  дэлхийн нүүдэлчдийн бараг 25  хувь нь болж байна. Монгол улсад гурван сая. Зөвхөн сонгодог нүүдэлчид монголын нутагт л байна. Бусад нь өөр өөр төрлийн. Далайн завьт нүүдэлчид, цөлийн нүүдэлчид, туйлын цаатан нүүдэлчид гэх мэт олон төрөл байна. Нүүдэлчдийн соёлыг иргэншил болгон авч үлдсэн төрт улсын түүхтэй, өөрийн ертөнцийг үзэх үзэлтэй соёлын хүчирхэг бие даасан давхраатай ийм нүүдэлчид төв Ази, тэр дундаа монголчууд. Тэгэхээр монголчууд тэс өөр нүүдэлчид гэсэн үг. Бие даасан иргэншлийн хэв шинжийг бүрдүүлж чадсан хүчирхэг нүүдэлчид.
            -1990-ээд онд уран зохиолд “Зүс бүгэг андууд” гэдэг бүлгэм үүсч, тэр үеийн яруу найргийн хэв маягийг тодорхойлж байсан. Тэгэхээр та энэ салбарыг бүр мөсөн орхичихов уу? Байгалийн сайханд аялж явахад шүлгийн санаа төрнө биз дээ?
            -Зүс бүгэг андууд бол 1990-ээд оны утга зохиолд хийсвэр сэтгэлгээний хэв маягийн өөрчлөлтийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн бүлгэм. Энэ бол судлаачид юу гэж үзэх, зохиолчид юу гэж үзэхээс үл хамаарах зүйл. Өмнөх уран зохиол болоод 1990-ээд оны утга зохиолыг харьцуулаад үзэхэд "Зүс бүгэг андууд" үнэхээр өөрчлөлт шинэчлэлтийн нэг үзэгдэл давалгаа гэдэг нь тодорхой. Ийм зүйлийг хийх гэж оролдсон хүмүүс бол миний бодлоор жирийн хүсэл зоригоор хийдэггүй. Хэтийдсэн зориг, хэтийдсэн хийрхэл байж гэмээнэ хийдэг зүйл. Ийм давалгаанд автаж байсан хүмүүс утга зохиолыг бүрэн орхино гэж ерөөсөө байдаггүй. Тэр битгий хэл утга зохиолыг жирийн сонирхож байсан хүн ч орхиж чаддаггүй уршигтай. Уран зохиолыг би алгуур ажлынхаа хавсарга болгож сэтгэл санаа бүрдсэн үедээ бага багаар хийж л байгаа. Гэхдээ мэдээж өдөр тутмын гэдэг юм уу мэргэжлийн, амьдралыг зорилго болгоогүй учраас тодорхой хэмжээгээр хийж байгаа. Яг хаясан гэж хэлж чадахгүй. Ганц нэг шүлэг зохиол бичиж байна. Нилээд хэдэн тууж өгүүллэгүүд тухайн шатаж байсан үедээ эхлээд орхисоныгоо одоо хүртэл дуусгаагүй 20 жил болж байгаа зүйл ч байна. Уран зохиол, яруу найраг хүний сэтгэлийн тааламжит төлөвд үе үе онгодлог байдлаар ирдэг болохоор үе үе шарх сэдрэх явдал бий. Аялалаар  явж байхад сэтгэл санаа байнга хөдөлж тэр болгон нь шүлэг зохиол болоод байх нь юу юм. Харин мэдрэмтгий байдал нь үе үе даллаж байдаг. Би өөрөө сэтгэл хөдлөлдөө автдаг хүн биш. Дотроо л мэдрэгдэж байдаг. Нэг их хаягдаагүй ээ.
-1990-ээд онд уран зохиолд давалгаалж байсан хэсэг залуус өөрсдийн зохиол бүтээлээ модернист гэсэн үгээр тодорхойлсон байдаг. Гэтэл та болон танай бүлгэмийнхэн “хий сэрлийн, хий сэтгэмжийн” гэсэн монгол нэр оноосон байдаг. Энэ ямар учиртай юм бол?
