Ч.Зоригтбаатар |
Хятад зохиолч Зян Руны “Чоно тотем”-т Монголчуудын талаар өгүүлсэн “Чонон
сүлд” роман дэлгэцийн бүтээл болжээ. Өнгөрөгч баасан гарагт уг киноны Монгол
дахь нээлт болсныг санамсаргүй тохиолдлоор үзчихэв. Үзэх л ёстой байсан юм
байлгүй. Гэтэл зүгээр ч нэг үзээд орхичихож боломгүй санагдснаас ийм нэг юм
бичихэд хүрэв. Бригадын дарга Билэг өвгөн, Чэн Жень хоёрын яриа ч нөлөөл өө
биз. “-Монголчуудын түүхийг ихэнхдээ гадныхан бичсэн байдаг. Тиймээс хуудуу
байх нь олон.
-Бичих ярих хоёрт ялгаа бий.
-Чи яаж мэдээ вэ, бичиж үзсэн юм уу?” гэж гардаг юм л даа. Тэгээд л цусан
дахь монгол чонын зөн сэрсэн юм уу, сэтгэгдэл төдийг ч болов бичье гэж шийдсэн
минь энэ. Яагаад ч юм кино эхлэхээс өмнө сэтгэл нэг л гонсгор ч шиг санагдсанаа
хэлэх хэрэгтэй байх. Хятад зохиолч, Франц найруулагч. Үнэндээ “монгол үнэр байх
болов уу даа” гэж хардаж байсан юм. Гэвч төдөлгүй эргэлзээ арилчихав.
Кино уртын дууны аялгуу-шуранхайгаар эхлэнэ. Яг л чоно улих мэт. Домог
амилах шиг. Товчхондоо бол Бээжингээс зугтах мэт гараад буцаж очихоос өөр
замгүй болсон хятад залуусийн түүх юм. Найруулагч Анногийн гол санаа бол энэ л
дээ. Кино романаасаа нилээд өөр болсныг ч эндээс харж болно. Иргэншилээс оргох
оролдлого бүхэн бүтэлгүйтэхийн, цаашлаад иргэншилдээ идэгдэхийн далд сэрэхүй ч
гэж хэлж болно. Энэ кино ч бус ерөөс сүүл үеийн уран бүтээлчдийн бүтээлд
иймэрхүү хандлага давамгайлах болсныг бүгд л мэднэ. Мөхөл зөгнөсөн бүтээлүүд.
Ийм л асуудлыг хурц, сэрдхийм өнгө аясаар гаргаж тавьжээ. Монгол ахуйг
дэвсгэрлэн үзүүлснээрээ сонирхол татна. Харийнханы бүтээсэн бүтээл. Харьжсан
монголчуудын цөхрөнгүй дуун. Айсуй мөхлийн харанга. Аврал эрсэн мэгзэм ч шиг.
Монгол жүжигчин, өвөрлөгч ахан дүүс тоглосон нь дотно дулаан санагдав.
Цахар аялгаар хөврөх “Чонон сүлд” кино эхлээд л нүүдэлчин болоод суурьшигчдын
харшилыг үзүүлнэ. Бээжинг орхисон хоёр залуу автобус хөлөглөн тал нутагт очно.
Тэднийг морьтон монгол залуус угтдаг. Автобустай уралдан эд хаваа гайхуулах
тэдгээр залуусыг хараад эрхгүй огших сэтгэл төрнө. Тэд бригадын даргынд ердийн
хөсөгөөр очиж буй нь ч нэгийг хэлэх мэт. Киноны дунд хэрд Хунт нуурын хөндийд
суурин иргэд ирж буй хэсэгт Билэг өвгөний морь болон ирэгсэдийн техних хоёрыг
сүрхий тод кадарлан үзүүлсэн нь тэр нутгийн сүйрлийг бэлгэджээ гэмээр.
Гол баатар хятад залуу тал нутагт ирээд чонотой халз учирч, чонын хоол
болох шахдаг ч Билэг өвгөний хэлсэн “чоно төмрийн дуунаас айдаг” гэх үгийг
санан дөрөөгөө чимээлж амь гардаг. Энэчилэнгээр монгол хүн чонотой эд хав
булаалдаж монгол хүн болдгийг ойлгоно. Чонотой газар хонио бэлчээдгийн учирыг
тайлна. Азарган чоно үүрээ сахидаггүйг, жижиг
амь том амиа дагадагийг ч мэднэ. Завшааныг эзэмших гэгч л амьдрал болохыг
танина. Энэ бүхнийг Билэг өвгөн, чоно
хоёр л Чэнь Женьд ойлгуулдаг.
...Цадталаа идсэн зээр гүйж дийлэхгүйг мэдэх чононууд, сүрэг зээрийг
цадталаа идэхийг нь хүлээнэ. Зээр цаджээ. Чоно энэ л завшааныг анана. Анаад
зогсохгүй хунгар цасанд хөөж оруулан гарах гарцгүй болгодог. Энэ л чоно лугаа
монгол дайчид дайснаа зээр мэт сөхрүүлсэн түүхийг ч сануулна. Аргагүй л
Оскартан бүтээжээ.