-Модернизм гэдэг ойлголт үгийнхээ утгаар шинэчлэгч утга зохиол гэсэн үг. Модернистууд ихэвчлэн хэлбэрийн чиглэлийн хүмүүс байдаг. Модернист хэлбэрийг үүсгэсэн уран бүтээлчид бол ихэвчлэн барууныхан. Барууны хэлбэр баримтлагч буюу технограф сэтгэлгээнд үндэслэсэн байдаг. Тэгэхээр яг модернист гээд байгаа зүйлийг дагах нь тийм ч тааламжтай биш байсан. Хий сэрэмжийн, сэрлийн яруу найраг гэж бид хэлж байсан. Энэ бол хүний сэтгэлийн дотоод үелзэл, үл ойлгогдох хэмжээ хэмнэл зүүд, зүйрмэг, ёр харанхуйн аймшиг гэх мэт сэдэлтэй чиглэл. Утга зохиолд биднийг модернистууд гэдэгтээ ерөнхийдөө санал нийлнэ. Гэвч бид модернистууд гэж хэлж төвдөхгүй байсан. Яагаад гэвэл модернист гэдэг нэр барууныханы гаргасан нэр томъёо, түүнийг дагалдагч юм шиг санагдах гээд байсан учраас бид нар монголоор хий сэрэмжийг яруу найраг, хийсвэрлэийн яруу найраг буюу сэтгэлийн дотоод мэдрэмжийн цахилаг, гялбаа зэргийг тэмдэглэх чиглэлийн арга гэж үзэж байсан.
            -Та сүүлд нэг сонин нэртэй судалгааны ном гаргасан байх юм. Өмнө нь судалгааны чиглэлээр юм бичиж байсан уу? Энэ номынхоо талаар мэдээлэл өгнө үү.
            -Сүүлд гаргасан судалгаааны ном бол "Туулын Гурван Улхуны дэвсгэр саглагар мод хаана вэ” гэсэн угсаатан болоод түүхэн газарзүйн хавсарсан судалгааны ном. Өмнө нь 3-4 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн. Чингисийн онгоныг хайх судалгааны багт орж ажиллаж байсан. Товчоор хэлбэл Чингис хааны үеийн төрийн тахилга шүтээнийг бий болгосон тахилын газар орон байх шиг байна. Энэ үнэн үү, худлаа юу гэдэгт онолын таамаглал дэвшүүлсэн ном. Сонирхолтой ч гэмээр юм уу, инээдэмтэй ч гэмээр юмуу шинж нь юу вэ гэхээр “Туулын Гурван Улханы дэвсгэр саглагар мод” гэдэг нууцын сударт үлдсэн нэг өгүүлбэр буюу нэг мөрийг тайлбарлах гэж бүтэн ном бичсэн явдал юм. Туулын Гурван Улхун гэдэг түүхэн эх сурвалжуудад байдаггүй нэр томъёо. Тэгсэн хирнээ Чингис хааны төрийг өөртөө ямар нэг хэмжээгээр авч үлдсэн гол шүтлэгийн дуудлагуудад байдаг. Дуудлаг гэдэг нь өчиг, тангараг гэсэн үг. XX зууны эхэн үе хүртэл монгол газарт 30 шахам эртний тахилга шүтлэгийн төв, отогууд орчин үежүүлж хэлэх юм бол сүмүүд үлдсэн байгаа. Эдгээрийн ул мөрийг янз бүрээр судлаад үзэхээр ихэнхи судлаачид туг шүтлэгийн хувьд гурван гол газар байна гэж үзсэн. Ордост байгаа  хараа ихт догшин хар сүлд бол тодорхой баримт. Нөгөө нэг нь хожуу илэрсэн Цахарын цагаан сүлд. Цахарын Лигдэн хаанаас хойш уламжлагдсан байх магадлал өндөр. Эрдэмтэд ч ингэж үзсэн байдаг. Халх газарт болбол юу үлдсэн юм бэ гэхээр нилээд хэдэн туг сүлдний шүтээний сураг чимээ олон олдворууд гардаг боловч энэ дотор луу жанжин гүний цагаан туг буюу илжигний цагаан туг гэж улсын төв музейд байгаа. Энэ гурван сүлд бол сүлд шүтээний өвүүдийг өнөө цагтаа XX зууны эхэн үе хүртэл тод илэрхийлж байсан. Энэ гурван сүлдийг Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ нараас авахуулаад Цэвээн, Жамсрайнов, Дорж Банзаров, гадны эрдэмтэдээс Потанин, Бурдуков, Владиморцов зэрэг эрдэмтэд судалсан байдаг. Тэгэхээр энэ гурван сүлдний дуудлага ерөнхийдөө ижил.
Өчиг гэдэг бол маш нууц зүйл. Зөвхөн тугчид үе дамжиж нууцаар хадгалж явдаг. Тугчид нь бөө ч биш, лам ч биш. Төрийн шүтлэгийн байгууламжийн нууцыг дотор нь хадгалдаг албан хаагч буюу тангарагтан. Энэ хүмүүсийн хадгалж ирсэн зүйлийн дотор тухайн тугуудын үүслийг “Туулын Гурван Улханы дэвсгэр саглагар модонд” үүслээ гэж дууддаг. Тэгэхээр энэ санамсаргүй үлдсэн зүйл юм уу, бодит үндэстэй зүйл юм уу?. Гурван тугаас гадна хожим газарт тэнгэр шүтлэгийн гол шүтлэгийн орон бол найман цагаан орд гэж байсан. Найман цагаан орд бол өвөг дээдсийн сүнсийг тахидаг төрийн байгууламжийг нэг хэрэгсэл. Үүн дотор хамгийн гол тахилга болох Чингис хааны онгоныг тахихдаа Их богд Чингис хааны их өчиг гэж байдаг. Тэр өчиг бол Чингисийн онгоныг тахидаг хамгийн гол уншлага нь. Гурваг сүлдний өчиг болон Чингис хааны онгоны өчигт дээрхи үг байна. Тэгэхээр энэ үндэстэй юу гэдэг судалгаа юм. Туршлагын болон учирзүйн хандлага хэрэгтэй. Баримт мэдээллийн харьцуулалт, зан заншилтай холбоотой олон зүйлийг судалж үнэн үү, үгүй юу гэдгийг гаргахыг оролдсон. Үр дүнд нь Ононы Дэлүүн Болдог, Хэрлэний Хөдөө арал, Туулын Гурван Улхун гэдэг гурван газар байжээ. Ононы дэлүүн болдог, Хэрлэний хөдөө арал хоёр бол нууц товчооны  сурвалжийн судалгаагаар дамжуулан нилээд нарийвчлан хайж үзэхэд орон зай нь тодорхой болчихсон байдаг. Харин Туулын Гурван Улхуны тухай хэн ч сонсоогүй. Яагаад сонсоогүй гэхээр энэ ямар ч ном сударт байхгүй. Харин хамгийн эртний гэх туг сүлдний өчгүүд дотор бий. Гэхдээ энэ өчгүүд дотор байгаа үг маань сурвалж судалгаа болоод угсаатны зүй зан үйлээр хэрхэн нээгдэж батлагдаж болох вэ?. Худлаа юу? үнэн үү? гэдгийг тодруулах. Би бол энэ газрыг үнэн байна гэж үзсэн. Туулын эхэнд Гурван Улхун гэдэг газар төрийнхөө туг шүтээнээ бий болгожээ. Тэр газар нь одоо Туулын эхэнд бий гэж таамаглал дэвшүүлсэн. /инээв/
            -Туулын эхэнд яг хаана байх магадлалтай гэсэн үг вэ?
            -Миний үзэж байгаагаар Тэрэлж Туулын бэлчирт байна. Цонжинболдог, Хаан жимс, Чингис уул, Өгөөмөрийн уул хавьцаа байна гэж үзэж байна.
-Таны ном гарсаны дараа угсаатан судлалаар мэргэшсэн эрдэмтэдээс санал бодлоо хэлж зөвлөж ярилцсан зүйл байна уу?