Хүмүүс гэгч чонын хишгийг хүртэгсэд юм уу даа гэж ч бодогдоно. Чонос
өөрсдийн ухаанаар идэш тэжээлээ олж авсныг Билэг өвгөний бригадынхан мөнх
тэнгэрийн хишиг гээд хүртэх төдийг аваад буцдаг ч, өөр хүмүүс түүнийг нь
цөлмөчихдөг. Ингээд л хэрэг бишдэх нь тэр. Завшааныг эзэмшихээс л болжээ. Чоно
цатгалан байхдаа ч өлөн байхын зовлонг мартдаггүй буюу завшаан болгоныг эзэмших
гэдэггүй бол хүн харин завшаан болгоныг эзэмших гэдэг аж. Хүмүүст идэш тэжээлээ
хулгайлуулсан чононууд Билэг өвгөний бригадад дээд газраас хариуцуулж өгсөн
адуун сүрэг рүү дайрдаг. Энэ бол
зайлшгүйгээс үүдсэн самуун.
Нөгөөтэйгүүр жам гажсанаас үүдсэн эвдрэл. Энэхүү тэмцэлд адуучин Бат
жинхэнэ адуучин хүн шиг чонон сүрэг, цасан шуургатай тэмцдэг ч амь эрсддэг. Адуун
сүргээ ч алдана. Ингээд л хүн чоно хоёрын тэмцэл туйлдаа хүрэв. Энэ тэмцэл бол
цаагуураа иргэншилтэй тэмцэж буй монгол зоны тэмцэл болой. Анно ч ингэж л
хэлэхийг хүссэн болоод л би ингэж хараад байгаа биз.
Кино бүхэлдээ сүйрэл мөхөл. Адуучин Батын үхэл. Өвгөн Билэгийн үхэл.
Хоморголон устгасан чонон сүргийн үхэл. Тал нутгийг там болгон, хунт нуурын
хунг хядаж буй суурин иргэд, Бяцхан хүү Баярын нулимс. Бэлтрэгний цус-нулимс
гээд бүгд мөхөл. Үзээд сууж байхдаа хүн чоно хоёрыг ялгахгүй нилээд будилав.
Хоёр хөлтэй нь чоно ч юм шиг. Дөрвөн хөлтэй нь хүн ч юм шиг. Адуучин Батын Баяр
“саарал”-д хазуулаад үхэхээс наагуур байхад эм худалдагч чонын соёо, зүрх зэрэг
эрхтнүүдийг савлаад өрчихсэн хэр нь түүнлүүгаа зааж ийм юм авчирч өгөөд эм ав гэж
Чэн Женьд хэлдэг. Чоныг хоморголон устгагчид чухам арьс нь л бүтэн байх
хэрэгтэй. Тэгвэл үнэ хүрнэ. Үнэ-үнэ-үнэ гэж хашгиралддаг. Гэвч чоно амиа өгсөн
ч арьсаа бүтэн өгдөггүй амьтан ажээ. Нэг нь хадан хясаанаас нисэж амиа хорлодог
бол өөр нэг нь хад чулуу самардан нурааж түүндээ дарагдан амь зольдог. Хүмүүс чоныг
амиа хорлоход хүргэв. Даанч дээ гэмээр. Гэвч даанч гэмээр зүйлс хэдийн газар
авчээ. Энэ бол чоны ч мөхөл, хүний ч мөхөл юм. Энэ бүхнийг хараад Билэг өвгөн
“цагийн аяс дагах цаг иржээ” гэж
хүлцдэг. Цагийн аяс дагах гэгч жам уу. Энэ бол Анногийн танаас асууж буй
асуулт.
Хүмүүс үхсэн хонин дор тэслэгч булж чононд занга бэлдэнэ. Тийм занганд
Билэг өвгөн өртөнө. Түүнийг хөдөөлүүлэгчид малгайгаа авч хүндэтгэл үзүүлдэг.
Монгол хүн хувцасаа бүрэн асааж хүндэтгэл үзүүлдгийг мэдэхгүй болоод тэр үү.
Эсвэл монгол соёл алдарч буйг харуулах гэв үү.
Найруулагч Жан Жак Анно хайр дурлалын зүйлсээ ч хавчуулахаа мартсангүй.
Зураг авалтын талаар би юу хэлэх билээ. Хэт технигжсэн хүмүүс хийсэн юм чинь.
Харин бид чинь монгол ахуйгаа телевизийн дэлгэц мэтхэнээс л харж суух болж
байна уу даа. Саяхан манай нэг зохиолч “нүүдэлчин соёл хэтдээ хэрхэх бол” гэсэн
асуултанд “Музей л үлдэх байх даа” гэж хариулсан байсан. Үнэхээр нүүдэлчин
монголчууд музейн үзмэр болох гэж үү. Энэ бас жам уу. Музейн үзмэр ч болохноо
үлдэж буй юм чинь мөхөж буй хэрэг биш гэж тайвширах уу.