            -Хэр баргийн дуугарахгүй л дээ. Нэгт хойрго, хоёрдугаарт социализмын үеийн ШУ-ны буруу хандлага байдаг. Өөөрөөр хэлбэл түүх, угсаатны судлалыг судалж байгаа хүмүүс л өөрсдөө мэдэж байна гэж  боддог. Мань мэтийн сэтгүүлчид юм уу нэг хүн бичиж судлахаар сонирхохгүй. Гэхдээ зарим уян хатан судлаачид мэргэн байвал нохойн амнаас үг авна гэдэг шиг нийгэмд бий болж байгаа өөрийн судалгааны чиглэлийн шинэ болгоныг сонирхож үздэг. Тиймэрхүү судлаачид анзаарч хандаж байгаа. Маш сонирхолтой юм гэж хэлж байгаа, алдаа хийх, үнэн худлаа байхаасаа урьд сонирхолтой байх ёстой. /инээв/, Зарим нэг нь бараг Г.Бадамсамбуу нээлт хийчихсэн ухааны юм ч хэлж байна. Улам лавшруулан үзэх ёстой гэж зөвлөх хүн ч байна. Огтоос үндэслэлгүй дэврүүн хөөрлөөр биччихжээ гэж хэлсэн хүн одоогоор алга байна. Зарим нь бүр миний номыг бариад Туулын эх рүү тухайн газруудаар явж үзсэн байна лээ. Энэ бол онол таамаглал дэвшүүлж тавьж байгаа зүйл. ШУ-ны бүтээл гэдэг зүйлийг яаж нотолдог юм гэхээр нотлогдчихсон байсан ч түүнд нотлогдох цаг хугацаа гэж бий. Нотлогдоогүй байсан ч дараа дараагийн бүтээлүүдийн жишээ баримт болон хувирдаг. Ор үгүйсгэгдлээ ч гэсэн судлахыг хичээсэн гэсэн ул мөр үлддэг. Яг мэргэжлийн угсаатан судлалын эрдэмтэд удахгүй үгээ хэлээсэй гэж бодож байгаа. Миний судалгааг худлаа юмаа гээд няцаах зүйл гараад ирвэл маш сайн шүү дээ. Нэг зүйл шийдэгдэж байна гэсэн үг. Монгол газар байсан тэнгэр шүтлэгийн сүмүүд болох онгон газруудыг өчиг гэдэг зүйл түүний үүсэл гарал уугуул байдлаар хадгалан үлдсэнийг тогтоох хэрэгтэй. Одоохондоо эдгээр өчгүүдийг үгүйсгэх, эсвэл нэг мөр батлах баримтууд алга. Өчиг гэдэг түүх угсаатны зүйн үнэт олдвор уу гэдгийг нарийвчлан үзэх шаардлагатай.  Одоо бидний итгэж байгаагаар Чингис хааны онгоны их өчиг, хар цагаан сүлднүүдийн өчгүүд гэдэг бол монгол газар байгаа монголчуудын эртний сүм хийдүүийн хамгийн гол, хамгийн үнэмшилтэй өчгүүд мөн. Мөн гэдгийг нь хүлэээн зөвшөөрсөн тохиолдолд түүн дотор буй үг хэллэгүүдийн аль нь уран зохиол, аль нь үнэн баримт вэ гэдгийг ялгах бололцоотой.
            -Судалгааны арга зүйн нь их сонирхолтой санагдсан. Дам дөхөлтийн арга, тойруу мөшгөлтийн арга гах мэт. Энэ аргуудыг тодорхойлвол?
            -Дам дөхөлтийн арга зүй нь баруунд байдаг зүйл. Эх сурвалж тодорхойгүй мөртлөө угсаатны зүйн хэрэглэгдэхүүн, эх сурвалжийн хэрэглэгдэхүүн,  түүхэн үйл явц гэх мэт бусад олон зүйлийн учир зүйг харьцуулан шинжилсэнээр магадлалыг тогтоодог. Бусад баримт материалыг ашиглаж түүгээр дамжуулан хүрдэг гэсэн үг. Тэгэхээр маш далд зүйлийг таних ёстой болно. Жишээлбэл Монголд тэнгэр шүтлэгийн тогтолцоот үзэл байсан уу, үгүй юу гэдийг бичсэн ном зохиол байхгүй учраас тодорхойлохын тулд дам дөхөлтийн арга зүйг ашигладаг. Маш олон төрлийн мэдээлэл, мэдлэгүүдийг харьцуулан шинжилсэний үндсэн дээр үл мэдэгдэх судалгааны үндсэн ухагдахууныг шинжлэн тайлах арга. Жишээ нь “Туулын Гурван Улхуны дэвсгэр саглагар мод" гэвэл Туулын эхэн дэх гурван толгой буюу хэсэг толгой, дэвсгэр саглагар мод гэдэг нь шүтээн мод туулын эхэнд байжээ гэх зэргээр удаан хугацааны тайлал, харилцан судалгаа шаарддаг учраас нэг өгүүлбэрийг мөшгөсөн ном “нуршуу” болох жишээтэй.  "Монголын нууц товчоон"-д долоон удаа туулын нэр дурдагддаг боловч Ван хан нарын хэрэг явдалтай холбоотой. Тэгэхээр туулын эхэнд шүтээн мод байсан гэж үзвэл Чингис хаан туулын орчим ямар түүхэн үйл явдал хийсэн гэх зэргээр мөшгөнө. Ингээд судлахаар 20 гаруй үйл явдал гараад ирдэг. Энэ ном гурван голын эхэн дэх Чингис хааны шүтээнийг ариун газрыг нээсэн төдийгүй Чингис хааны XIII зууны хэрэг явдлуудтай холбоотой асуудлуудыг шинээр мэдээлж байна гэсэн үг. Бид чингис хааны төрсөн нутаг, амьдарч байсан газар гэхээр Онон, Хэрлэн хоёр луу л гүйгээд байдаг. Гэтэл Туулд түүхэн ач холбогдол бүхий маш олон хэрэг явдал болсоныг энэ номоороо таамаглаж байгаа юм. Одоо туулын эх гэрэлтэж эхэлнэ. Энэ бол Чингис хааны агуу үйл хэргийн орон зай.
            -Энэ номын нэрийг харахад л асуултын шинжтэй. Та өөрийнхөө зүгээс олон таамаглал дэвшүүлжээ. Гэтэл судалгаа шинжилгээний ажилд таамаглал нь онол дүгнэлтийн хэмжээнд үр дүн өгөх үү?
            -Тийм хэмжээнд авч үздэг. Угсаатны зүйн зүйлийг яаж судалж болдог, тэр хэмжээнд хийсэн гэж өөрөө итгэхийг хүсч байгаа. Энэ бол маш сонирхолтой адал явдлын зохиол шиг судалгаа.
            -Энэ бүтээл түүхийн шинжлэх ухаантай бас холбогдож байна. Та сүүлийн үед түүхийн чиглэлээр гарч байгаа уран зохиол болон судалгааны номуудыг сонирхон үзэж байна уу?
            -Яг үнэндээ ийм номнуудыг уншихаасаа айдаг. Яагаад гэвэл бид одооноос л түүхээ зөв бичиж эхлэж байна. Өмнөх үеийн буруу зөрүү, алдаатай бичсэн түүхийг хальт гүйлгэж хараад ном биччихээр энэ нь уншигчдад буруу мессеж болоод байна. Жишээлбэл Галданбошигт хааны тухай бид одооноос л үнэн зөв мэдээлэлтэй болж байна. Тэгэхээр Галдан хааны тухай зохиол бичих боломж магадгүй арван жилийн дараа л бүрдэнэ гэсэн үг.
             -Цаашид энэ чиглэлээр хийхээр төлөвлөсөн зүйл байна уу?
            -Миний үндсэн судалгаа бол “Ил хаадыг үеийн Перс номын чимэг зураг”-ийн судалгаа. Туулын Гурван Улхун бол судалгааныхаа явцад гаргаж байгаа бүтээл учраас цаашдаа нилээд хэдэн ном гарч магадгүй.