Нэг онцгой өгүүлэмж бол залуугийн бэлтрэг тэжээж буй нь. “За тэнгэртээ гар”
гээд дээш шидэж хөнөөх хүний гараас хувь ерөөлөөр аврагдсан “саарал”-ыг Чэнь
Жень судлах гэж тэжээдэг. Дотор газрын хүн болоод ч тэр үү чонотой ойлголцох
гэж нилээд зовно. Бэлтрэгнийхээ боол болчихлоо гэж нөхөд нь хэлдэг. Бүр гараа
хазуулж шархаддаг. Уг нь “саарал” өөрийн хэлээр түүнд өөрийгөө ойлгуулахыг хичээж
байгаа нь тэр л дээ. Тэр багагүй бэрхшээлийг гэтлэн байж, зэрлэг амьтныг хүний
гараар өсгөж дөнгөдөг. Гэхдээ энэ хэсэгт хүчээр хийж дээ ч гэмээр эргэлзэх зүйл
мэр сэр байсныг дурьдаад л өнгөрье. Үзээд өөрсдөө шүүнэ биз.
Ер нь кино гэдэг найруулагчийн л шийдэл байдаг болохоор энэ кино бол
Анногийн л харсан өнцөг. Тиймээс Чонон сүлд роман шиг бүтээгчээ хадны завсар
хавчуулагдсан халиуны зулзага болгохооргүй кино болжээ. Харин монгол ахуй,
монгол соёлын талаар Зян Рун шиг л ташааршлаас зайлсхийж чадсангүй бололтой.
Чэн Жений тэжээсэн “саарал” хожим тэр нутагт ганцаар үлдэнэ. Одоо тэр өсөж
бие гүйцжээ.
Ийм л нэг кино дэлхий дахинд цацагдаж эхэлжээ. Ирэх оны Оскарт гадаад
киноны төрөлд нэр дэвших хамгийн их
магадлалтай кино гэнэ бил ээ.
Бэлтрэг судлал. Уг санаа нь бол монгол судлал л юм. Тиймээс л “нүүдэлчин
ахуй соёлыг судлана гэдэг гадныханы хувьд гарц хайсан, аврал эрсэн л нэг арга”
гэсэн хардлагыг минь энэ кино улам лавшируулаад байгаа юм. Юу гэхээр гагц Монгол ч биш хүн төрөлхтөнд энэ асуудал тулгараад байгаа
билээ. Сүүлчийн голомт нь Монгол. Гадныхан үүнийг анзаарсан нь энэ киноны гол
ололт. Энэ кино бол хүн төрөлхтөнөөс асуусан Анногийн “Мөхөл жам уу, жам бус уу?” гэсэн асуулт.
...Чоно улих нь хунт нуур хунгүй болжээ гэх шиг. Намдаг гуайг улихаас өөр аргагүй
болоод л улисныг ухаарах шиг. Бүр улимаар ч санагдах шиг. Нэг үгээр Монгол
хүний үзэхээс өөр аргагүй кино болжээ.
Төгсгөлд тэнгэрт чоно дүрст үүл
үзэгддэг. Бэлгэдэл л дээ. Харин мөнх тэнгэрийн ивээл хишиг үү. Үүл мэт замхарах
ёр уу? Монголчуудаас Анно ингэж л асууж байна. Энэ бол хэцүү асуулт.
Бид ийм л “хэцүү” цаг үед амьдарч байна. Азтай ч юм шиг, үгүй ч юм
шиг. Хүмүүн бидэнд жам гэгч үргэлж л
гунигтай санагддаг. Гэхдээ бидний амьдарч буй энэ цаг үед жам ч гэж байгаа юм
уу даа. Уг нь жамаараа яваа юм бүхэн сайхан гэдэг сэн. Халаг гэж, халаг унших
дээрээ ч тулчих гэж.
Энд дурьдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол “тэнгэрийн амьтан тэнгэртээ
буц” гэх үгийг Го.Аким гуйн “Тэнгэрийн нохой” номоос авч ашиглажээ. Анног
Монголд ирэхэд Аким гуай уг номоо түүнд өгч л дээ. Найруулагч Анно Англи хэл
дээр байсан “The dog of heaven” номыг уншаад эргэлзээ нь арилж кино бүтээх ажилдаа
шуударсан гэдэг. Тэгээд дорнодын талд чонын зураг авах гэж очсон боловч
чадалгүй зээрийн зураг аваад л бужээ. Тэр зээрийн зурагаа ч кинондоо ашигласан
байна.
Төсгөлд нь хэлэхэд Монголчууд минь Монголоо төдийгүй дэлхийгээ аварвал
яасан юм бэ?
Comments