            - Шүлэг зохиол бичих, судалгаа шинжилгээний  ажил хийх хоёрын алинаас илүү таашаал авдаг юм бол уран бүтээлч хүн?
            -Шүлэг зохиол  ч бай, судалгаа  ч бай уран бүтээлч хүний сэтгэл санаанд бий болж байгаа шинэ ололт, таашаал гэдэг яг адилхан юм байна. Судалгааны чиглэлээр ажиллахад шинэ санаа, таамаглал, баримт олох бол яг шинэ шүлэг бичихтэй адилхан. Бүтээлч хүмүүс тэр дундаа эрдэмтэд, яруу найрагчид, зохиолчдын олж байгаа таашаал гэдэг аз жаргалтай хүмүүсийн явдал. Хоёр төрлийн хүн л их жаргадаг юм гэсэн. Бүтээлч хүн, эсвэл асар их мөнгөтэй хүн. Бусад нь хэрэглэгчид гэж үздэг. Хэрэглэгч хүмүүсийн аз жаргал нь гэр бүлийнхээ хүрээнд үлддэг бол бүтээлч болон мөнгөтэй хүмүүсийн аз жаргал нийгэмд үлддэг. Жишээ нь Х.Намсрай гуайг ямар их сайхан мэдрэмжийг авсныг би баттай мэдэж байна. Энэ хүн бол яг л Фолкнер, Хэмэйнгуэй, Эйнштен нарын эдэлсэн аз жаргалыг эдэлж байгаа. Тэр үнэт зүйлийг юугаар ч солимгүй, худалдамгүй санагдаж байгаа. Нийгмийг цаанаас нь тэжээгчид гэж байдаг гэсэн юм даа.
            -Байгаль, соёл, иргэншил  гэсэн гурван ойлголтыг та хэрхэн салгаж ойлгож байна вэ? Бидний амьдарч байгаа энэ нийгмийг дээрхи гурван ойлголттой холбож тайлбарлавал?
            -Өнөөгийн нийгэм бол монголын түүхийн хувьд онцгой сонин үе. 1990 онд хүн төрөлхтөний түгээмэл үнэт зүйл болох ардчилал, зах зээл, хүний эрх гэдгийг сонгосноор дэлхий дээрхи сүүлчийн сонгодог нүүдэлчид “гараа өргөчихөж”.  Бууж өгч байна гэсэн үг. Нийгэм соёлын хувьд бидний бууж өгч буй дохио. Үүнээс цааш сонгодог нүүдэлчид буюу морьт нүүдэлчдийн хувьд зөвхөн бүдгэрэхээс биш тодрох бололцоогүй, хумигдаад л байна. Уугуул иргэншил нь ерөнхийдөө алга болоод түгээмэл үнэт зүйлийг сонгосон зам руугаа явна. Түгээмэл үнэт зүйлийн зохиогч нь барууныхан учраас нүүдэлчид барууныг сонгосон гэсэн үг.
            -Энэ гадны хүчин зүйлийн нөлөөллөөс бид өөрсдийн оюун санааны үнэт зүйлээ хэрхэн авч үлдэх вэ?
            -Жишээлбэл Япон, Саудын араб, Тайвань мэтийн орнуудыг барууны нөлөөг хүртсэн ч уугуул иргэншлээ авч үлдсэн орнууд гэж хэлдэг. Барууны иргэншил аваад уугуул иргэншлийнхээ хэв шинжийг таних аргагүй болж устах орнууд гэж байна. Жишээ нь Сингапур, Солонгос гэх мэт. Тэгэхээр бидэнд яах вэ гэсэн эсэн асуулт тулгарч байна. Уугуул үнэт зүйлээ орчин үеийг соёл иргэншилтэй зэрэгцүүлэнгээ гээгдүүлэхгүй явж чадах уу гэдэг асуудал. Ийм тохиолдол бараг үгүй. Тэгэхээр бид угсаатан иргэншлийн үнэт зүйлсээ танин мэдэж, хадгалж, түгээн дэлгэрүүлэх гурван зүйлийг л хийж чадна. Өөр зүйл хийж чалахгүй.
            -Энэ ажилд аль салбарынхан зонхилох үүрэг гүйцэтгэх вэ?
            -Ерөнхийдөө монгол судлал хийх ёстой. Гол цөм тэнхлэг нь монгол судлал. Үүнээс илүү гол хөшүүрэг болох зүйл нь капилализмыг бүтээн байгуулах явдал. Нөгөө талдаа соёл иргэншлийн үнэт зүйлсээ байранд нь сэргээн тодотгож тавих хэмжээнд хүчин чармайлт гаргах ёстой. Уламжлалт үнэт зүйл, орчин үеийн үнэт зүйл гэсэн хоёр л зүйл дээр хөгжинө.
            -Яг ойрын үед улс төр, нийгмийн амьдралд үүсээд байгаа нөхцөл байдлыг дүгнэж хэлвэл:
            -Нийгмийн шинэ зам өөрөө ээдрээт үйл явц. Төвөгтэй бөгөөд цаг хугацаагаар урагшилдаг зүйл. Болох зүйл болж байгаа. Үүнд гасалж гангинаад байх юм байхгүй. Жишээ нь Н.Алтанхуягийг хүмүүс муулаад байхаар би гайхдаг. Муулж байгаа шалтгааныг нь харахаар инээдтэй. Бид 100 жил босч чадаагүй эдийн засаг дээр хэн нэгнийг тавиад ингэж бах таваа хангаж байх бололцоотой улс байхгүй юу. Дүр зураг нь өөрөө ийм. Хоёр нам бол түүхийн болоод үзэл санааны хувьд тэс өөр. Эд нар ижил байх ёстой. Дэвшилтэд болоод бурангуй үзлийн зөрчил байна. 1990 оноос хойш бид МАХН-ыг байхгүй болгож чадаагүй гайгаар зовлонг эдэлж байна. Тэр үедээ бурангүй намаа үгүй хийчихээд дэвшилтэт намтай байсан бол хуучны тухай хэрүүл ядаж байхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл бурангуй хүчин гэдэг хэзээ ч өөрөө шинэ зүйл болж чаддаг түүх байдаггүй. Зөвхөн эрх ашгаараа оршин тогтнодог болчихдог. Энэ нь дэвшилтэд зүйлдээ халддаг. Одоо илүү хүнд байдалд орохгүйн тулд түүнийг бас аргадах хэрэгтэй болж байна. Маш том хар нүхтэй адилтгаж болох балиар зүйл. Бүр балиар болгохгүйн тулд энэ балиарыг хийж байна. Би бол ийм л үзэлтэй хүн. Гэтэл ард түмэн үүнийг хардаггүй. Хоёр намыг адилхан гэж харна. Нэг нь балиар аргаар тэмцэж байхад өөдөөс нь балиартахаас өөр аргагүй.
Н.Алтанхуягийг идэж уусан,  монгол улсыг өрөнд оруулсан гэж зөндөө ярилаа. Тийм үү гэвэл тийм. Үгүй гэвэл үгүй. Өөрөө хоёр хариулттай гэсэн үг. Монгол хямарсан уу гэвэл хямарсан, хямраагүй юу гэвэл хямраагүй. Дундыг хариулт нь зөв болохоос биш аль нь ч зөв биш. Зүгээр л тохиолдлын түүхий эдийн үнийн өсөлтийг монголын эдийн засаг өсөөд байгаа юм шиг хараад байгаа нь буруу. Унахад нь дагаад л унана. Энэ нь Н.Алтанхуяг дээр таарчихсан. Н.Алтанхуяг энэ тохиолдолд гаднаас мөнгө босгож жийрэглэх ёстой байсан уу гэвэл тийм. Жийрэглээгүй бол юу болох байсан. Аймаар юм болох байсан. Бүгд л хоёр хариулттай.
-Ярилцсанд баярлалаа
Ярилцсан: Ц.Ариунтуяа

Comments